Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 09

 

 

 

 

 

 

 

 

   2020        12           25                                  2020/ШЦТ/09

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж,

   Нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,

Улсын яллагч Д.Ариунжаргал,

Хохирогч З.Б,

Шүүгдэгч Б.А нарыг оролцуулан шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.А-д холбогдох эрүүгийн 2006 00000 2864 дугаар хэргийг 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ****суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4 эхнэр 2 хүүхдийн хамт *** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б.А

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч Б.А нь 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 16 цаг 30 минутын үед *** дэвсгэрт байрлах ***цэцэрлэг дотор иргэн З.Б-ыг нүүрэн тус газар нь мөргөх, цохих зэргээр түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч З.Б мэдүүлэхдээ: “Цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ” гэв.

 

            Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч З.Б-ы мэдүүлэг /хх-11-12/, гэрч Ж.А-ийн  мэдүүлэг /хх-16/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн №*** дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-19-20/ зэрэг нотлох баримтуудыг судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч Б.А нь 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 16 цаг 30 минутын үед *** дэвсгэрт байрлах *** дотор иргэн З.Б-ыг нүүрэн тус газар нь мөргөх, цохих зэргээр түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч З.Б-ы “...2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 16 цагийн үед охин Н-г *** дэвсгэрт байрлах *** авахаар очоод тус цэцэрлэгийн хоёр давхарт намайг гарах үед зүс таних хоёр хүн хоорондоо маргалдаад зогсож байсан. Би тэгээд тэр хоёр хүнийг тойроод ар талаар нь гараад хүүхдийнхээ хувцас хийдэг шүүгээ рүү явж байхад зүс таних залуу намайг дуудахаар би эргээд харсан чинь намайг заамдаад авсан. Тэгээд үгийн зөрүүгүй намайг цохиод авсан. Тухайн үед намайг цохих үедээ миний толгойны дух болон хамар хэсэг тэр залуу духаараа 2 удаа мөргөсөн. Тухайн үед нүүрээ дараад тонгойход миний ар нуруу хэсэгт хэд хэдэн удаа гараараа цохьсон. Өөрөөр намайг цохиж зодсон зүйл байхгүй. Мөн тэр залуу намайг орж ирэх үед маргалдаж байсан эмэгтэйгээ мөн адил цохиод байсан. Тэгээд тэр залуугаас зугтаж нойлд ороод цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” /хх-11-12/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.А-ийн “...Би 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 08 цагаас 20 цагийн хооронд Сүлд 116 чиглэл цагдаа жолооч ахлах ахлагч Г-н хамтаар машинт эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. Тухайн орой 17 цагийн үед Сүлд 10-аас *** дээр согтуу хүн агсам тавиад байна гэх дуудлага ирсэн. Уг дуудлагын дагуу **** цэцэрлэг дээр ирэхэд ногоон цамцтай  бараан өнгийн өмдтэй 30 орчим насны эрэгтэй цэцэрлэгийн хашаанд орилж байгаад цэцэрлэг дотор орсон. Тэгээд би ганцаараа дотогш орсон. Тэр үед манай цагдаа жолооч, ахлах ахлагч Ганбат нь тээврийн хэрэгсэлээ байршуулж байсан. Намайг орох үед ногоон цамцтай бараан өнгийн өмдтэй эрэгтэй цагаан өнгийн цамцтай эрэгтэй хамтаар зогсож байсан. Би амрыг эрье юу болов гэж асуутал үл таних ногоон цамцтай, бараан өнгийн өмдтэй залуу миний мөрдөс дээрээс зуураад намайг мөргөх гэж оролдсон. Тухайн үед би хойшоо алхаад бултсан ба тухайн залууг татаж унагаад гарыг нь ард нь өчөөд хэвтүүлж байсан. Тэр үед гаднаас хамтрагч цагдаа жолооч ахлах ахлагч Ганбат нь гаднаас орж ирээд ногоон цамцтай бараан өнгийн өмдтэй эрэгтэйг авч машиндаа суулган Улиастай 120 эрүүжүүлэх байранд хүлээлгэн өгсөн...” /хх-16/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн №12741 дугаартай шинжээчийн “...З.Б-ы биед тархи доргилт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, хамрын угт зүүн талд зулгаралт, баруун 1-р шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сариулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-19-20/ гэх мэдүүлэг зэрэг болно.

 

         Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.

 

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Б.А нь 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 16 цаг 30 минутын үед *** иргэн З.Б-

ыг нүүрэн тус газар нь мөргөх, цохих зэргээр түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх, ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

Шүүгдэгч Б.А нь гэмт хэргийн улмаас учирсан 128.000 төгрөгийг хохирлоо хохирогчид төлөх зорилгоор шүүхийн тамгын газрын дансанд байрлуулсан тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэж хохирол, цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн жич иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүхээс шүүгдэгч Б.А нь хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэлийг оногдуулж, 100.000 төгрөгөөр 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна. 

 

Шүүгдэгч Б.А нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

             2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

             3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар бүр 100.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

             4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

             5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Б.Аод хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

            6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.А хохирол төлөх зориулалтаар тус шүүхийн тамгын газрын дансанд байрлуулсан 128.000 /нэг зуун хорин найман мянган/ төгрөгийг хохирогч З.Б-д олгуулсугай.

            

             7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Хохирогч З.Б нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, цаашид гарах эмчилгээний зардал байвал холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

             9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

             10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.МӨНХТУЛГА