| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Мөнхтулга |
| Хэргийн индекс | 105/2020/2069/Э |
| Дугаар | 18 |
| Огноо | 2020-12-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Мөнх-Амгалан |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 28 өдөр
Дугаар 18
2020 12 28 2020/ШЦТ/18
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж,
Нарийн бичгийн дарга Н.Солонго,
Улсын яллагч Т.Мөнх-Амгалан,
Өсвөр насны шүүгдэгч Г.Б, түүний хууль ёсны төлөөлөгч И.Ганцэцэг, түүний өмгөөлөгч Д.Ариунзориг нарыг оролцуулан шүүх хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Б-д холбогдох эрүүгийн 2006 00000 2776 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Өсвөр насны шүүгдэгчийн биеийн байцаалт:
Өсвөр насны шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2004 оны 02 дугаар сарын 06-ны өдөр *** аймгийн *** суманд төрсөн, 16 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ерөнхий боловсролын сургуулийн сурагч, *** тоотод оршин суух хаягтай, ам бүл 4, урьд ял шийтгэлгүй, Г.Б,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Өсвөр насны шүүгдэгч Г.Б нь 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх РЦНК-н урд талд А.А-ын нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Г.Б мэдүүлэхдээ: “Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас гэмт хэргийн талаарх гомдол санал хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-3/, хохирогч А.А-ын мэдүүлэг /хх-7-8/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн №11539 дугаартай дүгнэлт /хх-14/, өсвөр насны яллагдагч Г.Б-н мэдүүлэг /хх-26/ зэрэг нотлох баримтуудыг судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Өсвөр насны шүүгдэгч Г.Б нь 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх РЦНК-н урд талд А.А-ын нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-3/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.А-ын “...2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хичээл тараад 16-17 цагийн үед Баяннзүрх дүүргийн 1 дүгээр хороо РЦНК-ын хажууд өөрийн найз Х, Х, Б гэх найзуудтайгаа хамт явж байсан. Тэгтэл урдаас ** дугаар сургуулийн хүүхдүүд урдаас ирсэн бараг 40-50 хүүхэд байсан. Тэгээд бид нарыг тойрч нэг нэгээрээ үзье гэсэн тэгээд зодолдсон. Хамар руу цохихгүй шүү гэж хэлсэн. Тэгээд Б гэх хүүхэд над дээр шууд миний хамар руу баруун гараараа гараа атгаж байгаад 3-4 удаа цохисон. Тэгээд манай найзууд уурлаад гүйгээд ирсэн тэгтэл нөгөө хүүхэд зугтаагаад явсан. Миний хамарнаас их цус гарсан. Тэгээд гэмтэл согог судлалын үндэсний төвд үзүүлэхэд хамарны яс хугарсан байна гэж хэлсэн. Мөн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр анх Б-тэй уулзсан тэгээд найз охиныг яагаад зодсон талаар асуусан тэгтэл Б урдаас зүгээр тоглосон гээд байсан. Тэгээд буруугаа хүлээхгүй уурлаад байхаар нь би нэг алгадсан. Тэгээд маргааш нь буюу 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр ирээд намайг зодсон...” /хх-7-8/ гэх мэдүүлэг,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 11539 дугаартай “...А.А-ын биед тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, нуруу, зүүн тохойн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих, үрэх үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” /хх-14/ гэх дүгнэлт,
Өсвөр насны яллагдагч Г.Б “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа дахин ийм гэмт хэрэг дахин үйлдэхгүй. Би өөрийгөө хянах ёстойгоо анхаарч авлаа. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” /хх-26/ гэх мэдүүлэг зэрэг болно.
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь насанд хүрээгүй шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.
Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Иймд өсвөр насны шүүгдэгч Г.Б нь 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх РЦНК-н урд талд А.А-ын нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх, хуульд заасан ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.
Өсвөр насны шүүгдэгч Г.Б нь бусдад төлөх төлбөргүй.
Өсвөр насны шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэгт: хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт:..энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг найман жил, түүнээс доош хугацаагаар тогтоосон, эсхүл энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ял оногдуулахыг тэнсэж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэж болно гэж хуульчилжээ.
Өсвөр насны шүүгдэгч Г.Б үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Шүүхээс өсвөр насны шүүгдэгч Г.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг арилсан зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангаж байна гэж үзлээ.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ өсвөр насны шүүгдэгч Г.Б-нн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, шүүгдэгчийн дунд сургуулийн сурагч гэх хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт, өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгчийн санал зэргийг тал бүрээс нь харгалзаж үзсэн болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Б-д ял оногдуулахыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаанд үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэв.
Өсвөр насны шүүгдэгч Г.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өсвөр насны шүүгдэгч Г.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Б-д ял оногдуулахыг тэнсэж 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Б тэнссэн хугацаанд тус хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3 дахь заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Б-д авсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Баянзүрх дүүргийн хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад үүрэг болгосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Б нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож түүнд ял оногдуулахыг сануулсугай.
6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Б-д тэнссэн хугацаанд хяналт тавихыг нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба өсвөр насны шүүгдэгч Г.Б-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгч Г.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, өсвөр насны шүүгдэгч Г.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА