Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 1138

 

      П.Хүрэлбаатарын нэхэмжлэлтэй,

     иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,       

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2017/00715 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч П.Хүрэлбаатарын нэхэмжлэлтэй

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох         

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ болон 2016 оны 11 дүгээр сарыг 25-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаа, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 2 дахь албадан дуудлага худалдааг тус тус хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэнйи хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 4386 дугаар захирамжаар 50 250 000 төгрөг гаргуулж О.Баатархүүд олгохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо БУК 54 дүгээр байрны 40 тоот 1 өрөө орон сууцыг 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 4386/01 дүгээр тогтоолоор эд хөрөнгийг битүүмжилж, 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 4386/02 дугаар тогтоолоор эд хөрөнгө хураасан. Шийдвэр гүйцэтгэх алба 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 3/34431 дүгээр мэдэгдлээр “төлбөр төлөгч П.Хүрэлбаатарын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, БУК 54 дүгээр байрны 40 тоот 1 өрөө орон сууцыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу харилцан тохиролцсон үнэ 45 000 000 төгрөгийн 70 хувь 31 500 000 төгрөгөөр дуудлага худалдаанд санал болгох доод үнийг тогтоох” болсныг мэдэгдсэн. Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол үйлдэх үед шийдвэр гүйцэтгэгчид 65 000 000 төгрөгийн үнэтэй гэдгээ бичиж өгсөн боловч шийдвэр гүйцэтгэгч хөрөнгө битүүмжлэх тогтоолд үнэ гэдэгт нь тусгах шаардлагатай байна 45 000 000 төгрөгөөр бичиж өг гэсний дагуу бичиж өгсөн. Миний орон сууц сайтай, өртөг өндөртэй тул өөрийн дураар үнэ хямдруулан худалдах гэж байгаад гомдолтой байна. Иймд орон сууц үнэлсэн үнэлгээ, 45 000 000 төгрөгөөс 70 хувиар бууруулан 31 500 000 төгрөгөөр үнэлэн 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 10.00 цагт зохион байгуулж явуулсан дуудлага худалдаа, дээрх үнээс 50 хувиар бууруулан 22 500 000 төгрөгөөр үнэлэн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 10.00 цагт зохион байгуулж явуулсан албадан дуудлага худалдаа зэргийг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан боловч одоо 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн анхны дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Болормаа шүүхэд гаргасан тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төлбөр төлөгч П.Хүрэлбаатар нь өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо БУК 54 дүгээр байрны 40 тоот 1 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж төлбөрийг төлөх хүсэлт гаргасан тул дээрх орон сууцыг битүүмжилж, хураан Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар үнийн санал авч, төлбөр төлөгч үнийн саналаа 45 000 000 төгрөг гэж өгсөн бөгөөд энэ үнийг төлбөр авагч хүлээн зөвшөөрсөн тул төлбөр төлөгчид Иргэний хуулийн 177 дугаар зүйлийг тайлбарлан өгч тэмдэглэл хийж баталгаажуулан хуульд заасны дагуу үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч нарын харилцан тохирсон үнийн 70 хувиар тооцон анхны үнийг нийтэд мэдээлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт зааснаар хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан гаргасан 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 10 цагт болсон анхны дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч П.Хүрэлбаатарын татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 4386 дугаартай захирамжийн дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ болон уг үнэлгээг 50% бууруулан 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 10.00 цагт зохион байгуулж явуулсан хоёр дах албадан дуудлага худалдаа зэргийг тус тус хүчингүй болгуулах тухай П.Хүрэлбаатарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасны дагуу гомдлоо шүүхэд гаргаж, шүүхээс иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан. Гэтэл Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 3/35936 тоот албан мэдэгдлээр П.Хүрэлбаатарын өмчлөлийн орон сууцыг 45 000 000 төгрөгөөс 70 хувиар бууруулан 31 500 000 төгрөгөөр 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 10.00 цагт албадан дуудлага худалдаанд оруулах болохыг, 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 3/37920 тоот албан мэдэгдлээр П.Хүрэлбаатарын өмчлөлийн 1 өрөө орон сууцыг 45 000 000 төгрөгөөс 50 хувиар бууруулан 17 500 000 төгрөгөөр 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 10.00 цагт албадан дуудлага худалдаанд оруулах мэдэгдэл явуулсан. Албадан дуудлага худалдааны дуудах анхны үнийн талаар шүүхэд нэхэмжлэл гарган маргаж байхад П.Хүрэлбаатарын өмчлөлийн 1 өрөө орон сууцыг 45 000 000 төгрөгөөс 50 хувиар бууруулан 17 500 000 төгрөгөөр 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 10.00 цагт албадан дуудлага худалдаанд оруулсан нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, П.Хүрэлбаатарын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, БУК 54 дүгээр байрны 40 тоот 1 өрөө орон сууцыг 45 000 000 төгрөгийг 50 хувиар бууруулан 17 500 000 төгрөгөөр 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн дүгнэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан гэж дүгнэв.

Нэхэмжлэгч П.Хүрэлбаатараас хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ, анхны болон 2 дахь албадан дуудлага худалдааг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч  шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШЗ2016/04386 дугаар “Талуудын эвлэрлийг баталгаажуулах тухай” захирамжийн дагуу нэхэмжлэгч П.Хүрэлбаатар зээлийн төлбөр 50 250 000 төгрөгийг О.Баатархүүд сайн дураар төлж биелүүлээгүйн улмаас Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас түүний зээлийн төлбөрт барьцаалсан орон сууцыг битүүмжлэх, хурааж тэмдэглэл үйлдэх, төлбөр төлөх хугацаа тогтоосон мэдэгдэл хүргүүлэх зэргээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.5 дахь хэсэгт заасан ажиллагааг зохих ёсоор явуулсан үйл баримт тогтоогдсон талаар анхан шатны шүүх  дүгнэсэн нь зөв болжээ. /хх 7-9, 25-27,31/

Улмаар төлбөр төлөгч П.Хүрэлбаатараас Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, БУК 54 дүгээр байрны 40 тоот 1 өрөө орон сууцыг дуудлага худалдаагаар худалдах үнийг 45 000 000 төгрөгөөр үнэлэн саналаа ирүүлснийг төлбөр авагч О.Баатархүү зөвшөөрсөн байх тул дуудлага худалдааны санал болгох доод үнийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу төлбөр төлөгчид 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 3/34431  албан тоотоор мэдэгдсэн байна. /хх 32-33/

 Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь анхны дуудлага худалдаа болон хоёр дахь дуудлага худалдаа эхлэх зарыг уг худалдаа эхлэхээс 14 хоногийн өмнө Үндэсний шуудан сонинд тус тус нийтлүүлсэн нь Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 Нэхэмжлэгч өөрөө орон сууцны үнийг 45 000 000 төгрөгөөр үнэлэх хүсэлтээ Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр гаргасан атлаа үнэлгээг хүчингүй болгуулах, үүнтэй холбоотой анхны болон хоёр дахь дуудлага худалдааг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасантай нийцэхгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Нэхэмжлэгч П.Хүрэлбаатар 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн анхны албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байхад түүний өмгөөлөгч 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн  хоёр дахь дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар давж заалдах гомдол гаргасан  бөгөөд тул энэ талаарх гомдол үндэслэлгүй.

 Нөгөө талаар, дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг, үнэ тогтоох эрх бүхий үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар, хоёр дахь дуудлага худалдааны доод үнийг 50 хувиар тогтоохоор Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 177.4 дэх хэсэгт зааснаар зохицуулсан бөгөөд энэ нь тухайн хөрөнгийг шууд худалдах үнэ бус, харин энэ үнээс дээшээ санал гаргах агуулга бүхий  болохыг тайлбарлах нь зүйтэй.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2017/00715 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Боргилоос давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      М.НАРАНЦЭЦЭГ

                                                                 ШҮҮГЧИД                                      Д.ЦОГТСАЙХАН

                                                                                                                         Д.БАЙГАЛМАА