Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 00373

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 5 дугаар багийн Улаан хаалга хороололд оршин суух Чингэс овогт Нямгаагийн Бямбажав /РБ55122619/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын Тамгын газарт холбогдох,

Үр дүнгийн урамшуулал 4.152.350 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Чимэдрэгзэн, хариуцагч Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын Тамгын газрын дарга Л.Батхүү нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ

Нэхэмжлэгч Н.Бямбажав шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Татварын Ерөнхий Газрын даргын 2009 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 457 тоот тушаалаар Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын  Татварын Улсын байцаагчаар томилогдон, өдийг хүртэл ажиллах хугацаандаа сум орон нутгийн орлогыг бүрдүүлэх чиг үүргийг амжилттай сайн гүйцэтгэж, үр бүтээлтэй ажиллаж ирсэн. Миний бие Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 12-р зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч байхдаа үнэлүүлсэн ажлын үр дүнгийн урамшуулал авах эрх үүссэн боловч Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын Тамгын газар гэрээний дагуу уг урамшуулалыг олгохгүй хохироосоор ирлээ. Н.Бямбажав би Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын дагуу 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаагаар Хөвсгөл аймгийн Татварын Хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Мөнхгэрэл, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын засаг дарга Н.Мягмар, 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаагаар Хөвсгөл аймгийн Татварын Хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч В Баяраа, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын засаг дарга Н.Мягмар нартай “Үр дүнгийн гэрээ" байгуулсан. Дээрх 2013 оны “Үр дүнгийн гэрээ”-ний 5-р заалт буюу гэрээний урамшуулал ба хариуцлагын талаарх зохицуулалтын 5.1 дэх заалтанд  “...Төрийн жинхэнэ албан хаагч гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай сайн биелүүлсэн тохиолдолд түүнийг урамшуулах асуудлыг байгууллагын эрх бүхий албан тушаалтан холбогдох хууль тогтоомж, эрх зүйн акт, хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу шийдвэрлэнэ... ”, 2014 оны “Үр дүнгийн гэрээ”~ний 2.3 дахь заалтанд ‘‘...Жилийн эцэст сумын ИТХ-аас баталсан орон нутгийн татварын орлогын төлөвлөгөөг давуулан биелүүлсэн тохиолдолд ТЕГ-ын даргын 2013 оны 474-р тушаалаар батлагдсан “Үр дүнгийн гэрээний биелэлтийн урамшуулалыг захиран зарцуулах журам”-ын дагуу Татварын байцаагчийн давуулан биелуүлсэн орлогын дүнгээс 10 хүртэл хувиар урамшуулах асуудлыг сумын ИТХ-д оруулж шийдвэрлүүлэх захирамж гарган шагнаж урамшуулна..." гэж зохицуулсан юм. Миний бие 2013 онд ажлын үр дүнгээр 94,2% А буюу маш сайн гэсэн үнэлгээ, 2014 онд ажлын үр дүнгээр 95,8% А буюу маш сайн гэсэн үнэлгээг тус тус авсан болно. Н.Бямбажав миний бие 2013 оны орон нутгийн орлогод 12.401.700 төгрөгөөр, 2014 оны орон нутгийн орлогыг 29 121 800 төгрөгөөр, нийт 41.523.500 төгрөгөөр давсан орлого оруулсан. Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-ын 7 дугаар зүйлийн 7.1-д заасны дагуу "...төсвийн тухай хууль тогтоомжид заасны дагуу төсвийн урамшуулал олгох, мөнгөн болон бусад хэлбэрийн шагнал олгохоор...”, Татварын Ерөнхий Газрын даргын 2013 оны 474 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Үр дүнгийн гэрээний үүргийн биелэлтийн урамшууллыг захиран зарцуулах журмын 2.1.1-д заасны дагуу “Албан хаагчийн тухайн жилийн ажлын үр дүнгийн гэрээ, үйл ажиллагааны гүйцэтгэлийн биелэлтийг тооцож, хамт олноо ажил үйлсээрээ тэргүүлсэн албан хаагчийг шагнаж урамшуулахад зарцуулна” гэж заасныг Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын засаг дарга зөрчиж байна. Энэ талаар удаа дараа хүсэлт гаргаж байсан боловч одоо хүртэл шийдвэрлэж өгөхгүй байна. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т заасан “цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ”, Төрийн албаны тухай хуулийн 27-р зүйлийн 27.1,1-д заасны дагуу “төрийн албан хаагчийн цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж, шагнал, урамшил, тэтгэвэр, тэтгэмж авах” баталгаагаар хангагдана, мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасны дагуу “Төрийн албан хаагчид албан тушаалын бүрэн эрхээ үр дүнтэй биелүүлж өндөр амжилт гаргасан гавьяа зүтгэлийг нь үнэлж төрийн байгууллагын захиргаа түүнийг дараахь байдлаар шагнаж, урамшуулна. Мөн зүйлийн 31.1.1-д  заасны дагуу “мөнгөн шагнал олгох” гэж заасны дагуу татварын байцаагчаар ажиллаж байсан Н Бямбажав надад 2013 оны үр дүнгийн гэрээний урамшуулалд 12 401 700 төгрөгийн урамшуулал болох 1.240.170 төгрөг, 2014 оны үр дүнгийн гэрээний урамшуулалд 29 121 800 төгрөгийн 10 хувь болох 2.912.180 төгрөг, нийт 4.152.350 төгрөгийг хариуцагч Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын тамгын газраас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Чимэдрэгзэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын Тамгын газраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх үндэслэлээ: 1. Орлого нь татварын байцаагчийн үйл ажиллагааны үр дүнгээр бий болоогүй; 2. Төсвийн хүндрэлтэй байдлаас урамшуулал олгохгүй гэсэн хоёр чиглэлээр тайлбарласан нь эрх зүйн хувьд хүлээн зөвшөөрөх боломжгүйн дээр хууль зүйн үндэслэлгүй болжээ. Учир нь: Нэг. Орлого нь татварын байцаагчийн үйл ажиллагааны үр дүнгээр бий болоогүй гэх хариуцагчийн тайлбарын тухайд:

1.1. Татварын улсын байцаагчийн албан тушаалын чиг үүрэг нь улсын төсөв, аймаг, нийслэлийн төсөвт орох татварын орлогыг бүрдүүлэхээс гадна тухайн сумын татварын орлогыг бүрдүүлэх давхардмал үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлэхийн тулд “Үр дүнгийн гэрээ -г жил бүр байгуулж ажилладаг. Энэхүү үр дүнгийн гэрээг тухай бүр оноогоор дүгнэж, сумын Засаг дарга, татварын хэлтсийн дарга, татварын байцаагч нар баталгаажуулсны үндсэн дээр татварын орлогыг давуулан үр дүнгээр зохих урамшуулал олгож, дутуу буюу хангалтгүй биелүүлсэн бол урамшуулал олгодоггүй журам үйлчилдэг. Н.Бямбажав нь ажлын үр дүнгийн гэрээгээ 2013 онд 94,2% А буюу маш сайн, 2014 онд 95,8% “А” буюу маш сайн гэсэн үнэлгээтэй дүгнүүлсэн байдаг. Энэхүү гэрээний үнэлгээ одоо хүртэл хүчин төгөлдөр байна. Мөн энэ үйл баримтын талаар хариуцагч маргаагүйн дээр ямар нэг тайлбар хийгээгүй ажээ. (Төсвийн тухай хуулийн 23.4, 23.6, 23.8) Иймд үр дүнгийн гэрээний дүгнэлтийг хариуцагч байгууллага хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

Татварын байцаагчийн ажлын үр дүнгийн гэрээний үнэлэлтээр урамшуулал олгох эрх зүйн үндэслэл нь:

а/ Татварын Ерөнхий хуулийн 38-р зүйлийн 38.2-т “Татварын улсын байцаагчийн цалин хөлс нь албан тушаалын цалин, ажлын үр дүнгийн шагнал, төрийн алба хаасан хугацааны, зэрэг дэвийн, эрдмийн зэргийн нэмэгдлээс бүрдэнэ”. Мөн хуулийн 38.4-т “Энэ хуулийн 38.2-т заасан ажлын үр дүнгийн шагнал олгох журмыг Засгийн газар батална” гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн Газрын 2011 оны 11-р сарын 30-ны өдрийн 344 дүгээр тогтоолоор Татварын улсын байцаагчид шагнал олгох тухай журмыг баталсан. Тус журмын 2 дугаар зүйлийн 2.1-т "Ажлын үр дүнгийн шагналыг олгохдоо татварын улсын байцаагчийн ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүргийн биелэлтийг үндэслэнэ",

б/ Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”- ын 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасны дагуу "...төсвийн тухай хууль тогтоомжид заасны дагуу төсвийн урамшуулал олгох мөнгөн болон бусад хэлбэрийн шагнал олгохоор...”,

в/ Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т заасан "цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ", Төрийн албаны тухай хуулийн 27-р зүйлийн 27.1.1-т заасны дагуу “төрийн албан хаагчийн цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж, шагнал, урамшил, тэтгэвэр, тэтгэмж авах" баталгаагаар хангагдана, мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т заасны дагуу “Төрийн албан хаагчид албан тушаалын бүрэн эрхээ үр дүнтэй биелүүлж өндөр амжилт гаргасан гавьяа зүтгэлийг нь үнэлж төрийн байгууллагын захиргаа түүнийг дараахь байдлаар шагнаж, урамшуулна. Мөн зүйлийн 31.1.1- т заасны дагуу "мөнгөн шагнал олгох”,

г/ Татварын Ерөнхий Газрын даргын 2013 оны 474 дугаар тушаалаар баталсан "Үр дүнгийн гэрээний үүргийн биөлэлтийн урамшууллыг захиран зарцуулах журмын 2.1.1-т заасны дагуу “Албан хаагчийн тухайн жилийн ажлын үр дүнгийн гэрээ, үйл ажиллагааны гүйцэтгэлийн биөлэлтийг тооцож, хамт олноо ажил үйлсээрээ тэргүүлсэн албан хаагчийг шагнаж урамшуулахад зарцуулна" гэж заажээ.

Иймд нэхэмжлэгч Н.Бямбажав үйл ажиллагааны үр дүнгээр урамшуулал авах эрх нь дээрх эрх зүйн баримт бичгээр баталгаажиж байна. Энэ талаар хариуцагч байгууллага эрх зүйн талаас үгүйсгэсэн тайлбарыг хийгээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх үндэслэлээ тайлбарлан үгүйсгэж, няцаасан тайлбараар мэтгэлцээгүй гэж үзнэ. Дээрх хууль, журмыг тус тус Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын засаг дарга зөрчсөн.   Нөгөөтэйгүүр Татварын Ерөнхий Газрын даргын 2013 оны 474 дугаар тушаалаар баталсан “Үр дүнгийн гэрээний үүргийн биелэлтийн урамшууллыг захиран зарцуулах журам”-ын үйлчлэх хүчин чадал нь нэхэмжлэгч Н.Бямбажавын урамшуулал авах эрх нээгдсэн 2013, 2014 оны үед хүчин төгөлдөр байсныг тэмдэглэж байна.

1.2. Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн тайлбарт: “2013 онд сум орон нутгийн орлого 12 401 700 төгрөгөөр, 2014 онд 29.121.800 төгрөгөөр давсан байна" гэснээс үзвэл, тус сумын татварын улсын байцаагч Н.Бямбажавын ажлын үр дүнд 2013-2014 онуудад сум, орон нутгийн татварын орлого 41.523.500 төгрөгөөр давуулан биелүүлснийг хариуцагч хүлээн зөвшөөрсөн байна.

Сум, орон нутгийн татварын орлогыг 2013-2014 онуудад 41 523 500 төгрөгөөр давуулан биелүүлсэн нь “Орон нутгийн төсвийн орлогын мэдээ тайлан” болон “Н.Бямбажавын сүүлийн 5 жилийн ажлын үзүүлэлт” зэргээр тогтоогдож байна.

Хариуцагч 2013, 2014 оны давсан орлогыг төрлөөр нь ангилж хувиараа эрхлэх аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, ойн төлбөр, ан агнуур зэргийг дурьджээ.

Эдгээр орлого нь Монгол улсын Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8.4-т заасан “агнуурын нөөц ашигласны төлбөр, ан амьтан агнах, барих зөвшөөрлийн хураамж”, 23.8.7-д заасан “ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж, ашигласны төлбөр” 23.8.10-т заасан “орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил, үйлчилгээ хувиараа эрхлэгч хувь хүний орлогын албан татвар” нь сумын төсвийн татварын орлогод хамаарч байна.

Иймд Н.Бямбажав нь 2013, 2014 онуудын Сумын татварын орлогын давсан орлого болох 41.523.500 төгрөгөөс урамшуулал авах эрх зүйн үндэслэлтэй юм.

 Сум, орон нутгийн татварын орлого давсан нь Татварын улсын байцаагч Н.Бямбажавын ажлын байрны тодорхойлолтод хамааралтай ижил тул үүнийг үгүйсгэсэн баримтыг хариуцагч гаргаж мэтгэлцээгүй байна. Харин энэ чиг үүргээ хэрэгжүүлэх явцдаа Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын иргэд, Аж ахуйн нэгж, Иргэдийн төлөөлөгчийн хурал, Засаг захиргааны байгууллага, хууль хяналтын болон бусад байгууллагуудтай ажлаа уялдуулан зохицуулж, тэдгээрийн дэмжлэг туслалцааг авч ажилладаг талаас хариуцагч тайлбараа гаргасан нь үндэслэлгүй байна.

Хоёр: Төсвийн хүндрэлтэй байдлаас урамшуулал олгох боломжгүй гэх хариуцагчийн тайлбарын тухайд Хариуцагч нэхэмжлэлийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаагаа эдийн засгийн болоод төсвийн хүндрэлтэй байдал зэргээс үр дүнгийн гэрээний урамшуулалыг нөхөн олгох боломжгүй гэсэн нь нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байх эрх зүйн үндэслэл биш юм. Эдийн засгийн хүндрэлтэй байдлаас шалтгаалж, хөдөлмөрийн үр дүнд олгох ёстой урамшуулалыг хасч болно гэсэн хуулийн зохицуулалт байхгүй учир хариуцагчийн энэхүү тайлбар үндэслэлгүй болно.

Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 14 зүйлийн 14.1.17-д "аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга тухайн шатны төсвийн өрөнхийлөн захирагч байна", Мөн хуулийн 16-р зүйлийн 16.4,15-д “аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга тухайн шатны Засаг даргын Тамгын газрын төсвийн  шууд захирагч байна", Мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.3,2-т зааснаар "төсвийн захирагч нь үндсэн үйл ажиллагааны нэмэлт орлогыг  "байгууллагын хамт олон, ажилтны ажлын үр дүнг нь харгалзан урамшуулах" захиран эарцуулах эрхийг олгосныг хариуцагч зөрчиж байна гэж үзнэ. Иймд Татварын өрөнхий хуулийн 38-р зүйлийн 38.2, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1, Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46,3.1, Монгол Улсын Засгийн Газрын "Татварын улсын байцаагчид шагнал олгох тухай" 2011 оны 11-р сарын 30-ны өдрийн 344 тоот тогтоолын хавсралтын 2 дугаар зүйлийн 2.1-д заасныг тус тус үндэслэн хариуцагч Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын Тамгын газраас нэхэмжлэгч Н.Бямбажавын 2013, 2014 онуудын үр дүнгийн гэрээний урамшуулалд 4.152.350 төгрөгийг гаргуулан олгуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү гэв.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын Тамгын газрын дарга Л.Батхүү шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 онд сумын орон нутгийн орлого 12401700 төгрөгөөр давсан боловч давсан орлогын төрөл зүйлээр авч үзэхэд ХЭАА-н орлого 1228,7 төгрөгөөр, ойн төлбөр 10093,8 төгрөгөөр, хүү торгууль 1083,9 төгрөгөөр тус тус давсан байна. Мөн 2014 оны орон нутгийн орлогын төрөл зүйлээр авч үзвэл: ХЭАА-н орлого 10728,6 төгрөгөөр, ойн төлбөр 7193,8 төгрөгөөр, агнуур-14087,2 төгрөгөөр, хүү торгууль 6161,7 төгрөгөөр тус тус давсан байна. ХЭАА орлого нь ноосны урамшууллаас орсон орлого бөгөөд бусад нэр заасан орлогуудыг БОХ-ын улсын байцаагч, байгаль хамгаалагч, цагдаа, хэсгийн төлөөлөгч, сумын болон багийн Засаг дарга нар ажил үүрэг бүрэн эрхийн хүрээнд гүйцэтгэж хийсэн ажпын үр дүнгээр орсон орлого болно. ТЕГ-ын даргын 2013 оны 474-р тушаалаар батлагдсан “Үр дүнгийн гэрээний биелэлтийн урамшууллыг захиран зарцуулах журам” нь хүчингүй болсон байна. Мөн эдийн засгийн хүндрэл, ЗДТГ-ын төсвийн хүндрэлтэй байдал, дээрх орлогууд нь татварын байцаагчийн үйл ажиллагааны үр дүнгээр ороогүй зэргээс дээрх мөнгийг нөхөн гаргаж өгөх боломжгүй юм гэв.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Бямбажав нь хариуцагч Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын Тамгын газарт холбогдох, үр дүнгийн урамшуулал 4.152.350 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Гэтэл хариуцагч Л.Батхүү /Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын засаг даргын тамгын газрын дарга/  нь Н.Бямбажавтай үр дүнгийн гэрээ байгуулсан байна. Гэвч хавтаст хэрэгт 2014 оны ажлын үр дүнгийн гэрээг дүгнэсэн зүйл байхгүй байна. Мөн 2013 онд Н.Бямбажав нь татварын байгууллагаас үр дүнгийн урамшуулал авсан тухай баримт мөн хэрэгт байна...Мөн дээрхи орлогууд нь татварын байцаагчийн үйл ажиллагааны үр дүнгээр ороогүй зэргээс дээрхи мөнгийг гаргаж өгөх боломжгүй. Иймд Н.Бямбажавт үр дүнгийн гэрээгээр урамшуулал олгох үндэсгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ. Учир нь:

Нэхэмжлэгч Н.Бямбажав, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Чимэдрэгзэн нар нь “...Сум, орон нутгийн татварын орлогыг 2013,2014 онуудад нийт 41.523.500 төгрөгөөр давуулан биелүүлсэн, тухайн онуудад буюу 2013 онд үр дүнгийн гэрээгээ  94,2 А маш сайн, 2014 онд 95,8 А маш сайн үнэлгээтэй дүгнүүлсэн учир холбогдох хууль тогтоомжийн дагуу үр дүнгийн урамшуулалд олгох ёстой давсан орлогын 10 хувь болох 4.152.350 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан.                 

Энэ нь “Орон нутгийн төсвийн орлогын мэдээ тайлан” болон “Н.Бямбажавын сүүлийн 5 жилийн ажлын үзүүлэлт” зэргээр тогтоогдож байна...Эдгээр орлого нь Монгол улсын Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8.4-т заасан “агнуурын нөөц ашигласны төлбөр, ан амьтан агнах, барих зөвшөөрлийн хураамж”, 23.8.7-д заасан “ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж, ашигласны төлбөр” 23.8.10-т заасан “орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил, үйлчилгээ хувиараа эрхлэгч хувь хүний орлогын албан татвар” нь сумын төсвийн татварын орлогод хамаарч байна...”  гэсэн тайлбарыг гаргасан байх боловч хэргийн материалд авагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч Н.Бямбажав нь өөрийн ажил үүрэг гүйцэтгэснээс хэдэн төрлийн татвараар  тус тус хэдэн төгрөгийг орон нутгийн татварын орлогот оруулсан, мөн үүнээс хэдэн төгрөг нь давсан орлого болох талаархи нотлох баримт ирүүлээгүй  байна.

Өөрөөр хэлбэл Н.Бямбажав нь 41.523.500 төгрөгөөр орон нутгийн татварын орлогыг давуулан ажилласан гэдгээ буюу дээрхи хэмжээний татварын орлогын мөнгө ямар татвараар орсон талаар,  өөрийн нь ажлын үр дүнгээр орсон болохыг нотолж чадахгүй байна. Шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн нэхэмжлэгч Н.Бямбажавын өөрийн 2014 оны 01 дүгээр сарын 17 ний өдрийн “үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэх” илтгэх хуудас болон 2013 оны 2 дугаар сарын 15 ний өдрийн илтгэх хуудас / байгууллагын даргаар баталгаажуулсан зүйлгүй/ зэргээр түүний орон нутгийн орлогод оруулсан татварын мөнгөн дүнг тооцох боломжгүй юм.

Нэхэмжлэгч Н.Бямбажав нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүрэгтэй болохоо хуульд заасан журмын дагуу танилцсан боловч ач холбогдол бүхий нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй, “2013,2014 онуудад орон нутгийн татварын орлогод өөрийн үйл ажиллагаагаар 41.523.500 төгрөгийн давсан орлого оруулсан учир үр дүнгийн урамшуулал 4.152.350 төгрөгийг сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулах ” гэдгээ нотлож чадахгүй байна.

        Иймд нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.   

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 81.388 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон