Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 2021/ШЦТ/50

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өлзийдэмбэрэл,

улсын яллагч Ч.Пүрэвсүрэн,

шүүгдэгч Б.Н, Н.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Н.М, ******* овогт Б.Н нарт холбогдох эрүүгийн 2007004320032 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1993 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Хэнтий аймаг, ******* суманд төрсөн, 28 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, 3 хүүхдийн хамт .................. тоотод оршин суух, урьд ял шийтгэл үгүй,

******* овогт Н.М /РД:  /,

           

Монгол Улсын иргэн, 1995 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Дархан-Уул аймаг, ******* суманд төрсөн, 25 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “..................” ХХК-д хамгаалагч ажилтай, ам бүл 6, ах, эгч, дүү нарын хамт амьдардаг, .................. тоотод бүртгэлтэй боловч .................. тоотод түр оршин суух, урьд ял шийтгэл үгүй,

******* овогт Б.Н /РД: /.

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Яллагдагч Н.М нь согтуурсан үедээ 2020 оны 11 дүгээр сарын 02-ны оройн 23 цагийн орчим Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...............” нэртэй шөнийн цэнгээний газарт П.У гэгчтэй маргалдан улмаар түүн рүү лаазтай пиво шидэх явцад хохирогч Б.Нын толгой хэсэгт нь онож, түүний биед толгойн хуйханд шарх, тархи доргилт гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

Яллагдагч Б.Н нь согтуурсан үедээ 2020 оны 11 дүгээр сарын 02-ны оройн 23 цагийн орчим Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...............” нэртэй шөнийн цэнгээний газарт хохирогч Н.Мтай “лаазтай пиво шидэж толгой хагалсан” гэх шалтгаанаар маргалдан сандлаас татаж унагаан, дээрээс нь хөлөөрөө дэвслэх, өшиглөх зэргээр биед нь баруун бугалга, баруун сарвуу, зүүн ташаа, зүүн гуя, баруун өвдгөнд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч Б.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Ер нь зарим нэг талаасаа мэдүүлгүүд нь худлаа гэдгийг мэдэж байгаа. Тэр өдөр би уугаагүй эрүүл байсан. Энэ хэрэгт олон хүн байлгаж байхаар хоёулхнаа хэргээ шийдүүлье гээд анх хэрэг үүсэхэд байцаагчдаа хэлсэн. Би Налайхын иргэн биш гэр орон луугаа харья гэж байцаагчдаа удаа дараа хэлж гуйсан, олон удаа санал хүсэлт өгсөн боловч байцаагч хүлээж аваагүй. Бид хоёр хоёулаа тохиролцсон гээд байцаагч дээр очиход хүлээж аваагүй. Ер нь эд нар бааранд хоорондоо их зодолдсон. Тэр бичлэг нь байхгүй. Энэ хүнийг цохисон хүн нь би биш, манай ажлын газрын хүүхэн. Яваандаа нэг нэгээр нь хассаар байгаад бид хоёр үлдсэн. Би өшиглөхийн хувьд өшиглөсөн. Харин ширээн дээрээс татаж унагаад цохиогүй, манай ажлын газрын хүүхэн цохисон.” гэв.

 

            Шүүгдэгч Н.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тэр өдөр би эхэндээ зодоонд хамааралгүй байж байсан. Миний ганц буруу бол би нэлээн согтуу байж байсан. Зодоон эхлүүлсэн хүмүүс нь бол манай хоёр найз, цуг явж байсан хүүхнүүд байсан. Би тэр хэдийн дунд орж салгах гэж байхад текин дээр сууж байсан залуу намайг гадаа авч гарсан. Тэгээд би буцаж ороод тэр хэдийг явъя гэж хэлтэл Урнаа намайг цохисон. Тэгээд би буцаад сууж байхад Урнаа намайг есөн шидээр хэлээд байхаар нь би пиво аваад шийдэхэд, энэ хүүхнийг оночихсон. Тэгээд бөөн орилоон болоход би ухаан ороод юу хийчих вэ гээд байж байтал намайг үсдэж аваад зодоод эхэлсэн, тийм зүйл л болсон” гэв.

 

            Хохирогч Б.Нын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 11 дүгээр сарын 02-ны орой ажлаа тараад хамт ажилладаг Г.О, Д.Н нартай 22 цагийн үед Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...............” бааранд 23 цагийн орчим байх бүжиглэж байтал талбай дээр эмэгтэй хүмүүс хоорондоо зодолдоод эхлэхээр нь бид нар ширээн дээрээ ирээд хоорондоо юм яриад сууж байтал лаазтай пиво ирээд толгойн дээр оноод цус гараад явчихаар нь “хэн шидсэн бэ” гэхэд цаана нэг жижигхэн, хар куртиктэй эмэгтэй сүүлд нэрийг нь мэдсэн Н.М “Би шидсэн, яадаг юм, албаар шидсэн юм” гэхээр нь босоод очтол нөгөө эмэгтэй миний урдаас нулимаад “хохь чинь албаар тэгсэн юм” гээд миний цээжний зүүн тал руу нэг удаа цохихоор нь би зөрүүлээд мөрөн дээр нь түлхэхэд намайг доогуураа миний зүүн гуя руу доогуураа 2-3 удаа өшиглөхөөр нь би алгадаад газар унагахад миний хөл рүү өшиглөхөөр нь би мөрөн тушаа газар нь 2 байна уу 3 удаа өшиглөсөн. Тэгээд л би өөрөө болиод буцаад ширээн дээрээ суугаад цусаа арчаад байж байтал манай найзууд цагдаа дуудсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/,

 

Хохирогч Н.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 21 цагийн үед Эргэн дурсахуй нэртэй нийтийн караокед найзууд болох *******,******* нартай хамт ороод 2, 2 лааз пиво ууцгаасан. 22 цагийн үед гараад ...............” бааранд ороод бүжиглэнгээ дахиад 2, 2 лааз пиво аваад тэрийгээ уугаад дуусгаж байтал урьд нь нэг газар хамт ажилладаг байсан Урнаа *******той хэрэлдээд, бие биенийгээ цохиод авах гэж дайраад байхаар нь очоод салгах гэхэд Урнаа намайг “чи цаашаа яв халтар юм чинь” гэхээр нь би уурлаад одоо яг юу гэж хэлж байснаа санахгүй байгаа, тухайн үед согтолттой байсан болохоор мэддэггүй юм, ямар ч байсан Урнаа намайг үсдээд авахаар нь би зөрүүлээд үсдээд автал хүмүүс ирээд салгахаар нь холдоод явтал Урнаа дахиад *******той маргалдаж, зууралдаад явсан шиг санаж байна. Би босоод салгах гэтэл баарны үйлчлэгч залуу намайг холдуулаад баарнаас гаргахаар нь би 2 найзаа аваад явчихья хэрүүл маргаан хийхгүй гэж хэлээд гуйж байгаад яваад ортол Урнаа,******* нар хоорондоо маргалдаж байхаар нь би найзуудыгаа авах гээд яваад очтол Урнаа шууд миний нүүр рүү 1 удаа цохиод, би хойшоо саваад унасан. Ингээд босоод ширээн дээр суугаад Урнаатай хэрэлдэж зогсож байгаад цохиулсан уурандаа ширээн дээр байсан 0.5 литрийн лаазтай Нийслэл нэртэй пивыг аваад шидтэл цаана ширээн дээр сууж байсан сүүлд нэрийг нь мэдсэн Б.Ныг оносон. Тэгээд Б.Н намайг сууж байтал шууд үсдэж газар унагаагаад дээрээс гараараа цохиод хөлөөрөө дэвссэн. Тэгээд л цагдаа дуудаад удалгүй хүрч ирээд бид нарыг авч явсан. Миний хамрын нуруунд учирсан зөөлөн эдийн гэмтлийг Урнаа намайг цохиход учирсан, бусад баруун бугалга, баруун сарвуу, зүүн ташаа, зүүн гуя, баруун өвгөнд цус хуралт гэмтлийг бол Б.Н намайг толгой хагаллаа гээд уурлаад ирээд үсдэж аваад газар унагаад өшиглөж, цохиход учирсан гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/,

 

Гэрч Д.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хамт ажилладаг Б.Н, Г.О, Д.Н нарын хамт Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...............” нэртэй бааранд 21 цагийн үед орж пиво уунгаа сууцгаасан юм. Тэгтэл бааранд Сумъяа, нөгөө залуугийх нь нэрийг нь мэдэхгүй байна тухайн үедээ бол танилцаж байсан таараад хамтдаа нэг ширээнд суусан юм. Бид нар бүжиглэж байтал бид нартай зэргэлдээ ширээн дээр сууж байсан эмэгтэйчүүд хоорондоо зодолдохоор нь зугтаад буцаад ширээн дээрээ ирээд сууж байтал гэнэтхэн 1 пиво орж ирээд Б.Нын толгойг оноод цус гараад явчихсан” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/,

 

       Гэрч Н.Цгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 11 дүгээр

сарын 02-ны өдөр найзууд болох Н.М, Н.О нарын хамт 22 цагийн үед Налайх дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Эргэн дурсахуй нэртэй нийтийн караокед орж дуулангаа хүний 0.5 литрийн лаазтай нийслэл нэртэй пиво уунгаа 1 цаг орчим дуулаад 23 цагийн үед гараад цаахан талд нь байрлах “...............” нэртэй бааранд орж бүжиглэж байгаад сүүлд нэрийг нь мэдсэн Урнаа гэх эмэгтэйтэй бүжиглэж байгаад Н.М тэр 2 хоорондоо мөрлөлдөж шүргэлцсэнээс болоод маргалдаад бие биенийгээ үсдэж авсанаа Урнаа нь Н.Мийг өшиглөж унагаад цаашаа яваад өгөхөөр нь би араас нь очоод Урнааг яаж байгаа юм манай найзыг зодлооо гээд маргалдахад Урнаа намайг үсдээд авахаар нь зөрүүлээд үсдэж аваад байж байтал хүмүүс ирээд салгасан. Тэгээд салаад холдоод ширээ рүүгээ суух гээд явтал Урнаа дахиад Н.Мийн нүүрэн дунд нь цохиод газар унагахаар нь дахиад зодоон болох гэтэл хүмүүс салгаад ширээн дээр очоод суутал гэнэтхэн шуугиан болоод явчихаар нь хартал цаана ширээн дээр сууж байсан хүмүүс тархи толгой хагаллаа гээд бөөн шуугиан болоод явчихсан. Тэгээд л цаана ширээн дээр сууж байсан эмэгтэйчүүд ирээд толгой хагалчихлаа гээд орилоод цусаа гоожуулсан эмэгтэй ирээд Н.Мийг алгадаад үсдэж аваад газар унагаад өөр бас эмэгтэй дээрээс нь дэвсээд дахиж босгож ирээд ширээ нүүрээр нь мөргүүлэхэд зөөгч залуу ирээд салгасан” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,

 

 Гэрч Г.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 19 цагийн үед ажлаа тараад найзууд болох жинхэнэ нэрийг нь мэдэхгүй байна Нандиа, Б.Н нарын хамт Налайх дүүргийн 1 дүгээр хороо “...............” бааранд ороод бүжиглэнгээ 1 лааз 0.5 литрийн Сэнгүр нэртэй пиво аваад тэрийгээ уугаад бүжиглэж байтал бүжгийн талбай дээр байсан эмэгтэйчүүд хоорондоо маргалдаад ямар ч байсан нэг цагаан куртиктэй эмэгтэй хар куртиктэй эмэгтэйтэй үсдэлцээд авахаар нь би очоод салгах гэтэл цагаан куртиктэй эмэгтэй миний суганаас зулгаагаад авахаар нь би тавиулаад ширээн дээрээ найзуудын хамт гурвуулаа очоод сууж байтал гэнэтхэн 1 пиво Б.Нын толгойг оноод хагалчихлаа гээд толгойноос нь цус гараад явчихсан” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар хуудас/,

 

Гэрч Н.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Тухайн өдөр бүжгийн талбай дээр******* буюу Н.Ц бид 2 бүжиглэж байхад нэг залуу ирээд хажууд бүжиглэсэн чинь сүүлд нэрийг нь мэдсэн П.У гэх эмэгтэй нөгөө залуутай Н.Ц бид хоёрыг хардсан бололтой намайг шууд алгадаад авахаар нь би зөрүүлээд алгадаад автал шууд намайг үсдэхээр нь би зөрүүлээд үсдээд автал хүмүүс ирээд салгасан. Ингээд л цаашаа явахаар нь чи намайг яагаад алгадаж байгаа юм гээд хоорондоо хэрэлдээд зогсож байтал Н.Ц П.Уийн араас нь үсдээд автал П.У мөн адил эргэж хараад Н.Цг үсдээд авсан. Ингээд л хүмүүс ирээд салгаад 2 тийшээ болоод Н.М, Н.Ц бид 3 ширээн дээрээ очоод суутал Урнаа Н.Мийг цохисон юм уу, яасан юм. Олон хүн бужигналдаад хараагүй. Нэг мэдэхэд Н.М газар унасан байхаар нь очоод босгоод ширээн дээр очоод суутал Н.М ширээн дээр байсан пивыг аваад шидтэл цаана нь сууж байсан эмэгтэйг оносон. Нөгөө эмэгтэй босож ирээд тархи хагаллаа гээд Н.Мийг ширээн дээр сууж байхад нь татаж босгож ирээд газар унагаад дээрээс нь мордож суугаад гараараа биеийнх нь цээж, нүүр хэсэг рүү нь цохиод босч ирснээ дээрээс нь дэвсээд байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 40-42 дугаар хуудас/,

 

Гэрч П.Уийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр найзуудтайгаа “...............” бааранд уулзахаар тохиролцоод 21 цаг 30 минутын үед очиход Эрдэнэсайхан, жинхэнэ нэрийг нь мэдэхгүй байна Амараа, Нямцогт нартай үүдэнд нь уулзаад дотогшоо орсон. Ингээд бид нар бүжиглэнгээ пиво уугаад сууцгааж байтал 23 цагийн үед бүжгийн талбай дээр бүжиглэж байтал 3 согтуу эмэгтэй бүжиглэж байхдаа түлхэх, мөрлөх зэргээр гуйвж дайваад л нэлээн согтуу байдалтай бүжиглээд байхаар нь би зүгээр бай, асуудал гаргав, хол бай гэхэд жижигхэн шар хүүхэн над руу салаавч гаргаад орилоод байхаар нь цааш түлхээд ширээ рүүгээ алхаж явтал махлагдуу цэнхэр цамцтай эмэгтэй гүйж ирээд миний хойноос үсдээд татахаар нь би эргэж хараад үсдээд доош нь дарсан ба нөгөө 2 найз мөн адил ирж байгаа харагдсан ба манай Эрдэнэсайхан, Амараа нар ирээд намайг салгаад ширээн дээр авчраад суулгахад миний үс сэгсийсэн байсан болохоор доош нь тонгойгоод үсээ янзлаад сууж байтал гэнэт ард бас шуугиан болоод нөгөө 3 эмэгтэйтэйн ширээн дээр бас хэдэн эмэгтэйчүүд очсон чиний шидсэн пивонд манай найз оногдчихлоо тархи толгой нь хагарчихлаа гээд л хэрүүл маргаан болоод цагдаа дуудсан удалгүй цагдаа нар ирсэн. ...Бүжгийн талбай дээр би Н.Мийн толгой руу мангастаад холдуулсан чинь цагаан куртиктэй эмэгтэй гүйгээд ирэхээр нь би жийгээд унагахад нөгөө эмэгтэй босож ирээд дайраад байхаар нь би өөрөөсөө холдуулаад цээж бие рүү түлхээд холдуулаад байж байтал хүмүүс ирээд салгаад би холдоод явж байтал цэнхэр цамцтай эмэгтэй араас ирээд намайг шууд араас үсдээд авсан. Тэгэхээр нь би зөрүүлээд үсдэж аваад зогсож байтал хүмүүс ирээд салгаад би ширээн дээрээ суух гээд явж байтал урдаас Н.М салаавч гаргаад ирэхээр нь би мангасдахад хойшоо унасан. Тэгээд л ширээн дээрээ сууж байтал Н.М над руу юм аваад шидэхэд арын ширээн дээр сууж байсан эмэгтэйн толгойг оноод хагалсан. Тэгтэл толгойгоо хагалуулсан эмэгтэй босож ирээд Н.Мийг татаж газар унагаад цохиод дээрээс нь дэвсээд байсан, би ширээн дээрээ сууж байсан болохоор хаашаа нь яаж цохиж зодоод байсныг бол сайн хараагүй гэх мэдүүлэг /хх-ийн 43-44, 45 хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн №08 шэ/843 дугаартай

1. Б.Нын биед толгойн хуйханд шарх, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт /хх-ийн 50-51 хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 98 дугаартай нэмэлт шинжилгээ

“1. Н.Мийн биед тогтоогдсон баруун бугалга, баруун сарвуу, зүүн ташаа, зүүн гуя, баруун өвдгөнд цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үүсэх ба нийлээд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх ба гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийн сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх дүгнэлт /хх-58-59 дүгээр хуудас/,

 

Камерийн бичлэгт үзлэг мөрдөгчийн хийсэн тэмдэглэл /хх-ийн 11 дүгээр хуудас/,

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД дэх камерын бичлэг,

 

            Шүүгдэгч Б.Нын иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 93-96 дугаар хуудас/, ял шийтгэсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 87 дугаар хуудас/, гараар бичсэн хохирлын тооцоо, “Өег Налайх” цайны газрын тодорхойлолт /хх-ийн 90-91 хуудас/ зэрэг,

 

            Шүүгдэгч Н.Мийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Налайх дүүргийн 3 дугаар хорооны тодорхойлолт, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 100-107 дугаар хуудас/, Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 97 дугаар хуудас/ зэрэг шүүгдэгч нарын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судлав.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

            Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Н.М нь согтуурсан үедээ 2020 оны 11 дүгээр сарын 02-ны оройн 23 цагийн орчим Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...............” нэртэй шөнийн цэнгээний газарт П.У гэгчтэй маргалдан улмаар түүн рүү лаазтай пиво шидэх явцад хохирогч Б.Нын толгой хэсэгт нь онож түүний биед толгойн хуйханд шарх, тархи доргилт гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Үүнд: Шүүгдэгч Н.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тэгээд би буцаад сууж байхад Урнаа намайг есөн шидээр хэлээд байхаар нь би пиво аваад шийдэхэд, энэ хүүхнийг оночихсон. Тэгээд бөөн орилоон болоход би ухаан ороод юу хийчих вэ гээд байж байтал намайг үсдэж аваад зодоод эхэлсэн, тийм зүйл л болсон” гэх мэдүүлэг,

 

Хохирогч Б.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... бид нар ширээн дээрээ ирээд хоорондоо юм яриад сууж байтал лаазтай пиво ирээд толгойн дээр оноод цус гараад явчихаар нь “хэн шидсэн бэ” гэхэд цаана нэг жижигхэн, хар куртиктэй эмэгтэй сүүлд нэрийг нь мэдсэн Н.М “Би шидсэн, яадаг юм, албаар шидсэн юм” гэхээр нь босоод очтол нөгөө эмэгтэй миний урдаас нулимаад “хохь чинь албаар тэгсэн юм” гээд миний цээжний зүүн тал руу нэг удаа цохихоор нь би зөрүүлээд мөрөн дээр нь түлхэхэд намайг доогуураа миний зүүн гуя руу доогуураа 2-оос 3 удаа өшиглөхөөр нь би алгадаад газар унагахдаа миний хөл рүү өшиглөхөөр нь би мөрөн тушаа газар нь 2 байна уу 3 удаа өшиглөсөн” гэх мэдүүлэг,

 

Гэрч Д.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Бид нар бүжиглэж байтал бид нартай зэргэлдээ ширээн дээр сууж байсан эмэгтэйчүүд хоорондоо зодолдохоор нь зугтаад буцаад ширээн дээрээ ирээд сууж байтал гэнэтхэн 1 пиво орж ирээд Б.Нын толгойг оноод цус гараад явчихсан” гэх мэдүүлэг,

 

Гэрч Н.Цгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Гэнэтхэн шуугиан болоод явчихаар нь хартал цаана ширээн дээр сууж байсан хүмүүс тархи толгой хагаллаа гээд бөөн шуугиан болоод явчихсан. ...цусаа гоожуулсан эмэгтэй ирээд толгой хагалчихлаа гээд орилоод Н.Мийг алгадаад үсдэж аваад газар унагаад өөр бас эмэгтэй дээрээс нь дэвсээд дахиж босгож ирээд ширээ нүүрээр нь мөргүүлэхэд зөөгч залуу ирээд салгасан” гэх мэдүүлэг,

 

Гэрч Г.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ширээн дээрээ найзуудын хамт гурвуулаа очоод сууж байтал гэнэтхэн 1 пиво Б.Нын толгойг оноод хагалчихлаа гээд толгойноос нь цус гараад явчихсан” гэх мэдүүлэг,

 

Гэрч Н.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Урнаа Н.Мийг цохисон юм уу, яасан юм, олон хүн бужигналдаад хараагүй. Нэг мэдэхэд Н.М газар унасан байхаар нь очоод босгоод ширээн дээр очоод суутал Н.М ширээн дээр байсан пивыг Урнаа руу шидсэн чинь цаана нь сууж байсан эмэгтэйг оносон” гэх мэдүүлэг,

 

Гэрч П.Уийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ширээн дээрээ сууж байтал Н.М над руу юм аваад шидэхэд арын ширээн дээр сууж байсан эмэгтэйн толгойг оноод хагалсан” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн шинжээчийн №08 шэ/843  дугаар дүгнэлт, Камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, камерын бичлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Н нь согтуурсан үедээ 2020 оны 11 дүгээр сарын 02-ны орой

23 цагийн орчим Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...............” нэртэй шөнийн цэнгээний газарт хохирогч Н.Мтай “лаазтай пиво шидэж толгой хагалсан” гэх шалтгаанаар маргалдан сандлаас татаж унагаан, дээрээс нь хөлөөрөө дэвслэх, өшиглөх зэргээр биед нь баруун бугалга, баруун сарвуу, зүүн ташаа, зүүн гуя, баруун өвдгөнд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

            Үүнд: Хохирогч Н.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Урнаа намайг үсдээд авахаар нь би зөрүүлээд үсдээд автал хүмүүс ирээд салгахраар нь холдоод явтал Урнаа дахиад *******той маргалзаж, зууралдаад явсан шиг санаж байна. ...Урнаа******* нар хоорондоо маргалдаж байхаар нь би найзуудыгаа авах гээд яваад очтол Урнаа шууд миний нүүр рүү 1 удаа цохиод , би хойшоо саваад унасан. Ингээд босоод ширээн дээр суугаад Урнаатай хэрэлдэж зогсож байгаад цохиулсан уурандаа ширээн дээр байсан 0,5 литрийн лаазтай Нийслэл нэртэй пивыг аваад шидтэл цаад ширээн дээр сууж байсан сүүлд нэрийг нь мэдсэн Б.Ныг оносон. Тэгээд Б.Н уурлаад босож ирээд намайг сууж байтал шууд үсдэж газар унагаагаад дээрээс гараараа цохиод хөлөөрөө дэвссэн. Миний хамрын нуруунд учирсан зөөлөн эдийн гэмтлийг Урнаа намайг цохиход учирсан, бусад баруун бугалга, баруун сарвуу, зүүн ташаа, зүүн гуя, баруун өвгөнд цус хуралт гэмтлийг бол Б.Н намайг толгой хагаллаа гээд уурлаад ирээд үстэж аваад газар унагаад өшиглөж, цохиход учирсан” гэх мэдүүлэг,

 

Гэрч Н.Цгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд салаад холдоод ширээ рүүгээ суух гээд явтал Урнаа дахиад Н.Мийн нүүрэн дунд нь цохиод газар унагахаар нь дахиад зодоон болох гэтэл хүмүүс салгаад ширээн дээр очоод суутал гэнэтхэн шуугиан болоод явчихаар нь хартал цаана ширээн дээр сууж байсан хүмүүс тархи толгой хагаллаа гээд бөөн шуугиан болоод явчихсан. Тэгээд л цаана ширээн дээр сууж байсан эмэгтэйчүүд ирээд толгой хагалчихлаа гээд орилдоод цусаа гоожуулсан эмэгтэй ирээд толгой хагалчихлаа гээд орилоод Н.Мийг алгадаад үсдэж аваад газар унагаад өөр бас эмэгтэй дээрээс нь дэвсээд дахиж босгож ирээд ширээ нүүрээр нь мөргүүлэхэд зөөгч залуу ирээд салгасан” гэх мэдүүлэг,

 

Гэрч Н.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Урнаа Н.Мийг цохисон юм уу, яасан юм. Олон хүн бужигналдаад хараагүй. Нэг мэдэхэд Н.М газар унасан байхаар нь очоод босгоод ширээн дээр очоод суутал Н.М ширээн дээр байсан пивыг аваад шидтэл цаана нь сууж байсан эмэгтэйг оносон. ...Нөгөө эмэгтэй нь босож ирээд тархи хагаллаа гээд Н.Мийг ширээн дээр сууж байхад татаж босгож ирээд газар унагаад дээр нь мордож суугаад гараараа биеийнх нь цээж, нүүр хэсэг рүү нь цохиж, босож ирснээ дээрээс нь дэвсээд байсан” гэх мэдүүлэг,

 

Гэрч П.Уийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...ширээн дээрээ сууж байтал Н.М над руу юм аваад шидэхэд арын ширээн дээр сууж байсан эмэгтэйн толгойг оноод хагалсан. Тэгээд толгойгоо хагалуулсан эмэгтэй босож ирээд Н.Мийг газар татаж унагаад цохиод дээрээс нь дэвсээд байсан” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн шинжээчийн №98 дугаар дүгнэлт, Камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, камерын бичлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Тухайн гэмт хэрэг гарахад Н.М, Н.Ц, Н.О, П.У нар нь хэрүүл маргаан үүсгэж бие биеийнхээ биед халдаж, улмаар Н.М нь П.У рүү ширээн дээр байсан пиво шидсэн боловч Б.Нын толгойг онож хагалсны улмаас Б.Н нь Н.Мийн биед халдсан шалтгаан нөхцөл тогтоогдож байна. Хэдийгээр гэмт хэрэг шүүгдэгч Н.Мийн буруутай үйлдлээс болж гарсан байх хэдий ч шүүгдэгч Б.Нын түүний биед халдаж, хөнгөн гэмтэл учруулсан үйлдлийг зөвтгөх үндэслэл болохгүй юм.

 

Шүүгдэгч Б.Н, Н.М нар нь харилцан бие биеийнхээ эрүүл мэндэд халдсан байх ба шүүгдэгч нарын энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Н, Н.М нарыг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

            Хохирогч Б.Н нь хавтаст хэрэгт баримтаар нэхэмжилсэн зүйлгүй байх ба хэрэгт түүний гараараа бичсэн “гэмтлийн улмаас боолт хийлгэх, өвчин намдаах эм зэрэгт нийт 37.550 төгрөгийн зардал гарсан, тодосгогчтой толгойн томограф шинжилгээ өгөх шаардлагатай” гэх баримт авагдсан байна. Хохирогч Б.Н нь шүүхийн хэлэлцүүлгийн явцад “эмчилгээтэй холбоотой зардлыг нэхэмжлэхгүй, харин “Өег Налайх” цайны газарт нэг өдрийн 50.000 төгрөгийн цалинтай ажиллаж байсан тул 10 өдрийн ажлын цалин 500.000 төгрөгийг нэхэмжилж байна. Энэ талаар “Өег Налайх” цайны газрын тамгатай тодорхойлолтыг гаргаж өгсөн” гэж мэдүүлсэн болно. Хохирогч нь ажлын 10 өдрийн 500.000 төгрөгийн цалин хөлс нэхэмжлэх боловч чөлөөний хуудас, чөлөөтэй байсан хугацааны цалингийн талаарх санхүүгийн баримт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт гэх холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй, энэ талаарх баримт байхгүй гэсэн тул зөвхөн байгууллагын тодорхойлолтоор цалин хөлсийг шүүх тооцож гаргах хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно. Иймд шүүгдэгч Н.Мийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

            Хохирогч Н.М нь хавтаст хэрэгт баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, мөн шүүхийн хэлэлцүүлгийн явцад “Улсын эмнэлэгт үзүүлсэн, эмчилгээнд 10.000 гаруй төгрөгийн зардал гарсан, нэхэмжлэхгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Б.Ныг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Над 800.000 төгрөгөөр торгох ял  оногдуулах, уг ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, шүүгдэгч Н.Мт 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Б.Н нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо “Торгох ялын хамгийн бага хэмжээгээр буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэх хүсэлтийг гаргасан бол шүүгдэгч Н.М нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

Шүүгдэгч Б.Н, Н.М нар нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байх ба шүүгдэгч Б.Над эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.4-т заасан “хохирогчийн хууль бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд, шүүгдэгч Н.Мт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тус тус тооцсон ба  шүүгдэгч нарт мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувь хүний нөхцөл байдал, гэмт хэргийн оролцоо зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагыг ялгамжтай оногдуулах нь зүйтэй гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Над 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мт 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих, шүүгдэгч Н.М нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Нийслэл нэртэй лаазтай пивыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт хариуцсан коммист даалгаж, 1 ширхэг СД-г хавтаст хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалж, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

            Улсын яллагч яллах дүгнэлтэд яллагдагч нарын яллаж байгаа хэргийн товч утга, нотлох баримтыг жагсаан бичихдээ хооронд нь сольж бичиж, техникийн шинжтэй алдаа гаргасан байгааг анхааруулж тэмдэглэв. 

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. ******* овогт Б.Н, ******* овогт Н.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ныг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мийг 250 /хоёр зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Над оногдуулсан 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мт оногдуулсан 250 /хоёр зуун тавь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан  шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч Б.Нын нэхэмжилсэн 500.000 /таван зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

6. Шүүгдэгч Б.Н, Н.М нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,

шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

                                                          

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-г хавтаст хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалж, 1 ширхэг Нийслэл нэртэй лаазтай пивыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт хариуцсан коммист даалгасугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Н, Н.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Э.ЭНХЖАРГАЛ