| Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвээндоогийн Өрнөндэлгэр |
| Хэргийн индекс | 151/2017/00061/И |
| Дугаар | 223/МА2017/00014 |
| Огноо | 2017-05-29 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 223/МА2017/00014
Г.Янжмаагийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Ш.Төмөрбаатар, шүүгч Ц.Өрнөндэлгэр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сар 16-ны өдрийн 151/ШШ2017/00264 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч Г.Янжмаагийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч Төв аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газарт холбогдох
“Төв аймгийн Угтаал Ус цаг уурын өртөөний техникчийн ажилд эгүүлэн тогтоолгох ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хүссэн” иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, хэргийг 2017 оны 04 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Өрнөндэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Янжмаа, түүний өмгөөлөгч Б.Сэндэнпүрэв, хариуцагч Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгийн дарга Ц.Тогооч, хариуцагчийн өмгөөлөгч С.Сувдмаа, нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нар оролцов.
Нэхэмжлэгч Г.Янжмаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Төв аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газрын Угтаал цаг уур өртөөнд 2011 оноос 2016.12 сар хүртэл тасралтгүй 7 жил ажилласан. Ажиллах хугацаанд ёс зүйн зөрчил гаргаж байгаагүй, 2016 оны 1 сард сахилгын зөрчил гаргасан гэж цалингийн 20%-иар 3 сар хасах шийдвэр гаргасан. Энэ байдлыг зөвшөөрөхгүй байсан. Өөрөөр арга хэмжээ авагдаж байгаагүй. Гэтэл газрын даргыг залгах үед утсаа авдаггүй, зөвлөлийн хуралд ир гэж мэдэгдэх үед ажлын шаардлагаар очих боломжгүй гэж тайлбар гаргасан гэсэн шалтгаанаар 2016 оны 12 сарын 12 нд ажлаас гэнэт халсан. Урьд нь 2016 оны 12 сарын 01-нд зөвлөлийн хуралд ир гэж мэдэгдэх үед ирсэн боловч Ц.Тогооч дарга Төв аймгийн иргэдийн төлөөлөгчийн хуралд суусан байсан учир зөвлөлийн хурал болоогүй тул би тэр өдөртөө Угтаал сумруу буцсан. 2016 оны 12 сарын 03-ны өдөр дарга дахин утасдаж 2016 оны 12 сарын 05-ны өдөр ир ёс зүйн зөрчил гаргасан, Олон нийтийн тэмцээн уралдаанд оролцдоггүй гэж хурлаар хэлэлцэнэ гэхэд нь хүний нөөц бичиг хэргийн ажилтан М.Болормаад дотоод сүлжээгээр ёс зүйн зөрчил гаргаагүй тул хуралд оролцох боломжгүй гэдгээ мэдэгдэж мөн бичгээр өгсөн. Минйи хувьд ажлын цагийг баримталдаг. Цаг тухай бүрд нь ажлаа хийдэг, тэмцээн уралдаанд оролцож, шагнал урамшуулал авдаг байсан. Ажлын үндсэн үүргийн хувьд цаг уурын мэдээллийг цаг тухай бүрт нь мэдээ гаргадаг. Энэ гэрчээр асуугдаж байгаа хүмүүс бусдын гаргасан зөрчлийг надад холбож ярьж байна. Хамт ажилладаг Д.Даваасүрэнгийн үгээр намайг буруутгаж байдаг юм. Энэ хүн хувийн харьцааны улмаас надад өс санадаг, нөхрийнх нь мотоциклийн ард суусан үеэс хойш зан харьцаа нь ойлгомжгүй болсон. Миний өөрийн зан харьцаа бусадтай тэр бүр дуугараад байдаггүй асуусан зүйлд цөөхөн үгээр хариулдаг . Ёс зүйн зөрчил гаргасан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй, чадахгүй гэж хэлсэн үгийг ёс зүйн зөрчил гэж үзэж халсан нь үндэслэлгүй юм. Газрын даргын хувьд миний нэр хүндийг аймгийн нийт сумуудын цаг уурын ажилчдын дунд доромжилж буруу ойлголт өгсөн.Энэ байдал нь миний сэтгэл санаанд хүндээр туссан. Иймд ёс зүйн зөрчил гаргаагүй учраас, угтаал өртөөний даргын ажилд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Төв аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газрын дарга Ц.Тогооч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Янжмаа тус өртөөнд 2011 оноос ажилласан. Тус өртөөний хамт олныг хооронд нь хагаралдуулсан. 2016 оны 12 сарын 05-ны өдрийн зөвлөлийн хурлаар хэлэлцэж ажлаас чөлөөлсөн. Тус хуралд Г.Янжмааг ир гэж дотоод сүлжээ болон цахим хаягаар мэдэгдсэн боловч ирээгүй. Г.Янжмаа ирж чадахгүй гэж хэлсэн. Г.Янжмаа 2016 оны 12 сарын 02-ны өдөр ирсэн гэж хэлдэг ч ажлын газрын хүмүүст мэдэгдээгүй. Тухайн өдөр ИТХ-тай байсан учраас, зөвлөлийн хурлаа хойшлуулсан. Анх Г.Янжмааг сургууль төгсөөд ирэхэд, суманд нь хуваарилан явуулсан. Газрын даргын хувьд Янжмаагийн гаргаад байгаа зөрчлийн талаар телефон хурал хийж ,зөвлөж ойлгуулж байсан боловч утсаа тасалдаг,миний утсыг авдаггүй, хааяа өөр утсаар ярихад авснаа үг солихгүй тасалчихдаг болсон. Ажлын ээлж хүлээлцэх дэвтэрт зөв буруу юм бичдэг. Утсаар яриад Г.Янжмааг ир гэж хэлэхэд, чадахгүй гэж ууцаарлангүй хэлж байсан. Г.Янжмаа Угтаал өртөөнд ажиллахаас өмнө тус өртөө нь удаа дараа шилдэг газраар шалгарч байсан. Өмнөх н.Цэлмэг даргын үед Г.Янжмаа нь сахилгын зөрчил гаргаж байсан. Угтаал өртөөнд шалгалтаар очиход, Г.Янжмаа нь ээлжээ дур мэдэн солиод явсан байсан. 1 сард 7 хоног, 2 сард 6 хоног, гэх мэтээр ажилдаа ирээгүй байсан. Байгууллагын зүгээс харьцуулсан тоололт хийх ёстой байдаг. Г.Янжмаа нь тоололт хийдэггүй. Ээлж хүлээлцсэн дэвтэрт Г.Янжмаагийн алдааг илрүүлж тэмдэглэхэд, Г.Янжмаа нь өөрөө засч балалдаг. Энэ талаарх баримт хэрэгт авагдсан байгаа. Мөн Угтаалцайдам сумын Угтаал цаг уур өртөөний дарга Д.Даваасүрэнгийн арга хэмжээ авахуулах талаар албан бичиг ирсэн. Ийм зөрчил цаг уурын өртөөнд гарч байсан тохиолдол байхгүй. Г.Янжмаагийн зан ааш нь нийт цаг уурын ажилчдад танигдсан. Хөдөлмөрийн гэрээний үүргийг биелүүлээгүй дотоод журамд заасан зөрчлийг давтан гаргасан учраас ажлаас халагдсан тушаал үндэслэлтэй. Г.Янжмаа нь ажилгүйдлийн тэтгэмж авч байгаа гэдэг нь нотлогдсон. Иймээс Г.Янжмаа нь ажлаас халагдсанаа хүлээн зөвшөөрч байна гэж ойлгож байна гэжээ.
Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасныг баримтлан Баржин овогт Галсантогтохын Янжмааг /РД:НН83081160/ Төв аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газрын Угтаал Ус цаг уурын өртөөний техникчийн ажилд эгүүлэн тогтоож,
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Төв аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газраас ажилгүй байсан хугацааны цалин олговор 1 637 189 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Янжмаад олгож,
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар дээрх хугацааны олговороос зохих журмын дагуу нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Төв аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газарт даалгаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжнаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч байгууллагаас 1 637 189 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 41 145,02 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
Хариуцагч Төв аймгийн УЦУОШГазрын дарга Ц.Тогооч, хариуцагчийн өмгөөлөгч С.Сувдмаа нар давж заалдах гомдолдоо: “...Төв аймаг дах сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 151/ШШ2017/000264 тоот шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч Төв аймгийн УЦУОШГ доорх үндэслэлээр давж заалдаж байна.
Төв аймгийн УЦУОШГ-ын даргын 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/45 тоот тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 12.2.3, хөдөлмөрийн гэрээний 3.2.3, 2016 оны 12 дугаар 05-ны өдрийн зөвлөлийн хурлын протоколыг үндэслэн гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-д “Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэсэн хоёр заалт байгаа.
Ажил олгогч нь ажилтныг ажлаас халахдаа хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзэж 2015-12-30-ны өдрийн А/41 тоот тушаалыг нотлох баримт болгож хавсаргаж өгсөн. Гэтэл энэ тушаалын хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад шүүх түүнд үнэлэлт өгч нэхэмжлэгч талын гомдол гаргах эрхийг эдлүүлээгүй байна гэсэн дүгнэлт хийснийг хүлээн зөвшөөрч цалингаасаа 3 сарын хугацаатай 20%-р хасуулж, төлж дууссан байхад шүүх 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн энэхүү тушаалд одоо дүгнэлт өгөх хууль зүйн үндэслэлгүй.
Төв аймгийн УЦУОШГ-ны 2015-12-09-ний өдрийн хурлын хэлэлцэх асуудлын 3 дугаарт “Угтаал ЦУӨ-ний техникч Янжмаа, Даваасүрэн нарын ТАХ-ны ёс зүй, харилцааны талаар авч хэлэлцсэн байна. Энэ хурлын протоколд албаны дарга Цэлмэг “та 2-ын асуудал хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргасан байна., ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн гэж үзэж арга хэмжээ авах саналтай байна” гэж хэлсэн. Мөн “та 2-т аль алинд нь байгаа, төрийн албаны нэр хүндэд нь нөлөөлж байна гэдэг бол байж болохгүй асуудал, дахин ийм зүйл гаргахгүйг хатуу анхаар” гэж анхааруулж байсан байна.
Г.Янжмаагийн дээрх асуудал нь 2016 онд үргэлжилсэн тул дахин зөвлөлийн хурлаар хэлэлцэх гэж 2 удаа байгууллагын дарга албан тоотоор мэдэгдэл өгсөн боловч өөрийн биеэр хүрэлцэн ирж, оролцоогүй. Утсаар мэдэгдэхэд “Чадахгүй” гэж хэлж утсаа тасласан. ЦУӨ-ний дарга сум орон нутгийн ажилд оролц гэж үүрэг өгөхөд ирэхгүй тасладаг, эсвэл утсаа хаагаад алга болдог. Жишээ нь сумын онцгой комиссоос ЦУӨ-ний даргад үүрэг өгч цас зудын талаар мэдээлэл өгөх байтал Янжмаа нь ирэлгүй тасласан, өртөөний даргаас үүрэг өгөхөд ирдэггүй, хийдэггүй, уурладаг. Утсаа хаагаад оролцдоггүй. Эдгээр асуудлыг ажлын байрны дарамт шахалт гэж үзэж дүгнэх учиргүй.
УЦУОШГ-ын 2016-12-05-ны өдрийн зөвлөлийн хурлын хэлэлцэх асуудлын 3 дугаарт ТАХ-ийн ёс зүйн зөрчлийг давтан гаргасан, ЦУӨ-нөөс Янжмаад арга хэмжээ авч өгнө үү гэсэн тоот /сум орон нутгаас зохион байгуулсан болон өртөөнөөс зохион байгуулж байгаа ажилд оролцдоггүй, хэл амаар доромжилдог, ээлж хүлээлцэх дэвтэр дээр ёс зүйгүй юм бичдэг зэрэг ёс зүйн зөрчлийг удаа дараалан гаргасан” гэж ирүүлсэн зэргийг үндэслэн үзэж Угтаал ЦУӨ-ний техникч Янжмаагийн асуудлыг хэлэлцсэн. Энэ хурал дээр инженер Дашдорж “энэ асуудал яригдаад 2-3 жил болж байна. Угтаалд ажлаар очиход ажил дээрээ байдаггүй, эсвэл дуугардаггүй, 2015 оны хурал дээр хувийн асуудлаа төрийн албатай хутгаж болохгүй гэж хэлж байсан, энэ хүн асуудлаа зогсоож чадахгүй гэдэг нь тодорхой байна. Байнга хэрүүл маргаан, хов жив ярьж байдаг, энэ байдлаа засахгүй 2 жил болж байна, 2015 оны зөвлөлийн хуралд дээр бид нар сайн хэлсэн” гэж хэлсэн. Мөн уг хурал дээр боловсон хүчин Болормаа ярихдаа “2014, 2015 онуудйн хурал дээр сууж байсан, энэ асуудал 2-3 жил яригдаж байна., ямар ч өөрчлөлт гараагүй, яригдсаар л байна, энэ асуудлыг шийдэх нь зүйтэй гэж үзэж байна” гэсэн байгаа. Хурлын шийдвэр: Ёс зүйн зөрчлийг удаа дараалан гаргасан тул Янжмааг ажлаас чөлөөлөх мэдэгдэл өгөх гэж гарсан.
Эдгээр хурлуудын тэмдэглэлийг хариуцагч талаас Янжмаатай холбоотой гол нотлох баримт гэж үзэж бид шүүхэд өгөхөд шүүх “гар бичмэл байна, нотлох баримтын шаардлага хангахгүй бөгөөд ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэлд хамаарахгүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно” гэж заасныг хүлээн зөвшөөрөхгүй, учир нь манай байгууллагын хурлын протокууд А-4 хэмжээний том дэвтэрт гарааг бичигдэж, архивт хадгалагддаг, архиваас авч нотариатаар батлуулж шүүхэд өгсөн байгаа. Жижүүр хүлээлцэх дэвтэр, цаг уурын ажиглалтын дэвтэр, өргөдөл гомдлыг дэвтэр зэргийг нотариатаар батлуулж хуулбарлан өгсөн байхад нотлох баримтын хэмжээнд огт үнэлэхгүй гэжээ. Эдгээр нотлох баримтуудыг нотлох баримтын шаардлага хангаагүй байна гэж үзэж нэхэмжлэгч, хариуцагч аль ч талаас нотлох баримтаас хасуулах хүсэлтийг шүүх хурал дээр гаргаагүй юм.
Мөн Янжмаа нь ажиллаж байх хугацаандаа ээлжийг дураараа сольж орондоо хүн гарган сар бүр 5-15 хоногоор ажилд ирдэггүй, харьцуулсан судалгааг хийхгүй тасалдуулж дэвтэр хүснэгт хөтлөгдөөгүй нь 2016 оны 09 ба 11 дүгээр сарын ажиглалтын дэвтрээс харагдаж байгааг, мөн ээлж хүлээлцэх дэвтэрт алдааг нь ирүүлсэн хүний бичсэн зүйлийг эрээчиж, сараачин, элдэв хэрүүл бичсэн байгаа зэргийг нотлох баримтаар өгсөн.
Гэтэл шүүх үндэслэх хэсэгтээ “Хэрэгт ирүүлсэн дээрх баримтаас үзэхэд нэхэмжлэгчийг хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 ба түүнээс дээш гаргасан гэх боловч зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон эсэх нь хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна”,
“Хэрэв нэхэмжлэгчид дээр дурьдсан арга хэмжээ авсан бол ажилтанд мэдэгдэж энэ тухай /2015-12-09/-ний шийдвэрээ түүнд өгөх, ингэснээр ажилтан өөрт оногдуулсан шийтгэлийг хууль бус гэж үзсэн тохиолдолд шүүхэд гомдол гаргах эрхээ эдлэх нөхцлийг бүрдүүлээгүй бөгөөд энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна” гэсэн, мөн нэхэмжлэгчийг зөвхөн зөвлөлийн хуралд ирээгүй, ирж чадахгүй гэж хэлсэн үйлдэл үйл явдал нь ноцтой шалтгаан гэж үзэх үндэслэлгүй бөгөөд харин ажил олгогчоос ажилтны хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг үл ялиг зүйлээр шалтгаалан хохироож байгаа нь хууль бус үйлдэл болсон байна, мөн Төв аймгийн Угтаалцайдам сумын Угтаал өртөөний даргын болон ажил олгогчийн шахалт шаардлага, зүй бус нөлөөллөөр ажилтныг ажлаас чөлөөлж хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн, хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх үйл баримт нотлогдон тогтоогдохгүй байна” гэж дүгнэсэн дүгнэлтүүд нь хэт нэг талыг барьсан, хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж гомдол гаргаж байна.
Мөн шүүхийн энэхүү шийдвэрт нэхэмжлэгч, хариуцагч, гэрч нарын шүүх хуралдаан дээр хэлэгдээгүй үг хэллэг, яриаг бичсэн /Ажлын ээлж хүлээлцэх дэвтэрт зөв буруу юм бичдэг. Учаарлангуй, Янжмааг анх сургууль төгсөөд ирэхэд нь суманд нь хуваарилуулан явуулсан гэх мэт огт хэлээгүй зүйлийг/, мөн гэрчүүдийн мэдүүлгээс Янжмаад л ач холбогдолтой мэдүүлгүүдийг түүвэрлэн бичсэн болохоос хариуцагч талд ач холбогдолтой Янжмаагийн талаас санал болгож оролцуулсан гэрч Мөнхтуяа болон хэлтсийн дарга Отгонсүрэн нарын мэдүүлгээс шүүхийн шийдвэрт огт тусгаагүй.
Иймд Төв аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 151/ШШ2017/00264 тоот шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх хуульд заасан журмыг бүрэн хэрэгжүүлж, зохигчдын хооронд үүссэн маргаантай харилцаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 40 дүгээр зүйийн 40.1.4 дэх хэсгийн заалтад нийцсэн байна.
Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй ба хэргийн оролцогчдын мэтгэлцэх эрхийг хангаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулжээ.
Нэхэмжлэгч Г.Янжмаа Төв аймгийн “Угтаал” цаг уурын өртөөний техникчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагч байгууллагад даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Төв аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газарт холбогдуулан гаргажээ.
Хариуцагч нь Г.Янжмааг хөдөлмөрийн гэрээний үүргийг биелүүлээгүй, дотоод журамд заасан зөрчлийг давтан гаргасан учраас ажлаас халсан тушаал үндэстэй гэж нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөөгүй маргасан байна.
Ажил олгогч Төв аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/45 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг Төрийн албан хаагчийн ёс зүйг удаа дараалан зөрчиж, хамт ажиллаж буй хүмүүстэйгээ бүдүүлэг харьцаж, хамт олны эв нэгдэлд сөргөөр нөлөөлсөн үйлдлийг удаа дараалан гаргасан, байгууллагын удирдлагын зүгээс өгсөн үүрэг даалгаврыг үл биелүүлж зөвлөлийн хуралд хүрэлцэн ирэхийг 2 удаа мэдэгдэхэд үл хүндэтгэн “чадахгүй” хэмээн бүдүүлэг авир гаргаж хуралд ирээгүй ба улмаар хөдөлмөрийн дотоод журмын 11.2.6-д заасан “Ёс зүйн дүрмээ чанд сахин биелүүлэх, ажил олгогчоос өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь чанартай гүйцэтгэх” гэсэн үүргүүдээ удаа дараалан үл биелүүлж, хөдөлмөрийн дотоод журмын 12.2.3-т заасан “ноцтой” зөрчил болох төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлийг давтан гаргаж сахилгын нэг зөрчлийг 2-оос дээш удаа гаргасан гэж үзэж түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачлагаар цуцалжээ /хх-ийн 19-р тал/. Ажил олгогчийн энэхүү тушаалын талаар нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1.1-д зааснаар гомдол гаргасан байх тул хариуцагч Төв аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газар нь өөрийн гаргасан тушаалын хууль зүйн үндэслэлийг мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүрэгтэй болно. Өөрөөр хэлбэл, ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар ажилтныг сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзсэн бол түүнийг ийнхүү давтан зөрчил гаргасан, уг зөрчил нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасан захиргааны санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлах сахилгын давтан зөрчил болохыг нотлох үүрэгтэй болно.
Сахилгын давтан зөрчил нь тушаалын үндэслэл болж байгаа тул ажил олгогчийн 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/41 тушаалын үндэслэл болгож сахилгын шийтгэл хүлээлгэсэн зөрчил болон ногдуулсан шийтгэлийн талаар анхан шатны шүүх эрх зүйн дүгнэлт өгсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т нийцжээ. Ажил олгогчийн зөрчил гэж үзсэн болгоныг шүүх эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхдээ зөрчил гэж үзэх эсэх, шийтгэл хүлээлгэсэн болгоныг шийтгэл гэж үзэх эсэхийг шүүх хуулийг тайлбарлан хэрэглэх замаар хэргийн нотлох баримтад үндэслэн эрх зүйн хувьд үнэлж дүгнэх учиртай.
Ажил олгогчийн шийдвэр /тушаал/ нь эрх зүйн акт болохын хувьд эрх зүйн хэм хэмжээг хэрэглэсэн буюу нэг бүрчилсэн актын төрөлд хамаардаг.
Уг тушаал нь бүтэц, хэлбэр болон эх сурвалжийг хэрэглэсэн байдал зэргээр эрх зүйн актад тавигдах шаардлагыг хангасан байх ёстой юм. Гэтэл ажил олгогчийн тушаал нь уг шаардлагыг хангаагүй байна. Тушаалд эх сурвалж болгон хэрэглэсэн хөдөлмөрийн дотоод журмын 12.2 дахь заалтад сахилгын ноцтой зөрчил гэж үзэж захиргааны санаачлагаар ажлаас шууд халах тохиолдлуудыг нэрлэн заасан ба 12.2.3-т ... сахилгын нэг зөрчлийг 2-оос дээш удаа гаргасан бол ноцтой зөрчил гэж үзэж ажлаас шууд халахаар тусгажээ. Хөдөлмөрийн дотоод журмын энэхүү заалтын талаар хөдөлмөрийн гэрээний талууд ноцтой зөрчилд тооцохоор гэрээндээ зааж тохиролцоогүй байхаас гадна дээрх заалтын “сахилгын зөрчлийг 2-оос дээш удаа гаргасан бол...” гэсэн нь 2 буюу түүнээс дээш удаа гэсэн утга агуулгыг илэрхийлээгүй байна /хх-ийн 29-р тал/.
Төв аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/45 дугаар тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх зохицуулалтыг эх сурвалж болгон хэрэглэхдээ тухайн хэм хэмжээний гепотезид заасан 2 үндэслэлийн алийг сонгосон нь ойлгомжгүй болжээ.
Ажилтныг ажлаас халсан Б/ 45 дугаар тушаалд ёс зүйн ноцтой зөрчлийг давтан гаргасан болон ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан сахилгын ноцтой зөрчлийн талаарх заалтыг эх сурвалж болгон мөн хэрэглэсэн байна.
Г.Янжмаагийн гаргасан зөрчлийг тушаалд заахдаа “...сахилгын ноцтой зөрчил болох Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлийг давтан гаргасан...” гэж тусгасан нь зөрчилтэй байна. Ажил олгогчтой Г.Янжмаагийн 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3.2.3 дахь заалтыг тушаалд эх сурвалж болгон баримталсан ба уг заалтад сахилгын ноцтой зөрчлүүдийг нэрлэн заажээ /хх-ийн 7-8-р тал/.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч Ц.Тогооч нэхэмжлэлд өгсөн хариу тайлбар болон шүүх хуралдаанд Г.Янжмаагийн гаргасан гэх зөрчлүүдийн талаар тайлбарлахдаа ...тус өртөөний хамт олныг хагаралдуулсан... 2016 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн зөвлөлийн хуралд ир гэж дотоод сүлжээ болон цахим хаягаар мэдэгдсэн боловч ирээгүй. Г.Янжмаа ирж чадахгүй гэж хэлсэн. ...утсаа тасалдаг, миний утсыг авдаггүй...Ажлын ээлж хүлээлцэх дэвтэрт зөв буруу юм бичдэг... ээлж хүлээлцэх дэвтэрт Г.Янжмаагийн алдааг илрүүлж тэмдэглэхэд өөрөө засч балладаг...ээлжээ дур мэдэн сольдог... байгууллагын зүгээс харьцуулсан тоололт хийх ёстой ба Г.Янжмаа тоололт хийдэггүй... зэрэг зөрчлүүдийг гаргасан гэжээ.
Хариуцагчийн дээрх тайлбарт дурдсан зөрчлүүд нь хөдөлмөрийн гэрээний 3.2.3-т заасан “...эрхэлж байгаа ажил үүрэгтэй нь холбогдуулж шууд удирдах албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаврыг санаатайгаар биелүүлээгүй, эсэргүүцсэн, эсвэл гүйцэтгэхээс татгалзсан бол”, “...хамт олны эв нэгдлийг үймээн бутаргах зохион байгуулалттай арга хэмжээ зохион байгуулсан...” гэх ноцтой зөрчил гэж үзэх боломжгүй бөгөөд хариуцагчаас шүүхэд нэхэмжлэлийг татгалзсан тайлбараа нотлохоор гаргаж өгсөн 2015 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн зөвлөлийн хурлын тэмдэглэл, 2016 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн зөвлөлийн хурлын тэмдэглэл, өргөдөл гомдол бүртгэх дэвтэр, ээлж хүлээлцэх дэвтэр, цаг уурын ажиглалтын бүртгэл зэрэг бичгийн нотлох баримтууд нь маргааны үйл баримт болон нэхэмжлэгч нь төрийн албан хаагчийн ёс зүйн ноцтой зөрчлийг давтан гаргасан гэх үйл баримтыг нотлоогүй байна. Тэдгээр нотлох баримтыг шүүх тухайн хэрэгт хамааралгүй талаар үнэлсэн байх боловч шийдвэрт ...тушаалын үндэслэлд хамаарахгүй учир нотлох баримтаар үнэлээгүй болно... гэж утга найруулгын алдаатай тусгажээ.
Ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачлагаар цуцалж, хөдөлмөрийн гэрээний харилцааг дуусгавар болгосон ажил олгогчийн тушаалын хууль зүйн үндэслэлийн талаар шүүх үнэлэлт дүгнэлт өгөхдөө хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээнд заасан сахилгын ноцтой зөрчил болон давтан зөрчлийн аль алинд нь хэргийн нотлох баримтад тулгуурлан үнэлэлт өгсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсгийн заалтад харшлаагүй байна.
Нэхэмжлэгчийг ажлаас халсан тушаалын бодит үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тухай анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй.
Анхан шатны шүүх ажилтны ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлсийг тооцохдоо нэг сарын ажлын өдрийг 21.5 өдрөөр тооцох байхад 22 өдрөөр бодсон нь буруу ба ийнхүү тооцоход шүүхийн шийдвэрлэснээс илүү гарахаар байгаа боловч анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүх хөндөх шаардлагагүй гэж үзлээ.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч байгууллага, өмгөөлөгч нарын давж заалдсан ...шүүх хариуцагчаас гаргаж өгсөн нотлох баримтуудыг үнэлээгүй, хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан гэх үйл баримт нотлогдон тогтоогдоогүй гэсэн нь хэт нэг талыг барьсан хууль зүйн үндэслэлгүй... шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэх гомдлын үндэслэлийг хууль зүйн хувьд хүлээн авах боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41.145 төгрөгийг улсын улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.БОЛОРМАА
ШҮҮГЧИД Ш.ТӨМӨРБААТАР
Ц.ӨРНӨНДЭЛГЭР