Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 2021/ШЦТ/52

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 02 сарын  24 өдөр                              2021/ШЦТ/52                       Хэрлэн сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2021/0032

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанд:

Улсын яллагч                                                Д.Чулуунпүрэв

Шүүгдэгч                                                       Х.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Хонгорзулаас  хөтлүүлж,

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Мөнхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар   зүйлийн 1 дэх   хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Б-д холбогдох 2039005400015  дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр  хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Х.Бнь 2020 оны 11 дүгээр  сарын 08-ны өдөр  Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 1 дүгээр багийн нутаг  Бэрх уулын  ард хөдөө  хэсэгт иргэн Х.О-тоймарган улмаар түүний  биед халдан зодож иргэн  Х.О-гийн эрүүл мэндэд тархи  доргилт,  уруулын доод  хэсэгт  зулгаралт бүхий  хөнгөн   хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 Мөрдөн байцаалтын үед:

Хохирогч Х.О-гийнөгсөн:...Миний бие Хэнтий аймгийн  Баян-Овоо  сумын 1 дүгээр баг Бэрхийн уулын  хойно нөхөр  хүүхдийн  хамт  оршин суудаг. Би 2020 оны 07 дугаар сарын 05-ны өдөр  Сэлэнгэ аймаг  явахаасаа  өмнө  Батгэрэлд 1 сая  төгрөг  зээлсэн.  Тэгээд надад  мөнгөнийхөө  оронд тугалтай үнээ  өгөхөөр  болсон. Манай  нөхөр  Болор-Эрдэнэ 2020 оны 11 дүгээр  сарын 08-ны  өдөр саахалт айлын  Батгэрэлийн  гэр лүү  үхрээ авахаар  гэрээс  гарсан. Удалгүй гэртээ  орж  ирээд Батгэрэл ах үхэр  өгөхгүй гэж  байна гэхээр  нь би  яахаараа  өгдөггүй юм бэ  очиж  үхрээ авъя  гэж хэлсэн. Би  гэрээсээ  нөхрийнхөө  цэнхэр өнгийн  портер-2 автомашинд  суугаад  нөхөртэйгээ хамт  хөдөлсөн. Гэрт  нь очоод  Батгэрэл ахаа  үхрээ авъя гэхэд  надад  би  айлаас  үхэр  авах  юмаа  тэрийгээ  авахаараа  өгье гэхээр нь  би одоо ойрхон  байгаа  дээрээ  авъя гээд үхрийнх нь хашааны  хаалган  дээр  зогсож  байхад Б эгч  ирээд  юу  яриад байгаа  юм бэ  наадах  чинь  манай  хүүхдүүдийн  өмч  гээд намайг  хажуу  тийшээ  гараараа түлхээд  үхрийн  хашааны  хаалгыг онгойлгохоор нь би  юу яриад байгаа  юм бэ гээд Б эгчийг  түлхээд  хаалгыг  нь  хааж  зогссон. Тэгсэн Б эгч миний  хажууд ирээд чи намайг барж идэхгүй шүү гээд  үснээс минь  зулгаасан би ч газар унасан. Тэгээд  намайг босох гэтэл нуруун дээр минь  тохойдсон. Тэгтэл манай  нөхөр  Болор-Эрдэнэ, Батгэрэл ах хоёр гэрийнхээ  цаанаас  гүйж ирээд  салгасан...Надад  гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 23 хуу/

Гэрч Б.Болор-Эрдэний өгсөн:... 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр  Батгэрэл ахынд очиж  үхрээ  авах  гэж  гарах  үед  бие нь  учирсан шарх, зовиургүй байсан.  Тухайн  өдөр  Бэгч  нуруу руу тохойдсон гэж  надад  хэлсэн, яг  болсон явдлыг  би  хараагүй. Тэднийх руу  буюу Батгэрэл ахынд  очиж  Б эгчтэй муудалцаад ирэхэд уруул нь язарчихсан толгой,  нуруу  өвдөөд  байна  гэж  хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 26 хуу/

Гэрч И.Батгэрэлийн өгсөн:.. Манайх 2020 оны 11 дүгээр сард Хэнтий аймгийн Баян-Овоо сумын  1 дүгээр багийн Бэрх  уулын ард  хэсгээр  нутагладаг байсан. Манайхыг  тэр  газар нутаглаж  байхад 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр  манайх  нүүдэл суудал хийгээд  байж  байхад Сүхбаатар  аймгийн Түмэнцогт сумын  4 дүгээр багийн  иргэн Шонх  гэх залуу ганцаараа мотоциклтой ирээд надаас  үхрээ  авъя  гэж хэлсэн,  би Шонх  гэх залууд энэ оны 07 дугаар сарын  сүүлээр ягаан  буурал гунжин, цагаан  тугалтай үхэр  зараад  мөнгийг нь  авсан тэр  үед Шонх  нь өөрөө  тугалтай  үнээгээ  аваагүй ойрхон  болохоор  ижилдээ  байж байг гэж хэлсэн. Тэгээд  авахгүй  байсаар  байтал  энэ оны 11 дүгээр сарын 09-ний  өдөр  ганцаараа  авахаар ирэхэд нь  авах ёстой  тугалтай  үхэр нь  байгаагүй тэгэхээр нь би  орных нь  үхрийг өгье гээд хэлсэн юм. Тэгсэн манай  хашаанд  хашаатай  байсан  6 тугалтай  үнээ  байсан тэрийг  харчихаад  тэр үхэр  дотроос  авна  гэж хэлсэн тэгэхээр нь би үгүй ээ энэ үхэрнүүд  нь болохоор бүгдээрээ манай  хүүхдүүдийн  нэртэй  үхэрнүүд юм гэж  хэлээд  явуулсан. Тэгсэн удалгүй  Шонх  ачааны  портер  машинтай  эхнэр О-тэйгээ  хүрч  ирээд  надтай  уулзаад Шонхийн эхнэр  О  нь  надад хандаж  Батгэрэл ахаа  үхэр  ээ авъя юу болоод байна  гэж хэлсэн тэгэхээр  би тайлбарлаад манай хүү мэдэхгүй танай  авах ёстой  тугалтай  үхэр  зарсан  байна, би  өөр  залуу үхэр өгье гэж хэлсэн. Тэгсэн нөгөө  хашаанд хашаатай байсан 6 тооны  тугалтай  үхэрнээс  авна гээд  би  өгөхгүй хүүхдүүдийн  нэртэй  үхэр гэж  хэлсэн хүүхдүүд  маань  бүгд  миний хажууд хараад  байж  байсан юм.  Тэр үед  15 цаг  болж  байсан. Тэгсэн  манай  эхнэр орой  боллоо үхрээ  гаргая  гээд  ирсэн,  тэгсэн  бас  манай  эхнэртэй  О  нь  хашаатай байгаа  үхэрнээс  авна гээд хоорондоо  маргаад  хашааны  хаалганы  хажууд  хашаад зогсоод байсан. Тэгээд  манай  эхнэр  үхрийн хашааны  хаалгыг  татаад  нээхэд  О нь  манай эхнэрийн  мөр лүү  нь  цохисон тэгсэн  манай  эхнэр  зөрүүлээд шилэн хүзүүн дээр  нь  гараараа  тонгойлгож  дарсан  тэгээд би  салгаад  авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 хуу/

Гэрч Б.Төртогтохын өгсөн:... би  үхэрээ  хашаанаас  гаргах  гээд  морьтойгоо  байж байхад  Шонх  ахын эхнэр  нь бууж ирээд аавд хандаж үхрээ авъя та нар  мөнгийг нь авсан биз дээ  гэж хэлсэн. Энэ  хашаатай байгаа  үхэрээс  чинь авна гээд  дураараа загнаад хашааны  хажууд  зогсоод байсан. Тэгээд аав  энэ үхэрнүүд  бүгд манай хүүхдүүдийн  үхрээ  эндээс  өгөхгүй зүүн талд байгаа  үхэрнээс  өгнө гэж  хэлсэн. Тэгээд би  оройтлоо үхэр  гаргая  гэхэд Шонхийн эхнэр  нь үгүй эндээс  авна  гэсэн  манай ээж  ирээд үхэр  хашсан хашааны  хаалга  нээх гээд  уяаг  нь тайлаад зогсож  байтал Шонх  ахын эхнэр  нь манай ээжийн  мөр лүү  нь цохиод авсан ээж  зөрүүдлээд  мөрөн  дээрээс нь  тонгойлгож  дарсан, тэгээд аав ээжийг  аваад  салгасан Шонх  нь эхнэрээ  авсан  тэгээд  хэсэг хэрүүл  болж  байгаад явсан юм...Тухайн үед  манай ээжид ямар нэгэн  ил харагдах  шарх  сорви  харагдаагүй, Шонхийн эхнэрийн уруул  цус  болсон  байсан....гэх мэдүүлэг /хх-ийн 37 хуу/

            Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 11 дүгээр    сарын 12-ны    өдрийн 703 дугаартай дүгнэлт:

  1. Х.О-гийн   биед тархи  доргилт, уруулын  доод  хэсэгт зулгаралт гэмтэл  тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн  нэг болон түүнээс дээш  удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
  3. Цаашид энгийн  хөдөлмөрийн  чадварыг  тогтонги алдагдуулахгүй.
  4. Уг  гэмтэл нь шүүх  эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох  журмын  2.4.1-д заагдсанаар  эрүүл мэндийг  түр хугацаагаар  сарниулах тул гэмтлийн хөнгөн   зэрэгт хамаарна гэх дүгнэлт  /хх-ийн 45 хуу /

 

Х.Б-ийн яллагдагчаар  өгсөн:... Би тухайн үедээ  их огцом уурласан болохоор  өөрийн  мэдэлгүй  шилэн  хүзүүнээс нь  хүчтэй  дарчихсан, тэгээд  манай нөхөр  Батгэрэл, Шонх  хоёр ирж  салгахад  би уруулыг нь  маажсан, би  Оийн  биед гэмтэл учруулсандаа  маш их  харамсаж  байна. Урьд өмнө хүнтэй  маргалдаж  хүний биед  гэмтэл учруулж байгаагүй  дахин гэмт  хэрэг зөрчилд  холбогдохгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 62 хуу/

Х.Бнь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 63 хуу/

Х.Б-ийниргэний үнэмлэхийн лавлагаа   /хх-ийн 66 хуу/

Хохирогч Х.О-гийнгаргасан “Х.Б-дгомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй тухай” нотариатаар гэрчлүүлсэн  тодорхойлолт /хх-ийн 73 хуу/

Хавтаст хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 74-75 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтуудын нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Х.Б-дхолбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Х.Б нь 2020 оны 11 дүгээр  сарын 08-ны өдөр  15 цагийн үед Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 1 дүгээр багийн нутагт хохирогч Х.О-той“худалдахаар тохиролцсон үхрээ өгөөгүй”  гэх шалтгаанаар маргалдан  тонгойлгож дарах, нүүрийг нь маажих зэргээр зодож хохирогч  Х.О-гийнбиед тархи  доргилт,  уруулын доод  хэсэгт  зулгаралт бүхий  гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Шүүгдэгч Х.Бнь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч Х.О, гэрч Б.Төртогтох, Б.Болор-Эрдэнэ, И.Батгэрэл нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байгаа  шүүгдэгч нь хэргийн нөхцөл байдал, гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

Хохирогч  Х.О-гийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах талаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Аймгийн Прокурорын газраас Х.Б-ийнүйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь үндэслэлтэй байна. 

Иймд шүүгдэгч Х.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх  нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан 450.000 төгрөгөөр торгох  ял оногдуулж, орлого олох боломжийг нь харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Хохирогч Г.О  нь “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй”  талаар нотариатаар батлуулсан тодорхойлолт гаргасан  байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Х.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  Х.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/  төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Х.Б нь торгох ялыг шийтгэх тогтоол  хуулийн хүчин төгөлдөр  болсноос хойш 3 /гурав/ сарын  хугацаанд  хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Шүүгдэгч нь шүүхээс тогтоосон  хугацаанд  торгох ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу  биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний  төгрөгийг 1 хоногоор тооцож  хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Х.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд  шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Б-давсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                   

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Э.ОДХҮҮ