| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 186/2021/0145/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/172 |
| Огноо | 2021-03-15 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | М.Энхбаатар |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 2021/ШЦТ/172
2021 03 15 2021/ШЦТ/172
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав,
улсын яллагч М.Энхбаатар,
шүүгдэгч Г.Ц /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Ц-д холбогдох эрүүгийн 2111 00000 0103 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1998 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Төв аймгийн Заамар суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын засварчин мэргэжилтэй, Писи малл худалдааны төвд худалдааны зөвлөх ажилтай, ам бүл 7, аав, ээж, дүү нарын хамт оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,
Г.Ц /РД: /.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;
Шүүгдэгч Г.Ц нь биткойныг хямд үнээр худалдаж аваад, өндөр үнээр зарж ашиг олох зорилгоор 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр “Валют арилжаа” гэх хуурамч фейсбүүк хаяг нээсэн ба 2020 оны 12 дугаар сарын 27-ны өдөр “Intellectual Talisman” гэх фейсбүүк цахим хаягаас иргэн Ц.Цогтбаатар нь “0.01 биткойныг 700.000 төгрөгөөр зарна” гэсэн зар байршуулсны дагуу түүнтэй холбогдож түүний 0.01 биткойныг 700.000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” гэсэн хуурамч гэрээг цахимаар илгээн итгүүлж, иргэн Ц.Цогтбаатараас Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 43- 506 тоотод оршин суух гэртээ байхдаа илгээсэн 0.01 биткойныг өөрийн биткойны цахим данс болох “372gsZ6Vy8ot7hPmhBVQ2JH1h2rv8xnu9Z” гэсэн данс руу шилжүүлэн авч хуурамч баримт бичиг үйлдэн, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, өмчлөгчийн эд хөрөнгийг нь өөртөө шилжүүлэн авсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Ц нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би хариуцлагаа хүлээнэ. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Иргэн Ц.Цогтбаатараас Цагдаагийн газарт гаргасан гомдол ба түүнд хавсаргасан баримтууд /хх-ийн 2-10-р хуудас/,
Хохирогч Ц.Цогтбаатарын “....надад нийт 700.000 төгрөгийн хохирол учирсан. Уг хохирлыг Г.Ц нь төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-р хуудас/,
Хохирогч Ц.Цогтбаатарын гэрчээр өгсөн “...Би 2020 оны 12 дугаар сарын 27-ны өдөр өөрийн “intellectual Talisman” гэх фейсбүүк хаягаас 0.01 биткойныг худалдаалах зар байршуулсан юм. Энэ зарын дагуу тус өдөр “Валют арилжаа” гэх фейсбүүк хаягаас 700.000 төгрөгөөр худалдаж авна гэж фейсбүүкийн мессенжерээр санал ирсний дагуу зөвшөөрч “Валют арилжаа” гэх фейсбүүк хаягтай үл мэдэх хүнтэй гэрээ байгуулан өөрт байсан 0.01 биткойныг “372gsZ6Vy8ot7hPmhBVQ2JH1h2rv8xmu9Z Vallent” гэх цахим хэтэвчинд шилжүүлж, шилжүүлсэн тухайгаа “Валют арилжаа” гэх фейсбүүк хаягтай үл таних хүнд хэлтэл “таны захиалга орж ирсэн. Өнөөдөртөө таны мөнгө орчих байх” гэж чат бичсэн. Ингээд 2020 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс хойш миний данс руу миний шилжүүлсэн 0.01 биткойны мөнгө болох 700.000 төгрөг ороогүй өнөөдрийг хүрч байна. Би 0.01 биткойныг 2018 онд “Hashflare” гэх газартай онлайнаар гэрээ байгуулж, олборлож олсон юм. Тухайн үед 1 биткойн 10.000 доллар байсан. Би 0.01 биткойноо “blockchain” гэх апплекэйшин ашиглан шилжүүлсэн. Би тухайн хүнийг олж өөрийн 0.01 биткойныг эргүүлэн авах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-р хуудас/,
“Дамно” хөрөнгө үнэлгээний газраас гаргасан үнэлгээний тайлан /30-31-р хуудас/,
Trade.mn сайтаас ирүүлсэн 2021.01.28-ны өдрийн 21/06 дугаартай албан бичиг /хх-ийн 26-р хуудас/,
шүүгдэгч Г.Ц-ийн хуурамчаар үйлдсэн гэх Валют худалдах, худалдан авах гэрээний хуулбар /хх-ийн 10-11-р хуудас/,
шүүгдэгч Г.Ц-ийн Хаан банкны 5739065939 дугаарын дансны хуулга /хх-ийн 39-41-р хуудас/,
шүүгдэгч Г.Ц-өөс бусдад учруулсан хохирлын мөнгө болох 705.000 төгрөгийг хохирогч Ц.Цогтбаатарт хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 51-р хуудас/,
шүүгдэгч Г.Ц-ийн “...тэгээд би уг дансыг ашиглан биткойн хямд худалдан аваад өндөр үнээр зарж ашиг олох зорилгоор 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Валют арилжаа гэх нэртэй хуурамч фейсбүүкийн хаяг нээсэн юм... би ашиг олох шунахайн зорилгоор уг гэмт хэргийг үйлдсэн юм...би өөрийн гэм бурууг ойлгож байгаа тул надад хөнгөн ял оногдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 58-59-р хуудас/,
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 69/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 44/, ажлын газрын тодорхойлолт /хх 43/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх 45/, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 27 дугаар тогтоол /хх 70/, хохирогч, шүүгдэгч нарын гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 62-63/ зэргийг шинжлэн судлалаа.
Шүүгдэгч Г.Ц нь биткойныг хямд үнээр худалдаж аваад, өндөр үнээр зарж ашиг олох зорилгоор 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр “Валют арилжаа” гэх хуурамч фейсбүүк хаяг нээсэн ба 2020 оны 12 дугаар сарын 27-ны өдөр “Intellectual Talisman” гэх фейсбүүк цахим хаягаас иргэн Ц.Цогтбаатар нь “0.01 биткойныг 700.000 төгрөгөөр зарна” гэсэн зар байршуулсны дагуу түүнтэй холбогдож түүний 0.01 биткойныг 700.000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” гэсэн хуурамч гэрээг цахимаар илгээн итгүүлж, иргэн Ц.Цогтбаатараас Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 43- 506 тоотод оршин суух гэртээ байхдаа илгээсэн 0.01 биткойныг өөрийн биткойны цахим данс болох “372gsZ6Vy8ot7hPmhBVQ2JH1h2rv8xnu9Z” гэсэн данс руу шилжүүлэн авч хуурамч баримт бичиг үйлдэн, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, өмчлөгчийн эд хөрөнгийг нь өөртөө шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн иргэн Ц.Цогтбаатараас Цагдаагийн газарт гаргасан гомдол ба түүнд хавсаргасан баримтууд /хх-ийн 2-10-р хуудас/, хохирогч Ц.Цогтбаатарын мэдүүлэг /хх-ийн 14-р хуудас/, хохирогч Ц.Цогтбаатарын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 17-18-р хуудас/, “Дамно” хөрөнгө үнэлгээний газраас гаргасан үнэлгээний тайлан /30-31-р хуудас/, Trade.mn сайтаас ирүүлсэн 2021.01.28-ны өдрийн 21/06 дугаартай албан бичиг /хх-ийн 26-р хуудас/, шүүгдэгч Г.Ц-ийн хуурамчаар үйлдсэн гэх Валют худалдах, худалдан авах гэрээний хуулбар /хх-ийн 10-11-р хуудас/, шүүгдэгч Г.Ц-ийн Хаан банкны 5739065939 дугаарын дансны хуулга /хх-ийн 39-41-р хуудас/, шүүгдэгч Г.Ц-өөс бусдад учруулсан хохирлын мөнгө болох 705.000 төгрөгийг хохирогч Ц.Цогтбаатарт хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 51-р хуудас/, шүүгдэгч Г.Ц-ийн мэдүүлэг /хх-ийн 58-59-р хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Г.Ц-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан, ингэхдээ хуульд заасан торгох ял оногдуулах талаар гаргасан улсын яллагчийн санал буюу түүнийг зөвшөөрч шүүгдэгч гэм буруу, ял шийтгэлийн хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан тэмдэглэл зэргийг харгалзав.
Хохирогч Ц.Цогбаатар нь “..Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Хохирол болох 705.000 төгрөгийг авсан...” гэх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгч Г.Ц-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Иймд шүүх шүүгдэгч Г.Ц-ийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч хуурамч баримт бичиг, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, өмчлөгчийн эд хөрөнгийг нь өөртөө шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ял шийтгэв.
Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ц-д оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.
Шүүгдэгч Г.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.Ц-ийг 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч хуурамч баримт бичиг, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, өмчлөгчийн эд хөрөнгийг нь өөртөө шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ц-ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ц-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ц нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч Г.Ц нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй. Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