Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 2021/ШЦТ/334

 

2021       03         12                                   2021/ШЦТ/334

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго,

улсын яллагч М.Отгонжаргал,

шүүгдэгч Б.М, Б.Э, А.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ж танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.М, А.Г, Б.Э нарт холбогдох эрүүгийн 2106 00000 0219 дугаартай 1 хавтаст хэргийг 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1999 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Завхан аймаг Тосонцэнгэл суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, “Приус сервис” засварын газарт засварчин ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт Баянзүрх дүүрэг 19 дүгээр хороо Жаргалант 12а гудамжны 136 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б.М /РД:/

Монгол Улсын иргэн, 2001 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто машины механик мэргэжилтэй, “Приус сервис” засварын газарт засварчин ажилтай, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүрэг 26 дугаар хороо Мандал овоо 11 дүгээр гудамжны 19 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б.Э /РД:/

Монгол Улсын иргэн, 1999 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өрмийн мастер  мэргэжилтэй, Приус сервис засварын газарт засварчин ажилтай, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Чингэлтэй дүүрэг 13 дугаар хороо Сургуулийн 7 дугаар гудамжны 95 тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо Баянзүрх дүүрэг 20 дугаар хороо Аарцат могойт дэнж 88 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, А.Г /РД:/

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Б.М, Б.Э нар согтуугаар, бүлэглэж 2021 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 22-23 цагийн үед Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цайзын Алтан өлгийн гудамжинд хувийн таарамжгүй харилцааны улмаас А.Г-н нүүр, хамар, цээж рүү гараараа цохиж, хөлөөрөө өшиглөн зодож эрүүл мэндэд нь тархины доргилт, хамрын ясны хугарал, баруун чамархайн хуйхны няцарсан шарх, баруун зулай, чамархайн хуйх, 2 нүдний зовхи, хамар, цээжний зүүн талын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн тухайн цаг хугацаанд яллагдагч А.Г нь Б.Э-н нүүр рүү гараараа цохиж зодож зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.М-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Б.Э-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч А.Г-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Хавтаст хэргээс:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 02 хуудас/,

Хохирогч А.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би 2021 оны 01 дүгээр сарын 08-ны шөнийн 3 цагийн орчим Их засаг их сургуулийн баруун талд найз охиныхоо гэрт унтах гээд хэвтэж байтал Б.М, Б.Э гэх хамт ажилладаг байсан болон одоо хамт ажиллаж байгаа 2 залуу гараад ир, ирээд уулз чадахгүй бол гэх мэтээр хэл амаар доромжлоод дахин дахин дуудаад байхаар нь ажлын газрынхаа хашаанд уулзахаар болоод Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Өгөөмөр захын зүүн талд байх “Приус сервис”-ийн хашаанд уулзахад “Соната” маркийн машинаас 4 эрэгтэй, 1 эмэгтэй хүн бууж ирсэн. Уг хүмүүс дундаас Б.М, Б.Эг л таньж байсан ба бусдыг нь харж байгаагүй хүмүүс байсан. Би машиндаа сууж байхад Б.Э миний хажууд суугаад юу байна ахаа гэх мэтээр үгээр идээд байсан. Тэгтэл гаднаас Б.М нь миний хаалгыг онгойлгоод нэг цохиод машинаас буулгаад нийлээд намайг зодсон. Зодож байгаад болихоор нь би болсон уу гээд асуухад Б.М нь болсон гэхэд Б.Э нь болоогүй байна аа гээд дахиад зодоход Б.М нь дахиад хамт намайг зодсон. Тухайн үед миний цамц тайлагдаад нүцгэн болсон байхад мөн зодож байсан ... өнөөдөр буюу 2021 оны 01 дүгээр  сарын 09-ний өдөр ажлынхаа гадаа машин янзалж байтал Б.Э ирээд юу байна хөгшөөн гэхээр нь би юм дугараагүй ба орой 20 цаг өнгөрөөд ажлаасаа буугаад машинаараа найзыгаа буулгах гээд БЗД 16 дугаар хороо орчим явж байхад “Приус-11” маркийн авто машин намайг хашаад зогсоосон ба харахад Б.М, Б.Э мөн дахиад 2 эрэгтэй хүн байсан ба Б.М машины хаалга онгойлгоод намайг 4 удаа нүүр лүү цохисон.  Мөн Б.Э нь миний нүүр лүү мөргөөд байсан ба гараараа хэдэн удаа цохисныг нь мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 05-07 хуудас/,

Хохирогч А.Г-с дахин авсан “...  Тэгээд машин дотор Б.М бид 2 уулзаад дэлгүүр яваад нэг том пиво аваад буцаж гарааш дээр ирээд Энхүүш Жавхаа хоёрыг авсан ... Энхүүш дэлгүүр орчхоод буцаад ирсэн. Тэгээд гудамж руу орж зогссон. Тэр үед Энхүүш хоёулаа ийшээ ороод үзье зодолдъё гээд байсан. Тэгээд Энхүүш хаалга онгойлгочхоод буугаад ир гээд байсан. Тэгээд би машинаас буугаад тэрнийг куртикнийх нь малгайгаар нь доош дарж байгаад тэрний нүүр лүү нь гараараа 4-5 удаа цохисон. Тэгээд Жавхаа ирж бид хоёрыг салгасан. Тухайн үед Энхүүш миний нүүр лүү нэг удаа гараараа цохисон. Бас намайг заамдаад зогсоод байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 10-12 хуудас/,

Хохирогч Б.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Тэгээд ажлын хашаанд орж ирээд нөгөө эвдэрсэн машинаа буулгах гээд байж байтал А.Г машинтайгаа ганцаараа согтуу ирсэн. Тэгснээ тэр машинаасаа буугаад ирэх үед Б.М түүн дээр очоод тэр 2 маргалдаж байснаа А.Г Б.Мийн шанаа руу түрүүлээд гараараа 2 удаа цохиод авсан. Тэгэхээр нь Б.М ах зөрүүлээд тэрний нүүр лүү нь гараараа хэд хэдэн удаа цохиод авсан ... Харин Гантулгын нэг нүд нь хавдчихсан харагдсан ... Тэгж байснаа орой ажил тарах үед тэрний найзууд нь гээд 3-4 машинтай баахан залуучууд ирчихсэн тэд нар ажлын хашаан дотор зогсож байсан ... би явлаа гээд ажлаасаа гараад ажлын хажуу талын далан дагаж явж байсан чинь намайг нэг танихгүй 5 залуу чирээд байрны гарааш руу чирээд орчихсон. Би тэр хүмүүсийг танихгүй бас царайг нь харж чадаагүй. Тэгснээ тэр залуучууд намайг байрны доод гарааш руу ордог хэсэг дээр нийлээд зодсон. Тэр залуучууд дандаа маск зүүсэн малгай өмссөн залуучууд байсан. Тэгээд би гэр лүүгээ орсон ... Тухайн үед цаг 23 цаг болж байсан шиг санагдаж байна. Тэгэхээр нь би А.Гд дүү нь одоо ингээд уухгүй, намайг эмээгийнх рүү хүргээд өгөөч гэж хэлсэн чинь тэр миний өөдөөс хэрүүл маргаан өдөөд байсан. Тэгээд зүүн Алтан Өлгийн тэр хавьд машинтай зогсож байхад А.Г намайг хүргэж өгч чадахгүй гэснээ миний нүүр, хацар луу гараараа 2-3 удаа цохисон. Тэгээд гудамж руу орж зогсож байснаа намайг машинаас буулгаад гудамж руу чирч орсноо миний дух руу мөргөөд бас миний куртикнээс доош дараад миний нүүр лүү өвдөглөөд байсан ... Тухайн үед би Гантулгын урдаас нь гараараа хэд хэдэн удаа цохилцсон. Яг хаашаа нь цохисноо бол мэдэхгүй байна. Тухайн үед миний уруул язарсан, уруул хамар хоёроос нэлээн их цус гарсан. Бас дух, толгой хэсэг булдруу болоод хавдчихсан байсан. Намайг зодох үед бол Гантулгын биед ил харагдах ямар нэгэн гэмтэл шарх байгаагүй ... Тухайн үед миний уруул язраад бас хамар, амнаас цус гарчихсан бас үүдэн 2 шүд хөдөлчихсөн байсан юм. Тэгсэн чинь Б.М ах намайг харснаа намайг байхад миний дүүг зодохгүй яасан юм бэ гээд тэр машины урд жолооны хажууд сууж байсан А.Г руу эхлээд хөлөөрөө жийснээ дараа нь шанаа руу 2-3 удаа гараараа цохисон ... Тэгээд би Гантулгын өвөр дээр нь гарч суугаад тэрний нүүр лүү нь гараараа 2 удаа цохиод дараа нь бас тэрний нүүр лүү толгойгоороо 1 удаа мөргөсөн. Тухайн үед миний харснаар Гантулгын нүүр нь хавдаад цус болчихсон бас нүд нь хавдчихсан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 17-19 хуудас/,

Гэрч Г.Балжиннямын  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэгээд бид 2 Алтан Өлгийгөөр өгсөөд явж байтал нөгөө “Приус-20” машин явган хүний зам дээр гараад зогсчихсон жолоочийн эсрэг талын урд талынх нь хаалга онгойчихсон Тулгаа гээд байгаа залуу нь бөөлжөөд байсан.  Тэгээд бөөлжиж байсан хаалгаар очсоноо тэр залууг цааш нь түлхэж машин руу нь оруулснаа тэр залууг хөлөөрөө баахан жийгээд бас гараараа цохиод байсан. Тэр үед би машин дотроо сууж байсан. Тэгэхээр нь би машинаасаа буугаад очих үед тэр машины хойд талын хаалганаас тэрний дүү гэх Энхүүш гэх залуу бас буугаад ирсэн. Тэр үед Энхүүш гэх залуугийн уруул нь тэр чигтээ цус болчихсон, бас нэг талынх нь нүд жоохон бага зэрэг улайчихсан байсан. Тэрний биед өөр ил харагдах гэмтэл, шарх байгаагүй. Тэгээд би яасан юу болсон бэ гэж асуусан чинь Тулгаа намайг гудамж руу дагуулж ороод зодчихлоо, харин ашгүй Тулгаатай хамт явж байсан найз нь гэж ярьж байсан. Тэр үед Б.М нөгөө Тулгаагийн сууж байсан сандалтай хэсэг лүү цээжин биеэ оруулчихсан чи манийгаа доромжлоод байгаа юм уу, дээрэлхээд байгаа юм уу гээд юм яриад зогсож байсан. ... Тэгсэн чинь Энхүүш нөгөө Тулгаа гэх залуутай юм ярьж байснаа барьж аваад нүүр лүү нь нэг удаа толгойгоороо мөргөсөн. Тэр үед Тулгаа гэх залуу нь бараг юм ярьж чадахгүй нэлээн согтуу байсан. Тэгсэн чинь Б.М Энхүүш гэх дүүгээ бид хоёрын ирсэн машинд суулгаад тэгээд бид нар машиндаа суугаад тэндээс хөдлөөд яваад өгсөн ... Б.М, Энхүүш тэр 2 Тулгааг цохиж зодсоны дараа харсан чинь тэр залуугийн нэг талынх нүд, уруул нь, хамар нь нэлээн хавдчихсан. Энхүүш сүүлд тэрнийг мөргөх үед хамар нь эвгүй болчихсон байхаа. Мөргөх үед нэлээн чанга аймаар так гээд чимээ сонсогдсон. Ам нь жоохон цус болоод завжаар нь гарчихсан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 25-27 хуудас/,

Гэрч С.Цогжавхлангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Тэгж байтал Б.М гэр лүүгээ явлаа гээд яваад өгсөн. Энхүүш, Тулгаа бид 3 үлдээд хойшоо Алтан Өлгийн зүүн лүү 21 цаг өнгөрч байх үед явсан. Тийшээ ямар шалтгаанаар явсныг би сайн мэдэхгүй байна. Тухайн үед би нэлээн согтчихсон байсан. Тэгээд Тулгаа машинаа бариад хойшоо нэлээн явж байгаад нэг дэлгүүрийн гадаа зогсоод А.Г Энхүүшид мөнгө өгөөд дахиад нэг том пиво авхуулсан. Тэгж байтал Энхүүш арын хаалганаас бууж ирснээ Тулгаагийн хаалгыг нь татаад шууд тэрний нүүр лүү нь гараараа цохиод эхэлсэн ... Тэгсэнээ тэр 2 машинаас буугаад гудамжинд зодолдсон ... Тухайн үед миний харснаар Б.Эгийн хамраас нь цус гарчихсан байсан. Өөр ямар нэгэн гэмтэл шарх учирсан байсан үгүй эсэхийг би анзаараагүй ... Б.М машины хойд талын хаалгыг нь татаж Энхүүшийн нүүрийг харснаа жолоочийн эсрэг талын хаалгыг татаад Тулгааг шууд зодсон. Тэр үед Б.М Гантулгын нүүр лүү нь өшиглөсөн бас гараараа нүүр лүү нь нэлээн олон удаа цохиод байсан. Яг хэдэн удаа өшиглөж, хэдэн удаа цохисныг нь би мэдэхгүй байна. Миний харснаар Гантулгын 2 нүд нь хөхөрчихсөн, хамар нь хавдчихсан байсан. Бас тэр үед тэрний хамраас нь цус гарсан байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29-31 хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 596 дугаартай дүгнэлт “... А.Гантулгын биед тархины доргилт, хамрын ясны хугарал, баруун чамархайн хуйхны няцарсан шарх, баруун зулай, чамархайн хуйх, 2 нүдний зовхи, хамар, цээжний зүүн талын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой.” /хх-ийн 34-35 хуудас/, 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 1043 дугаартай дүгнэлт “...Б.Эгийн биед доод уруулд сорив тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” /хх-ийн 40-41 хуудас/, 

Яллагдагч Б.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... намайг байх үед зодохгүй яасан юм гэж хэлээд уур хүрээд Гантулгыг зодсон. Би тэрний толгой руу, нүүр лүү нь гараараа нэлээн олон удаа цохисон. Бас  бөгс рүү нь 2 удаа жийсэн. Тэгтэл Б.Э арын суудлаас бууж ирээд яасан гэж намайг зодож байгаа юм бэ гээд тэрний өвөр дээр гарч суугаад толгой нүүр хэсэг лүү нь 2 удаа мөргөсөн. Бас толгой, нүүр лүү нь гараараа нэлээн олон удаа цохиод байсан ... Би А.Г-тай уулзаж уучлалт гуйсан. Би тэрний биед учирсан гэмтлийн эмчилгээний зардлыг нь төлж өгөх болно. Согтуу байхдаа ийм гэмт хэрэг үйлдсэндээ их гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн  51-53 хуудас/,

Яллагдагч Б.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ ... Б.М ах А.Г-с холдохоор нь би машин руу орж тэрний өвөр дээр нь сууж байгаад толгой, нүүр лүү нь гараараа 2-3 удаа цохиод дараа нь тэрний нүүр лүү толгойгоороо 1 удаа мөргөсөн ... Г-н нүд, нүүр, хамар нь хавдчихсан, хамраас нь цус гарчихсан байсан. Би А.Г-тай уулзаж уучлалт гуйсан. Би тэрний биед учирсан гэмтлийн эмчилгээний зардлыг нь төлж өгөх болно. Согтуу байхдаа ийм гэмт хэрэг үйлдсэндээ их гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 60-62 хуудас/,

Яллагдагч А.Г-н “ ... хашааны тэнд би Энхүүшийн нүүр лүү эхлээд гараараа 3-4 удаа цохиод дараа нь куртикнийх нь малгайнаас дарж байгаад 3-4 удаа бас нүүр лүү нь цохисон. Тухайн үед би тэрнийг доош дарчихсан байх үедээ толгой руу нь 2-3 удаа өвдөглөсөн ... Би Б.Этай уулзаж уучлалт гуйсан. Бас бид нар сайн дураараа эвлэрсэн. Бас Б.М, Б.Э 2 надаас уучлалт гуйж миний биед учирсан гэмтлийн эмчилгээний зардлыг бүрэн төлж барагдуулж өгсөн. Согтуу байхдаа ийм гэмт хэрэг үйлдсэндээ үнэхээр их гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 68-69 дэх тал/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн бусад баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч Б.М, Б.Э, А.Г нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно. 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчдыг бүрэн хамруулж, тэдний мэдүүлэг, тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтыг шалгаж хянасны үндсэн дээр шүүгдэгчийн гэм буруугийн асуудалд хууль зүйн дүгнэлт хийлээ.

Шүүгдэгч Б.М, Б.Э нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, бүлэглэж 2021 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 22-23 цагийн үед Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цайзын Алтан Өлгийн гудамжинд хувийн таарамжгүй харилцааны улмаас А.Гантулгын нүүр, хамар, цээж рүү гараараа цохиж, хөлөөрөө өшиглөн зодож эрүүл мэндэд нь тархины доргилт, хамрын ясны хугарал, баруун чамархайн хуйхны няцарсан шарх, баруун зулай, чамархайн хуйх, 2 нүдний зовхи, хамар, цээжний зүүн талын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн тухайн цаг хугацаанд яллагдагч А.Г нь Б.Эгийн нүүр рүү гараараа цохиж зодож зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Үүнд:

Шүүгдэгч Б.М-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.“гэх мэдүүлэг, шүүгдэгч Б.Эгийн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг, шүүгдэгч А.Гантулгын “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг, хавтас хэргээс хохирогч А.Гантулгын “... 2021 оны 01 дүгээр  сарын 09-ний өдөр Б.М машины хаалга онгойлгоод намайг 4 удаа нүүр лүү цохисон.  Мөн Б.Э нь миний нүүр лүү мөргөөд байсан ба гараараа хэдэн удаа цохисныг нь мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 05-07/,  хохирогч Б.Эгийн “...Тэгснээ тэр залуучууд намайг байрны доод гарааш руу ордог хэсэг дээр нийлээд зодсон ... Тэгээд зүүн Алтан Өлгийн тэр хавьд машинтай зогсож байхад А.Г намайг хүргэж өгч чадахгүй гэснээ миний нүүр, хацар луу гараараа 2-3 удаа цохисон. Тэгээд гудамж руу орж зогсож байснаа намайг машинаас буулгаад гудамж руу чирч орсноо миний дух руу мөргөөд бас миний куртикнээс доош дараад миний нүүр лүү өвдөглөөд байсан ... Тухайн үед би Гантулгын урдаас нь гараараа хэд хэдэн удаа цохилцсон. Яг хаашаа нь цохисноо бол мэдэхгүй байна. Тухайн үед миний уруул язарсан, уруул хамар хоёроос нэлээн их цус гарсан. Бас дух, толгой хэсэг булдруу болоод хавдчихсан байсан ....” гэх мэдүүлэг /хх-ийн 17-19 /, гэрч Г.Балжиннямын  “...Тэгээд бид 2 Алтан Өлгийгөөр өгсөөд явж байтал нөгөө “Приус-20” машин явган хүний зам дээр гараад зогсчихсон жолоочийн эсрэг талын урд талынх нь хаалга онгойчихсон Тулгаа гээд байгаа залуу нь бөөлжөөд байсан. Тэгээд бөөлжиж байсан хаалгаар очсоноо тэр залууг цааш нь түлхэж машин руу нь оруулснаа тэр залууг хөлөөрөө баахан жийгээд бас гараараа цохиод байсан.. ... Тэгсэн чинь Энхүүш нөгөө Тулгаа гэх залуутай юм ярьж байснаа барьж аваад нүүр лүү нь нэг удаа толгойгоороо мөргөсөн. Тэр үед Тулгаа гэх залуу нь бараг юм ярьж чадахгүй нэлээн согтуу байсан. Тэгсэн чинь Б.М Энхүүш гэх дүүгээ бид хоёрын ирсэн машинд суулгаад тэгээд бид нар машиндаа суугаад тэндээс хөдлөөд яваад өгсөн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-27/, гэрч С.Цогжавхлангийн “...Тэгж байтал Энхүүш арын хаалганаас бууж ирснээ Тулгаагийн хаалгыг нь татаад шууд тэрний нүүр лүү нь гараараа цохиод эхэлсэн ... Тэгснээ тэр 2 машинаас буугаад гудамжинд зодолдсон ... Тухайн үед миний харснаар Б.Эгийн хамраас нь цус гарчихсан байсан. Өөр ямар нэгэн гэмтэл шарх учирсан байсан үгүй эсэхийг би анзаараагүй ... Б.М машины хойд талын хаалгыг нь татаж Энхүүшийн нүүрийг харснаа жолоочийн эсрэг талын хаалгыг татаад Тулгааг шууд зодсон. Тэр үед Б.М Гантулгын нүүр лүү нь өшиглөсөн бас гараараа нүүр лүү нь нэлээн олон удаа цохиод байсан. Яг хэдэн удаа өшиглөж, хэдэн удаа цохисныг нь би мэдэхгүй байна. Миний харснаар Гантулгын 2 нүд нь хөхөрчихсөн, хамар нь хавдчихсан байсан. Бас тэр үед тэрний хамраас нь цус гарсан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 29-31/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 596 дугаартай дүгнэлт “... А.Гантулгын биед тархины доргилт, хамрын ясны хугарал, баруун чамархайн хуйхны няцарсан шарх, баруун зулай, чамархайн хуйх, 2 нүдний зовхи, хамар, цээжний зүүн талын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой.” /хх-ийн 34-35/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 1043 дугаартай дүгнэлт “...Б.Эгийн биед доод уруулд сорив тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” /хх-ийн 40-41 хуудас/,  яллагдагч Б.Мийн “... намайг байх үед зодохгүй яасан юм гэж хэлээд уур хүрээд Гантулгыг зодсон. Би тэрний толгой руу, нүүр лүү нь гараараа нэлээн олон удаа цохисон. Бас  бөгс рүү нь 2 удаа жийсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн  51-53/, яллагдагч Б.Эгийн “ ... Б.М ах А.Гас холдохоор нь би машин руу орж тэрний өвөр дээр нь сууж байгаад толгой, нүүр лүү нь гараараа 2-3 удаа цохиод дараа нь тэрний нүүр лүү толгойгоороо 1 удаа мөргөсөн ... Гантулгын нүд, нүүр, хамар нь хавдчихсан, хамраас нь цус гарчихсан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 60-62 /, яллагдагч А.Гантулгын “ ... хашааны тэнд би Б.Эгийн нүүр лүү эхлээд гараараа 3-4 удаа цохиод дараа нь куртикнийх нь малгайнаас дарж байгаад 3-4 удаа бас нүүр лүү нь цохисон. Тухайн үед би тэрнийг доош дарчихсан байх үедээ толгой руу нь 2-3 удаа өвдөглөсөн” гэх мэдүүлэг зэрэг болно.

Шүүгдэгч Б.М, Б.Э, А.Г нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврын талаар танилцаж ойлгосон, өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлтийг прокурорт гаргасан, түүнд гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан, албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй зэргээс үзэхэд түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байна гэж дүгнэлээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Б.М, Б.Э нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт, А.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тус тус тохирсон, хэргийн бодит байдал тогтоогдсон байна. Иймд шүүгдэгч Б.М, Б.Э нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн” гэм буруутайд, шүүгдэгч А.Г-г Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

Хохирогч Б.Эгийн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлж бичгээр гаргасан хүсэлт, А.Гантулгын хохирол төлбөрт 500.000 төгрөг хүлээн авч, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлж бичгээр гаргасан хүсэлт тус бүрийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “... хохирлоо нөхөн төлсөн баримт ...”-д тооцож, шүүгдэгч Б.М, Б.Э, А.Г нарыг энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн гэж үзлээ.

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхийн хэлэлцүүлгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байна.

Шүүгдэгч Б.М, Б.Э, А.Г нарын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, шүүгдэгч Б.М, Б.Э, А.Г нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн байх тул шүүгдэгч Б.М, Б.Э нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч А.Г-д  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй.

Шүүгдэгч Б.М, Б.Э нар нь прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 470 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 470.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч А.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял саналыг тус тус хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан баримт хэрэгт авагдсан ба шүүхийн хэлэлцүүлэгт прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрснөө илэрхийлснийг тэмдэглэх нь зүйтэй.  

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Б.М, Б.Э, А.Г нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, “Приус сервис” авто засварын газарт засварчин ажилтай гэх хувийн байдал, анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын талаар гаргасан прокурорын санал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Б.М, Б.Э нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 470 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 470.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч А.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэв.

Б.М, Б.Э нарт шүүхээс оногдуулсан 470 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 470.000 төгрөгөөр торгох ял, А.Г-д оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц түүний цалин хөлс, бусад орлого олох боломж, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан 90 хүртэл хоногийн хугацаанд төлөх боломжтой гэсэн санал зэргийг харгалзан 90 хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлан мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.М, Б.Э, А.Г нар нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэм хорын хохирол болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдав.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.М, Б.Э, А.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:                             

1. Б.Э, Б.М нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэн” үйлдсэн гэм буруутайд, Гуа Боржигон овогт Амгаланбаатарын Гантулгыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэм хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Э, Б.М нарт 470 /дөрвөн зуун дал/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 470.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Г-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Э, Б.М, А.Г нар нь оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 90 /ер/ хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Э, Б.М, А.Г нар нь торгох ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлан мэдэгдсүгэй.

 5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжпэгдсэн хөрөнгөгүй, Б.Э, Б.М, А.Г нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, гэм хорын хохирол, хор уршиг болон хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.Э, Б.М, А.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                       

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.ХАТАНЦЭЦЭГ