| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2017/0901/И |
| Дугаар | 00362 |
| Огноо | 2017-03-28 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 00362
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 1980 онд төрсөн, 37 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн 8 дугаар гудамжны 06 тоотод оршин суух, РЭ80052965 дугаар регистртэй, Тогоруутан овогт Лувсанхишигийн Отгонгэрэлийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах, Хөвсгөл аймгийн Холбооны газарт холбогдох
Урьд ажиллаж байсан Хөвсгөл аймгийн Холбооны газрын маркетинг үйлчилгээний мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор гаргуулах тухай иргэний хэргийг 2017 оны 2 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах, нэхэмжлэгч Л.Отгонгэрэл, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ариунболд, хариуцагчийн өмгөөлөгч Б.Амаржаргал нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Отгонгэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би анх Хөвсгөл аймгийн Холбооны газарт 2004 оны 4 дүгээр сард касс-оператороор ажилд орсон ба тасралтгүй 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд ажилласан. 2007 оноос маркетингийн менежерээр ажиллах болсон. Энэ хугацаанд ажиллаж байхдаа ямар нэгэн байдлаар алдаа дутагдал, зөрчил гаргадаггүй байсан бөгөөд 2014 онд жирэмсний амралтаа авч хүүхдээ асарч байгаад 2015 оны 09 сард ажилдаа орсон. Манай байгууллагын дарга Ц.Уранчимэг нь хоёр хүний үл ойлголцох байдлаар ажилдаа хандаж, ажлын байрны дарамт үзүүлж, 2016 оны 02 сард намайг тэмцээнд багаа удирдаж оролцоогүй гэсэн үндэслэлээр 2 сарын хугацаагаар цалинг 20 хувиар бууруулж арга хэмжээ авсан. Гэтэл дараа нь даргын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, ажлын цагаар ажлын байранд байдаггүй гэсэн үндэслэлээр 1 настай буюу бага насны хүүхэдтэй байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 гэх заалтыг баримтлан 2016 оны 6 дугаар сарын 25-ны өдөр ажлаас халсанд гомдолтой байна. Ажлаас халсан Б/78 тоот тушаалыг 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, ажлаа яг одоо хүлээлгэж өг шаардсан тул тэр өдрөө ажлаа хүлээлгэж өгсөн. Тухайн тушаалыг зөвшөөрөхгүй байгаа талаараа аймгийн Хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах салбар хороонд гомдлоо гаргасан бөгөөд намайг ажилд эгүүлэн томилох зөвлөмж хүргүүлсэн боловч хэрэгжүүлээгүй. Би ажил таслаагүй, хэрэглэгчдээс гомдол ирж байгаагүй. Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн байгууллагын цагийн бүртгэлд засвар хийсэн, хэрэглэгчээс ирүүлсэн гэх гомдлыг надад танилцуулж байгаагүй. Тийм учраас ажлаас халсан Б/78 тоот тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Биеэ эмчлүүлэхээр “Жаргалан” эмнэлэгт 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүртэл хугацаанд хэвтэж эмчлүүлж байх хугацаанд шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байсан. Өмнөх шүүх хуралдаанд хэвтэж эмчлүүлсэн тухай баримтаа өгч гомдол гаргах хугацааг сэргээх хүсэлт өгнө гэдгийг мэдээгүй байсан. Миний сарын цалин 620.000 төгрөг байдаг бөгөөд өнөөдрийг хүртэл буюу 155 хоног ажилгүй байна. Иймд шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээж, урьд ажиллаж байсан Хөвсгөл аймгийн Холбооны газрын маркетинг үйлчилгээний мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 6.312.727 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч байгууллагын дарга Ц.Уранчимэг шүүхэд гаргасан тайлбартаа: 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Б/78 тоот тушаалаар тус байгууллагын маркетинг үйлчилгээний мэргэжилтэн Л.Отгонгэрэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь хөдөлмөрийн гэрээгээр болон ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, чиг үүргээ цаг хугацаанд нь үнэнч шударгаар хийж гүйцэтгэхгүй, удирдлага хамт олноос шийдвэрлэж гаргасан байгууллагын үйл ажиллагаанд оролцохгүй “Би хийж чадахгүй, өөрөө хий” гэсэн байдлаар удирдах албан тушаалтантай зүй бусаар харилцах, хэрэлдэж маргах байдал удаа дараа гаргаж, алдаа дутагдлаа засахад анхаарахгүй байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулж байсан. Түүний энэ байдалд ажил олгогчийн зүгээс 2016 оны 1-2 саруудад 2 удаа сануулах сахилгын шийтгэл ногдуулсан боловч өөрийн энэ байдалд дүгнэлт хийхгүй, ажлын байрыг орхин явж, үйлчлүүлэгчээс түүнд холбогдуулан гомдол ирж байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан, хөдөлмөрийн гэрээ, төлөвлөгөөнд тусгагдсан ажил үүргийг цаг хугацаанд нь хэрэгжүүлээгүй учир хуульд заасан үндэслэлээр түүнийг ажлаас чөлөөлсөн. Л.Отгонгэрэлийг ажлаас чөлөөлсөн тушаал хууль зүйн үндэслэлтэй байгаа тул түүний шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэгт 1990 онд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, электроник инженер мэргэжилтэй, Хөвсгөл аймгийн Холбооны газарт ахлах инженер ажилтай, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн 17-07 тоотод оршин суух, ТГ90072912 дугаар регистртэй, Хар сүрэгтэн овогт Лхагвадоржийн Ариунболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Отгонгэрэл нь ажиллаж байх хугацаандаа 2016 оны 01 сард сахилгын сануулах арга хэмжээ, 02 сард цалингийн 20 хувиар бууруулах арга хэмжээ авч байсан. Мөн байгууллагын удирдлагатай зүй бус харилцдаг, хэрэглэгчээс гомдол ирсэн зэрэг дутагдал байсан бөгөөд 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр “тухайн ажлын байранд заасан чиг үүргээ биелүүлээгүй, удирдлагын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, ажлын цагаар ажлын байрандаа байдаггүй, сахилгын зөрчлийг давтан гаргасан” гэсэн үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг баримтлан Б/78 тоот тушаалаар ажлаас халсан нь үндэслэлтэй. Иймд нэхэмжлэгч Л.Отгонгэрэлийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Отгонгэрэл нь хариуцагч Хөвсгөл аймгийн Холбооны газарт холбогдуулан урьд ажиллаж байсан Хөвсгөл аймгийн Холбооны газрын маркетинг үйлчилгээний мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор 6.312.727 /зургаан сая гурван зуун арван хоёр мянга долоон зуун хорин долоо/ төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж заасан хугацааг хэтрүүлж Л.Отгонгэрэл нь ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдлоо шүүхэд гаргасан байна. Нэхэмжлэгч шүүхэд гомдол гаргах хугацаанд эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байсан болох нь 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хэвтэж эмчлүүлсэн тухай эмчийн тодорхойлолтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хөөн хэлэлцэх хугацаа сэргээлгэх тухай хүсэлт зэргээр тогтоогдож байх тул уг хугацааг сэргээн тогтоох нь зүйтэй.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Хариуцагч нь Л.Отгонгэрэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан сахилгын зөрчил давтан гаргасан тул ажлаас чөлөөлж, ажлаас халсан нь хууль зүйн үндэслэлтэй, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж маргаж байна.
Л.Отгонгэрэл Хөвсгөл аймгийн Холбооны газарт 2004 оноос эхлэн касс оператор, маркетинг үйлчилгээний мэргэжилтнээр томилогдон ажиллаж байсан болох нь зохигчийн тайлбар, хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, нууцын баталгаа, ажлын байрны тодорхойлолт, 2010 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс олгосон нийгмийн даатгалын дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Л.Отгонгэрэлийн 2004-2016 оны хооронд нийгмийн даатгалын шимтгэл төлж, ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлсний архивын лавлагаа, 2016 оны цэг, орлогын төлөвлөгөө, хөтөлбөрийн төлөвлөгөө, Хөвсгөл аймгийн гэр хороололд үзүүлж буй үйлчилгээний төлөвлөгөө, 2016 оны хэрэглэгчдээ халамжлах идэвхигүй цэгийг бууруулах, “Интернет үйлчилгээний хурд өсч, үнэ буурлаа” хөтөлбөрийн хүрээнд 1000 цэг олох ажлын төлөвлөгөөнүүд зэрэг баримтуудаар тогтоогдлоо.
Нэхэмжлэгч Л.Отгонгэрэл “удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлдэггүй” гэх үндэслэлээр Хөвсгөл аймгийн Холбооны газрын даргын 2016 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн “Арга хэмжээ авах тухай” Б/61 тоот тушаалаар сануулах, мөн “ажилдаа хариуцлагагүй хандсан” гэх сахилгын зөрчил гаргаж 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн “Арга хэмжээ авах тухай” Б/68 тоот тушаалаар үндсэн цалинг 20 хувиар бууруулах арга хэмжээ тус тус авахуулж байсан ба тэрээр тухайн тушаалуудад гомдол гаргаагүй тул сахилгын шийтгэлийг зөвшөөрсөн гэж дүгнэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Л.Отгонгэрэлийг ажиллаж байх хугацаандаа газрын даргын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй, ажлын цагаар ажлын байранд байдаггүй сахилгын зөрчлийг давтан гаргасан гэсэн үндэслэлээр ажлаас халсан болох нь зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Хөвсгөл аймгийн Холбооны газрын даргын 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/78 тоот тушаал, Хөвсгөл аймгийн Хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах салбар хорооны 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 17 тоот зөвлөмж, 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр ажил хүлээлцсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдов.
Ажилтан Л.Отгонгэрэлийг ажлаас халсан “Ажлаас чөлөөлөх тухай” Б/78 тоот тушаал нь эрх зүйн акт болохын хувьд ажилтны гаргасан сахилгын зөрчил буюу ажлаас халагдсан үндэслэл нь тухайн тушаалд баримтласан хуулийн зохицуулалттай тохирч байх ёстой боловч уг тушаал хуулийн шаардлага хангаагүй байна. Учир нь:
1. Ажил олгогч нь нэхэмжлэгч Л.Отгонгэрэлийг “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас чөлөөлөхдөө баримтласан “Хөдөлмөрийн гэрээ”-ний 4.3, 4.4, 4.6, 4.8 дахь заалтуудад “Ажилтны хүлээх үүрэг”-ийн талаарх харилцааг, “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 5.2.2, 5.2.3 дахь заалтуудад “Ажилтан дор дурьдсан үүрэг хүлээнэ” гэх харилцааг тус тус зохицуулсан байх ба дээрх заалтууд хөдөлмөрийн гэрээнд заасан сахилгын зөрчил давтан гаргасан үндэслэлээр ажил олгогчийн санаачлагаар гэрээг цуцлахад хамааралгүй байна. Өөрөөр хэлбэл сахилгын зөрчил давтан гаргаж, ажлаас халах шийтгэлд тохирсон заалтыг баримтлаагүй тул Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй байна.
2. Тус тушаалд ажлаас халсан үндэслэл нь “…газрын даргын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй, ажлын цагаар ажлын байрандаа байдаггүй” гэсэн байх ба ажилтан ямар үүргийг биелүүлээгүй тохиолдолд ажлаас халах үндэслэл болдог эсэх нь тодорхойгүй.
Л.Отгонгэрэлийг ажлаас халсан тушаалд баримтласан хуулийн зохицуулалт нь ажлаас халагдсан үндэслэл, ажилтны гаргасан сахилгын зөрчилд тохирохгүй, түүнийг 1 настай буюу бага насны хүүхэдтэй байхад нь ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасан “Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчин ажлаас халжээ. Иймд нэхэмжлэгч Л.Отгонгэрэлийг урьд ажиллаж байсан Хөвсгөл аймгийн Холбооны газрын маркетинг үйлчилгээний мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоохоор шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор буюу 155 хоногийн цалин гаргуулахаар нэхэмжилжээ.
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаартай тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7.а.д "... ажлаас буруу халсан буюу шилжүүлсэн үеийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно" гэж заасан тул Л.Отгонгэрэлийн сүүлийн 3 сарын цалин 1.860.000 төгрөг : нэг сард 620.000 төгрөг, үүнийг ажлын 21.5 хоногт хуваахад нэг өдрийн цалин 28.837 төгрөг байна. Ажилгүй байсан хугацаа 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хүртэл буюу ажлын нийт 215 хоногийн цалин 6.199.955 төгрөгийг Хөвсгөл аймгийн Холбооны газраас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иймд Л.Отгонгэрэлийг Хөвсгөл аймгийн Холбооны газрын маркетинг үйлчилгээний мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 6.199.955 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэлийн шаардлагаас 112.772 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан тухай ажилтны гомдол нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл болон гомдлоор авч хэлэлцэх хэрэгт хамаарах бөгөөд зөвхөн нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн ба хариуцагчаас тус гомдлын шаардлагад төлөх улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 6.199.955 төгрөг гаргуулах тухай шаардлагын улсын тэмдэгтийн хураамж 114.149 төгрөг, нийт 184.349 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй.
Зохигчоос ирүүлсэн дараахь нотлох баримтуудыг үнэлээгүй болно. Үүнд: нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн Хөвсгөл аймгийн Хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах салбар хорооны 17 тоот зөвлөмж, Хөвсгөл аймгийн Холбооны газрын даргын Б/78 тоот тушаал, 2016 оны 05 сард ажиллах цагийн график зэрэг баримтын хуулбарууд нотариатаар гэрчлэгдээгүй, хариуцагч байгууллагын шүүхэд гаргаж өгсөн хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам зэрэг баримт давхардсан, бэлэн мөнгөний орлогын баримт, төлбөрийн түүх, гарах ярианы тасалбарууд, гэрээний цуцлалт хийгдсэн хэрэглэгчийн жагсаалт, хурлын тэмдэглэл бүртгэлүүд, ажлын цаг ашиглалтын бүртгэл, хувь хэрэглэгчийн үйлчилгээний гэрээ зэрэг бусад баримтууд тухайн асуудлыг шийдвэрлэхэд огноо зөрүүтэй, хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон