| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Мөнхтулга |
| Хэргийн индекс | 105/2020/2056/Э |
| Дугаар | 10 |
| Огноо | 2020-12-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Гэрэлмаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 10
2020 12 25 2020/ШЦТ/10
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж,
Нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,
Улсын яллагч Н.Гэрэлмаа,
Шүүгдэгч Ч.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бд холбогдох эрүүгийн 2006 00000 2915 дугаар хэргийг 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 06 дугаар сарын 21-ний өдөр *** аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, **** хийдэг, **** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б.Б
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Ч.Б нь 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр **** тоотод байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий эхнэр З.М-д гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас хүч хэрэглэн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, нүүрэнд нь гараагаа цохих, хоолойг нь боож зодсоны улмаас түүний зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт, цус хуралт гэмтэл учруулж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Б мэдүүлэхдээ: “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч З.Мгийн мэдүүлэг /хх-9-10/, 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 13149 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-20-21/, яллагдагч Ч.Бат-Эрдэнийн мэдүүлэг /хх-32-33/ зэрэг нотлох баримтуудыг судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Ч.Б нь 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр *** тоотод байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр З.М-д гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас хүч хэрэглэн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, нүүрэнд нь гараараа цохиж, хоолойг нь боож зодсоны улмаас түүний зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт, цус хуралт гэмтэл учруулж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч З.М-ийн “...2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр гэр бүлийн хамааралтай хүн болох болох *** тоотод нөхөр Ч.Б, түүний ээж Д.Э, дүү Ч.У нарын хамт байсан юм. Тэгээд би Ч.У-д гэр хамт амьдарч байж гэрийн ажлаа хийхгүй байна. Дараа нь нөхөр Ч.Б гарч хүнсээ авъя гэж уурлаж хэлсэн юм. Тэгсэн чинь хадам ээж Д.Э нь яриа нь дундуур орж ирж та хоёр дандаа хэрэлдэж маргалдаж байх юм гэж хэлэхээр нь би хүүхдүүдээ юм хэлж хүмүүжүүлэхгүй байж гэж хэлээд маргалдаж эхэлсэн. Тэгээд би хадам ээж Ч.Э-тэй маргалдаж, хэрэлдэж байсан чинь нөхөр Ч.Б над руу дайраад улмаар миний зүүн талын хацар руу гараа атгаж байгаад цохсон. Дараа нь миний хоолойноос боогоод хүзүүнд маань гэмтэл үүсгэсэн. Тэгсэн чинь хадам ээж Д.Э нь надтай хэрэлдээд дуугүй болохгүй байсан ба бид хоёр барьцалдаж аваад Д.Э нь намайг үсдээд дарж байсан чинь Ч.У нь мөн дээрээс үсдэж дарсан юм. Би тэр асуудал болсноос хойш 5 минутын дараа цагдаагийн байгууллагад нөхөртөө зодуулсан гэх утгатай дуудлага өгсөн юм. Ер нь бол Ч.Б нь уурлаж, маргалдсан үед л алгадах, өшиглөх, цохидог юм. Би тухайн үеийн зүйлүүдээ сайн санахгүй байгаа ба хамгийн сүүлд 2019 оны 09 дүгээр сард бид хоёр маргалдаж нүүр рүү цохиж байсан юм. Бид хоёрыг маргалдаж зодолддог талаар өөр хүмүүс мэддэггүй. Би цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй юм...” /хх-9-10/ гэх мэдүүлэг,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн №13149 дугаартай “...1.З.М-гийн биед зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 3 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэн боломжтой. 3. Дээрх гэмтэл шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-20-21/ гэх дүгнэлт,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Ч.Б “...Эхнэр М нь манай ээж, дүү хоёр руу буудалд байгаа юм шиг байлаа гэж уурлаж эхэлсэн. Тэгээд эхнэр Энар хоорондоо хэрэлдэж, бие биеэ барьж авсан. Тэгэхээр нь би дундуур нь орж салгаад ээжийг ганц ирчихсэн байхад дандаа манай талын хүмүүс рүү уурладаг гэж хэрэлдсэн ба баруун гараараа М-гийн зүүн талын шанаа хэсэг рүү нэг удаа алгадсан. Ээж Э-рүү дахин дайрахаар нь би хүзүүнээс нь хоёр гараараа татсан юм...” /хх-32-33/ гэх мэдүүлэг зэрэг болно.
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.
Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Ч.Б нь 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр *** тоотод байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр З.М-д гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас хүч хэрэглэн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, нүүрэнд нь гараагаа цохиж, хоолойг нь боож зодсоны улмаас түүний зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт, цус хуралт гэмтэл учруулж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх бөгөөд Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон тул шүүгдэгчийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх, хуульд заасан ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.
Хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар нэхэмжлэл гаргаагүй, хэрэгт баримт өгөөгүй тул шүүгдэгч Ч.Б нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Ч.Б нь хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэлийг оногдуулж, 5 сарын хугацаанд 90000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ч.Б-д эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ч.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ч.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар бүр 90.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Ч.Б-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ч.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА