Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 2021/ШЦТ/252

 

2021        03           02                                  2021/ШЦТ/252

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго,

Улсын яллагч Л.Галав,

Хохирогч Р.Алтангинж,

Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ж танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б-д холбогдох эрүүгийн 2103 00076 0090 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1978 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Төв аймаг Бүрэн суманд төрсөн, эрэгтэй, 42 настай, бүрэн бус дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, малчин, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүрэг 13 дугаар хороо Сургуулийн 3 дугаар гудамжны 194 тоот хаягийн бүртгэлтэй боловч Баянзүрх дүүрэг 20 дугаар хороо Баяндөхөм Гүнжийн хоолой 3 дугаар гудамжны 110 тоотод оршин суух,

урьд Төв аймгийн сум дундын шүүхийн 1995 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 86 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хорих ял, Төв аймгийн сум дундын шүүхийн 2008 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 cap 1 хоног баривчлах ялаар тус тус шийтгүүлсэн, Д.Б /РД:/

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Д.Б нь 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Р.Алтангинжийг бусадтай хардаж улмаар өшиглөх, цохих үйлдлээр баруун нүдний зовхи, баруун шанаа, баруун шуу, зүүн бугалга, шуу, зүүн мөр, дал, зүүн хөх, баруун гуя, шилбэ, зүүн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Б-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Хохирогч Р.Алтангинжийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Энэ хэрэг хардалтаас буюу миний буруутай үйлдлээс болсон. Надад хохирол, гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй гэв“ гэх мэдүүлэг,

Хавтаст хэргээс:

Хохирогч Р.Алтангинжийн “2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр нөхөр гарч яваад архи ууж ирээд намайг хүн амьтантай хардаад хэл амаар доромжлоод гараараа нүүр, нүд, толгой, гар хөл рүү таарсан газар руугаа олон удаа цохисон.  Тухайн үед манай гэрт манай бага хүүхэд Тэмүүлэн байсан ба айгаад гараад явсан. 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр нөхөр бид хоёр гачуурт цуг орж ирсэн. Тэгээд бид 2 Цогтоо гээд айлд очсон, би тэр айлд үлдсэн тэгээд Нансаа эгчийг намайг хот явчихсан гээд хэлчих гэсэн чинь нөхөр гаднаас орж ирээд 2 удаа өшиглөөд толгой руу нэг  удаа цохисон. Тэгээд Нансаа эгч боль гээд салгасан чинь миний гар утас, виза карт аваад гараад явсан. Архи уух болгондоо агсан тавьж гар хүрч зодож цохидог ба миний толгойг хүртэл хагалж байсан ... Би нөхөртөө гомдолтой байна” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 хуудас/,

Гэрч Алтанцэцэгийн “... Миний дүү Д.Б нь эхнэр болох Р.Алтангинжтэй гэр бүл болж дундаасаа хүү, охин, хоёртой. Манай дүү эхнэртэйгээ 20 гаран жил амьдарч байгаа. Урьд өмнө нь дүү болох Д.Б эхнэртэйгээ муудалцлаа гэж сонсогдож байгаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 хуудас/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын сарын 14-ний өдрийн 21 дугаартай “Р.Алтангинжийн биед баруун нүдний зовхи, баруун шанаа, баруун шуу, зүүн бугалга, шуу, зүүн мөр, дал зүүн хөх, баруун гуя, шилбэ, зүүн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 25-26 дугаар хуудас/,

2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн “Аюулын зэргийн үнэлгээ” /хх-ийн 11 хуудас/,

Яллагдагч Д.Б-н “... намайг хуурсан болохоор эхнэр Р.Алтангинжийн баруун шанаанд нь нэг удаа баруун гараараа цохисон. Мөн хөлд нь нэг удаа өшиглөсөн. Би эхнэртэйгээ 20 гаран жил хамт амьдарч байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 хуудас/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргаж өгсөн хувийн байдалтай холбоотой баримт болох Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, мал тооллогын баримт, гэр бүлийн хэрэгцээний газар эмших гэрчилгээний хуулбар болон хэрэгт авагдсан бичгийн бусад баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.

Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

Шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчдыг бүрэн хамруулж, тэдний мэдүүлэг, тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтыг шалгаж хянасны үндсэн дээр шүүгдэгчийн гэм буруугийн асуудалд хууль зүйн дүгнэлт хийлээ.

Шүүгдэгч Д.Б нь согтуугаар 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүрэг 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баяндөхөм Гүнжийн хоолой 3 дугаар гудамжны 110 тоотод эхнэр Р.Алтангинжийг бусадтай хардсаны улмаас гараараа нүүр, бие, хөл хэсэгт гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь баруун нүдний зовхи, баруун шанаа, баруун шуу, зүүн бугалга, шуу, зүүн мөр, дал, зүүн хөх, баруун гуя, шилбэ, зүүн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Үүнд:

Шүүгдэгч Д.Б-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,

Хохирогч Р.Алтангинжийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Энэ хэрэг хардалтаас буюу миний буруутай үйлдлээс болсон. Надад хохирол, гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй гэв“ гэх мэдүүлэг,          

Хавтас хэргээс  хохирогч Р.Алтангинжийн “2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр манай нөхөр Д.Б нь архи согтууруулах ундаа уусан үедээ гэртээ орж ирээд 20 цагийн орчим агсам тавьсан ... хүнтэй хардаад намайг зодсон.  Миний баруун нүдний дээд талд нэг удаа гарынхаа тохойгоор цохьсон. Дараа нь миний баруун хөлийн шилбэ рүү хөлөөрөө өшиглөсөн. Би нөхөртэйгөө 20 жил амьдарч байна. Урьд нь гар хүрч байсан гэхдээ энэ удаагийнх шиг зодож байгаагүй” гэх мэдүүлэг /хх-17-19/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын сарын 14-ний өдрийн 21 дугаартай “Р.Алтангинжийн биед баруун нүдний зовхи, баруун шанаа, баруун шуу, зүүн бугалга, шуу, зүүн мөр, дал зүүн хөх, баруун гуя, шилбэ, зүүн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-25-26/, Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-11/, яллагдагч Д.Бгийн “... намайг хуурсан болохоор эхнэр Р.Алтангинжийн баруун шанаанд нь нэг удаа баруун гараараа цохисон. Мөн хөлд нь нэг удаа өшиглөсөн. Би эхнэртэйгээ 20 гаран жил хамт амьдарч байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-37-38/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-45/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээдийг хуулийн үйлчлэлд хамаарахаар хуульчилжээ.

Гэр бүлийн хүчирхийлэл гэж хамт амьдарч буй эсхүл хамтын амьдралтай байсан ойрын төрөл, садан хүмүүсийн хооронд үүссэн байнгын шинжтэй бие махбод, сэтгэл санаа, эдийн засгийн хувьд дарамтад суурилсан харилцааг тодорхойлсон. Дээрх харилцааны явцад хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх шинжээр зүйлчилнэ.

Шүүгдэгч Д.Б, хохирогч Р.Алтангинж нар гэрлэлтийн баталгаатай, 20 жил гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай амьдарч байгаа бөгөөд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний биед халдаж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Д.Бгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх шинжийг агуулж байна.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бодит байдал тогтоогдсон байх тул Д.Бг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэсэн хүндрүүлэх шинжтэй үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Д.Б-н үйлдсэн гэмт хэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Д.Б, хохирогч Р.Алтангинж нар гэрлэлтийн баталгаатай, 20 жил гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай амьдарч байгаа бөгөөд хохирогчийн буруутай үйлдэл буюу гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн асуудал нь гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл болжээ. 

Хохирогч Р.Алтангинж нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, гэм хор, хор уршигтай холбоотой хохирол нэхэмжлэхгүй, гомдол саналгүй болохоо илэрхийлсэн байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Д.Б-н үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, шүүгдэгч Д.Б нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй.

Улсын яллагчаас шүүгдэгч Д.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бол шүүгдэгч Д.Б торгуулийн хэмжээг бага тогтоож өгнө үү гэснийг дурдвал зохино.

Шүүгдэгч Д.Б-н хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “Хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс Д.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хувиараа мал аж ахуй эрхэлдэг, сард “Inter size” ХХК-иас 250.000 төгрөгийн цалин хөлс, группийн 280.000 төгрөг зэрэг орлого олдог хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Б-д шүүхээс оногдуулсан 600.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 90 /ер/ хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн  5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаруулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдвал зохино.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Д.Б-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.Б-д зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 90 /ер/ хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Б-д шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлан мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэм хорын хохирол болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Д.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.ХАТАНЦЭЦЭГ