Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 294

 

     Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

      Нэхэмжлэгч: Увс аймгийн Наранбулаг сумын 3 дугаар багт оршин суух, 1960 онд төрсөн, эрэгтэй, РД:ОЗ60070111, Монголмууд овогт Бямбын Жамаагийн нас тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, 2017 оны 2  дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Жамаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

      Нэхэмжлэгч Б.Жамаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Монголмууд овогт Бямбын Жамаа нь 1957 онд Увс аймгийн Наранбулаг сумын Цахир хошуу гэх газарт төрсөн. Намайг сүүлд 1960 онд төрснөөр бүртгүүлсэн байдаг. Эцэг эх маань надад хэлэхдээ “Чи 1957 онд төрсөн, тахиа жилтэй” гэж хэлдэг байсан. Би иргэний цахим үнэмлэхээ авахад төрсөн он маань буруу бичигдэж ирсэн бөгөөд төрсөн оноо зөвтгүүлэхээр Улсын архивын газар, Иргэний бүртгэлийн газар, төрөлтийн түүхээ шүүлгэхэд төрсөн он сар өдөр маань олдохгүй байгаа тул намайг 1957 оны 7 дугаар сарын 01-ний өдөр төрсөн болохыг гэрчүүдийн мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт зэргийг үндэслэн тогтоож өгнө үү”  гэжээ.

         Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

       Нэхэмжлэгч Б.Жамаа 1957 оны 7 дугаар сарын 01-ний өдөр төрсөн болохыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.Үүнд:

1. Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн “Төрөлт бүртгэлгүй тухай лавлагаанд 1958-1963 онуудад Бямба овогтой Жамаа гэсэн төрөлт бүртгэгдээгүй байна” гэжээ,

2. Увс аймгийн Архивын тасгаас ирүүлсэн “Увс аймгийн Наранбулаг сумын 1965 оны олон хүүхэдтэй эхчүүдэд тэтгэвэр тогтоосон тогтоолын баримт,1965 онд Алдарт эхийн одонгийн баримт манай архивт шилжиж ирээгүй тул Бямба овогтой Жамаагийн тодорхойлолтыг шүүн үзэх боломжгүй байна” гэх тодорхойлолт,

3. Монголмууд овогт Бямбын Дэмбэрэлийн иргэний үнэмлэхний хуулбар,

4. Увс аймгийн Наранбулаг сумын Засаг даргын Тамгын газрын даргаас 2017 оны 4 дүгээр сарын 04-ны өдөр ирүүлсэн “Манай байгууллагын архивт 1958 оноос хойших төрсний бүртгэл байсан ба уг бүртгэлүүдийг 2015 онд аймгийн Улсын бүртгэлийн газарт шилжүүлсэн болно” гэх тодорхойлолт,

5. 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 62 тоот шинжээчийн дүгнэлтэд “Үзүүлэгч Б.Жамаа нь 57-62 настай байх боломжтой байна” гэжээ,

6. Ш.Гармаа, А.Буянт нарын иргэний үнэмлэхийн хуулбар,

7. Гэрч Ш.Гармаагийн шүүхэд өгсөн: “Б.Жамаа нь 1957 онд Наранбулаг сумын Хужирт багт хаврын цагт мал төллөж байх үеэр төрсөн юм. Тухайн үед би өөрөө 7 настай сургуульд орчихсон байсан бөгөөд улирлын амралтаараа гэртээ ирээд аавын хамтаар мал хариулж байлаа. Б.Жамааг тахиа жилтэй гэж түүний Бямба ах манай аавтай ярилцаж байхыг би сонсож байсан, Б.Жамааг төрөхийн өмнөх жил нь буюу 1956 онд мичин жилийн зуд болсныг би сайн санаж байна. Би намайг анх сургуульд орох жил Б.Жамаа төрсөн учраас түүнийг 1957 онд төрснийг сайн мэдэх юм. Б.Жамаа нь айлын 3 дахь хүүхэд бөгөөд эгч Б.Долгор нь 1955 онд төрсөн, удаах нь Б.Дорж, тэгээд Б.Жамаа, 2 дүүг нь хэдэн онд төрснийг сайн мэдэхгүй байна. Миний мэдэх зүйл ийм байна” гэх мэдүүлэг,

8. Гэрч А.Буянтын шүүхэд өгсөн: “.Жамаа нь 1957 онд Малчин сумын 5 дугаар баг, /одоогийн Наранбулаг Цахир мушгиу/ гэх газарт төрсөн юм. Тухайн үед би өөрөө 10 настай сургуульд ороогүй хүүхэд байсан, манайх Бямба гэх айлтай хоршоо саахалт амьдарч байсан бөгөөд Бямбынд шинэ хүүхэд мэндэллээ гэж сонсож байлаа. Мөн 1958 онд мал нийгэмчлэх үйл ажиллагаа явагдаж тэр үед 5-аас доош ам бүлтэй өрхийн 1 гишүүн 15 толгой мал өгдөг байсан. 6 дахь гишүүн мал оногдохгүй байх жишээтэй. Тэгэхээр Б.Жамаа тэр үед 1 настай байсныг би санаж байна. Б.Жамаа айлын 3 дахь хүүхэд болж төрсөн учраас Бямбынх 5 ам бүлтэй болж бүгд мал авч байсныг би санаж байгаа юм” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.  

       Нэхэмжлэгч Б.Жамаа нь Увс аймгийн Наранбулаг суманд Бямбын гэр бүлд 1957 оны 7 дугаар сарын 01-ний өдөр төрсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, түүний насыг тогтоосон шинжээчийн дүгнэлт, гэрч Ш.Гармаа, А.Буянт нарын мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

        Иймд нэхэмжлэгч Монголмууд овогт Бямбын Жамааг 1957 оны  7 дугаар сарын 01-ний өдөр төрснөөр тогтоож  шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Жамаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

      1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.13 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Монголмууд овогт Бямбын Жамааг 1957 оны  7 дугаар сарын 01-ний өдөр төрсөн болохыг тогтоосугай.

      2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Б.Жамаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      П.БОЛОР