Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/275

 

2021         03         04                           2021/ШЦТ/275

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго,

улсын яллагч Т.Мөнх-Амгалан,

шүүгдэгч З.П нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ж танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан З.П-д яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн  2106 00000 0270 дугаартай 1 хавтаст хэргийг 2021 оны 03 дугаар сарын 04-ний хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1994 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар
хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа
хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт, Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн 33-1 гудамж 27а тоотод оршин суух хаягтай,

Урьд Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан, З.П /РД:/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч З.П нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сансарын Колонкийн” зам дээр Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн цагдаа, зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч Л.Гомбо-Очирыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан, хууль ёсны тавьсан шаардлагыг нь эсэргүүцэн нүүрэн тус газар нь хоёр удаа цохиж, мөн “чамайг ална” гэх зэргээр заналхийлсэн гэмт хэрэгт холбогджээ.  

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч З.П-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Хавтаст хэргээс:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай мөрдөгчийн
тэмдэглэл  /хавтаст хэргийн 3 дугаар хуудас/,

Хохирогч Л.Гомбо-Очирын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 01 сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо “Сансарын Колонкийн” хажуу талд үүрэг гүйцэтгэж  байхад 5046 УБМ улсын дугаартай “Приус-30” маркийн автомашиныг зогсоож албан шаардлага болох бичиг баримтаа шалгуулна уу гэхэд, согтолтын зэрэг өндөртэй Занаа овогтой З.П нь тавьсан шаардлагыг эсэргүүцэж миний биеийн нүүрэн тус газар хоёр удаа цохиж танхайрсан, түүнчлэн цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, хэл амаар доромжилсон. Мөн тухайн иргэн нь тээврийн хэрэгсэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож, миний эрх чөлөөнд халдаж, айлган сүрдүүлж, чамайг ална гэх мэтчилэн сүрдүүлсэн. Миний бие Л.Гомбо-Очир нь цаашид тус албанд ажиллахаас эмээж байна” гэх мэдүүлэг, /хх-ийн 4-6 хуудас/,

Хохирогч Л.Гомбо-Очироос мөрдөн шалгах ажиллагаанд  дахин авсан: “...тухайн өдөр 5040 УБМ улсын дугаартай иргэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байна гэсэн дуудлага намайг үүрэг гүйцэтгэж байх хугацаанд ирсэн. Би ээлжээс бууж байсан учир тухайн иргэнийг 6178 УНҮ улсын дугаартай “аксент” маркийн албаны машинаас 0371 УНҮ улсын дугаартай албаны машинд шилжиж сууна уу гэсэн шаардлагыг тавьсан. Тэгтэл З.П нь миний шаардлагыг эсэргүүцэж намайг хэл амаар доромжлон миний нүүрэн тус газар 2 удаа гараараа цохисон, мөн миний гар станц малгай энгэрийн камерыг газарт унагаасан” гэх мэдүүлэг, / хх-ийн 8 хуудас/,

Гэрч У.Эрдэнэбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тэнд бас саатуулагдсан, “Приүс-30” загварын автомашинтай залуу Гомбо-Очирын нүүр лүү цохисон юм уу малгай энгэрийн камер нь газарт унасан байсан. Тэгээд намайг харж байтал нүүр лүү нь дахиад цохиод авсан, тэгээд тэр хүнийг нэг алаг тэрэгнээс нөгөө алаг тэрэг рүү суулгах гэж бөөн юм болоод байсан, тэр хүн шаардлагыг нь эсэргүүцэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 12 хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 1143 дугаартай шинжээчийн дүгнэлт:  “...Л.Гомбо-Очирын биед уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой.” гэх дүгнэлт /хх-ийн 13 хуудас/,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдр йн 133 дугаартай шийтгэвэр, /хх-ийн 20 хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн бусад баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч З.П-н хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно. 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчдыг бүрэн хамруулж, тэдний мэдүүлэг, тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтыг шалгаж хянасны үндсэн дээр шүүгдэгчийн гэм буруугийн асуудалд хууль зүйн дүгнэлт хийлээ.

Шүүгдэгч З.П нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сансарын Колонкийн” зам дээр Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн цагдаа, зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч Л.Гомбо-Очирыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан, хууль ёсны тавьсан шаардлагыг нь эсэргүүцэн нүүрэн тус газар нь хоёр удаа цохиж, мөн “чамайг ална” гэх зэргээр заналхийлсэн гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Үүнд:

Шүүгдэгч З.П-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг, хавтаст хэргээс гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл  /хавтаст хэргийн 3 дугаар хуудас/, хохирогч Л.Гомбо-Очирын өгсөн: “...согтолтын зэрэг өндөртэй Занаа овогтой З.П нь тавьсан шаардлагыг эсэргүүцэж миний биеийн нүүрэн тус газар хоёр удаа цохиж танхайрсан, түүнчлэн цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, хэл амаар доромжилсон. Мөн тухайн иргэн нь тээврийн хэрэгсэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож, миний эрх чөлөөнд халдаж, айлган сүрдүүлж, чамайг ална гэх мэтчилэн сүрдүүлсэн.” гэх мэдүүлэг, /хх-ийн 4-6 хуудас/, хохирогч Л.Гомбо-Очирын дахин өгсөн: “...Тэгтэл З.П нь миний шаардлагыг эсэргүүцэж намайг хэл амаар доромжлон миний нүүрэн тус газар 2 удаа гараараа цохисон, мөн миний гар станц малгай энгэрийн камерыг газарт унагаасан” гэх мэдүүлэг, / хх-ийн 8 хуудас/, гэрч У.Эрдэнэбаярын өгсөн: “...тэнд бас саатуулагдсан, “Приүс-30” загварын автомашинтай залуу Гомбо-Очирын нүүр лүү цохисон юм уу малгай энгэрийн камер нь газарт унасан байсан. Тэгээд намайг харж байтал нүүр лүү нь дахиад цохиод авсан, тэгээд тэр хүнийг нэг алаг тэрэгнээс нөгөө алаг тэрэг рүү суулгах гэж бөөн юм болоод байсан, тэр хүн шаардлагыг нь эсэргүүцэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 12 хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 1143 дугаартай шинжээчийн дүгнэлт:  “...Л.Гомбо-Очирын биед уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой.” гэх дүгнэлт /хх-ийн 13 хуудас/, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 133 дугаартай шийтгэвэр, /хх-ийн 20 хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч З.П нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврын талаар танилцаж ойлгосон, өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлтийг прокурорт гаргасан, түүнд гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан, албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй зэргээс үзэхэд түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байна гэж дүгнэлээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас З.П Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна. Иймд шүүгдэгч З.П-г “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн хүч хэрэглэхээр заналхийлж, эсэргүүцсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хохирогч Л.Гомбо-Очир нь хохирол төлбөр төлөгдсөн, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлж бичгээр хүсэлт гаргасан, гэм хорын хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч З.П нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч З.П-н үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, шүүгдэгч З.П нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн ба шүүхийн хэлэлцүүлгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй.

Шүүгдэгч З.П нь прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялын саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан баримт хэрэгт авагдсан ба шүүхийн хэлэлцүүлэгт прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрснөө илэрхийлснийг тэмдэглэх нь зүйтэй.  

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ З.П-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын талаар гаргасан прокурорын санал зэргийг харгалзан үзлээ.

Шүүгдэгч З.Пд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.П нь шүүхээс оногдуулсан 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц  1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн  5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, З.П нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэм хорын хохирол болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдав.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол З.Пд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:                            

1. З.П-г “ Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж, эсэргүүцсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар З.П-д  2700 /хоёр мянга долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц  1 /жил/ 6 /зургаан/ сарын хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.П нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлан мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч З.П нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэм хорын хохирол болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл З.П-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.ХАТАНЦЭЦЭГ