| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Мөнхтулга |
| Хэргийн индекс | 105/2020/1771/Э |
| Дугаар | 17 |
| Огноо | 2020-12-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Болор-Эрдэнэ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 28 өдөр
Дугаар 17
2020 12 28 2020/ШЦТ/17
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж,
Нарийн бичгийн дарга А.Хосбаяр,
Улсын яллагч Б.Болор-Эрдэнэ /цахимаар/,
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б.Б-д холбогдох эрүүгийн 2006 00000 2803 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 05 дугаар сарын 24-ний өдөр *** аймгийн *** суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа дугуй зардаг, *** тоотод оршин суух хаягтай, ам бүл 3, аав дүүгийн хамтаар амьдардаг, урьд 2004 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Өвөрхангай аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн эрүүгийн шүүхийн 113 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгэгдэж байсан, Б.Б
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт Ч.И-той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний биед халдан хоёр шүдний сулрал, баруун хацар, баруун нүдний гадна буланд зулгаралт, дээд уруулд зулгаралт, язарсан шарх, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Ч.И-ын мэдүүлэг /хх-7-10/, Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 12327 дугаартай дүгнэлт /хх-24-25/, яллагдагч Б.Б-гийн мэдүүлэг /хх-30-31/ зэрэг нотлох баримтуудыг судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр *** нутаг дэвсгэрт Ч.И-той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний биед халдан толгойгоороо нүүр рүү нь мөргөж хоёр шүдний сулрал, баруун хацар, баруун нүдний гадна буланд зулгаралт, дээд уруулд зулгаралт, язарсан шарх, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ч.И-ын өгсөн “...10 дугаар сарын 24-ний өдөр 17:00 цаг өнгөрөөд гэрээсээ Хархорин худалдааны төв орох гээд гарсан, гарахдаа манай эхнэр Н хойд айлын усны савыг аваад явъя ус аваад ирье гэхэд 2-лаа зах орчихоод ирэхдээ авчирна ш дээ гэсэн чинь болно гэж хэлээд эхнэр хойд айлын буюу хашааны эзэн М-н гэрээс 25 литрийн хэмжээтэй шар өнгийн сав 1, цэнхэр өнгийн сав 1 ширхэрийг авчирч машинд хийсэн. Тэгээд эхнэр хүүхэд бид гурав Хархорин худалдааны төв орчихоод замдаа усыг нь аваад 20:00 цаг өнгөрөөд гэрт ирчихээд усыг нь М-н гэрийн үүдэнд буулгачихаад хөдлөөд гэрийхэн үүдэнд очсон. Эхнэр хүүхдээ аваад машинаас буусан, би ардаас нь гэрийнхээ түлхүүрийг аваад ардаас нь буухад М машины урд зогсоод ус эртхэн авчраад өгчихгүй гээд манай эхнэр рүү дайраад байхаар нь би М-г очоод цамцнаас бариад авсан чинь чи эхлээд барьсан шүү гэж хэлээд шууд намайг мөргөсөн. Мөргөсний дараа урдаас тэвэрч аваад цээжинд толгойгоо налаад машин руу түлхээд шахсан. Эхнэр гэрээ онгойлгож хүүхдээ тавьчихаад над дээр ирж салгасан. Салгасан чинь өөрөө зугтаад гүйгээд явсан. Миний ам хэсэг рүү 1 удаа мөргөсөн. Дээд талын уруул хавдаж шалбарсан. Дээд талын 2 шүд хөдөлсөн. Мөн ноцолдож байх үед баруун талын шанаа хэсэг зулгарсан. Машины жолооч тал буюу зүүн талын урд хаалга хэсэг рүү шахаж авсан тэр үед машины урд талын тольны дотор толь хагарсан, гадна хүрээ нь хагарсан байсан...” /7-8/ гэх мэдүүлэг,
Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн №12327 дугаартай шинжээчийн “...Ч.И-ын биед хоёр шүдний сулрал, баруун хацар, баруун нүдний гадна буланд зулгаралт, дээд уруулд зулгаралт, язарсан шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдрэлтээс хамаарна...” /хх-24-25/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Б.Г-н “...10 дугаар сарын 24-ний орой 16:00 цаг өнгөрөөд манай хашаанд амьдарч байгаа И-д завтай бол манай гэрийн усыг авчхаарай гэж хэлсэн чинь за гэж хэлсэн. 17:00 цаг өнгөрөөд гэрт орж ирэхэд гэрт бэр А /90130457/ байсан ба ус аваагүй байгаа юм уу гэж асуухад И-ын эхнэрийн утасны дугаар руу залгаж та нар хаачваа усаа яачиваа манай гэрт хүн ирэх гээд байна гэсэн чинь бид нар хороололд явж байна. Бид нар танай бэрд хэлсэн ш тээ гэж хэлсэн. Би уурлаад зайлаарай манай хашаанаас гээд уурандаа хэлчихсэн. 19:00 цаг өнгөрөөд 20:00 цаг дөхөж байхад И эхнэр хүүхдийн хамт машинтай хашаанд орж ирэх үед би машинаас бууж байхад яваад очиход 2-лаа машинаас бууж байсан. Эхнэр нь машинаас буугаад агаа би хүүхдээ оруулчихаад ирье гэсэн тэр үед И чи яагаад эхнэр рүү утсаар дайраад байгаа юм би чамайг ална пизда минь гээд намайг заамдаад авсан. Би тохойноос түлхсэн чинь машин очиж налсан. Машин налахдаа толио хугалсан тэгээд заамдаад байхаар нь тавиулах гээд нүүр хэсэг рүү нь 1 удаа мөргөсөн. Тэнд байсан хүмүүс орилж чарлаад больцгоо гэсэн тэгээд салцгаасан...” /хх-30-31/ гэх мэдүүлэг зэрэг болно.
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.
Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Б.Б нь 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр *** нутаг дэвсгэрт Ч.И-той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний биед халдан хоёр шүдний сулрал, баруун хацар, баруун нүдний гадна буланд зулгаралт, дээд уруулд зулгаралт, язарсан шарх, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх, хуульд заасан ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.
Шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүхээс шүүгдэгч Б.Б нь хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэлийг оногдуулж, 3 сарын хугацаанд сар бүр 150.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх саналыг шүүгдэгч сайн дураар хүлээн зөвшөөрсөн нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.8 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд сар бүр 150.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Б.Бд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА