| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Хатанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2021/0253/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/281 |
| Огноо | 2021-03-05 |
| Зүйл хэсэг | 23.1.1, |
| Улсын яллагч | А.Сайнбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 2021/ШЦТ/281
2021 03 05 2021/ШЦТ/281
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго,
улсын яллагч А.Сайнбаяр /томилолтоор/,
шүүгдэгч Ц.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ж танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.О-д холбогдох эрүүгийн 2106000000065 дугаартай 1 хавтаст хэргийг 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1988 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Булган аймаг Тэшиг суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо Мандала хотхон 320 байрны 116 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Ц.О /РД:/
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Ц.О нь 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 3 цаг 16 минутанд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Мандала хотхоны 220 дугаар байрны 2 дугаар орцны 116 тоотод “нөхөр хаалга эвдэх гээд байна, өмнө намайг зодож байсан” гэх дуудлага мэдээллийн дагуу очсон Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн офицер Ш.Эрдэнэчулууны хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэж эсэргүүцсэн буюу хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.О-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,
Хавтаст хэргээс:
Хохирогч Ш.Эрдэнэчулууны “2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 08 цагаас 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 08 цагийн хооронд Баянзүрх дүүргийн 25, 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт тус хэлтсийн цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч Г.Дэлгэрийн хамт У-114 чиглэлд машинт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 03 цаг 16 минутад Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Мандала хотхоны 220 дугаар байрны 2 дугаар орцны 116 тоотод нөхөр хаалга эвдэх гээд байна, өмнө намайг зодож байсан гэх дуудлага 95399933 дугаарын утаснаас цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд ирсэн. Дуудлага мэдээллийг хүлээн аваад 220 дугаар байрны 2 дугаар орцны 16 давхрын 116 тоотод очиж шалгахад хаалганы бариул эвдэрсэн байсан ба дотроос нь эмэгтэй хүн нөхөр хаалга эвдчихээд явчихлаа гэсэн. Дотор байсан эмэгтэйгээс юу болсон талаар хаалганы гаднаас тодруулж байхад шатаар Ц.О гэдэг эрэгтэй өгсөөд гараад ирсэн. Ц.О нь гартаа хаалганы хугарсан бариул барьчихсан байсан. Ц.О 116 тоотын өмнө ирээд хаалганы бариулаа хаалгандаа хийгээд хаалгаа гаднаас нь онгойлгоход дотроос нь Сэлэнгэ гэх эмэгтэй 3 хүүхдийн хамт гарч ирээд би энд байхгүй, би эндээс явна, манай нөхөр Ц.О намайг өмнө 2 удаа зодож байсан гэсэн. Цагдаа жолооч Г.Дэлгэр бид хоёр дуудлага мэдээлэл өгсөн Сэлэнгийг 3 хүүхдийн хамт эд зүйлтэй нь албаны машинд суулгаж байхад нөхөр Ц.О нь араас гарч ирээд эхнэр Сэлэнгийг битгий яваач гэсэн. Эхнэр Сэлэнгэ нь би явна гэхэд Ц.О гартаа барьсан түлхүүр болон гар утсаа эхнэрийнхээ араас шидтэл Сэлэнгийн нуруунд нь оносон. Тэгэхээр нь Ц.О дээр явж очоод та ингэж болохгүй гэж хууль ёсны шаардлага тавьтал Ц.О нь миний шаардлагыг эсэргүүцэж баруун гараа далайгаад миний толгойны дагзны баруун ар хэсэгт 2-3 удаа цохисон. Тэгэхээр нь би Ц.Оийн 2 гарыг бариад автал гутал халтираад газарт унасан. Надтай хамт үүрэг гүйцэтгэж байсан жолооч цагдаа Г.Дэлгэр албаны машиныг тойроод бид хоёр дээр гүйгээд ирсэн. Тэгсэн чинь Ц.О би тэгвэл амиа хорлоно гээд 220 дугаар байрны 2 дугаар орц руу гүйгээд орсон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-16 дахь тал/,
Хохирогч Ш.Эрдэнэчулуунаас дахин авсан “... Би Цагдаагийн албаны тухай хууль болон Зөрчлийн тухай хууль, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны код журмын дагуу хууль ёсны шаардлага тавьж, шаардлага биелүүлэхгүй болохоор нь тусгай хэрэгсэл, мэх хэрэглэсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-19 дэх тал/,
Гэрч Г.Сэлэнгийн “Манай нөхөр гэрийнхээ хаалгыг онгойлгочхоод хүчтэй саваад хаачихаар нь айсандаа хаалгаа дотроос нь түгжчихсэн. Ц.О 30 минутын зайтай ирж хаалга цохиод, хаалгыг чинь эвдээд орно гээд өшиглөөд байсан. ...Манай нөхөр Ц.О гэрт орох гэж байгаад хаалганы цоож эвдсэн байх гэж бодож байна. ...Ц.О миний араас машины түлхүүр, гар утсаа шидсэн. Тэгтэл дуудлагаар ирсэн цагдаа та нар болиоч гээд манай нөхөр дээр очсон. Би хүүхдээ нөхрийнхөө машинд хэвтүүлчихсэн байсан бөгөөд хүүхдээ машинаас гаргатал нэг цагдаа нь газарт уначихсан толгойгоо барьж байснаа босоод цаашаа явчихсан. Тэгтэл Ц.О над руу ирээд чи яагаад ингэж асуудал хүндрүүлж байгаа юм бэ, би цагдаа цохичихлоо ш дээ, би амиа хорлоно гээд орц руугаа гүйгээд орчихсон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-22 дахь тал/,
Гэрч Г.Дэлгэрийн “Ц.О эхнэрийнхээ араас түлхүүр, гар утсаа шидсэн чинь эхнэрийнх нь нуруун тус газар оносон. Энэ үед Ш.Эрдэнэчулуун Ц.О дээр очоод чи ингэж болохгүй ш дээ гээд ярилцаж байсан. Би эхнэрийг нь машиндаа суулгаж байхдаа Ш.Эрдэнэчулуун руу хартал Ц.О Ш.Эрдэнэчулууныг унагаагаад дээрээс нь гартаа атгасан зүйлээрээ Ш.Эрдэнэчулууны дагз хэсэг рүү хүчтэй цохисон. Би тэгэхээр нь гүйгээд очтол Ц.О гартаа нэг зүйл барьчихсан, ална шүү гээд хоёр тийшээ гараараа ширвээд байсан. Эрдэнэчулуун ах босож ирээд Ц.Оийн гарт нь хутга байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-29 дэх тал/,
