Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 2021/ШЦТ/53

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 02 сарын 26 өдөр                                 2021/ШЦТ/53                                  Хэрлэн сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2021/0226

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч  Д.Ганзориг даргалж, шүүгч Э.Одхүү, шүүгч Х.Санжидмаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Улсын яллагч                                             Ж.Баянжаргал

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч         С.П

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч                     Л.Баярсайхан

Иргэний нэхэмжлэгч                                  Б.Чанцалдулам

Иргэдийн төлөөлөгч                                  А.Мөнгөнхайч

Гэрч                                               Б.Энхцэцэг, С.Эрдэнэтунгалаг, Д.Баярсайхан        

Шинжээч                                            Ж.Жаргалтуяа

Шүүгдэгчийн өмгөөлөгч                             Б.Баттөр, Х.Сэлэнгэ

Шүүгдэгч                                                       Д.Э нарыг оролцуулан шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга нарийн бичгийн дарга                   Ж.Хонгорзулаар хөтлүүлж,

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын  прокурор Г.Мөнхболдоос  Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэхь  хэсэгт заасан  гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Э-т холбогдох 2039003350207  дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

      Яллагдагч Д.Э нь  2020 оны 07 дугаар сарын 26-ны өдөр согтуугаар Хэнтий аймгийн Жаргалтхаан сум 2 дугаар баг Бяцхан булаг гэх газарт “Kia Bongo” маркийн 67-20ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон иргэн Б.Б-ыг дайрч алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдааны үед:

Шүүгдэгч Д.Э нь: “талийгаачийг машины түлхүүр авах гээд байхаар нь цааш нь түлхээд машинтайгаа хөдөлсөн, хөдлөөд явж байтал хүн дайруулчихлаа гээд хүмүүс хашгиралдахаар нь машинаа эргүүлээд тойрч харахад талийгаач газар хэвтэж байсан, тэгэхээр нь сандраад машинаа асаалттай чигээр нь үсрээд буусан, энэ үед машин талийгаач руу чиглэсэн байсан, тэгээд цааш хүнгүй явсаар байгаад Бын машиныг мөргөөд зогссон” гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.П нь:  “талийгаач машины хажуунаас зүүгдээд явж байгаад эргэлт хийх үед нь хөл алдаад унахад нь хөл дээгүүр нь дайрсан, дараа нь эргэж ирээд цээжин дээгүүр нь дайрсан, оршуулгын зардал болон өмгөөлөгчийн хөлс зэрэгт тооцож, 27.000.000 сая төгрөг авсан, одоо талийгаачийн авах ёстой байсан тэтгэвэрт тооцож 84.000.000 төгрөг нэхэмжилж байна” гэжээ.

Иргэний нэхэмжлэгч  Б.Чанцалдулам нь: “автомашинд учруулан хохирлыг шүүгдэгч бүрэн барагдуулсан, мөнгө өгөөгүй, өөрөө сэлбэг авчирч засаж янзалж өгсөн, автомашины эвдрэлтэй холбоотой нэхэмжлэх зүйлгүй” гэжээ.

Гэрч Б.Энхцэцэг нь: “талийгаачийг эхний удаа дайруулахыг нь харсан, 2 дахь удаагаа дайруулахыг нь хараагүй” гэжээ.

Гэрч С.Эрдэнэтунгалаг нь:  “талийгаачийг эхний удаа дайруулахыг нь харсан, тэгээд айгаад гэрт орсон, 2 дахь удаагаа дайруулахыг нь хараагүй” гэжээ.

Гэрч Д.Баярсайхан нь: “талийгаач машинаас зүүгдэж явж байгаад унаж арын дугуйнд дайруулсан, талийгаачийн эхнэр бид хоёр унасан газар руу очиж байхад машин эргээд чиглээд ирсэн, талийгаач дээр очиж амжаагүй, бид хоёр 2 тийшээ зугатаахад машин талийгаач дээгүүр гараад явсан, энэ үед Э машинаа жолоодож  байсан” гэжээ.

 Мөрдөн байцаалтын үед:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.П ийн  өгсөн...19 цаг өнгөрч байхад хэрэг болсон. Тухайн үед  бороо ороод  арилсан байсан, нар жаргаагүй байсан...Манай бэрийг  Намуунаа гэдэг. Намуунаагийн ээж  Энхцэцэгтэй Э гэр  болсон юм.  Энхцэцэгтэй манайх худ ургийн  холбоотой юм. Эынх манайхтай  ойрхон нутагладаг байсан. Хоорондоо энгийн харилцаатай байсан. Хэрэг  болсон өдөр  Э, Б  нар хоорондоо  хэрэлдэж  маргалдсан зүйл  байхгүй... Эхэлж дайрсан үйлдэл нь бол  болгоомжгүй  байсан гэж  бодож байна. Э  дахиж машинаа  эргүүлж  ирээд  талийгаачийн  дээгүүр  нь гарсан.  Би энэ үйлдлийг бол  санаатай дайрсан  гэж үзэж байна... Эыг согтуу машинтай явлаа  гэж уг  үйлдлийг  нь зогсоох гэж  талийгаач  Эын машины  хаалганаас зүүгдсэн... Би 2020 оны 07 дугаар сарын 26-ны өдөр гэртээ нөхөр Б-ын хамт Жаргалтхаан сум 2 дугаар баг Бяцхан булаг гэх газарт байсан. 14 цаг болох гэж байхад Э, Энхцэцэг хоёр манайд өөрсдийн машинтайгаа ирсэн. Э, Энхцэцэг хоёр  эрүүл байсан. Манайд  ирэхдээ Э, Энхцэцэг 1 шил 750 граммын “Эдин” нэртэй архи авчирсан. Би малаа хараад гэртээ байсан. Энхцэцэг, Э, Б нар нэг шил архийг хувааж уусан. Би архи уугаагүй би хагалгаанд орсон тул архи хэрэглэдэггүй. Э, Б нар архиа хувааж  ууж дуусчихаад  архинд явна гээд айл руу  залгаад архи байна уу гээд  манай нөхөр  Б  утсаар яриад байсан. Энхцэцэг архи уухгүй одоо явъя гэж хэлсэн. Э манайхаас явах гэтэл  манай нөхөр Б би чамд архи олж өгнө, би чамайг ирэхэд дандаа хоосон  явуулдаг  гэж хэлсэн. Манай нөхөр морио унаад  үхрээ авч ирж  тугалаа  хашсан. Э, Энхцэцэг хоёр тугал хашихад  тусалсан. Тэгээд  бид буцаж  манай гэрт орсон. Манай нөхөр архи хайгаад явах гээд байхаар нь гэрт байсан 750 граммын савлагаатай “Соёрхол” архийг гаргаж өгөөд одоо та нар үүнийг уугаад болно шүү гэж хэлсэн. Энэ үед Баярсайхан, Эрдэнэтунгалаг хоёр мотоциклтой манайд ирсэн. 750 граммын “Соёрхол” нэртэй архийг Баярсайхан, Эрдэнэтунгалаг, Энхцэцэг, Э, Б нар хувааж уугаад 18 цаг орчимд дууссан.  Э  Батсүхийн хүүхдүүдээс архи гуйж уухгүй гэж  Э хэлсэн. Манай нөхрийн эцэг нь Батсүх гэж хүн байсан юм. Э яагаад тэгэж хэлэх болсныг мэдэхгүй хэрэлдэж маргалдсан асуудал байхгүй. Э тэгээд гэрээс ганцаараа гарсан  би шээх гэж байгаа юм байх гэж бодсон. Гэтэл гадаа машин асаж байсан. Тэгээд Э машинаа асааж ирээд манай гэрийн үүдэнд ирж зогсоод Энхцэцэгээ гээд эхнэрээ дуудсан. Ингээд Э машинаасаа  буусан  машинаа асаалттай нь орхисон энэ үед  би Эын машины түлхүүрийг аваад чулуудсан.   Би тэгсэн түлхүүрийг нь гэрийн үүдэнд шидчихсэн Э нь “машины түлхүүр аваад ир пизда минь” гэж хэлсэн. Тэгээд Э машиныхаа түлхүүрийг аваад машинаа асаагаад гэрийн урд талд байсан мотоциклийг нар зөв тойрч яваад буцаад тойрог үүсгээд наймын тоо хэлбэртэй мөр үүсгээд зогссон. Эын машины жолооч талын цонх нь онгорхой байсан. Манай нөхөр Б машины цонхоор гараа оруулаад Эын цамцнаас татсан. Э машинаа арагш ухраасан. Тэгээд урагш явсан ба Б машины хаалганаас бариад хажууд нь гүйгээд яваад байсан. Гэрийн урд талд ирээд Э нь машинаа зүүн гар тийш нь эргүүлсэн. Энэ үед Б газарт унасан. Э машинтайгаа манай нөхрийн хөл дээгүүр нь гарсан. Манай нөхөр Б дээшээ харсан толгой нь зүүн хойд зүгт харсан хөл баруун урд зүгт харсан байдалтай хэвтэж байсан. Манай нөхөр босож ирэхгүй хэвтээд байсан. Бид тэгээд Б дээр очих гэтэл Э буцаж машинтайгаа эргэж ирсэн бид нар очиж чадаагүй. Э машинтайгаа манай нөхрийг дайраад хөл дээгүүр нь гараад буцаж нар буруу эргэж манай нөхрийн баруун хойд талаас нь ирж бэлхүүс, гэдэс орчмоор дайрч гарсан...  Бид нар хүн дайрчихлаа шүү дээ  гэж хэлэхэд Эын машин зүүн  зүгт  явснаа  зүүн хойд зүгт  машин нь  эргээд явж байсан юм. Э машинаас буугаад  ирсэн.  Машин нь хүнгүй  явсаар байгаад манай  гэрийн  хойд  талаар яваад  манай гэрийн баруун хойд  талд байсан  манай  2153 хэү  улсын дугаартай Портер маркийн  машиныг мөргөөд  зогссон. Машин нь асаалттай байсан Баярсайхан очиж машиныг нь унтраасан. Манай  нөхөр Б ёолоод хэвтээд байсан. Бид нар хөдөлгөж болохгүй гээд түргэн тусламж дуудсан. Манай нөхөр гол минь тасарлаа гээд ёолоод хэвтээд байсан өөр зүйл яриагүй. Би гэр лүү ороод  хөнжил  аваад ирэхэд  манай нөхрийн  зүүн хөлний  гутлыг  тайлсан байсан. Зүүн хөл нь хугарсан байсан. Баруун  хөлний  өвдөг орчим  яз  цохисон  цус гарсан байсан. Тэгээд эмнэлэг ирж эм тариа хийгээд манай нөхрийг аваад явсан. Би эмнэлгийн машинтай хамт явсан. Тэгээд замд явж байгаад манай нөхөр нас барсан... Би өмгөөлөгчийн хөлс, оршуулгын зардалд 27.355.280 төгрөг нэхэмжлэнэ. Баримт  олгох боломжгүй эд зүйлийг  жагсаалтаар  гаргаж  бичсэн байгаа. Би өөрөө өвчтэй  манай талийгаач нөхөр  Б  гэр бүлээ тэжээдэг байсан. Манай  талийгаач  нөхөр ямар  нэгэн өвчингүй байсан 2 жилийн дараа  тэтгэвэр тогтоолгох байсан. Ийм явдал болоогүй бол  манай нөхөр дунджаар 20 жил амьдрах  байсан гэж  үзээд  тэтгэвэрийн  хэмжээгээр  бодоход манай талийгаач  нөхөр 20 жилийн хугацаанд 84.000.000 төгрөгийн тэтгэвэр  авах байсан. Энэ  хэмжээний  мөнгийг  нэмж  нийт  111.355.280 төгрөг нэхэмжилнэ. Хэрэв  амьд  байсан бол  үүнээс  илүүтэй орлого олох  байсан....гэх мэдүүлэг /хх-ийн 32-37, 184 хуу/

Иргэний нэхэмжлэгч Б.Чанцалдуламын өгсөн:...миний эзэмшлийн 21-53 ХЭҮ улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгсэлд гэмт хэрэг гарах үед эвдрэл гэмтэл үүссэн. Энэ хохирлыг Д.Эаас нэхэмжилнэ. Мөнгө төгрөг  нэхэмжлэхгүй өөрөөр нь тээврийн  хэрэгслийг  засварлуулж авах  хүсэлтэй байна. Одоогоор  тээврийн хэрэгсэл засагдаагүй байгаа. Тээврийн хэрэгслийн баруун гар талын гэрэл дохио хагарч, хөмсөг нь дотогш чихэгдсэн байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 182 хуу/

 

Гэрч Б.Энхцэцэгийн өгсөн:... Тэгээд архи хувааж ууж дуусгаад гэр гэртээ харих болсон. Бид нар одоо архи дарс нэмж уухгүй шүү одоо ингээд болно гэж хэлэхэд Э Батсүхийнхээс архи горьдож уухгүй шүү” гэж хэлээд гэрээс гарсан. Э архи нэмж уухгүй шүү гэхээр намайг явъя гэж гэрээс гарсан. Тэрнээс бид хэрэлдэж маргалдаж муудаагүй. Э гэрээс гараад машинаа асааж унаад Бын гэрийн үүдэнд ирээд их хаазалсан. Бын гэрийн үүдэнд их ойрхон Э машинаа зогсоосон байсан. Э намайг “суу явъя” гэсэн. Би машинд суух гэж байтал Б гэрээс гарч ирээд “Баяраа ингэж болохгүй. Чи яасан айхтар гэрт ойртож байх юм” гээд жолоочийн талын хаалган дээр очсон. Баяраа гэж Эыг хэлж байгаа юм. Хаалганы цонх нь онгорхой байсан. Б машины түлхүүрийг авах гэж оролдсон. Э машинтай хөдлөөд явсан. Би машинд сууж амжаагүй. Б машины цонхноос бариад дагаж яваад байсан. Бын хөл газар хүрэхгүй яваад байсан. Э гэрийн урд машинтайгаа тойрсон. Тэгээд урд зүгт явсан. Нэг харахад Бын хөл нь газарт хүрчихсэн дагаж гүйж байгаад хөл алдаад унаж байсан. Машин бага зэрэг зүүн гар тийш эргэх хөдөлгөөн хийхэд Б унасан. Энэ үед машины арын дугуй Бын хөл дээгүүр гарсан. Бын толгой хойд зүгт хараад унасан. Э машинаа бариад зүүн урд зүгт явсан. Бид нар тэгээд Бын унасан газар руу явж байхад машин ирлээ холдоорой гэж нэг хүн хэлсэн зугтаарай гэсэн. Би Баярсайханы хамт явж байсан. Бид хоёр хоёр тийш болсон. Тухайн үед их сандарсан байсан тул санахгүй байна. Машин Бын хэвтэж байсан газраар зүүн урагш явж байсан. Тэнд байсан хүмүүс дахиад дээгүүр нь гарчихлаа шүү дээ гэсэн.  Би машин зогсоох гээд  гүйсэн. Машин дээр очиход  Э машиндаа байхгүй байсан...Эыг согтуу  машин  бариулахгүй гэж  түлхүүрийг  авах  гэж  машины  хаалганаас зүүгдсэн.  Пүрэвцэцэг, Эрдэнэтунгалаг хоёр  Боо боль гэж  хэлсэн боловч үгэнд  орохгүй машинаас  зүүгдээд  байсан...Эыг осол болсны дараа харахад нилээд согтуу байсан. Э “би хоёр  удаа  дээгүүр нь гарчихлаа гэж үү” гээд орилоод байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 хуу/

 

Гэрч Д.Баярсайханы өгсөн:...Э машинаа асаагаад Бын гэрийн үүдэнд ирж зогссон. Э машинаас буугаад Бын гэрт орж ирээд эхнэрээ явъя гэсэн. Эхнэр нь Бын гэрээс гараагүй. Э буцаж гараад машиндаа суугаад машинаа асаагаад өндөр хаазтай явж наймын тоо хэлбэртэй яваад урд зүгт Бын гэрийн баруун урд талд зүүн урагш хараад зогссон. Эын машинтай явсан газар нь мөр үүссэн байсан. Бид тэгээд гэрээс гарсан. Эын машин асаалттай, Э машин дотроо сууж байсан. Б Э дээр очсон. Б, Э хоёр юм яриад байсан. Гэнэт Э машинтайгаа зүүн урд зүгт явсан. Б машины зүүн гар талын хаалганаас зүүгдээд явсан. Э машиныхаа зүүн талын хаалганы шилийг доош нь буулгасан байсан. Э нэлээн хааз өндөртэй хөдөлсөн. Э машинтайгаа зүүн урд зүгт явсан. Б машины хаалганаас зүүгдэж яваад газарт унасан. Бын хэвлий бүдүүн гуя орчмоор машины арын дугуй дээгүүр нь гарсан. Бид хүн алчихлаа гээд Бын унасан газар очтол Э буцаж машинтай ирсэн. Эын эхнэр бид хоёр биднийг дайрч магадгүй гэж бодоод холдсон. Энэ үед Э машинтайгаа буцаж ирээд Бын дээгүүр гарсан. Б хажуу талаараа хараад хэвтэж байсан. Толгой хэсэг нь  зүүн  хойд зүгт  харсан  хөл нь  баруун  урд  зүгт  харсан байсан. Быг хэвтэж байхад зүүн хойд зүгээс Э машинтайгаа ирж дээгүүр нь гарсан. Эхэлж дайруулаад Б хөдөлж байсан. Э сүүлд Бын дайрчихаад буцаад зүүн урд зүгт машинаа эргүүлсэн. Би хүн дайрчихлаа гээд Б дээр очиход Э машинаасаа буугаад ирсэн. Эын машин  хүнгүй явсан. Эын машин хүнгүй явж байгаад талийгаач Бын машиныг мөргөөд зогссон.  Талийгаачийн  машин гэрийнхээ   баруун  хойд хэсэгт  зогсох байсан. Э машинаа зогссон байхад нь очиж аваад талийгаачийн  гэрийн баруун  урд талд зогсоосон... Э  осол  болохын  өмнө  согтолт нь  гайгүй байсан. Быг дайрсны дараа  бол  их гуйвалж  согтсон байсан... Би талийгаачийн  гэрийн үүд хэсэгт  байсан. Миний байсан  газраас урд  зүгт 20-30 метр  зайд  талийгаач  машинд дайруулсан... Э дахиж талийгаач Бын дээгүүр гарахдаа машин дотроо машинаа бариад явж байсан. Машин талийгаачийн дээгүүр хоёр дахь удаагаа дайрч гарч өнгөрсний дараа Э машинаасаа буусан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 43-46 хуу/

 

Гэрч С.Эрдэнэтунгалагийн өгсөн:... архи ууж  дуусаад жолооч Баяраа нь гэнэт явлаа гээд машиндаа сууж асаагаад гэрийн үүдэнд тулж ирээд зогсоход хүргэн ах Б гэр дайрлаа шүү дээ гээд машинаас нь зүүгдэхэд жолооч Баяраа ухас хийгээд хөдөлсөн. Тэгэхэд гэрт байсан хүмүүс болох манай нөхөр Баярсайхан, эгч Пүрэвцэцэг, жолооч Баяраагийн эхнэр Энхээ бид нар гэрээс гараад болиоч ээ хүн дайрчихлаа шүү дээ гээд орилолдсон. Тэгтэл гэрээс урагш 100 метр зайд жолооч Баяраа нь пронтер машинтайгаа манай хүргэн  ах Быг чирч явж  байгаад унагаасан. Тэгээд хөл дээгүүр нь дайрсан. Тэгэхээр нь би айгаад гэртээ орсон. Тэгэхэд гадаа үлдсэн хүмүүс дахиад дайрчихлаа шүү дээ гээд орилолдоод  байсан..гэх мэдүүлэг /хх-ийн 48 хуу /

 

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 08 дугаар  сарын 25-ны   өдрийн  75 дугаартай дүгнэлт

  1. Талийгаачийн биед баруун эгэм, цээжний баруун 1-5-р хавирга эгэмийн дунд шугамаар, 1-7-р хавирга далны болон нугалмын ойролцоох шугамаар хоёрлосон, цээжний зүүн 1-10-р хавирга далны шугамаар зарим хэсгээр бяцарсан хугарал, хугарлын орчны зөөлөн эд дэх цус хуралт, баруун дунд чөмөг доод 1/3 хэсэг, зүүн шаант, тахилзуур доод 1/3 хэсгийн далд хугарал, элэгний баруун дэлбэнгийн урагдал няцрал, баруун өвдөгт шарх, хамрын нуруу, зүүн бугалга, тохой, шуу, баруун бугалга, бүсэлхий, хэвлий, зүүн гуя, зүүн шилбэнд зулгаралт, баруун хацар, уруулын дээд хэсэг, цээжинд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу автомашинд мөргөгдөх, дайрагдах үед хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байна.
  3.  Дээрх 2 талын олон хавирганы хугарал, хугарлын дагуух зөөлөн эдийн цус хуралт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.10, элэгний урагдал няцрал гэмтэл нь амь насанд аюултай тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар тус бүрдээ гэмтлийн хүнд зэрэг, баруун дунд чөмөг, зүүн шилбэний /тахилзуур, шаант/ хугарал нь тус бүрдээ 2.3.1-д зааснаар хүндэвтэр, баруун өвдөгний шарх гэмтэл нь 2.4.1-д зааснаар хөнгөн, бусад гэмтлүүд нь тус бүрдээ 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
  4. Талийгаач нь автомашинд дайрагдах үедээ хэвтээ байрлалд байх боломжтой ба дугуйны чиглэлийг нарийвчлан тогтоох боломжгүй.
  5. Талийгаачид хийсэн химийн шинжилгээгээр цусанд 2.0 промилли спирт илэрсэн ба согтолтын дунд зэрэгт хамаарна.
  6. Талийгаач нь хоёрдугаар бүлгийн цустай байжээ
  7. Талийгаач нь дээрх биеийн хавсарсан олон хүнд гэмтлүүдийн улмаас нас баржээ гэх дүгнэлт  / хх-ийн 93 хуу/

Авто тээврийн үндэсний төвийн техникийн шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн №05 дугаартай: ...67-20 ХЭА улсын дугаартай хөх өнгийн KIA BONGO  маркийн тээврийн хэрэгслийн эд ангиуд болон агрегат нь бүрэн бүтэн байна. ...67-20 ХЭА улсын дугаартай хөх өнгийн KIA BONGO Маркийн тээврийн хэрэгслийн тормосны стенз дээр шалгахад урд талын тормос 95 %-тай, хойд талын тормоз 80%-тай байна гэх дүгнэлт /хх-ийн 104 хуу/

Хэнтий аймгийн  Нэгдсэн эмнэлэгийн  шинжээчийн Шүүх сэтгэц  эмгэг судлалын 37  дугаартай дүгнэлтэнд:

  1. Д.Энь гэмт хэрэг үйлдэх үедээ  сэтгэл мэдрэлийн  ямар нэгэн  өвчин эмгэггүй байсан.  Харин согтолтын  байдалтай  байсан байна.
  2. Д.Э нь болсон үйл явдлыг  зөв  тусгаж авч  үнэн  зөв мэдүүлэг өгөх чадвартай.
  3. Д.Э нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай. гэжээ /хх-ийн 132 хуу/

Д.Эын  яллагдагчаар өгсөн:..Би энэ тогтоолтой танилцлаа, хүлээн зөвшөөрөхгүй  байна...Би талийгаач Быг санаатай  дайрч  алаагүй. Надад хүн алах  санаа зорилго  байгаагүй, надад  Бын  амь насыг  хохироох ямар ч  санаа  байхгүй,  бид  хоёр хоорондоо  эвтэй  найртай  байсан. Бид хоёрын  дунд хэрүүл маргаан  зодоон  болоогүй, өр авлага ас хонзонгийн  асуудал бидэнд  байхгүй. ...Би машиндаа  суугаад  машинаа асаагаад  Бын гэрийн  үүдэнд  ирээд  эхнэр Энхцэцэгийг  дуудсан.  Тэгтэл талийгаач  Б  гэрээс гарч ирээд  яваад хэрэггүй боль гэж хэлээд машины  түлхүүр  булаацалдсан. Би Быг цааш нь түлхээд  би явлаа  гээд  хөдлөсөн. Тэгээд  хөдлөөд  явангуут хүн  дайрчихлаа  алчихлаа  гээд  тэнд байсан хүмүүс  хашгираад явчихсан, би их  сандарсан тул машинаа  эргүүлээд  бүтэн тойроод ирсэн, хаана хүн  дайрчив яав гээд  машинаасаа буусан. Би машинаа  зогсоогоогүй явж байхад нь  үсрээд буусан.  Тэгээд машин явсаар байгаад Бын гэрийн хойд талд байх машин мөргөөд  зогссон. Намайг машинаас  буугаад ирэхэд чи хүн дайрчихлаа гэж  тэнд байсан  хүмүүс хэлсэн, би бол хүн  дайрсан гэдгээ мэдээгүй. Би Быг цааш  түлхээд  машинтайгаа хөдөлсөн би Быг  дайрсан гэдгээ  мэдээгүй.  Би хүн дайрчихлаа гэж үү  гээд  толгойгоо бариад  доош сууж уйлсан...Би Быг  машины түлхүүр  булаацалдаад байхаар нь  би явлаа  гээд цааш нь түлхээд  хөдлөөд явсан...Би гэртээ харих гээд явж байсан юм...Энхцэцэг машинд суугаагүй байсан...Би талийгаачийн  буяны ажилд зориулж  нэг тооны  хязаалан насны үхэр  гаргаж өгсөн, мөн  бэлнээр 7.000.000 төгрөг  өгсөн. Дахиж 5.000.000 төгрөг  өгсөн боловч буцаагаад  надад өгсөн. Цаашид оршуулгын  зардалтай  холбоотой  нэхэмжлэх  гаргавал бүрэн  төлж барагдуулах болно...гэх мэдүүлэг /хх-ийн 156-157 хуу/

“Kia Bongo” маркийн 67-20ХЭҮ улсын дугаартай автомашиныг  битүүмжилсэн тогтоол /хх-ийн 05-06 хуу/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааны явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-16 хуу/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл  гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17-18 хуу/

Хэргийн газрын бүдүүвч зураг /хх-ийн 24 хуу/

Д.Эын  согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэт нөлөөлөх  бодис  хэрэглэсэн  эсэхийг  шалгахад амьсгал дахь спиртийн агууламж 1.54 илэрсэн болохыг тэмдэглэж авсан тэмдэглэл /хх-ийн 25 хуу/

Б.Бын эзэмшлийн 2153 хэү улсын дугаартай  huidai porter маркийн автомашинд үүссэн эвдрэлийн үнэлгээг 50.000 төгрөгөөр тогтоосон  хөрөнгийн үнэлгээний Фэйр валуэшн ХХК-ий шинжээчийн дүгнэлт /хх-ийн 85 хуу/

Д.Энь 2019 оны жилийн эцсээр нийт 905 толгой мал тоолуулсан тухай тодорхойлолт /хх-ийн 162 хуу/

Д.Эын “Сумын сайн малчин”-ны үнэмлэхний хуулбар /хх-ийн 163 хуу/

Д.Эын АВС ангиллын жолоочийн үнэмлэхний хуулбар /хх-ийн 166 хуу/

Д.Эын өмнө холбогдсон зөрчлийн шийдвэрлэлтийн лавлагаа /171-172 хуу/

Д.Эын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 180 хуу/

Д.Энь  эрүүгийн хариуцлага  хүлээж  байсан эсэхийг  шалгах хуудас /хх-ийн 170 хуу/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Пийн   нэхэмжилсэн нийт  27.355.280 төгрөгийн үнийн дүн бүхий  өмгөөлөгчийн хөлс болон оршуулгын зардалтай холбоотой баримтууд  /хх-ийн 185-217 хуу/

Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 240-241 хуу/

Д.Энь 2020 оны  09 дүгээр сарын 30-ны өдөр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Пийн ХААН банкин дахь дансанд 20.360.000 /хорин сая гурван зуун жаран мянга/ төгрөг шилжүүлсэн тухай баримт /хх-ийн 243 хуу/

Шүүх хуралдааны үед хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргаж өгсөн 452.000 төгрөгийн үнийн дүн бүхий өмгөөлөгчид төлсөн зардал болон шүүх хуралдаанд ирж очих үед гарсан зардалтай холбоотой  баримтууд, Б.Б нь нийгмийн даатгалын шимтгэл, сайн дурын даатгал, нөхөн даатгалаар улсад 17 жил 4 сар ажиллаж баталгаажсан, цаашид нийгмийн даатгалыг төлж 20 жилээр малчны өндөр насны тэтгэвэр тогтоолгосон бол одоогийн мөрдөж байгаа хуулийн дагуу 1 сарын 350.000 төгрөгний тэтгэвэр тогтоолгон авах байсан болохыг тодорхойлсон Хэнтиий аймгийн Жаргалтхаан сумын нийгмийн даатгалын байцаагч С.Мөнхдэлгэрийн тодорхойлолт /2 хх-ийн хуу/  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтуудын нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүгдэгч  Д.Э-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.           

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Д.Э нь  2020 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 19-20 цагийн үед Хэнтий аймгийн Жаргалтхаан сум 2 дугаар баг Бяцхан булаг гэх газарт согтуурсан үедээ хохирогч Б.Б-ыг 67-20 ХЭҮ улсын дугаартай “Kia Bongo” маркийн автомашинаар хоёр удаа дайрч баруун эгэм, цээжний баруун 1-5-р хавирга эгэмийн дунд шугамаар, 1-7-р хавирга далны болон нугалмын ойролцоох шугамаар хоёрлосон, цээжний зүүн 1-10-р хавирга далны шугамаар зарим хэсгээр бяцарсан хугарал, хугарлын орчны зөөлөн эд дэх цус хуралт, баруун дунд чөмөг доод 1/3 хэсэг, зүүн шаант, тахилзуур доод 1/3 хэсгийн далд хугарал, элэгний баруун дэлбэнгийн урагдал няцрал, баруун өвдөгт шарх, хамрын нуруу, зүүн бугалга, тохой, шуу, баруун бугалга, бүсэлхий, хэвлий, зүүн гуя, зүүн шилбэнд зулгаралт, баруун хацар, уруулын дээд хэсэг, цээжинд цус хуралт гэмтэл учруулсны улмаас Б.Б нь эмнэлэгт хүргэгдэх замдаа нас барсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүгдэгч Д.Э нь мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны үед мэдүүлэг өгөхдөө талийгаач нь автомашинд  хоёр удаа дайрагдсаныг мэдээгүй, санаатайгаар дайраагүй гэж мэдүүлэг өгсөн, шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь гэм буруугийн хувьд шүүгдэгчийн үйлдлийг болгоомжгүй үйлдлийн улмаас хүний амь насыг хохироосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилэх үндэслэлтэй гэж, иргэдийн төлөөлөгч шүүгдэгчийг гэм буруугүй гэж тус тус  дүгнэлт гаргасан болно.

1. Гэм буруугийн талаар

Шүүгдэгчийн өмгөөлөгч  нар нь шүүгдэгч Д.Энь  Б.Бын гэрийн гаднаас автомашинтайгаа хөдлөх үедээ Б.Б-ыг автомашинаас нь зүүгдэн зэрэгцэн гүйж байгаад унаж дайрагдсаныг мэдээгүй, хүн дайрчихлаа гэхийг сонсоод автомашинтайгаа буцаж эргэн талийгаачийг чиглэж ирсэн боловч талийгаач автомашинд 2 дахь удаагаа дайрагдахаас өмнө автомашинаасаа буусан байсан тул түүний үйлдлийг санаатай үйлдэл гэж үзэхгүй гэжээ.

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд ...тээврийн хэрэгслийн зүүн талын дугуйн баруун дотор талд 30 см зайд газрын хөрс хонхойж, хотойсон байдалтай мөр үүссэн байсныг “А” гэж тэмдэглэн гэрэл зургийн аргаар баримтжуулан авав, “А” гэж тэмдэглэсэн цэгээс ертөнцийн зүгээр зүүн урд зүгт 260 см зайд газрын хөрс цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байсныг “Б” гэж тэмдэглэв...гэсэн байх бөгөөд хх-ийн 24 дугаар хуудсанд байх бүдүүвч зурганд А цэгийг “анх дайрсан цэг”, Б цэгийг “2 дахь удаагаа дайрсан цэг” гэж тэмдэглэжээ.

Мөн дээрх тэмдэглэлд... Bongo-3 маркийн 6720 хэа улсын дугаартай тээврийн хэрэгсэл байх ба жолооч талын /зүүн гар талын/ хаалганы цонх онгорхой байв...монгол гэрийн хаалганаас ертөнцийн зүгээр урд зүгт   А цэг 33.5 м байв...гэжээ. Үүнээс үзэхэд  Б.Б нь гэрийнхээ гаднаас автомашинаас зүүгдэж 30 м орчим зайд явсан байна гэж дүгнэлээ. Энэ хугацаанд шүүгдэгч Д.Энь түүнийг автомашиныхаа толиндоо харах, эсхүл өөрийн нүдээр харах, дуу чимээг сонсох бүрэн боломжтой байсан байх бөгөөд хэрэг гарсан газар нь үзэгдэх орчны хувьд чөлөөтэй, цаг хугацааны хувьд өдрийн 18-19 цагийн орчимд нар жаргаагүй байхад хэрэг гарсан,  автомашины жолооч талын хаалганы шил онгорхой байсан болох нь нотлох баримтуудаар тогтоогдож байгаа, шүүгдэгчийн хувьд Б.Б-ыгавтомашинаас нь зүүгдэж явааг мэдэх боломжгүй байдалд хүргэх хөндлөнгийн ямар нэгэн нөлөөлөл тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгчийн өгсөн  “анх гэрийн гаднаас автомашинтайгаа хөдлөх үедээ Б.Б-ыгавтомашинаас зүүгдэж явааг мэдээгүй” гэх мэдүүлэг нь хэрэгт байгаа дээр дурдсан нотлох баримтуудаар няцаагдаж байна гэж дүгнэв.

Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Пийн өгсөн “750 граммын “Соёрхол” нэртэй архийг Баярсайхан, Эрдэнэтунгалаг, Энхцэцэг, Э, Б нар хувааж уугаад 18 цаг орчимд дууссан...Эын машины жолооч талын цонх нь онгорхой байсан. Манай нөхөр Б машины цонхоор гараа оруулаад Эын цамцнаас татсан. Э машинаа арагш ухраасан. Тэгээд урагш явсан ба Б машины хаалганаас бариад хажууд нь гүйгээд яваад байсан” гэх мэдүүлэг, гэрч Д.Баярсайханы өгсөн “бид нар 0.750 граммын архийг хувааж уусан...Б, Э хоёр юм яриад байсан. Гэнэт Э машинтайгаа зүүн урд зүгт явсан. Б машины зүүн гар талын хаалганаас зүүгдээд явсан” гэх мэдүүлэг, гэрч Б.Энхцэцэгийн өгсөн “Эыг согтуу  машин  бариулахгүй гэж  түлхүүрийг  авах  гэж  машины  хаалганаас зүүгдсэн.  Пүрэвцэцэг, Эрдэнэтунгалаг хоёр  Боо боль гэж  хэлсэн боловч үгэнд  орохгүй машинаас  зүүгдээд  байсан” гэх мэдүүлэг, Д.Эын яллагдагчаар өгсөн “Тэгтэл талийгаач  Б  гэрээс гарч ирээд  яваад хэрэггүй боль гэж хэлээд машины  түлхүүр  булаацалдсан. Би Быг цааш нь түлхээд  би явлаа  гээд  хөдлөсөн” гэх мэдүүлгүүдээс үзэхэд шүүгдэгч болон талийгаач нар нь тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бөгөөд талийгаач нь шүүгдэгч Д.Эыг согтуугаар автомашин жолоодуулахгүй гэж автомашины түлхүүрийг нь авах гэж оролдсоноос үүдэлтэйгээр Д.Энь автомашинаа урагш хөдөлгөж явсан болох нь тогтоогдож байна гэж үзлээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Пийн өгсөн...Э буцаж машинтайгаа эргэж ирсэн, бид нар очиж чадаагүй. Э машинтайгаа манай нөхрийг дайраад хөл дээгүүр нь гараад буцаж нар буруу эргэж манай нөхрийн баруун хойд талаас нь ирж бэлхүүс, гэдэс орчмоор дайрч гарсан...  Бид нар хүн дайрчихлаа шүү дээ  гэж хэлэхэд Эын машин зүүн  зүгт  явснаа  зүүн хойд зүгт  машин нь  эргээд явж байсан юм. Э машинаас буугаад  ирсэн...гэх мэдүүлэг,  гэрч Баярсайханы өгсөн... Э дахиж талийгаач Бын дээгүүр гарахдаа машин дотроо машинаа бариад явж байсан. Машин талийгаачийн дээгүүр хоёр дахь удаагаа дайрч гарч өнгөрсний дараа Э машинаасаа буусан байсан...гэх мэдүүлэгээс үзэхэд шүүгдэгч Д.Эын өгсөн “талийгаач нь автомашинд 2 дахь удаагаа дайрагдахаас өмнө би автомашинаас буусан байсан” гэх мэдүүлэг нь үгүйсгэгдэж байна. Мөн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд...тээврийн хэрэгслийн мөр “Б” /2 дахь удаагаа дайрсан цэг/ цэгийг дайрч ертөнцийн зүгээр зүүн урагш зүгт яваад зүүн гар тийш алсуур тойрог үүсгэж явсан мөр газрын хөрсөн дээр бүдэг үүссэн байв. Тээврийн хэрэгслийн мөр монгол гэрийн ертөнцийн зүгээр зүүн талаар алсуур тойрог зүүн гар тийш явсан мөр үүсгэж монгол гэрийн хойд талаар ертөнцийн зүгээр баруун тийш явж монгол гэрийн баруун хойд талд хойш чиглэж харсан байрлалтай хөх өнгийн super porter 2153 хэа улсын дугаартай тээврийн хэрэгсэлд тулж очсон мөр байв...гэж тусгасан байх бөгөөд үүнээс үзэхэд уг автомашин нь талийгаачийг 2 дахь удаагаа дайрснаас хойш ертөнцийн зүгээр зүүн урд зүгт чиглэн явж байгаад чиглэлээ өөрчлөн зүүн гар тийш эргэж баруун зүгт чиглэсэн хөдөлгөөн хийсэн байх бөгөөд үүнийг хүний оролцоогүйгээр хийгдэх боломжгүй, өөрөөр хэлбэл талийгаачийг автомашинд 2 дахь удаагаа дайрагдах үед болон түүнээс хойш тодорхой хугацаанд шүүгдэгч Д.Энь автомашинаа жолоодож явсан байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иймд Д.Эын дээрх үйлдлийг болгоомжгүй үйлдэл гэж үзэх үндэслэлгүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч нар болон иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэн  шүүгдэгч Д.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

  1. Эрүүгийн хариуцлагын талаар

 

Шүүгдэгч Д.Э-тэрүүгийн хариуцлага оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2  дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар  ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад  эдлүүлэхээр шийдвэрлэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  С.П нь оршуулгын зардал, өмгөөлөгчид төлсөн зардал зэрэгт нийт  27.355.280 төгрөг нэхэмжилж холбогдох  нотлох баримтууд  /хх-ийн 185-217 хуу/ гаргаж өгсөнийг шалгаж үзэхэд хэрэгт 15.726.669 /арван таван сая долоон зуун хорин зургаан мянга зургаан зуун жаран ес/ төгрөгийн үнийн дүн бүхий баримт хавсаргагдсан байх бөгөөд шүүгдэгч Д.Энь  27.360.000 төгрөгийг төлсөн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  Мөн шүүх хуралдааны үед хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн шинээр гаргаж өгч нэхэмжилсэн  452.000 төгрөгийн үнийн дүн бүхий өмгөөлөгчид төлсөн зардал болон шүүх хуралдаанд ирж очих үед гарсан бензиний зардалтай холбоотой гэх нэхэмжлэлийг бензин авсан гэх цаг хугацаануудад шүүх хуралдаан болоогүй, ковид-19 цар тахалтай холбоотойгоор оролцогч нар ирээгүй гэсэн үндэслэлээр шүүх хуралдаан хойшилж байсан, өмгөөлөгчид төлсөн гэх зардлыг гаргуулах үндэслэлгүй гэж үзэн  хангаагүй боловч шүүгдэгчийн зүгээс шүүх хуралдааны үед сайн дураараа  455.000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь талийгаач Б.Б-ыгтэтгэвэр тогтоолгосон бол  үүнээс хойш 20 жилийн турш авах ёстой байсан гэх тэтгэвэрт тооцож нэхэмжилсэн 84.000.000 төгрөгийн нэхэмжлэл нь шүүх хуралдааны  үед тооцоо гаргах бололцоогүй байх тул хэлэлцэхгүй  орхиж,  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх  журмаар нэхэмжлэх  эрхтэйг дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгчийн энэ хэрэгт 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс цагдан хоригдсон 21 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу эдлэх ялд нь оруулан тооцов.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж битүүмжлэгдсэн “Kia Bongo” маркийн 67-20ХЭҮ улсын дугаартай автомашиныг битүүмжилсэн прокурорын 2020 оны 08 дугаар сарын 21-нйи өдрийн 33 дугаартай тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт  хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эыг 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт  заасны дагуу  шүүгдэгч Д.Э-т  оногдуулсан  8 /найм/ жилийн хугацаагаар  хорих ялыг нээлттэй  хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

            4. Шүүгдэгч Д.Эын 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс цагдан хоригдсон 21 /хорин нэг/ хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд заасны дагуу эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн талийгаач Б.Бын авах ёстой байсан тэтгэвэр гэх  84.000.000 төгрөгийн нэхэмжлэл нь  шүүх хуралдааны  үед тодорхой тооцоо гаргах бололцоогүй байх тул хэлэлцэхгүй  орхиж,  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх  журмаар нэхэмжлэх  эрхтэйг дурдсугай.

6. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж, битүүмжлэгдсэн “Kia Bongo” маркийн 67-20ХЭҮ улсын дугаартай автомашиныг битүүмжилсэн прокурорын 2020 оны 08 дугаар сарын 21-нйи өдрийн 33 дугаартай тогтоолыг хүчингүй болгосугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Э-тавсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ГАНЗОРИГ

 

 

 

                                            ШҮҮГЧ                                  Х.САНЖИДМАА

 

 

 

                                            ШҮҮГЧ                                   Э.ОДХҮҮ