Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/271

 

 

 

 

 

 

2021         03           04                                     2021/ШЦТ/271

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,

Улсын яллагч Б.Тулга,

Хохирогч Г.Ганпүрэв,

Шүүгдэгч Н.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Нд холбогдох 2006 03645 2841 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1970 оны 08 сарын 17-ны өдөр төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 15 дугаар гудамжны 304Б тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 18 дугаар байрны 6 тоотод / Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, УС-15 хувийн орон сууцны 2 дугаар байрны 1 тоотод/ түр оршин суух, улсаас авсан шагналгүй,

Дорноговь аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж, Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгчийн 2012 оны 11 сарын 16-ны өдрийн 334 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 18 хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзагдсан, Х овогт Нийн Н /РД:./,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Н.Н нь 2020 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт танилын харилцаатай гэх Г.Ганпүрэвтэй маргалдаж, улмаар түүний хүзүүн тус газарт цаасны хутгаар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Нгийн өгсөн: “Би Ганпүрэвийг бэртээж, гэмтээнэ гэж бодоогүй, Би тухайн үед уусан байсан. Намайг цохих гэхээр нь хаах гэж байсан. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Ганпүрэвийн өгсөн: “Би Нтэй 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр таарсан байсан. Энэ хүн архи уугаад яваад байдаг хүн. Би тэр өдөр архи авч өгөөд “битгий архи уугаад бай ажил олж хий” гэж хэлсэнд юм бодсон юм шиг байсан. 3 хоногийн дараа дэлгүүрийн гадаа нэг эмэгтэй хүнтэй зогсож байхад ирээд архи нэхээд байсан. Би “байнга ингэж байх юм одоо боль” гээд хөөгөөд эргэж хараад зогсож байтал ар талаас хүзүү рүү цохисон. Би хойноос нь гүйх гэтэл хүзүүнээс цус гарч эхэлсэн. Цаасны хутгаа боосон байсныг нь харсан. Би зодож цохисон зүйл байхгүй. Бид зүгээр танилаас цаашгүй. Би 1.593.000 төгрөг нэхэмжилж байгаа юм. Энэ мөнгө нь эм тариа эмчилгээний төлбөр болон ажил хийж чадаагүй үеийн 1 сарын цалин байгаа юм...” гэх мэдүүлэг,

Иргэн Г.Ганпүрэвээс цагдаагийн байгууллагад гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.6-11/,

Мөрдөгчийн тэмдэглэл /хх.13/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Ганпүрэвийн өгсөн: “... 2020 оны 08 сарын 23-ны өдөр БЗД-ийн 8-р хороо, ДХИС-н урд байх Амгалан хүнсний дэлгүүрийн урд талын сандал дээр сууж байсан. Тэгээд 16 цагийн үед зүс таних Норжоо ... цаасны хутга гаргаж ирээд хүзүү хэсэгт нэг удаа зүссэн. Тэгээд миний хүзүүнээс цус алдаад байхаар нь эмнэлэг дуудсан...” гэх мэдүүлэг /хх.18-20/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч О.Болороогийн 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 10408 дугаартай:

“1. Г.Ганпүрэвийн биед хүзүүнд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ир, ирмэг бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.25-26/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Н.Нгийн яллагдагчаар өгсөн: “... мэдүүлгээ өмгөөлөгчгүй өгөхөд татгалзах зүйлгүй. Би Монгол хэл бичгээр уншиж бичиж чадна... Ганпүрэв урдаас хүрч ирээд миний архинаас ууж байгаад дахиж агсам тавьж миний гуя руу өшиглөхөөр нь би хөлөө бариад тонгойсон чинь миний халаасанд цаасны хутга байсан. Тэрийгээ гаргаж ирээд Ганпүрэвийг цохих гэхээр нь би хаах гээд гараараа хамгаалсан чинь Ганпүрэвийн хүзүү хэсэгт нь зүсэгдсэн. Тэгээд л Ганпүрэв чулуу бариад хөөхөөр нь би зугтаад явсан. Тэрнээс хойш ерөөсөө тааралдаагүй...” гэх мэдүүлэг /хх.36-37/,

Хохирлын баримтууд /шинээр гаргасан 9 хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Н.Н нь 2020 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт танилын харилцаатай гэх Г.Ганпүрэвтэй маргалдаж, улмаар түүний хүзүүн тус газарт цаасны хутгаар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Иргэн Г.Ганпүрэвээс цагдаагийн байгууллагад гаргасан гэмт хэргийн талаарх гомдол,мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.6-11/,

Мөрдөгчийн тэмдэглэл /хх.13/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Ганпүрэвийн өгсөн: “... 2020 оны 08 сарын 23-ны өдөр БЗД-ийн 8-р хороо, ДХИС-н урд байх Амгалан хүнсний дэлгүүрийн урд талын сандал дээр сууж байсан. Тэгээд 16 цагийн үед зүс таних Норжоо ... цаасны хутга гаргаж ирээд хүзүү хэсэгт нэг удаа зүссэн. Тэгээд миний хүзүүнээс цус алдаад байхаар нь эмнэлэг дуудсан...” гэх мэдүүлэг /хх.18-20/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч О.Болороогийн 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 10408 дугаартай:

“1. Г.Ганпүрэвийн биед хүзүүнд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ир, ирмэг бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3.  Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.25-26/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Н.Нгийн яллагдагчаар өгсөн: “... Ганпүрэв урдаас хүрч ирээд миний архинаас ууж байгаад дахин агсам тавьж миний гуя руу өшиглөхөөр нь би хөлөө бариад тонгойсон чинь миний халаасанд цаасны хутга байсан. Тэрийгээ гаргаж ирээд Ганпүрэвийг цохих гэхээр нь би хаах гээд гараараа хамгаалсан чинь Ганпүрэвийн хүзүү хэсэгт нь зүсэгдсэн...” гэх мэдүүлэг /хх.36-37/,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Ганпүрэвийн өгсөн: “Би Нтэй 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр таарсан байсан. Энэ хүн архи уугаад яваад байдаг хүн. Би тэр өдөр архи авч өгөөд “битгий архи уугаад бай ажил олж хий” гэж хэлсэнд юм бодсон юм шиг байсан. 3 хоногийн дараа дэлгүүрийн гадаа нэг эмэгтэй хүнтэй зогсож байхад ирээд архи нэхээд байсан. Би “байнга ингэж байх юм одоо боль” гээд хөөгөөд эргэж хараад зогсож байтал ар талаас хүзүү рүү цохисон. Би хойноос нь гүйх гэтэл хүзүүнээс цус гарч эхэлсэн. Цаасны хутгаа боосон байсныг нь харсан...” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт Н.Н өгсөн мэдүүлэгтээ “биеэ хамгаалж болгоомжгүйгээр хохирогчид гэмтэл учруулсан” гэх боловч хэргийн нөхцөл байдал, нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгчийн мэдүүлэгт дурдагдсан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Н.Нг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгчийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Н.Нгийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна. 

Хохирогч Г.Ганпүрэвийн нэхэмжилсэн нийт 1.593.000 төгрөгөөс өвчний учир ажилгүй  байсан нэг сарын цалин 1.500.000 төгрөгийн нэхэмжлэлийг нотлох баримт хангалтгүй учир хэлэлцэхгүй орхиж, эмчилгээний зардал 93.000 төгрөгийг шүүгдэгч Н.Нгээс гаргуулж хохирогч Г.Ганпүрэвт олгох нь зүйтэй.

Харин хохирогч Г.Ганпүрэв нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Н.Нгээс жич нэхэмжлэх эрхтэй болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Н.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Н.Нгийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, урьд зэвсэг хэрэглэсэн танхайн хэрэгт шүүхээс хорих ял шийтгэгдэж байсан боловч дахин зэвсэг хэрэглэж хүний биед гэмтэл учруулсан, гэм буруугийн хэлбэрийн талаар маргаж буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

Н.Нд эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Н.Нд оногдуулсан 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялын биелэгдээгүй найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

Н.Нг 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс одоог хүртэл цагдан хорьсон 28 хоногийн нэг хоногийг найман цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялд тооцон эдлэх ялаас хасаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.11 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгоод ТОГТООХ нь:

1. Хатигин овогт Нийн Нг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Нд 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

          3. Н.Нд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар, Н.Нг цагдан хорьсон 28 хоногийг 224 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялд тооцон эдлэх ялаас хасаж, үлдэх 276 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биечлэн эдлүүлсүгэй.

          5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар,  ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялын биелэгдээгүй найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Н.Нд сануулсугай.

          6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.Нгээс 93.000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Ганпүрэвт олгосугай.

          8. Хохирогч Г.Ганпүрэв нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Н.Нгээс жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

9. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          10. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Н.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

   

 

ДАРГАЛАГЧ,

       ШҮҮГЧ                    С.ӨСӨХБАЯР