Яллагдагч Ц.О-н “Эхнэрийн араас тээврийн хэрэгслийн түлхүүрийг гар утастайгаа шидтэл эхнэрийн нуруу хэсэгт оносон. Тэгтэл хоёр цагдаагийн нэг нь гав аваад ир гэсэн. Нөгөө цагдаа нь гав авч ирээд миний гарт зүүнэ гээд хүрэхээр нь би эсэргүүцээд халаасанд байсан хуванцар улаан иштэй отвёртка гаргаж ирээд алаад өгье гэсэн. Тэгтэл нэг нь цаашаа яваад нэг нь надтай зууралдаад барьцалдаад авсан. Тэгээд би баруун гараараа надтай зууралдаж байсан цагдаагийн баруун мөр рүү 1 удаа цохисон ... Би хийсэн үйлдэлдээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 58-60 дахь тал/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 9-10 тал/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн бусад баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч Ц.О-н хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчдыг бүрэн хамруулж, тэдний мэдүүлэг, тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтыг шалгаж хянасны үндсэн дээр шүүгдэгчийн гэм буруугийн асуудалд хууль зүйн дүгнэлт хийлээ.
Шүүгдэгч Ц.О нь 2020 оны 12 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Мандала хотхоны 220 дугаар байрны 2 дугаар орцны орчим дуудлагын дагуу очсон Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн офицер Ш.Эрдэнэчулууныг албан үүргээ биелүүлэх явцад хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Үүнд:
Шүүгдэгч Ц.О-н “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг, хавтаст хэргээс хохирогч Ш.Эрдэнэчулууны “Ц.О дээр явж очоод та ингэж болохгүй гэж хууль ёсны шаардлага тавьтал Ц.О нь миний шаардлагыг эсэргүүцэж баруун гараа далайгаад миний толгойны дагзны баруун ар хэсэгт 2-3 удаа цохисон” гэх мэдүүлэг /хх-13-19/, гэрч Г.Сэлэнгийн “Ц.О над руу ирээд чи яагаад ингэж асуудал хүндрүүлж байгаа юм бэ, би цагдаа цохичихлоо шүү дээ, би амиа хорлоно гээд орц руугаа гүйгээд орчихсон” гэх мэдүүлэг /хх-20-22/, гэрч Г.Дэлгэрийн “Би эхнэрийг нь машиндаа суулгаж байхдаа Ш.Эрдэнэчулуун руу хартал Ц.О Ш.Эрдэнэчулууныг унагаагаад дээрээс нь гартаа атгасан зүйлээрээ Ш.Эрдэнэчулууны дагз хэсэг рүү хүчтэй цохисон. Би тэгэхээр нь гүйгээд очтол Ц.О гартаа нэг зүйл барьчихсан, ална шүү гээд хоёр тийшээ гараараа ширвээд байсан. Эрдэнэчулуун ах босож ирээд Ц.Оийн гарт нь хутга байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-27-29/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-9-10/ зэрэг болно.
Шүүгдэгч Ц.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврын талаар танилцаж ойлгосон, өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлтийг прокурорт гаргасан, түүнд гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан, албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй зэргээс үзэхэд түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байна гэж дүгнэлээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Ц.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бодит байдал тогтоогдсон байна. Иймд шүүгдэгч Ц.О-г “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирогч Ш.Эрдэнэчулуунаас гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлж бичгээр гаргасан хүсэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “... хохирлоо нөхөн төлсөн баримт ...”-д тооцож, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн гэж үзлээ.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхийн хэлэлцүүлгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байна.
Шүүгдэгч Ц.О-н үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, шүүгдэгч Ц.О нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч Ц.О нь прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялын саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан баримт хэрэгт авагдсан ба шүүхийн хэлэлцүүлэгт прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрснөө илэрхийлснийг тэмдэглэх нь зүйтэй.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Ц.О-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувиараа барилгын дотоод мужааны ажил хийдэг гэх хувийн байдал, анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын талаар гаргасан прокурорын санал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Ц.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Ц.О-д шүүхээс оногдуулсан 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц түүний цалин хөлс, бусад орлого олох боломж, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан 10 сарын сарын хугацаанд төлөх боломжтой гэсэн санал зэргийг харгалзан 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлан мэдэгдэх нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Ц.О нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэм хорын хохирол болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдав.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ц.О-г “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.О-д 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлан мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.О нь цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Ц.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ХАТАНЦЭЦЭГ