Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 18

 

 

 

 

 

Б.Наранзулд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

            Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, Б.Дамба нарын бүрэлдэхүүнтэй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал, шүүгдэгч Б.Наранзул, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, прокурор Д.Доржсүрэн, нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нарыг оролцуулан

            Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн  2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 65 дугаар шүүгчийн захирамжтай Б.Наранзулд холбогдох эрүүгийн 1736000820009 дугаартай хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн, 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Дамбын илтгэснээр нээлттэйгээр хэлэлцэв.

            Монгол улсын иргэн, 1980 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Ховд аймгийн Манхан суманд төрсөн, 34 настай, эмэгтэй, дээд боловсролтой, урьд ял шийтгэлгүй Алтан шаргалдайгийнхан овогт Байдыгийн Наранзул нь Хөдөө аж ахуйн их сургуулийн газар зохион байгуулалтын ангийг 2004 онд төгссөн гэх D200421010 дугаарын хуурамч диплом ашиглан 2009 онд Ховд аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт газрын өмчлөл хариуцсан мэргэжилтнээр ажилд орж улсад 48691968 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

            Прокурор эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т ‘шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх...гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

            Учир нь яллагдагч Б.Наранзул нь Хөдөө аж ахуйн их сургуулийн Газар зохион байгуулалтын ангийг 2004 онд төгссөн гэх №D200421010 дугаарын хуурамч диплом ашиглан 2009 онд Ховд аймаг дахь Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт Газрын өмчлөл хариуцсан мэргэжилтнээр ажилд орсон гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан спортын яамны 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 3/9721 дугаартай “Иргэн Байды овогтой Наранзул нь Хөдөө аж ахуйн Их сургуулийг 2004 онд ”Газар зохион байгуулалт” мэргэжлээр бакалаврын зэрэгтэйгээр төгссөн талаар мэдээлэл тус яамны архив, Боловсролын удирдлагын мэдээллийн санд бүртгэлгүй байна" гэсэн албан бичиг /ХХ-ийн 19 дүгээр хуудас/,

            Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 06/3122 дугаартай “... Байды овогт Наранзулын ХААИС"-ийн D200421010 дугаартай дипломыг манай газрын мэдээллийн санд болон тус сургуулийн архив тус тус шалгаж үзлээ. Иргэн Б.Наранзул нь "ХААИС-ийг 2004 онд Газар зохион байгуулалт” мэргэжлээр төгссөн, D200421010 дугаар /бүртгэлийн дугаар 410333/- тай бакалаврын диплом олгогдсон тухай бүртгэл, газрын мэдээллийн сан, сургуулийн архивд байхгүй байна" гэсэн албан бичиг, гэрч С.Туяагийн мэдүүлэг /ХХ-ийн 113 дугаар хуудас/,

            Шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 461 дугаартай “...Байды овогт Наранзул эзэмшигчтэй ‘Бакалаврын диплом, Хавсралт" хавсралт гэх баримтуудыг энгийн хэрэглээний цаасан дээр хэвлэсэн байна, ... Байды овогт Наранзул эзэмшигчтэй “Бакалаврын диплом, Хавсралт’ гэх баримтууд дахь Н.Алтансүх, А.Бакей, Э.Амар, Э.Эрхэмбаяр, Ч.Алтанзул гэсэн гарын үсгүүдтэй тохирохгүй байна,... тэмдгийн дардасуудтай тохирохгүй байна..." гэх дүгнэлт /XX- ийн 145-163 дугаар хуудас болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон, тогтоогдсон байна.

            Шүүгчийн захирамжийн 1 дэх заалтад дурдагдсан хавтаст хэргийн дугаар хуудсанд "Ховд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын дарга цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл, Б.Наранзулыг ажилд томилсон тушаал болон бусад баримт бичиг” байсан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Талууд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, эсхүл нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах санал, хүсэлт гаргах эрхтэй” гэж заасан тул дээрх нотлох баримтыг шүүх нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзсэн бол улсын яллагчаас дээрх нотлох баримтуудыг хуулийн шаардлагын дагуу бүрдүүлэн шинжлэн судлуулахаар шүүхэд шинээр гаргаж өгөх, эсхүл нотлох баримтаас хасуулах бүрэн боломжтой юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн16.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ‘‘Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тусгай мэдлэг зайлшгүй шаардагдсан, эсхүл эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоолгох шинжилгээ хийлгэнэ” гэсний дагуу Ховд аймгийн Тунгалаг бүртгэл аудит ХХК-ний 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 6 дугаартай ‘Б.Наранзул нь 2009 оны 6 дугаар сарын 30-аас 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл нийт 48.691.968 мянган төгрөгийн цалин, түүнтэй адилтгах нэмэгдэл хөлс авсан" гэсэн дүгнэлт гарсан. Яллагдагч Б.Наранзулыг хуурамч диплом ашиглан ажилд орсон болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Хуулийн этгээд, албан тушаалтан, иргэний баталсан болон бичсэн баримт бичиг, эрүүгийн хэрэгт ач холбогдолтой баримтат мэдээллийг төрийн байгууллагаас үнэн зөвийг баримтжуулж ирүүлсэн тохиолдолд нотлох баримт болно” гэсний дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 06/3122 тоот, Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, спортын яамны 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 3/9721 тоот, Хөдөө аж ахуйн их сургуулийн Агроэкологийн сургуулийн 2017-12-15 02/440 тоот албан бичгүүдээр нотлогдож байгаа тул шүүгчийн захирамжид дурдсан "яллагдагч Б.Наранзул нь Ховд аймгийн Манхан, Жаргалант сумын Засаг даргын тамгын газарт 2006, 2007 онуудад ямар хугацаагаар ямар ажил эрхэлж байсан эсэх, мөн 2000-2004 оны хичээлийн жилүүдэд ХААИС-д ямар мэргэжлээр суралцаж байсан, хэргийн 80 дугаар хуудас дахь 0005775 дугаартай ‘Их сургууль, коллежид суралцах эрхийн бичиг”- ийн дагуу ХААИС-ийн ХАА-н орчуулагчийн ангид элсэн суралцсан эсэх суралцаж байсан бол тэтгэлэг төлж байсан эсэхийг шалган тогтоох, мөн Ховд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын даргын 2009 оны 06 сарын 30-ны өдрийн 01 дугаартай "Ажилд томилох тухай” тушаалаар газрын өмчлөлийн асуудал хариуцсан мэргэжилтэн ...ТЗ-5-1 гэх цалингийн шатлал бүхий албан тушаалд томилогдох үедээ төрийн албаны шалгаруулалтад орсон эсэх, төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн эсэхийг шалгаж тогтоох' гэсэн нь хэргийг эцэслэн шийдвэрлэхэд ач холбогдолгүй, хэрэгт зайлшгүй хийх шаардлагагүй ажиллагаа биш гэж дүгнэж байна. Яллагдагч Б.Наранзул нь хуурамч диплом ашиглан ажилд орсон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн нотлогдож байгаа тул захирамжинд дурдагдсан ажиллагааг хийх нь хэргийг эцэслэн шийдвэрлэхэд чухал ач холбогдолгүй, анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх бүрэн боломжтой юм. Иймд Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 65 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэв.

             Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг прокурорын эсэргүүцэлтэй танилцаад гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Шүүгчийн захирамж нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөрчөөгүй, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Б.Наранзулд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж, Б.Наранзулын гэм буруутай эсэхийг нотлох баримтаар нотлон тогтоогоогүй, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоогоогүй, зөвхөн яллагдагчийг яллах, ялыг хүндрүүлэх талаас нь мөрдөн шалгах ажиллагаа явуулж яллагдагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хохироож болохуйц байдлаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн.

            Шүүгдэгч уг хуурамч дипломыг өөрөө үйлдсэн юм уу, хуурамч гэдгийг шүүгдэгч мэдэх боломжгүй байсан ба үүнийг хэн үйлдсэн бэ гэдгийг тогтоогоогүй. Гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзвэл захиалагч нь шүүгдэгч бол гүйцэтгэгч нь хэн байсныг тогтоох ёстой байсан. Иймд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хангахгүй орхиж өгнө үү гэв.

            Шүүгдэгч Б.Наранзул давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:           Би прокурорын эсэргүүцлийг дэмжихгүй байна. Би цаашид шалгуулах ёстой. Шүүгчийн захирамж зөв гарсан гэж үзэж байна. Би 2000 онд Хөдөө аж ахуйн их сургуульд элсэн орж, ангиа солиулан төгссөн. Тухайн үед бүртгэлд ороогүй байж магадгүй. Би төгссөн нь үнэн гэв.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна.            Шүүгдэгчийг 2000-2004 онд суралцаж байсан эсэх, тэтгэлэг төлж байсан эсэхийг шалган тогтоосон байгаа. Шүүгдэгчийг тус сургуулийг төгссөн гэх баримтууд хэрэгт байхгүй Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Боловсрол соёлын яамнаас лавлагаа авсан. Хавтаст хэрэгт хангалттай нотлох баримт байгаа гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр Б.Наранзулын диплом нь хуурамч гэдэг нь тогтоогдсон. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэв.

                                                                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх үйл ажиллагаа, шүүгчийн захирамжийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын бичсэн эсэргүүцэлд  заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.                                                                           

            Прокуророос Б.Наранзулыг Хөдөө аж ахуйн их сургуулийн Газар зохион байгуулалтын ангийг 2004 онд төгссөн гэх №D200421010 дугаарын хуурамч диплом ашиглан 2009 онд Ховд аймаг дахь Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт Газрын өмчлөл хариуцсан мэргэжилтнээр ажилд орж улсад 48691968 төгрөгийн хохирол  учруулсан гэмт үйлдсэн гэж үзэж яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

            Анхан шатны шүүх Б.Наранзулд холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцээд:    1.Хэргийн 4-13, 35-43 дугаар хуудас дахь баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 3, мөн 16 дугаар зүйлийн 4-т заасан хуулийн заалтыг хангаагүй нотлох баримтуудыг, хуулийн шаардлага хангуулах,

            2. Б.Наранзул нь 2000-2004 оны хичээлийн жилүүдэд ХААИС-д ямар мэргэжлээр суралцаж байсан, хэргийн 80 дугаар хуудас дахь 0005775 дугаартай “Их сургууль,коллежид суралцах эрхийн бичиг”-ийн дагуу ХААИС-ийн ХАА-н орчуулагчийн ангид элсэн суралцсан эсэх, суралцаж байсан бол тэтгэлэг төлж байсан эсэхийг шалган тогтоох.

            3.Б.Наранзул нь Ховд аймгийн Манхан, Жаргалант сумын Засаг даргын тамгын газарт 2006, 2007 онуудад хэдий хугацаагаар ямар ажил эрхэлж байсан эсэхийг шалган тогтоох.

            4.Б.Наранзул нь Ховд аймгийн Газрын харилцаа, барилга , хот байгуулалтын даргын 2009 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн  01 дугаартай” Ажилд томилох тухай “ тушаалаар . . . газрын өмчлөлийн асуудал хариуцсан мэргэжилтэн . . . ТЗ-5-1 гэх цалингийн шатлал бүхий албан тушаалд томилогдох үедээ төрийн албаны шалгаруулалтад орсон эсэх, төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн эсэхийг  тогтоох зэрэг ажиллагаануудыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр” хэргийг прокурорт буцаасан нь хуульзүйн үндэслэлтэй болжээ.

            Учир нь: Б.Наранзулд холбогдох хэрэгт зайлшгүй шалгавал зохих дээр дурдсан зүйлүүдийг шалгаж тодруулах нь уг хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байх тул хэргийг анхан шатны шүүхээс мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан шүүгчийн захирамж нь үндэслэлтэй гарсан байна.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар бүлэгт шинжилгээ хийлгэх журмын тухай хуульчилсан бөгөөд  27.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “ яллагдагч, шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид шинжээч томилох шийдвэрийг танилцуулахаар заасан байна.

            Уг шинжээч томилсон тогтоолтой дээрх хэргийн оролцогч танилцаж, шинжээчийг татгалзан гаргах хүсэлт гаргах, шинжээчид нэмэлт асуулт тавих, нэмэлт баримт бичиг өгөх эрхтэй. Гэтэл мөрдөгчийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн “Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай “тогтоолыг яллагдагч Б.Наранзул түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нарт танилцуулаагүй нь хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан гэж үзэхээр байна./ хх-н 144 /

            Мөн түүнчлэн хэрэгт авагдсан шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 107 дугаартай тогтоолоор “ Б.Наранзулын дипломын цаас нь үнэт цаас мөн байн” гэж гарсан бол / хх-н 63 / 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 461 дүгээр дугаартай шинжээчийн тогтоолоор “. . . Байдий овогтой Наранзул эзэмшигчтэй бакалаврын диплом, хавсралт гэх баримтуудыг энгийн хэрэглээний цаасан дээр хэвлэсэн байна “гэж / хх-н 145-148 / зөрүүтэй нотлох баримт авагдсан тул зөрүүг арилгах шаардлагатай байна.

            Иймд прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлгүй байх учир хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1. 1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн 65 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсүгэй.

            2.Хэргийг шүүхэд очтол Б.Наранзулд урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

            3. Гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ,

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Н.ТУЯА

 

                                       ШҮҮГЧИД                                        Н.МӨНХЖАРГАЛ

 

                                                                                               Б.ДАМБА