Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 06

 

 

 

 

 

 

 

 

    2020        12           25                                  2020/ШЦТ/06

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж,

   Нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,

Улсын яллагч Б.Тулга /цахимаар/,

Шүүгдэгч Г.Г,

Шүүгдэгч Э.Н нарыг оролцуулан шүүх хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Г.Г, Э.Н нарт холбогдох эрүүгийн 2006 02567 2521 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Төв аймагт төрсөн,  31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “***” вакум цонхны үйлдвэрт туслах ажилтнаар ажилладаг, *** тоотод оршин суух хаягтай, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй, Г.Г

 

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 08 дугаар сарын 31-ний өдөр *** аймагт төрсөн,  31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, *** үйлдвэрт ажилладаг. *** тоотод оршин суух хаягтай, ам бүл 2, хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй, Э.Н

 

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч Г.Г нь согтуугаар, 2020 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан Э.Н-тэй тухайн цаг хугацаанд үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний зүүн суганы доод хэсэгт хутгалж Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрүүл мэндийн халдашгүй байдалд нь халдаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

Шүүгдэгч Э.Н нь согтуугаар, 2020 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан Г.Г-той тухайн цаг хугацаанд үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт мөргөж, гараараа цохих хэлбэрээр Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрүүл мэндийн халдашгүй байдалд нь халдаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Г мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Н мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Э.Н-гийн мэдүүлэг, гэрч Т.Бийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Ундармаагийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 6163 дугаартай дүгнэлт, хохирогч Г.Г-ийн мэдүүлэг, гэрч Т.Б-ийн мэдүүлэг, гэрч М.Л-н мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Т.Н-н 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 6277 дугаартай дүгнэлт, яллагдагч Г.Гийн мэдүүлэг, яллагдагч Э.Н-гийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч Г.Г нь согтуугаар, 2020 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан Э.Н-тэй тухайн цаг хугацаанд үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний зүүн суганы доод хэсэгт хутгалж Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрүүл мэндийн халдашгүй байдалд нь халдаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

Шүүгдэгч Э.Н нь согтуугаар, 2020 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан Г.Г-той тухайн цаг хугацаанд үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт мөргөж, гараараа цохих хэлбэрээр Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрүүл мэндийн халдашгүй байдалд нь халдаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

           Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Н-ийн өгсөн “...Миний араас тэврэх шиг болсон тэгээд би анзаараагүй гарч яваад гэрийнхээ тэнд ирж байтал гуя дагаад халуу оргиод байсан. Тэгээд хуурай ах Баяраагийн гэрт ортол хувцас цус болсон байсан. Одоо миний биед зүүн суганы доод хэсэг хутгалуулсан шархтай байсан...” /хх-10-12 хуудас/ гэх мэдүүлэг,

 

            Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Б-ийн “...Би 2020 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 20 цагийн орчим ажлаа тараад *** тоот хашаанд байрлах гэртээ иртэл манай хашаанд хамт амьдардаг баз хүргэн болох Г-ийн гэрт хүмүүс ууж идээд шуугилдаад байхаар нь би Г-ийн гэрт яваад ортол Н гэгч залуу Г-ийг хувцасны шкафынх нь урд талд Г-ийг газар дарчихсан өөрөө дээр нь гарчихсан нүүр ам руу нь цохиод байж байхаар нь би тэр Н гэх залууд хандаж болохгүй шүү гэж хэлээд Н-г татаж Г-ийн дээрээс татаж босгож тэр хоёрыг салгасан. Энэ үед Г шүүгээн дээр байсан хутгыг авч гараад Нгийн ар талаас нь суга хавьцаа нэг хутгалчих шиг болсон...” /хх-30-33 хуудас/ гэх мэдүүлэг,

 

             Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч Б.Ундармаагийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 6163 дугаартай “...Э.Нн биед зүүн суганы доод хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-40-41 хуудас/ гэх дүгнэлт,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Г-ийн “...Тэгээд бид дөрөв архи пиво уугаад сууж байтал Н бид хоёр манай хамаатны эгч болох Г-с худалдаж авсан машиных нь талаар мөнгө төгрөгийг нь өгсөн эсэх талаар ярьж хоорондоо тухайн асуудлаас болж маргалдаж Н эхлээд миний нүүрэн тус газарт толгойгоороо 1 удаа мөргөж, би зуух руу хойшоо налж, газар унасан чинь миний дээр гараад миний нүүрэн тус газар гараараа нэг удаа цохисон. Тэгсэн гаднаас манай хүргэн ах Баянмөнх манай гэрт орж ирээд Н бид хоёрыг салгахаар нь Н бид хоёр манай гэрээс гарч хашаан дотор дахин хоорондоо барьцалдаж аваад зодолдсон...” /хх-20-24 хуудас/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Л-н “...Пивоо уугаад яриад сууж байтал Н, Г хоёр нэг машины тухай ярьж байгаад хоорондоо муудалцаж улмаар барьцалдаж аваад дээр доороо орж, хоёр биенийгээ зодож цохиж эхэлсэн...” /хх-н 34-37 хуудас/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч Т.Номинцэцэгийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 6277 дугаартай “...Г.Гийн биед хамар ясны хугарал, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн даланд зулгаралт, цээж, баруун шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Хамар ясны хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-н 43-44 хуудас/ гэх дүгнэлт,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Г.Г-ийн “...Н бид хоёр бол найз нөхдүүд байгаа юм. Бид хоёрын дунд өмнөх өс хонзон, хэрүүл маргааны шинжтэй зүйл бол байхгүй. Бид хоёр тухайн үед хоёулаа л нэлээн согтуу байсан болохоор хоёр биедээ муухай зүйл хийчихлээ. Манай найз Н нь надаас ямар нэгэн зүйл нэхэмжлэхгүй, надад ямар нэгэн гомдол, саналгүй гэж байсан. Иймд миний зүгээс Э.Нд ямар нэгэн хохирол мөнгө барагдуулсан зүйл байхгүй...” /хх-93-94 хуудас/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Э.Н-гийн “...Би яллагдагчаар татсан тогтоолтой уншиж танилцлаа. Надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй байна. Би яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” /хх-95-96 хуудас/ гэх мэдүүлэг зэрэг болно.

 

            Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.

 

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Г.Г нь согтуугаар, 2020 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан Э.Н-тэй тухайн цаг хугацаанд үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний зүүн суганы доод хэсэгт хутгалж Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрүүл мэндийн халдашгүй байдалд нь халдаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

Шүүгдэгч Э.Н нь согтуугаар, 2020 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан Г.Гтой тухайн цаг хугацаанд үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт мөргөж, гараараа цохих хэлбэрээр Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрүүл мэндийн халдашгүй байдалд нь халдаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх, хуульд заасан ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

Шүүгдэгч Г.Г, Э.Н нар нь бусдад төлөх төлбөргүй.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх саналыг шүүгдэгч нар сайн дураар хүлээн зөвшөөрсөн нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ

 

Шүүхээс шүүгдэгч Г.Г, Э.Н нар нь хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэлийг оногдуулж, 3 сарын хугацаанд сар бүр 150.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна. 

 

Шүүгдэгч Г.Г, Э.Н нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.8 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Г.Г, Э.Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г, Э.Н нарыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г, Э.Н нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд сар бүр 150.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г, Э.Н нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

          5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Г.Г, Э.Н нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

          6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Г, Э.Н нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

          7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

          8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Г, Э.Н нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.МӨНХТУЛГА