Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 2021/ШЦТ/46

 

 

 

    

 

2021 оны 02 сарын 18 өдөр                        2021/ШЦТ/46                                Хэрлэн сум

     

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2021/0036/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Одхүү даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Улсын яллагч                                                Ж.Батбаатар

Хохирогч                                                        Д.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч                               Г.Баярсайхан

Шүүгдэгч                                                                   Б.У нарыг оролцуулан шүүх хуралдааны тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Хонгорзулаар хөтлүүлж, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатараас   Эрүүгийн хуулийн 17.12 дугаар   зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.У-тхолбогдох 2039005800003 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 01 сарын 21-ний  өдөр хүлээн авч хэлэлцэв.

 

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/     Яллагдагч Б.У нь 2020 оны 12 дугаар сарын 09-ний  өдөр Хэнтий аймгийн Батноров сумын 2 дугаар багийн нутаг “Шаварт” гэх газраас  иргэн Д.Б-гийннэг тооны хул зүсмийн 3 настай адууг тээврийн хэрэгсэл ашиглан нууц далд аргаар хулгайлж 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдааны үед шүүгдэгч Б.Унь “машин механизм ашиглаж хулгайлсан гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй, би өөрийнхөө алдсан адуутай андуурч авсан” гэжээ.

Хохирогч Д.Б нь “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хохирлоо бүрэн барагдуулж авсан” гэжээ.

 Мөрдөн байцаалтын үед:

 Хохирогч Д.Б-гийн өгсөн:...2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 14 цагийн орчимд мотоцикльтой адуугаа хураах гээд Шаварт, Эхэнбүрд гэх газруудаар яваад адуугаа олоогүй, тэгж явж байгаад уулан дээр гараад дурангаар дурандсан адуу маань урдаасаа гараад ирсэн. Тэгээд би адуун дээрээ яваад очиход манай адуунууд бүгд хөлс болсон цантсан,  амьсгаа нь дарагдаагүй байж байсан. Тэгээд адуугаа бүртгээд үзэхэд хул зүсмийн шүдлэн байц байхгүй байсан. Тэгээд би адууныхаа ирсэн мөрөөр яваад үзэхэд урдаас хөөж гаргасан мотоциклийн мөр байсан, уг мөрийг дагаад явсаар байгаад уулын энгэрт нэг айл байсан тэр айл дээр яваад очиход манай алдсан хул зүсмийн 1 тооны адууг алаад талыг нь өвчсөн байдалтай танихгүй хоёр залуу зогсож байсан.  Тэгээд би тэр хоёр залууд хандаж наадах чинь миний алдсан хул зүсмийн шүдлэн байна шүү дээ яаж байгаа юм гэж хэлэхэд нэг залуу нь би бас урд жил цагаан адуу, хул адуу хоёроо алдсан юмаа тэгээд тэрийг байна гэж бодоод хөөж ирээд ажилласан юм тохироё гэж хэлсэн. Тэгэхээр нь би  тохирч  болно оо, яваад оч манайх  руу яваад оч гэсэн. Тэгсэн аав нь гэх хүн ирээд  одоо  тохирчих оо гэж хэлсэн...Би адуугаа 3.000.000 төгрөгөөр  үнэлж байна. Хурдан удмын адуу юм...Надад ямар нэгэн гомдол нэхэмжлэх зүйл байхгүй... Би Батноров суманд  отроор ирээд удаагүй байгаа... У нутаг усандаа  нэр хүндтэй  залуу байна лээ. У надад учруулсан хохирлоо сайн дураараа төлж  барагдуулсан...Би У-ийг  шоронд  битгий ороосой гэж  бодож байна. Хэргийг нь  хөнгөн шийдвэрдэж  өгнө үү  гэж хүсэлт гаргаж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 29-32 хуу/

 

Гэрч Б.Намсрайжавын өгсөн: ...Ах тэгээд малдаа яваад өгсөн, удалгүй Б.У ах мотоцикльтой зүүн хойноос хүрэн азаргатай адуунууд хөөж ирээд малын саравчинд хашсан, ах надад хэлэхдээ хавар алга болсон байдас маань энэ адуунд байж байна гэж хэлсэн. Тэгээд ах адуун дотроос нь хул зүсмийн им тамгагүй 1 тооны адуу барьж аваад бусад адуунуудыг нь зүүн хойш явуулсан юм. Тэгээд би тухайн үед манай адуу юм байх гэж бодоод Б.У ах тэр адууг нядлахаар болоод намайг дуудсан тэгээд очиж байхад мотоциклтой танихгүй залуу ирээд манай адуу байна шүү дээ, им тамга байхгүй гэж хэлсэн. Тэгээд би тэр үед айлын адуу ажилласан байгааг мэдсэн юм...гэх мэдүүлэг /хх-ийн 35 хуу

 

 Гэрч Г.Батхадын  өгсөн:... орой 16 цагийн орчимд ирсэн, намайг ирэхэд манай том хүү У нь мал нядалдаг газар 1 тооны адуу ганцаараа алаад нядалж байсан, бас нэг танихгүй залуу ирсэн, манай алдсан 1 тооны адууг ажилласан байна гэсэн зүйл яриад байж байсан...Манай хул  зүсмийн  адуугаа  2020 оны 05 дугаар  сард  Майл гэх  газраас  алдсан юм. Цагдаагийн байгууллагад бүртгүүлээгүй юм...гэх мэдүүлэг /хх-ийн 37 хуу/

 

Гэрч Б.Жүмбэрэлийн  өгсөн:...Миний хүү У нь 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Хэнтий  аймгийн Батноров сум Бэрх  тосгонд төрсөн. Хэнтий аймгийн  Батноров сум Бэрх  тосгоны ерөнхий  боловсролын  сургуульд суралцаж  5 дугаар  анги  төгсөөд  сургуулиас гарсан. Бичиг үсэг  мэднэ.  Цэргийн алба  хааж байгаад  өвчний учир  хугацаанаасаа өмнө  халагдаж  ирсэн. Цэргээс ирээд эцэг, эхийн хамт  мал маллаж  байсан.  Гэр бүлтэй эхнэрийг нь Ганчимэг гэдэг 3 хүүхэдтэй. Одоо Хэнтий аймгийн  Батноров сум 1 дүгээр багт Баруун булаг  гэх газар  мал маллаж  амьдарч  байгаа. Хувьдаа 500-аад толгой  малтай. Урд  нь гэмт хэрэгт холбогдож  байгаагүй. Архи тохируулж  хэрэглэдэг. Тамхи  татдаг  өөр муу зуршилгүй. Адуучин тэмцээн уралдаанд  оролцож байсан.  Төлөв даруухан зантай,  дуу муутай, хүнтэй  маргалдаж муудаад  байдаггүй.  Гэр бүл эхнэр,  хүүхэддээ халамжтай. Уурга  хийдэг.  Эмнэг адуу  булгиулдаг хүүхэд байгаа юм...нутгийн  иргэдийн дунд нэр хүнд сайтай хүн байгаа юм....гэх мэдүүлэг /хх-ийн 42 хуу/

Гэрч Б.Баярсайханы өгсөн:...Би Б.У тэй  найзалж  нөхөрлөөд 16 жил болж байна. Анх 2004-2005 оны үед  хөдөө мал дээр байж байхад  танилцаж  нөхөрлөж  ирж байна.  Би өөрөө Биндэр,  Батноров сумын зааг дээр  нутагладаг.  Б.Убас тэр хавиар  нутаглаж  ирсэн  адуу  маланд  эрэмгий, тийм адуучин залуу юм.  Найз маань 2019 онд Батноров сумаасаа  эхнэртэй болоод 1 хүүхэдтэй одоо хөдөө  мал аж ахуй  эрхэлээд амьдарч байна. Хүнтэй  их нийтэч  харьцдаг  найз  нөхдийн хүрээлэл  ихтэй  адуучин тэмцээн  уралдаанд орж  сумын  аварга адуучин  цолтой  юм. Ял шийтгэлгүй  хэрэг төвөгт холбогдож байгаагүй архи дарс хааяа хэрэглэдэг юм...гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 хуу/

Гэрч Б.Ариунбатын өгсөн:...Уийг адуу алдсан талаар сонсож байсан 2020 оны 06 дугаар сард шиг санаж  байна  өдрийг нь мэдэхгүй байна би Батноров сум 1 дүгээр  багийн  нутаг Хужирт гэх газарт  гэртээ байсан.  Энэ үед У мотоциклтой  манайд  ирээд 3 тооны байдсан гүү алдаад  олохгүй  байна гэж  сураглаж байсан...Халиун зүсмийн байдас, хул зүсмийн байдас,  цагаан зүсмийн байдас сураглаж байсан. Эдгээр адуугаа  тамга байхгүй гэж  байсан...гэх мэдүүлэг / хх-ийн 48 хуу/

Б.Уийн яллагдагчаар өгсөн:...Би эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөшөөрөхгүй байна...Би Б-гийн нэг тооны адууг нь авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Б-гийн адуу  бүгд им тамгатай байсан ганцхан  хул байдас  им тамгагүй байсан. Би  тэгэхээр нь өөрийн  алдсан  адууг байна  гэж бодоод  хул зүсмийн адууг  авсан.  Миний алдсан адуутай адил адуу байсан. Би гэмт хэрэг үйлдэхдээ  машин  ашиглаагүй  би мотоциклтой  явж адууг  тууж ирсэн...Би алдсан адуугаа  андуурч хүний  адууг  эзэнд  хэлэлгүй авч хэрэглэсэн байсан. Энэ үйлдэлдээ их гэмшиж байна. Би хохирол  төлбөр  барагдуулна. Би адуугаа олсон дээрээ дахиж  алдаж магадгүй гэж бодоод  адууг нядалсан...гэх мэдүүлэг  /хх-ийн гэх мэдүүлэг 76  хуу/

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааны явцад бэхжүүлж авсан гэрэл зургууд /хх-ийн 4-12 хуу/

640 см урттай мяндсан олс, 345 см урттай үзүүр хэсэгтэй ногтны толгой зангидсан хар өнгийн ремен зэргийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хх-ийн 13 хуу/

Хохирогч Б-д адууны мах 150 кг, хул зүсмийн адууны арьс, хул зүсмийн адууны 4 шийр, хул зүсмийн адууны толгой зэргийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, уг ажиллагааны явцад бэхжүүлж авсан гэрэл зургууд /хх-ийн 18-19 хуу/

  Хохирогч Д.Б-гийн алдсан 1 тооны адууны үнэлгээг 2.000.000 төгрөгөөр тогтоосон Хөрөнгийн үнэлгээний Фэйр валуэшн ХХК-ий шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны  өдрийн 2020/ШД448 дугаартай  дүгнэлт /хх-ийн 54-56 хуу/

Б.Уийн  эзэзмшлийн Даюун маркийн улсын дугааргүй мотоциклийн үнэлгээг 350.000 төгрөгөөр тогтоосон Хөрөнгийн үнэлгээний  ФЭЙР ВАЛУЭШН ХХК-ий шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны  өдрийн 2020/ШД449 дугаартай  дүгнэлт /хх-ийн 62-64 хуу/

Б.У нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 77 хуу/

Б.У нь 2019 оны жилийн эцсээр нийт 346 толгой мал тоолуулсан тухай тодорхойлолт /хх-ийн 88 хуу/

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой өргөмжлөл, батламжийн хуулбарууд /хх-ийн 94-107 хуу/

Б.Уийн  иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 110 хуу/

Оролцогчдод хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 112-113 хуу/ 

Хохирогч Д.Б-гийн гаргасан “Б.Уээс нэг адууны төлбөрт 2.500.000 төгрөг хүлээн авсан гомдолгүй” тухай нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт /хх-ийн 114 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүгдэгч Б.Ут холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд  шүүгдэгч Б.У нь 2020 оны 12 дугаар сарын 09-ний  өдөр 16 цагийн үед Хэнтий аймгийн Батноров сумын 2 дугаар багийн нутаг “Шаварт” гэх газраас  иргэн Д.Б-гийн өмчлөлийн хул зүсмийн 3 настай нэг тооны адууг мотоцикл ашиглан хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч 2.000.000 төгрөгний хохирол учруулсан  нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

  1. Гэм буруугийн талаар

  Шүүгдэгч Б.У нь мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны үед  мэдүүлэг өгөхдөө хохирогч Д.Б-гийн адуунаас  мотоцикл ашиглан нэг тооны адууг барьж нядласан нөхцөл байдал болон учруулсан хохирол буюу адууны үнэлгээний талаар маргаагүй байна.  Харин гэм буруугийн хувьд  хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд “уг адууг өөрийнхөө алдсан адуу гэж бодсоны улмаас авч нядласан, мөн машин механизм ашиглаагүй, мотоцикл ашигласан” гэж  мэдүүлэг өгч, өмгөөлөгч нь мөн дээрх байдлаар  дүгнэлт гаргасан.

Шүүгдэгч нь өөрийн алдсан адуугаа бусдын адуунд байна гэж бодсоны улмаас дээрх үйлдлийг хийсэн гэж мэдүүлэг өгч байгаа боловч үүнийг нь өөрийнхөө эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор цаг алдалгүй, тухайн нөхцөлд тохируулан хийхийг хуулиар зөвшөөрсөн /Иргэний хуулийн  12 дугаар зүйл “Өөртөө туслах”/ үйлдэл гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, харин бусдын малыг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.2 дахь заалтад  “автомашин” гэж мотоцикл, трактор, өөрөө явдаг машин механизмаас бусад механикжсан тээврийн хэрэгслийг ойлгоно гэж заасан байх тул мотоциклийг машин механизм гэж үзэх үндэслэлгүй гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн энэ дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “машин механизм” гэсэн ойлголт нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.2 дахь заалтад заасан “автомашин” гэсэн ойлголтоор хязгаарлагдахгүй бөгөөд хүн, ачаа тээвэрлэхэд зориулсан бүх төрлийн автомашин, мотоцикль, трактор, өөрөө явагч бусад машин болон хүний хөдөлмөрийн хөнгөвчилсөн үйлдэл хийх  зориулалттай бүх төрлийн машин механизмууд хамаарна гэж үзлээ.

Шүүгдэгч нь мотоцикл ашиглан хохирогч Д.Б-гийнадуунуудыг тууж явсан гэж  мэдүүлэг өгсөн бөгөөд мотоциклийг өөрийн үйлдлээ хөнгөвчлөх зорилгоор ашигласан гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд дээр дурдсан байдлуудаас үзэхэд шүүгдэгч Б.Уийг бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг машин механизм  ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Гэмт хэргийн улмаас хохирогч Б-д 2.000.000 төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд хохирогч нь “хохирлоо бүрэн барагдуулж авсан, гомдол, нэхэмжлэх зүйлгүй” тухай тодорхойлолт гаргасан, мэдүүлэг өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

  1. Эрүүгийн хариуцлагын талаар

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн нөхцөл байдлуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх  нь зүйтэй  гэж үзлээ.

Шүүгдэгч Б.У нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хорих ялыг хөнгөрүүлж оногдуулах журмыг хэрэглэх үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт, 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У  гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан улсын дугааргүй улаан хүрэн өнгөтэй Даюун маркийн мотоциклийг хурааж улсын төсөвт шилжүүлэх, хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ хэрэглэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Унь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Б.Уийн  эзэмшлийн улсын дугааргүй улаан хүрэн  өнгөтэй эко даюун маркийн мотоциклыг битүүмжилсэн прокурорын 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 50 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, эд мөрийн баримтаар хураагдсан 640 см урттай мяндсан олс, 345 см урттай үзүүр хэсэгтэй ногтны толгой зангидсан хар өнгийн ремен зэргийг устгаж, шүүгдэгчид хорих ял оногдуулсан тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б. Уийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан буюу бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг машин механизм  ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад  зааснаар шүүгдэгч Б.Уийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

3. Шүүгдэгч Б.Ут  оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт, 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ут гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан улсын дугааргүй улаан хүрэн өнгөтэй Даюун маркийн мотоциклийг хурааж улсын төсөвт шилжүүлэх, хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

5. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Б.Уийн  эзэмшлийн улсын дугааргүй улаан хүрэн  өнгөтэй эко даюун маркийн мотоциклыг битүүмжилсэн прокурорын 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 50 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, эд мөрийн баримтаар хураагдсан 640 см урттай мяндсан олс, 345 см урттай үзүүр хэсэгтэй ногтны толгой зангидсан хар өнгийн ремен зэргийг устгасугай.

6. Шүүгдэгчид Б.Ут авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга  хэмжээ авсугай.

7 Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдасугай.

8. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ут  авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Э.ОДХҮҮ