Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2018/01669

 

 “М” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Д.Цолмон,  Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2018/00842 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 1431 дүгээр магадлалтай

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

“Т” ХХК-д холбогдох

Гэрээний үүрэг, хохиролд 11 000 000 төгрөг гаргуулах тухай  иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Баярбилэгийн хяналтын журмаар гаргасан гомдлын дагуу

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Нямдовчин, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Баярбилэг, хариуцагчийн өмгөөлөгч Б.Бүрнээ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хоёр компанийн хооронд 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Хамтран ажиллах тухай гэрээ байгуулагдаж, тус гэрээний дагуу бид Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэр, Туул голын баруун дэнжид байрлах “Т” ХХК-ийн эзэмшлийн 26.08 га бүхий, MV-016841 тоот тусгай зөвшөөрөлтэй талбайд хөрс хуулалтын үйл ажиллагааг 07 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн явуулсан. Тус гэрээний 7 дугаар зүйлийн 7.1-д Б тал (М ХХК) нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж ажиллахаа баталж, барьцаа хөрөнгө болох 150 000 000 төгрөгийг А талын дансанд байршуулна хэмээн заасны дагуу бид эхний жилийн төлбөр болох 50 000 000 төгрөгийг “Т” ХХК-ийн дансанд гэрээ байгуулагдсаны дараагаар байршуулсан. Барьцааны 150 000 000 төгрөг нь жил бүрийн 50 000 000 төгрөгөөр тооцсон байсан. Дээрх гэрээний гол нөхцөл нь “Т” ХХК нь өөрийн эзэмшлийн талбайгаа бидэнд ашиглуулах, бид өөрийн тоног төхөөрөмж, хүн хүч, хөрөнгөөр олборлолтын үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэй талбай дээр явуулах, олсон ашгаа гэрээнд заасны дагуу хувиарлах бөгөөд 3 жилийн хугацаанд хүчин төгөлдөр үйлчлэх байсан. Гэрээний дагуу үйл ажиллагаа хэвийн явж байсан, гэтэл нэг талын санаачилгаар буюу “Т” ХХК-ийн саналаар гэрээг 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр мэдэгдэл өгч 2 хоногийн дараа буюу 23-ны өдөр шалтгаангүйгээр гэрээг цуцалж, яаралтай талбай чөлөөлж өгөхийг шаардсан. Бид гэрээний дагуу талбайг чөлөөлж, олборлосон алтаа Монгол Банкинд тушааж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Мөн “Т” ХХК нь барьцаа төлбөр болох 50 000 000 төгрөгөөс 40 000 000 төгрөгийг бидэнд буцаан төлсөн боловч өдийг хүртэлх хугацаанд үлдэгдэл төлбөр болох 10 000 000 төгрөгийг төлөхгүй, мөнгөгүй гэдэг шалтгаанаар төлөхгүй байна. Энэ нь Хамтран ажиллах тухай гэрээний 7 дугаар зүйлийн 7.2-т Б тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзсэн тохиолдолд А тал нь барьцаа хөрөнгийг Б талд гэрээ дуусгавар болсноос хойш 2 хоногийн дотор шилжүүлнэ хэмээсэн заалтыг зөрчиж байна. “Т” ХХК-ийн буруутай үйл ажиллагааны улмаас бид өдөр бүр банкинд хүү төлж байна. Гэхдээ гэрээнд тусгагдаагүй тул бид банкны хүү нэхэмжлээгүй. Үндсэндээ манай компаниар хөрс хуулах ажиллагааг хийлгэчихээд талбайгаас гаргачихсан. Гэрээгээр Монгол банктай гурвалсан гэрээ байгуулагдах ёстой ч “Т” ХХК өөрөө гэрээгээ байгуулаагүй. Талбайгаас өдөрт олборлож байгаа алтны хэмжээ Стандартчилал хэмжил зүйн газраас мөрддөг журамд заасан 10 граммаас бага байсан тул нийлүүлээд Улаанбаатар хотод 2017 оны 08 дугаар сарын 31-нд ирэхдээ манайх “Т” ХХК-ийн нэрийн өмнөөс алтыг тушаасан. Хэтэрхий бага хэмжээтэй алт гарч байсан учраас авахгүй байсан. Үүнийг н.Оюунхүү захирал өөрөө мэдэж байсан. Мөн өөрсдөө ашигт малтмал олборлох талбайгаа зааж өгөхгүй байсан. Зааж өгсөн газарт очиход хэд хэдэн газрыг оруулсан байсан тул яг манай талбай аль хэсэг гэдгийг тогтоож өгөхгүй байсаар олборлолтын ажил 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлсэн. Мөн олборлолтын үед маш бага хэмжээний алт гарч байсан ч гэрээний дагуу өдөр бүрийн гарсан металлын хувийг тухай бүрт нь авдаг байсан. Нөхөн сэргээлтийг манайх гарахдаа хийгээд н.Оюунхүү захирал, н.Хонгорзул захиралтай талбайгаар хамт явж үзүүлсэн. Иймд үлдэгдэл төлбөр болох 10 000 000 төгрөг, мөн хууль зүйн туслалцаа авсны 1 000 000 төгрөг, нийт 11 000 000 төгрөгийг “Т” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчтэй 2017 оны 07 дугаар сарын  06-ны өдөр гэрээ байгуулж манай эзэмшлийн талбайд олборлолтын үйл ажиллагаа явуулахаар тохиролцсон. Хамтран ажиллах явцад гэрээний үүргээ удаа дараа зөрчиж байсан. Энэ зөрчлийг арилгах, гэрээг цуцлах талаар нэхэмжлэгч компанийн захирал болох Ж.Цэрэндэгд, уурхайн дарга н.Гансугар, н.Төгөлдөр гэх хүмүүстэй гэрээний үүргээ биелүүлэхгүй зөрчиж байгаа талаар олон удаа хамтран уулзаж, удаа дараа зөрчлийг арилгуулахаар мэдэгдэл өгч байсан. Гэтэл “М” ХХК нь хамтран ажиллах гэрээний үүргээ зөрчиж, тусгай хамгаалалттай бүсэд үйл ажиллагаа явуулах, нөхөн сэргээлт хийхгүй байх, гэрээний дагуу олборлосон металлаа Ашигт малтмалын хуульд заасны дагуу Монгол банкинд тушаахгүй байх зэргээр хамтран ажиллах гэрээний 4.1, 5.1, 6.1, 12.2.1, 12.2.2, 12.2.3, 12.2.6 заалтуудыг тус тус зөрчсөн. Талуудын хооронд байгуулсан гэрээнд барьцаа буцаан олгохгүй байх нөхцөлүүдийг зааж өгсөн байдгаас нэхэмжлэгч 7.5.1, 7.5.2, 7.5.6-д заасан зөвшөөрөлгүй ашигласан, тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байдал алдагдсан, нөхөн сэргээх ажиллагааг тогтоосон хугацаанд стандартын дагуу хийж гүйцэтгээгүй гэсэн үндэслэлүүд бүрдсэн тул барьцааны үлдэгдэл 10 000 000 төгрөгийг олгох үндэслэлгүй. Тухайлбал, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиар гол мөрний ай саваас 20 км дотогш ажиллагаа явуулахыг хориглодог. Гэтэл нэхэмжлэгч тусгай хамгаалалттай бүсэд байрлаж, ажиллагаагаа явуулсан нь мэргэжлийн хяналтын байгууллагаас тухайн газарт хийсэн 2017 оны 07 дугаар сарын 26-ны шалгалтаар тогтоогдсон. Улмаар үйл ажиллагааг зогсоогоод явсан байдаг. Энэ нь талбай зөвшөөрөлгүй ашигласан гэдэгт хамаарч байгаа. Мөн энэ үйлдлээс болоод манай менежментийн төлөвлөгөөг эрх бүхий байгууллагаас батлахгүй удааширч байгаа. Хэдийгээр тусгай зөвшөөрөл цуцлагдсан зүйлгүй ч дээрх байдлыг хүчин төгөлдөр байдал алдагдахад хүргэсэн гэж үзсэн тул гэрээний 7.5.6-д заасан үндэслэл бүрдсэн. Ашигт малтмалын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.3-т зааснаар тухайн талбай нь “Т” ХХК-ийн талбай тул хэрэв нэхэмжлэгч нөхөн сэргээлтийг бүрэн хийгээгүй бол манайхаас үл маргах журмаар хуулийн дагуу зардлыг гаргуулна. Ийм нөхцөл байдал үүсч болзошгүй тул барьцааны үлдэх хэсгийг өгөх боломжгүй. Гэрээгээр Монголбанктай гурвалсан гэрээ байгуулж олборлосон алтаа тушаах ёстой ч нэхэмжлэгч алтаа бүгдийг тушаагаагүйгээс гурвалсан гэрээ байгуулагдаагүй. Харин барьцаа 50 000 000 төгрөг хүлээн авсан, гэрээ цуцлагдсан, олборлолт 08 дугаар сарын 01-нээс эхэлсэн, олборлосон алтыг гэрээнд тохиролцсон хувиар хувааж авсан гэдэгт маргахгүй. Гэрээний үүргээ зөрчиж “Т” ХХК-ийг хохироосон нэхэмжлэгч болох “М” ХХК нь хууль зүйн туслалцаа авах эсэх нь хариуцагчид хамааралгүй бөгөөд компаниудын хооронд хууль зүйн туслалцаа авах хөлсийг төлөх талаар харилцан тохиролцсон асуудал байхгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2018/00842 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.2, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан “Т” ХХК-иас 10 000 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “М” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 1 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 199 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 174 950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 1431 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2018/00842 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...233 дугаар зүйлийн 233.2, 227 дугаар зүйлийн 227.3-т...” гэснийг “...160 дугаар зүйлийн 160.1.1-т зааснаар...” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 174 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Баярбилэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Э.Баярбилэг би Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 1431 дугаартай магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь хариуцагчийн давж заалдах гомдлыг хэлэлцэж шийдвэр гаргахдаа хэт нэг талыг барьж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хариуцагч талын тайлбар нотлох баримтыг үнэлэхгүйгээр хуулийг буруу тайлбарлаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Хариуцагч талын гаргаж өгсөн нотлох баримт болох олон удаагийн мэдэгдлийг хүлээн авч хариу өгч байсан албан бичгүүд, металлын журнал, хамтран ажиллах гэрээний холбогдох заалтуудыг үндэслэн тайлбар гаргаж, холбогдох нотлох баримтыг гаргаж өгсөөр байтал хэрэгт авагдсан нотлох баримт тайлбарыг үнэлэлгүйгээр нэхэмжлэгч талын гаргаж өгсөн нотлох баримтын шаардлага хангахгүй баримтыг үндэслэн шийдвэрлэсэн. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ, мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4.-т заасны дагуу шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “М” ХХК нь “Т” ХХК-д холбогдуулан барьцаа хөрөнгийн үлдэгдэл төлбөр 10 000 000 төгрөг, хууль зүйн туслалцаа авсны төлбөр 1 000 000 төгрөг нийт 11 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгч нь гэрээний үүргээ зөрчсөн тул гэрээний үүргийн биелэлтийг хангах зорилгоор барьцаалсан төлбөрийг буцааж өгөх үндэслэлгүй гэж маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаар зохигчид 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Хамтран ажиллах гэрээ байгуулж, тус гэрээгээр А тал буюу “Т” ХХК өөрийн эзэмшлийн талбайг хамтын үйл ажиллагааны хүрээнд Б тал буюу “М” ХХК-д ашиглуулах, Б тал нь уг талбайд холбогдох хууль тогтоомж, гэрээг удирдлага болгон өөрийн хөрөнгөөр олборлолтын үйл ажиллагаа явуулж, олсон ашгийг гэрээний дагуу талуудад хуваарилах, үйл ажиллагаа явуулсан талбайд хуулийн дагуу нөхөн сэргээлт хийж гүйцэтгэхээр, хамтын ажиллагааг 3 жилийн хугацаатай үргэлжлүүлэхээр, Б тал нь гэрээний үүргээ биелүүлж ажиллахаа баталж, барьцаа хөрөнгө 150 000 000 төгрөгийг А талын дансанд байршуулахаар харилцан тохиролцжээ.

Гэрээний дагуу Б тал 1 жилд ногдох барьцаанд 50 000 000 төгрөгийг барьцаалж, үйл ажиллагаа явуулж байсан, 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр А тал гэрээг цуцлах санал хүргүүлж, 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр гэрээг цуцалж, Б тал газрыг чөлөөлж, хүлээлгэж өгсөн, А тал барьцааны 50 000 000 төгрөгөөс 40 000 000 төгрөгийг буцааж өгсөн үйл баримт тогтоогджээ.

Хоёр шатны шүүх талуудын хооронд хамтран ажиллах эрх зүйн харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1.-т нийцжээ.

Гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигчид маргаагүй, гэрээ цуцлагдаж гэрээний зүйлийг буцаан өгснөөр гэрээ дуусгавар болсон гэх үндэслэлээр нэхэмжлэгч барьцааны үлдэгдэл төлбөрийг нэхэмжилсэн нь үндэслэлтэй гэж үзсэн, харин хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ баримтаар нотлоогүй гэж дүгнэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт нотлох баримтад үндэслэгдсэн, шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчөөгүй байна.

Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.1.-д “гэрээнд оролцогч нэг тал нь гэрээ байгуулсны нотолгоо болгон нөгөө талдаа төлбөл зохих төлбөрт оролцуулан урьдчилан өгсөн мөнгийг дэнчин гэнэ” гэж, 153 дугаар зүйлийн 153.1.-д “үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдах үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь ...барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй” гэж тус тус тодорхойлсон.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 7.1.-д “Б тал нь энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж ажиллахаа баталж, барьцаа ...хөрөнгийг А талын банкин дахь дансанд байршуулна” гэж, 7.2.-т “Б талыг гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн гэж дүгнэсэн тохиолдолд А тал нь барьцаа хөрөнгийг ...гэрээ дуусгавар болсноос хойш ажлын 2 хоногийн дотор шилжүүлнэ” гэж тохиролцсон байна.

Анхан шатны шүүх Б тал буюу “М” ХХК-ийн барьцаанд тавьсан 50 000 000 төгрөгийг дэнчин гэж үзсэн нь талуудын тохиролцоо, гэрээний заалтад нийцээгүй талаар давж заалдах шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийж, дээрх төлбөрийг барьцаа хөрөнгө гэж тодорхойлж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь зөв боловч Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг оновчтой зөв хэрэглээгүй байна.

Хариуцагч гэрээг цуцалснаар талуудын хооронд байгуулсан Хамтран ажиллах гэрээ дуусгавар болсон тул барьцааны үлдэгдэл 10 000 000 төгрөгийг барьцаалагчаас гаргаж, барьцаалуулагчид буцаан олгуулахаар шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.3.-т заасан “...барьцааны эрх дуусгавар болсон бол барьцаалагч барьцааны зүйлийг барьцаалуулагч буюу өмчлөгчид буцаан өгөх үүрэгтэй” гэх хуулийн заалтад нийцжээ.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй ба хэргийн оролцогчоос гаргаж, хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь нотлох баримтад үндэслэгдсэн байна.

Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, гэрээний агуулга, талуудын тохиролцоонд үндэслэл бүхий дүгнэлт хийж анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь заалтад нийцсэн боловч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна.

Нотлох баримтыг үндэслэл бүхий үнэлээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохыг хүссэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

Иймд магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 1431 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...160.1.1.-т” гэснийг “...160.1.1., 160.1.3.-т” гэж өөрчлөн, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 174 950 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Г.ЦАГААНЦООЖ

ШҮҮГЧ                                          Х.ЭРДЭНЭСУВД