Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 171

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Төмөрбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны гуравдугаар танхимд нээлттэй хийж, “У Т” ХХК-ийн гомдолтой, “Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч О.Б, Ц.Ц, Ч.Э нарын 2017 оны 12 дугаар сарын 20-ний өдрийн 23220******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн хяналт, шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч О.Б, Ц.Ц, Ч.Э нарт холбогдох зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “У Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О, Г.А, татварын улсын байцаагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч төлөөлөгч Б.Б, Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч “У Т” ХХК шүүхэд гаргасан гомдолдоо: “Монгол Улсын хуулийн этгээд болох “У Т” ХХК нь Богдхан уулын дархан цаазат газрын Б*******ы ам нэртэй газарт Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын *******8 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 283 дугаар тушаал, Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт ашиглах *******8 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 797 тоот дугаартай гэрчилгээний үндсэн дээр аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа болно.

Манай компани нь *******9 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 797 дугаартай Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ”-г Хан-Уул дүүргийн Засаг дарга болон Богдхан уулын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаатай 5 жилийн хугацаатай байгуулсан. Гэрээний хугацааг 2014 онд сунгуулах талаар хүсэлтээ гаргахад Хан-Уул дүүргийн Засаг дарга газар ашиглах тухай гэрээг баталгаажуулаагүйн улмаас 2014-2016 он хүртэл гэрээ байгуулагдаагүй байсан. Үүний дараа Байгаль орчны сайдын *******8 оны 283 дугаар тушаал болон газар ашиглах 797 дугаар гэрчилгээний дагуу 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай 180 дугаар бүхий 9.3 га талбайг ашиглах гэрээг нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг дарга болон Богдхан уулын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаатай байгуулж, уг гэрээнд 9.3 га талбайг ашигласны төлбөр нэг жилд 122,760,000 төгрөг болохыг тогтоож өгсөн.

Тус компани нь орчин үеийн эрүүл ахуйн болон аялал жуулчлалын шаардлагыг бүрэн хангасан жуулчны бааз, аюулгүй цана, чарга бүхий өвлийн амралт зугаалгын төвийг ашиглалтад оруулан *******4 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж ирсэн. Сүүлийн жилүүдэд иргэн, хуулийн этгээдүүдтэй газрын давхцал болон өөр бусад байдлаар маргаан үүссэний улмаас газраа зориулалтын дагуу ашиглах боломжгүй, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсоор ирсэн. Энэ хугацаанд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Газрын тухай хууль, Газрын төлбөрийн тухай хууль болон бусад хууль тогтоомж, Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээний дагуу газрын төлбөрөө бүрэн төлсөөр ирсэн.

Гэтэл Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч О.Б, Ц.Ц, Ч.Э нар нь 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 230000******* дугаар дүгнэлт гаргаж, манай компанийг их хэмжээний газрын төлбөрийг дутуу ногдуулж, төлбөр төлөхөөс зайлсхийсэн байж болзошгүй тул нийт 1,226,158,500.00 төгрөгийн зөрчилд эрүүгийн хэрэг бүрдэлт хийлгэхээр хэрэг бүртгэх болон хууль хяналтын байгууллагаар шалгуулахаар шийдвэрлэсэн. Манай компани нь энэхүү дүгнэлтийг эс зөвшөөрч Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр гомдол гаргасан. Гомдлыг 2017 оны 12 дугаар сарын 06-ний өдрийн хурлаар шийдвэрлэсэн гэх боловч өнөөдрийг хүртэл шийдвэр нь бичгээр гараагүй. Ийнхүү татварын улсын байцаагчийн дүгнэлтийн талаар гаргасан гомдлыг хянан шийдвэрлэж дуусаагүй байтал хариуцагч нар 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Хялбаршуулсан журмаар зөрчил хянан шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл үйлдэж, 2017 оны 12 дугаар сарын 20-ний өдөр 23220******* дугаартай шийтгэлийн хуудсаар “У Т " ХХК-ийн захирал Р.Б шийтгэл ногдуулсан.

Шийтгэлийн хуудасны ОЛСОН нь хэсэгт "...Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.3, 7 дугаар зүйлийн 7.6, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 5/39 тоот тогтоол, Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 07 дугаар сарын 09-ний 03 тоот тогтоол, *******9 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 797 тоот улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гурвалсан гэрээ, 2013 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн *******8/797 тоот улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гурвалсан гэрээ, 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 2016/180 тоот улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гурвалсан гэрээнд заасан заалтуудыг зөрчсөн нь ... тухайн байгууллагын санхүү, татварын тайлан, анхан шатны баримт, Хан-Уул дүүргийн газрын албанаас ирүүлсэн газрын төлбөрийн ногдол болон төлбөр төлсөн анхан шатны баримт, банкны харилцах дансны хуулга зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна" гэжээ. Улмаар шийтгэлийн хуудасны ШИЙДВЭРЛЭХ нь хэсгийн 1-д “... 2012 онд 211,*******,000.00 төгрөг, 2013 онд 5 211,*******,000.00 төгрөг, 2014 онд 230,000,000.00 төгрөг, 2015 онд 294,644,500.00 төгрөг, 2016 онд 279,114,000.00 төгрөг нийт 1,226,158,500.00 төгрөгийн газрын төлбөрийг дутуу төлсөн зөрчилд ногдуулсан 5,1,226,158,500.00 төгрөгийн нөхөн төлүүлэх газрын төлбөрийн 30 хувьтай тэнцэх 367,847,550.00 төгрөгийн торгох шийтгэл ногдуулсугай.” гэж заажээ. Хариуцагч нарын үйлдсэн 23220******* дугаартай шийтгэлийн хуудас нь хууль тогтоомж хийгээд бодит байдалд нийцээгүй бөгөөд дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Нэг. Хариуцагч нарын үндэслэл болгосон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 5/39 дугаартай Газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөр ногдуулах хэмжээг шинэчлэн түр тогтоох тухай” тогтоолын үйлчлэлийг шүүхийн хүчин төгөлдөр магадлалаар 2012 онд түдгэлзүүлсэн. Өөрөөр хэлбэл “Н“ ХХК “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 5/39 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх...” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2012 онд Захиргааны хэргийн шүүхэд гарган хянан шийдвэрлүүлж байжээ. Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 03- ний өдрийн 272 дугаар шийдвэрээр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 5/39 дугаартай “Газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөр ногдуулах хэмжээг шинэчлэн түр тогтоох тухай” тогтоолыг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрсөн. Улмаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 12-ний өдрийн 269 дүгээр магадлалаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 5/39 дугаартай “Газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөр ногдуулах хэмжээг шинэчлэн түр тогтоох тухай” тогтоолыг нөхцөл байдлыг тодруулж дахин шинэ акт гаргах хүртэл түдгэлзүүлсэн. Магадлал хүчин төгөлдөр байгаа бөгөөд магадлал гарснаас хойш Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тухайн асуудлаар дахин шинэ акт гараагүй байдаг. Үүний учир хариуцагч нар үйлчлэлийг нь түдгэлзүүлсэн захиргааны актыг зөрчсөн хэмээн нэхэмжлэгчийг буруутган шийтгэл ногдуулж байгаа нь үндэслэлгүй юм.

 

Хоёр. Хариуцагч нар Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 07 дугаар сарын 09-ний 03 тоот тогтоолд заасан хувь хэмжээгээр газрын төлбөрийг нэмэгдүүлэн төлөх ёстой гэж үзсэн нь үндэслэлгүй. Учир нь энэхүү тогтоол гарахаас өмнө “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ”-г манай компани Хан-Уул дүүргийн Засаг дарга болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай байгуулсан байдаг. Тогтоол гарсны дараа “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ”-нд заасан газрын төлбөрийн хэмжээнд нэмэлт өөрчлөлт оруулаагүй тул манай компани “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ”-нд заасан хувь хэмжээгээр газрын төлбөр төлж байгаа нь газрын төлбөрөөс зайлсхийсэн гэж үзэх үндэслэлгүй юм. Учир нь талуудын харилцан тохиролцож үйлдсэн, эрх бүхий албан тушаалтнууд баталгаажуулсан гэрээнд газар ашиглагчийн ашиглаж буй газрын төлбөрийн хэмжээг тухайлан дурдаж баталгаажуулсан байдаг. Тухайлбал *******9 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 797 дугаартай “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ”-ний 6 дугаар зүйлд “Газрын төлбөрийн хэмжээ а/нэгжийн төлбөр 88 төгрөг, б/бүгд 26400,0 мянган төгрөг” гэж заажээ. Төрийн захиргааны эрх бүхий байгууллага нь байгуулсан гэрээндээ өөрчлөлт оруулаагүй байхад газар ашиглагч гэрээнд заасны дагуу газрын төлбөрийг төлж байсныг буруутгах хууль зүйн үндэслэл байхгүй.

 

Түүнчлэн Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 424 дүгээр шийдвэрийн “ҮНДЭСЛЭХ нь” хэсэгт “...төрийн захиргааны эрх бүхий байгууллага нь байгуулсан гэрээндээ өөрчлөлт оруулаагүй байхад нэхэмжлэгч нь уг гэрээнд заасны дагуу газрын төлбөр төлж байсныг буруутгах үндэслэлгүй юм” гэж дүгнэсэн байдаг.

Гурав. “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ”-нд заасны дагуу газрын төлбөрөө цаг тухайд нь бүрэн төлж байсныг Хан-Уул дүүргийн Өмч, газрын харилцааны албатай байгуулсан байсан “Газар эзэмших, ашиглаж гэрээ дүгнэж, газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт”-ууд батална. Тухайлбал:

1. 2013 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 7 тоот актаар 797 тоот гэрээний 2012, 2013 оны газрын төлбөрийн тооцоог дүгнэхдээ 33,000,000 төгрөг төлөхөөс 33,000,000 төгрөг төлсөн буюу үлдэгдэл 0 төгрөг,

2. 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 158 тоот актаар 797 тоот гэрээний 2013 оны газрын төлбөрийн тооцоог нийлэхдээ жилийн төлбөрт 26’400’000 төгрөг төлөхөөс 26’400’000 төгрөг төлж үлдэгдлийг 0 төгрөгөөр тооцсон байна.

3. Мөн 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан 820150016 тоот “Газар эзэмших, ашиглах гэрээг дүгнэж, газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт”-нд 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн төлөгдөөгүй үлдэгдэл 6,600,000 төгрөг” гэж дүгнэсэн байдаг.

Газрын төлбөрийг хураах эрх бүхий байгууллага болох Хан-Уул дүүргийн Өмч, газрын харилцааны алба нь хүчин төгөлдөр гэрээг үндэслэн газрын төлбөрийг тооцож, тооцоо нийлж байсан нь шударга ёс хийгээд хууль ёсонд нийцэж байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 2-т заасны дагуу Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч О.Б, Ц.Ц, Ч.Э нарын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 23220******* дугаартай шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Иймд Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч О.Б, Ц.Ц, Ч.Э нарын 2017 оны 12 дугаар сарын 20-ний өдрийн 23220******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

Гомдол гаргагч “У Т” ХХК шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа: 

1.“ У Т” ХХК-аас Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Хан-Уул дүүргийн Засаг даргатай байгуулсан *******9 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ”-ний 1, 2, 4 дүгээр нүүрт тэмдэглэсэн огноог Байгаль орчин, аялал жуулчлалын яамны мэргэжилтэн А.Д******* *******9 оны 12 дугаар сарын 04-ний өдөр буруу бичигдсэн огноог зөвтгөн зассан бөгөөд ийнхүү зассан тухай уг гэрээний 1 дүгээр хуудасны арын нүүрэнд тэмдэглэж, яамны тамга тэмдгийг дарсан байдаг. Өөрөөр хэлбэл газар ашиглагч “У Т” ХХК бус төрийн захиргааны төв байгууллагын эрх бүхий албан тушаалтан засвар оруулсан. Гэрээний хугацаанд засвар оруулснаас газрын төлбөрийн хэмжээнд ямар нэгэн өөрчлөлт оруулаагүй.

2013 онд “У Т” ХХК-ийн газар ашиглах гэрчилгээний хугацаа сунгагдсан тул “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ”-г шинэчлэн байгуулахаар болсон. Гэрээний төсөлд газар ашиглагч “У Т” ХХК болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга нар гарын үсгээ зурж, тамга тэмдгээ даран баталгаажуулж гэрээний нэг тал болох нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг даргад хүргүүлсэн. Гэвч Хан-Уул дүүргийн Засаг дарга гарын үсгээ зураагүй бөгөөд үүнээс үүдэн уг гэрээ Байгаль орчин ногоон хөгжлийн яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраар батлагдаагүй. Энэхүү гэрээний төсөлд ямар нэгэн засвар ороогүй болно.

Үүний учир дээр дурдсан гэрээ болон гэрээний төсөлд “У Т” ХХК татварын хууль тогтоомжийг зөрчиж, их хэмжээний татвар ногдох орлогоо нуусан буюу бусад хэлбэрээр татвар төлөхөөс зайлсхийсэн үйлдэл хийхийн тулд засвар оруулаагүй болно.

2. Холбогдогч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа "... энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.3 ...-д заасны дагуу тухайн “Н’’ ХХК-ийн хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлэх хүртэл түдгэлзүүлсэн хэмээн ойлгогдож байх тул улсын байцаагч шийтгэлийн хуудасны шийдвэрлэх хэсэгт дурдсан нь үндэслэлгүй гэж үзэх боломжгүй юм. ” гэжээ.

Холбогдогч болон тэдгээрийн төлөөлөгч нар нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 12-ний өдрийн 269 дүгээр магадлалыг огт мэдэхгүй болох нь хариу тайлбараар тодорхойлогдож байна. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 5/39 дугаартай “Газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөр ногдуулах хэмжээг шинэчлэн түр тогтоох тухай” тогтоолын үйлчлэлийг шүүхийн хүчин төгөлдөр магадлалаар түдгэлзүүлсэн. Магадлал гэдгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д заасны дагуу захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс захиргааны хэргийг хянан шийдвэрлэж гаргасан шийдвэр гэж тодорхойлсон байдаг.

Түүнчлэн Монгол Улсын Дээд шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 527 дугаар тогтоолоор Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн “Газрын төлбөрийн итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, итгэлцүүрийн тоон утгыг тогтоох тухай” 03 дугаар тогтоолын үйлчлэлийг 6 сарын хугацаатай түдгэлзүүлсэн байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал болон Монгол Улсын Дээд Шүүхийн тогтоолууд нь гарсан өдрөөсөө хүчин төгөлдөр үйлчилдэг бөгөөд эдгээр магадлал, тогтоолыг хүчингүй болгосон тухай баримт байхгүй.

3. Холбогдогч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай 2013 оны гэрээг шинэчлэн байгуулахдаа ... төгрөг төлөхөөр тодорхой заасан боловч төлбөрийг дутаа төлсөн зөрчил илэрсэн” гэжээ.

Энэхүү тайлбар 1 дүгээр хэсэгт дурдсаны дагуу 2013 оны шинэчлэн байгуулах “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ”-нд Хан-Уул дүүргийн Засаг дарга гарын үсэг зураагүй. Үүний учир уг гэрээний төсөлд Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга гарын үсэг зурж батлаагүй.” гэжээ.

Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч О.Б, Ц.Ц, Ч.Э нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

“Хан-Уул дүүргийн татварын хэлтэстэй харилцагч 2707152 тоот регистрийн дугаартай “У Т” ХХК-ийн 2012.01.01-2016.12.31-ний өдрийг дуустал албан татвар ногдуулалт төлөлтийн байдалд Татварын хяналт шалгалт хийгдсэн. Байгаль орчны яам улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 797 тоот гэрчилгээгээр “У Т " ХХК-д 30 га талбайг аялал жуулчлалын чиглэлээр ашиглуулахаар зөвшөөрчээ. Ийн шалгалт хийгдэж байх явцад Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай *******9 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 797 тоот гэрээ, 2013 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн *******8/797 тоот гэрээ тус бүр засвартай газар ашиглах хугацаа заасан заалтууд мөн засвартай зэрэг нөхцөл байдал илэрсэн тул гэрээгээр халхлан Татварын хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн, эсхүл их хэмжээний татвар ногдох орлогоо нуусан буюу бусад хэлбэрээр татвар төлөхөөс зайлсхийсэн байж болзошгүй зөрчилд нь эрүүгийн хэрэг бүртгэл хийлгэхээр дүгнэлт үйлдэн прокурорын байгууллагад хүргүүлсэн боловч газрын төлбөрийн маргаан байх тул хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Нэхэмжлэлд ... хариуцагч нарын үндэслэл болгосон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 5/39 тоот “Газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөр ногдуулах хэмжээг шинэчлэн түр тогтоох тухай" тогтоолын үйлчлэлийг түр түдгэлзүүлээд байхад шийтгэл оногдуулаад байгаа нь үндэслэлгүй юм гэжээ.

“Н” ХХК дээрх тогтоолын үйлчлэлийн хүрээнд нэхэмжлэл гарган Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн тогтоол гарч түдгэлзүүлсэн хэдий ч энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.3-д “3ахиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамж нь тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хүчин төгөлдөр байна” гэж заасны дагуу тухайн “Н” ХХК-ийн хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлэх хүртэл түдгэлзүүлсэн хэмээн ойлгогдож байх тул улсын байцаагч шийтгэлийн хуудасны шийдвэрлэх хэсэгт дурдсан нь үндэслэлгүй гэж үзэх боломжгүй юм.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Улсын тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээнд заасны дагуу газрын төлбөрөө цаг тухайд нь төлж байсан гэжээ.

Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай 2013 оны гэрээг шинэчлэн байгуулахдаа гэрээний талбайн хэмжээг З0 га а/нэгжийн төлбөр 792 төгрөг, б/бүгд үнэ 1 жилд 237 600 000 /хоёр зуун гучин долоон сая зургаан зуун мянга/ төгрөг төлөхөөр тодорхой заасан боловч төлбөрийг дутуу төлсөн зөрчил илэрсэн. Мөн Хан-Уул дүүргийн Газрын албаны Газрын төлбөрийн тухай тооцоололд тодорхой дурдсан байна.

Газрын төлбөрийг Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д “Эзэмшиж, ашиглаж байгаа хот, тосгон, бусад суурины газрын суурь үнэлгээнд тогтоосон газрын төлбөрийг инженерийн хангамж, ашиглалтын зориулалт, байршил, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон ногоон бүсийг хамгаалах шаардлагыг харгалзан тооцсон итгэлцүүрээр энэ хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-т заасан хязгаарт багтаан өсгөж, бууруулж болно. Итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно”, мөн хуулийн 7 дугаар 7.6-д “Тусгай хамгаалалттай газар нутагт зохих хууль тогтоомж, гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газрын төлбөрийг уг газар нь хөдөө аж ахуйн газрын үнэлгээний тойрог, хот тосгон, бусад суурины газрын үнэлгээний зэрэглэлийн алинд хамаарч байгааг харгалзан гурав дахин өсгөж тооцно” гэж заасны дагуу төлбөрийг тооцож хариуцлага ногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

 “У Т” ХХК нь Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч нарт холбогдуулан 2017 оны 12 дугаар сарын 20-ний өдрийн 23220******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдлыг шүүхэд гаргасан.

Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч О.Б, Ч.Э, Ц.Ц нар 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 23220******* дүгээр шийтгэлийн хуудсаар “У Т” ХХК-ийг 2012 онд 211,*******,000.00 төгрөг, 2013 онд 211,*******,000.00 төгрөг, 2014 онд 230,000,000.00 төгрөг, 2015 онд 294,644,500.00 төгрөг нийт 1,226,158,500.00 төгрөгийн газрын төлбөрийг дутуу төлсөн зөрчилд 1,226,158,500.00 төгрөгийн нөхөн төлбөр, нөхөн төлбөрийн үнийн дүнгийн 30 хувьтай тэнцэх 367,847,550.00 төгрөгийн торгууль ногдуулжээ.

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон хэргийн оролцогч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчид, прокурор нарын шүүхэд бичгээр болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, тэдгээрийн хууль зүйн үндэслэлийг хянан хэлэлцээд гомдлын шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэг. Гомдол гаргагчийн “Маргаан бүхий актыг гаргахдаа үндэслэл болгосон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 5/39 дүгээр тогтоол болон Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 03 дугаар тогтоолыг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр шинэ акт гартал түдгэлзүүлсэн” гэх мэтгэлцээний талаар.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 269 дүгээр магадлалаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 5/39 дүгээр “Газрын үнэлгээний   бүсчлэл газрын төлбөр ногдуулах хэмжээг шинэчлэн түр тогтоох тухай”  тогтоолыг нөхцөл байдлыг тодруулж дахин шинэ акт гаргах хүртэл түдгэлзүүлж шийдвэрлэсэн байна.

Түүнчлэн Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 527 дугаар тогтоолоор       Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 03 дугаар “Газрын төлбөрийн итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг тогтоох тухай” тогтоолыг дахин шинэ акт гартал 6 сарын хугацаатайгаар мөн түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлд “Газрын тухай хуульд  заасан нөхцөл, журмын дагуу гэрээ байгуулан газрыг эзэмшиж, ашиглаж байгаа Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж ... газрын төлбөрийн төлөгч байна”, 6 дугаар зүйлийн 3-д “Эзэмшиж, ашиглаж байгаа хот, тосгон, бусад суурины газрын суурь үнэлгээнд тогтоосон газрын төлбөрийг инженерийн хангамж, ашиглалтын зориулалт, байршил, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон ногоон бүсийг хамгаалах шаардлагыг харгалзан тооцсон итгэлцүүрээр энэ хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн З-т заасан хязгаарт багтаан өсгөж, бууруулж болно. Итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно”, 7 дугаар зүйлийн 3-т “Тусгай хамгаалалттай газар нутагт зохих хууль тогтоомж, гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газрын төлбөрийг уг газар нь хөдөө аж ахуйн газрын үнэлгээний тойрог, хот тосгон, бусад суурины газрын үнэлгээний зэрэглэлийн алинд хамаарч байгааг харгалзан гурав дахин өсгөж тооцно”  гэж заасны дагуу иргэн, аж ахуйн нэгж нь дархан цаазат болон байгалийн цогцолборт газарт зохих журмын дагуу газар ашиглах явцад байгаль орчинд үзүүлж байгаа буюу үзүүлж болзошгүй сөрөг нөлөөлөлтэй нь холбогдуулан газрын төлбөрийг харьцангуй  өндөр тогтоохоор хуульчилсан байна.

Хэдийгээр нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлж нийслэлийн газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөр ногдуулах хэмжээг шинэчлэн батлаагүй байгаа нь газрын төлбөрийг өмнө нь тогтоосон хэмжээнээс бага хэмжээгээр тогтоох, тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгжид бага хэмжээний газрын төлбөр ногдуулах эрх үүсгэх ёсгүй тул гомдол гаргагчийн дээрх мэтгэлцээнийг шүүх хүлээн авах боломжгүй болно.

Мөн шүүхээс нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 5/39, Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 03 дугаар тогтоолуудыг хүчингүй болгоогүй бөгөөд зөвхөн нөхцөл байдлыг тодруулж дахин шинэ акт гарах хүртэл түдгэлзүүлж шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Хоёр. Гомдол гаргагчийн “хүчин төгөлдөр болоогүй газар ашиглах гэрээгээр төлбөр тооцсон нь үндэслэлгүй” гэх мэтгэлцээний талаар.

Гомдол гаргагч “У Т” ХХК нь анх *******9 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 797 дугаар “Улсын тусгай хамгаалалтын газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ”-г 2014 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүртэл байгуулжээ. Уг гэрээгээр “У Т” ХХК нь нийт 30 га газрын төлбөрт нэг жилд 26,400,000 төгрөг төлж байсан байна.

Харин 2013 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр шинэчлэгдсэн “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ”-г газрын төлбөрийг 237,600,000 төгрөг байхаар “У Т” ХХК нь баталгаажуулсан хэдий боловч уг гэрээг Хан-Уул дүүргийн Засаг дарга болон төрийн захиргааны төв байгууллага баталгаажуулаагүй нөхцөл байдал нь “У Т” ХХК-иас шалтгаалсан байна. 

Тодруулбал, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 01/591 дүгээр албан бичгээр “У Т” ХХК нь дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/17 дугаар тогтоолоор батлагдсан Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрээ байгуулах асуудлаар тухайн хорооны иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцүүлж, дүүргийн Засаг даргад уламжилж байхаар зохицуулагдаж байсан бөгөөд 11 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлаар асуудлыг хэлэлцүүлээгүй үндэслэлээр гэрээг баталгаажуулаагүй болох нь тогтоогдож байна. 

Түүнчлэн, гомдол гаргагч нь 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 2016/180 дугаар “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ”-г Хан-Уул дүүргийн Засаг дарга, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай байгуулж Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга баталсаны дагуу  “У Т” ХХК нь өөрийн ашиглаж буй 9,3 га газрын нэг жилийн төлбөрт 122,760,000 төгрөг төлөхөөр болсон байна. Өөрөөр хэлбэл гомдол гаргагч нь нутгийн өөрөө удирдах болон төрийн захиргааны байгууллагаас тогтоосон хэмжээнд газрын төлбөрийг хүлээн зөвшөөрчээ. 

Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Монгол Улсын татвар нь албан татвар, хураамж, төлбөр /цаашид “татвар” гэх/-өөс бүрдэнэ” 7 дугаар зүйлийн 7.4-т “Улсын Их Хурал, Засгийн газар, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хувь хэмжээг нь тогтоож орон нутгийн төсөвт төвлөрүүлэх, эсхүл тухайн нутаг дэвсгэрт үйлчлэх дараахь татвар орон нутгийн татварт хамаарна”, 7.4.11-д “газрын төлбөр” гэж заасны дагуу газар эзэмшиж, ашиглаж буй иргэн, аж ахуйн нэгж эрх бүхий байгууллагаас тогтоосон хэмжээний хүрээнд газрын төлбөрийг төсөвт төлөх үүргийг хүлээдэг. Гэтэл “У Т” ХХК нь Богдхан уулын дархан цаазат уул буюу улсын тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглахдаа төрөөс тогтоосон хувь хэмжээнд нийцүүлэн газрын төлбөр төлөөгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймээс Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6-д “Дараахь эрх бүхий албан тушаалтан доор дурдсан харьяалалын дагуу зөрчлийг шалган шийдвэрлэнэ”, 6.12-т “татварын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн ... 11.19 ...зүйлд заасан зөрчил;” Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1-д “Татвар төлөгч хүн, хуулийн этгээд татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор” гэж заасны дагуу Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч О.Б, Ц.Ц, Ч.Э нар 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 23220******* дүгээр шийтгэлийн хуудсаар “У Т” ХХК-д 1,226,158,500.00 төгрөгийн нөхөн төлбөр, 367,847,550.00 төгрөгийн торгууль тус тус ногдуулсан нь зохицуулалт бүхий хуулийн заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж шүүх үзлээ.

Дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэхэд гомдол гаргагч “У Т” ХХК нь Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага зохих хууль тогтоомж, гэрээний дагуу газрын төлбөр төлнө”, Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д “татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх” гэж заасан татвар төлөгчийн хүлээсэн үүргийг зөрчсөн тул гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн  106.1, 106.3.14 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6, 6.12, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1,  Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 3, 7 дугаар зүйлийн 3, Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 7 дугаар зүйлийн 7.4, 7.4.11, 18 дугаар зүйлийн 18.1.1,  “У Т ХХК-ийн “Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч О.Б, Ц.Ц, Ч.Э нарын 2017 оны 12 дугаар сарын 20-ний өдрийн 23220******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70******* төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс тав хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

           

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.ТӨМӨРБАТ