| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2017/00268/И |
| Дугаар | 293 |
| Огноо | 2017-04-06 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 293
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар баг, 7-21 тоотод оршин суух, 1964 онд төрсөн, 53 настай, эмэгтэй, РД:ОС64061607, Булгадар овогт Жамцаагийн Жавзанхорлоогийн Ж.Баатархүүгийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Жавзанхорлоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Жавзанхорлоо шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ж.Баатархүү нь 1956 онд төрсөн, 61 настай. Ж.Баатархүү 22 настайгаасаа буюу 1978 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 7 дугаар сарын 27-ны өдрийг дуустал хугацаанд Увс аймгийн Цагаанхайрхан сумын Модны үйлдвэрт уулын мод бэлтгэлд хөрөөчнөөр, 1992 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарыг дуустал “Шинэс” ХК-д хөрөөчнөөр тус тус ажиллаж байсан бөгөөд хөдөлмөрийн дэвтэрт нь түүнийг нормчин гэж буруу бичилт хийгдсэн тул шүүхэд хандсан. Ер нь тухайн үед модны үйлдвэрт хөрөөчнөөр ажиллаж байсан ихэнх хүмүүсийг хөдөлмөрийн дэвтэрт нь нормчин гэж буруу бичсэн байдаг юм. Иймд Ж.Баатархүүгийн 1978 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 7 дугаар сарын 27-ны өдрийг дуустал хугацаанд Увс аймгийн Цагаанхайрхан сумын Модны үйлдвэрт уулын мод бэлтгэлд хөрөөчнөөр, 1992 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарыг дуустал “Шинэс” ХК-д хөрөөчнөөр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Жавзанхорлоо нь Ж.Баатархүүгийн Увс аймгийн Цагаанхайрхан сумын Модны үйлдвэрт 1978 оны 9 дүгээр сараас 1992 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хүртэл хөрөөчнөөр, “Шинэс” ХК-нд 1992 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарыг дуустал хөрөөчнөөр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараахь нотлох баримтууд авагджээ. Үүнд:
1. Жамцын Баатархүүд Увс аймгийн Цагаанхайрхан сумын Модны үйлдвэрээс нээсэн бүрэн бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
2. Увс аймгийн Цагаанхайрхан сумын Модны үйлдвэрийн даргын 1979 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 128 тоот “Тэргүүний хүмүүсийг шагнах тухай” тушаалын хавсралтын 28-рт Баатархүү бичигджээ,
3. Ж.Баатархүүгийн №505292 тоот Монголын үйлдвэрчний эвлэлийн Гишүүний бат илэрхийлэхэд 1981 оны 9 дүгээр сараас 1984 оны 12 дугаар сарыг дуустал бичилт хийгджээ,
4. Увс аймгийн Архивын тасгаас 2013 оны 3 дугаар сарын 16-ны өдөр гаргаж ирүүлсэн Жамцын Баатархүүгийн Увс аймгийн Цагаанхайрхан сумын Модны үйлдвэр болон “Шинэс” ХК-нд 1978 оны 9 дүгээр сараас 1994 оны 12 дугаар сарыг дуустал хөрөөчнөөр ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт,
5. Увс аймгийн Цагаанхайрхан сумын Арбулаг багийн Засаг даргын тодорхойлолтууд,
6. Итгэмжлэл,
7. Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр гаргаж ирүүлсэн “Шинэс” ХК нь 1992 онд Увс аймгийн Цагаанхайрхан суманд үйл ажиллагаа явуулж цалин ба түүнтэй адилтгах орлогоосоо хуулийн хувь хэмжээгээр шимтгэл төлж байсан нь үнэн болно” гэжээ,
8. Гэрч Э.Туяагийн шүүхэд өгсөн: “Би 1984 оноос эхлэн Увс аймгийн Цагаанхайрхан сумын Модны үйлдвэрийн зүсмэлийн цехэд нормчноор 1992 он хүртэл ажиллаад, “Шинэс” ХХК болоход үргэлжлүүлэн 1996 он хүртэл ажилласан юм. Намайг 1984 онд Модны үйлдвэрт ажилд ороход Ж.Баатархүү тэнд мод бэлтгэлд хөрөөчнөөр ажиллаж байсан бөгөөд 1992 он хүртэл ажиллаад “Шинэс” ХК болоход бид хамтдаа шилжин орж 1996 он хүртэл ажилласан юм. Манай байгууллага нь 130 гаруй ажилчинтай байсан бөгөөд уулын бригадын бэлтгэж ирсэн модыг зүсмэлийн цехэд зүсэж бэлтгэдэг байлаа. Ж.Баатахүү нь ажиллах хугацаандаа олон шагнал урамшуулал авч байгууллагын аваргаар шалгарч байсныг би санаж байна. Тухайн үед Цагаанхайрхан сумын Модны үйлдвэр болон “Шинэс” ХХК-ийн даргаар И.Шархүү, Ж.Цэрэндорж нар ажиллаж байсан юм” гэх мэдүүлэг,
9. Гэрч Э.Туяагийн Увс аймгийн Цагаанхайрхан сумын Модны үйлдвэр болон “Шинэс” ХК-нд ажиллаж байсныг нотлох түүний хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.
Ж.Баатархүү нь Увс аймгийн Цагаанхайрхан сумын Модны үйлдвэрт 1978 оны 9 дүгээр сараас 1992 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хүртэл хөрөөчнөөр, “Шинэс” ХК-нд 1992 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарыг дуустал хөрөөчнөөр ажиллаж байсан болох нь Ж.Баатархүүд Увс аймгийн Цагаанхайрхан сумын Модны үйлдвэрээс нээсэн бүрэн бичилттэй хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн байдал, Увс аймгийн Цагаанхайрхан сумын Модны үйлдвэрийн даргын 1979 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 128 тоот “Тэргүүний хүмүүсийг шагнах тухай” тушаал, Ж.Баатархүүгийн №505292 тоот Монголын үйлдвэрчний эвлэлийн Гишүүний бат илэрхийлэх, Увс аймгийн Архивын тасгаас 2013 оны 3 дугаар сарын 16-ны өдөр гаргаж ирүүлсэн Жамцын Баатархүүгийн Увс аймгийн Цагаанхайрхан сумын Модны үйлдвэр болон “Шинэс” ХК-нд 1978 оны 9 дүгээр сараас 1994 оны 12 дугаар сарыг дуустал хөрөөчнөөр ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт, Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр гаргаж ирүүлсэн “Шинэс” ХК нь 1992 онд Увс аймгийн Цагаанхайрхан суманд үйл ажиллагаа явуулж цалин ба түүнтэй адилтгах орлогоосоо хуулийн хувь хэмжээгээр шимтгэл төлж байсан нь үнэн болно” гэх лавлагаа, гэрч Э.Туяагийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.
Иймд дээрхи нотлох баримтуудыг үндэслэн Ж.Баатархүүгийн Увс аймгийн Цагаанхайрхан сумын Модны үйлдвэрт 1978 оны 9 дүгээр сараас 1992 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хүртэл 13 жил, 10 сар, 27 хоног хөрөөчнөөр, “Шинэс” ХК-нд 1992 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарыг дуустал 2 жил, 5 сар, 3 хоног хөрөөчнөөр, нийт 16 жил, 4 сар хөрөөчнөөр ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ж.Жавзанхорлоогийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Халбуу овогт Жамцын Баатархүүгийн Увс аймгийн Цагаанхайрхан сумын Модны үйлдвэрт 1978 оны 9 дүгээр сараас 1992 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хүртэл 13 /арван гурав/ жил, 10 /арав/ сар, 27 /хорин долоо/ хоног хөрөөчнөөр, “Шинэс” ХК-нд 1992 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарыг дуустал 2 /хоёр/ жил, 5 /тав/ сар, 3 /гурав/ хоног хөрөөчнөөр, нийт 16 /арван зургаа/ жил, 4 /дөрөв/ сар хөрөөчнөөр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Ж.Жавзанхорлоогийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОР