| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2017/00280/И |
| Дугаар | 292 |
| Огноо | 2017-04-06 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 292
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар баг, 1-45 тоотод оршин суух, 1960 онд төрсөн, 57 настай, эмэгтэй, РД:ОЭ60031006, Сэдэрхий зуутраг овогт Дэмбэрэлийн Оюунгэрэлийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Оюунгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Оюунгэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 1960 онд төрсөн, ам бүл 2, охины хамт амьдардаг. Би 8 дугаар анги төгсөөд Улаанбаатар хотын хүнсний ТМС-ийн гурилын ангид суралцан төгсөж ирээд 1978 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 1980 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд Увс аймгийн Улаангомын Гурилын үйлдвэрт сепараторчин буюу машинистаар ажиллаж байсан. Гэтэл ажилаж байсан талаар бичилттэй хөдөлмөрийн дэвтэр усанд орж бичиг нь баларсан тул шүүхэд хандаж байна. Иймд миний 1978 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 1980 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд Увс аймгийн Улаангомын Гурилын үйлдвэрт сепараторчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Оюунгэрэл нь Увс аймгийн Улаангомын Гурилын үйлдвэрт 1978 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 1980 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүртэл сепараторчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараахь нотлох баримтууд авагджээ. Үүнд:
1. Дэмбэрэлийн Оюунгэрэлийн 1978 оны 7 дугаар сараас 1980 оны 8 сар хүртэл бичилттэй усанд норж бүдгэрсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
2. Увс аймгийн Улаангомын гурилын үйлдвэрийн даргын 1978 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 84 тоот “Ажилчин ажилд томилох тухай” тушаалд “Хүнсний үйлдвэрийн ТМС-ийн гурилын анги төгссөн Дэмбэрэл овогтой Оюунгэрэлийг жижиг сепараторчноор 7 дугаар сарын 27-наас эхлэн ажиллуулсугай” гэжээ,
3. Увс аймгийн Архивын тасгаас 2017 оны 2 дугаар сарын 07-ны өдөр ирүүлсэн “Увс аймгийн Гурил тэжээлийн үйлдвэрийн 1990 оноос өмнөх цалин шилжиж ирээгүй тул Дэмбэрэл овогтой Оюунгэрэлтэй холбогдох баримтыг шүүн үзэх боломжгүй байна. Гурил тэжээлийн үйлдвэрийн даргын 1980 оны тушаалыг шүүн үзэхэд Д.Оюунгэрэлтэй холбогдох баримт гараагүй нь үнэн болно” гэх тодорхойлолт,
4. Гэрч Т.Эрдэнэцогтын шүүхэд өгсөн: “Би 1975 оноос эхлэн Улаангом сумын Гурилын үйлдвэрт 1998 он хүртэл грушик, цахилгаанчин, авто механикч зэрэг ажлуудыг хийж байсан. Д.Оюунгэрэл нь 1978 онд манай үйлдвэрийн тариа цэвэрлэх цехийн машинист /сепараторчнаар/ 1980 оны сүүл хүртэл ажиллаад их сургуульд суралцахаар ажлаас чөлөөлөгдсөн юм. Д.Оюунгэрэлийг анх ажилд орох үед би цахилгаанчнаар ажиллаж байсан санагдаж байна. Тухайн үед манай байгууллага нь жилд 12.000.000 тн будаа авдаг, будаагаа баруун 5 аймагт тарааж, заримыг нь бүтээгдэхүүн болгон гаргадаг байсан. Манайх 316 ажилчинтай, 4 ээлжээр ажилладаг байсан бөгөөд Д.Оюунгэрэл бид хоёр хамт нэг ээлжинд гардаг байсан учраас түүнийг сайн таньж мэдэх юм” гэх мэдүүлэг,
5. Гэрч Т.Эрдэнэцогтын Увс аймгийн Улаангомын гурилын үйлдвэрт ажиллаж байсныг нотлох түүний хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.
Нэхэмжлэгч Д.Оюунгэрэл нь Увс аймгийн Улаангомын Гурилын үйлдвэрт 1978 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 1980 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүртэл сепараторчнаар ажиллаж байсан болох нь түүний хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн байдал, Увс аймгийн Улаангомын гурилын үйлдвэрийн даргын 1978 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 84 тоот “Ажилчин ажилд томилох тухай” тушаал, гэрч Т.Эрдэнэцогтын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгч Д.Оюунгэрэлийн Увс аймгийн Улаангомын Гурилын үйлдвэрт 1978 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 1980 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 2 жил, 23 хоног сепараторчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Оюунгэрэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Сэдэрхий зуутраг овогт Дэмбэрэлийн Оюунгэрэлийн Увс аймгийн Улаангомын Гурилын үйлдвэрт 1978 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 1980 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 2 /хоёр/ жил, 23 /хорин гурав/ хоног сепараторчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Оюунгэрэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОР