| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2017/0209/И |
| Дугаар | 00343 |
| Огноо | 2017-03-23 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 00343
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн 12-10 тоотод оршин суух Чаваадай овогт Жүгдэрнамжилын Одончимэг /РЛ66013103/-ийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу, нэхэмжлэгч Ж.Одончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Ж.Одончимэг шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Давшилт нэгдэлд 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр туслах малчнаар элсэн орсон юм. Түүнээс хойш тус нэгдэлд 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал буюу нэгдэл тарах хүртэл ажилласан боловч зарим орсон гарсан тушаал байхгүй байгаа юм. Иймд Ж.Одончимэг намайг Төмөрбулаг сумын Давшилт нэгдэлд 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал саальчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Чаваадай овогт Жүгдэрнамжилын Одончимэг нь ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Ж.Одончимэг нь Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Давшилт нэгдэлд 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал саальчнаар ажиллаж байсан болох нь
Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Давшилт нэгдлийн захиргаанаас 1984 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Жүгдэрнамжилын Одончимэг нэрээр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Засаг даргын Тамгын газраас олгосон архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Ж.Одончимэгийн ажиллаж байх хугацаандаа авч байсан цалин хөлсний лавлагаа, гэрч Д.Дашзэвэгийн 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр өгсөн: ... Ж.Одончимэг нь Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Давшилт нэгдлийн 3 дугаар бригадад 1980 оноос эхлэн фермийн үхэр маллаж саальчин хийж байсан. Уг ажлаа 1990 он хүртэл буюу хувьчлал явагдах хүртэл хийсэн юм... гэх мэдүүлэг, гэрч Д.Мятавын 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр өгсөн: ...Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Давшилт нэгдлийн 3 дугаар бригадад 1980 оноос эхлэн аав, ээжийгээ даган нарийн мал маллаж байгаад, сүүлдээ фермийн үнээ саадаг болсон. Уг ажлаа нэгдэл тарах хүртэл тасралтгүй хийж байсан юм...гэх мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Харин нэхэмжлэгчид холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 10/179 дугаартай “Тус аймгийн Төмөрбулаг сумын Давшилт нэгдлийн даргын Б буюу боловсон хүчний холбогдолтой тушаал манай архивт байхгүй тул холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна”. гэх тодорхойлолт хэрэгт авагдсан байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон