Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 2021/ШЦТ/171

 

 

 

 

 

 

  2021        03          15                                   2021/ШЦТ/171

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав, 

улсын яллагч Г.Ууганбаатар,

  шүүгдэгч Б.Г /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах мдүгнэлт үйлдэж ирүүлсэн   Б.Г-д холбогдох эрүүгийн 2111 00028 0104 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1994 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт       дүүргийн       дугаар хороо,           хороолол,         тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй,

  Б.Г, регистрийн дугаар: .

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Б.Г нь 2020 оны 12 дугаар сарын 14-ний орой 21 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Жаргалантын 27 дугаар гудамжны 456 тоотод “намайг шоолоод байна уу, инээдтэй байна уу” гэх зэргээр уурлаж хохирогч Б.Баасанжаргалтай маргалдан улмаар шар өнгийн иштэй хутгаар хацар, цээж хэсэгт зүсэж Б.Баасанжаргалын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч Б.Баасанжаргалын “...2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Б.Г-тай болон түүний охин 10 сартай Саруулзаяатай хамт Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Жаргалантын 27-456 тоотод байж байхад гаднаас найз Батчимэг ирсэн. Батчимэг нь охин Саруулзаяагийн хумсыг яасан муухай авдаг юм эмэгтэй хүүхдийн гар хурууны хумсыг гэж ярихаар нь би утсаа оролдож байгаад инээсэн чинь Б.Г надад уурлаад чамд инээдтэй байна уу, нэг нь загинаад нөгөө нь инээгээд ч байх шиг битгий давраад байгаарай бүгдээрээ зайлцгаа гээд уурлаад байсан. Мах хэрчиж байсан хутгаа бариад орилоод байхаар нь би зүгээр инээж ч болохгүй юу гэж хэлээд гараад явсан. Тэгээд би дуудлагын архи дуудаж Ауруг нэртэй архи авч ганцаараа уусан. Тэгээд гэр рүүгээ орсон. Унтаж байх хооронд миний утсыг Б.Г аваад хуучин эхнэр бид хоёрын чатыг уншсан тэгээд намайг цохиж сэрээсэн. Босож ирээд тэр сэдвээрээ хэрэлдэж байгаад утсаа цэнэглээд ширээний хажууд сууж байхад хажууд байсан Саруулзаяа охин миний өвдгөнд тулаад зогссон байхад би өвдгөө хөдөлгөхөд унаад өгсөн. Тэгээд сууж байхад халуу төөнөөд яваад өгсөн. Тэгээд би нүдээ нээхэд Батчимэг миний хацран дээр подволк барьчихсан нүүрний цус тогтоогоод яагаад хутгалж байгаа юм бэ гээд Б.Г руу орилж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/,

Гэрч З.Батчимэгийн “...Тэгээд би Баярмаа эгчтэй харих гээд явж байтал чи ер нь буцаад Б.Г-гийн гэрт очиж хоно гээд намайг хүргэж өгөөд явсан. Удалгүй Баасанжаргал согтуу орж ирээд Б.Г-г хоночихсон шээс тэвэрчхээд ямар бардам юм, эцэг нь шоронгийн хадаас биз дээ гээд хоорондоо хэрэлдээд байсан. Тэгээд би орон дээр унтах гээд хэвтэж байтал Баасанжаргал нь Б.Г-г хурандаа аав чинь надад хамаагүй шүү, шүдээ зуугаад намайг занаад байгаа юм уу гээд байсан. Тэгсэн чинь Б.Г чи дуугүй бол чамайг занаагүй байна гэснээ чадах, чадахгүйг харах уу гээд гал тогооны шкафан дээр байсан хутга аваад Баасандоржийн цээжний гол хэсэг, зүүн хацарт нь нэг удаа хутгалчихсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн №41 дугаартай “...Б.Баасанжаргалын биед зүүн хацар, цээжний шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир бүхий зүйлийн 3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 30 дугаар хуудас/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-11 дүгээр хуудас/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 49/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 51/, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 26 дугаар тогтоол /хх 76/, хохирогч, шүүгдэгч нарын гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 72-74/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Г нь 2020 оны 12 дугаар сарын 14-ний орой 21 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Жаргалантын 27 дугаар гудамжны 456 тоотод “намайг шоолоод байна уу, инээдтэй байна уу” гэх зэргээр уурлаж хохирогч Б.Баасанжаргалтай маргалдан улмаар шар өнгийн иштэй хутгаар хацар, цээж хэсэгт зүсэж Б.Баасанжаргалын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Б.Баасанжаргалын мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/, гэрч З.Батчимэгийн мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн №41 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 30 дугаар хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-11 дүгээр хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Шүүгдэгч Б.Г нь хохирогчийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдсан өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн атлаа хор уршгийг хүсэж үйлдсэн гэх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан, ингэхдээ хуульд заасан торгох ял оногдуулах талаар гаргасан улсын яллагчийн санал буюу түүнийг зөвшөөрч шүүгдэгч гэм буруу, ял шийтгэлийн хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан тэмдэглэл зэргийг харгалзав.

Хохирогч Б.Баасанжаргал нь “..Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгч Б.Г-г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Иймд шүүх шүүгдэгч Б.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ял шийтгэв.

Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-д оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн нийт 27.5 см урттай шар өнгийн иштэй ахуйн хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч   Б.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн нийт 27.5 см урттай шар өнгийн иштэй ахуйн хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.

6. Шүүгдэгч Б.Г нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй. Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

8. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.РЕНЧЕНХОРОЛ