| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2017/00285/И |
| Дугаар | 295 |
| Огноо | 2017-04-06 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 295
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Увс аймгийн Зүүнговь сумын 4 дүгээр баг, Тохойд оршин суух, 1957 онд төрсөн, 60 настай, эрэгтэй, РД:ОД57092611, Тайж овогт Дүүрэнгийн Бат-Очирын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Бат-Очир шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1957 онд төрсөн, 60 настай, ам бүл 2. Би 1975 онд Зүүнговь сумын 8 жилийн дунд сургууль төгсөөд цэргийн албанд яваад 1978 оны 9 дүгээр сард цэргээс халагдаж ирээд Увс аймгийн Зүүнговь сумын “Говийн хөгжил” нэгдэлд малчнаар ажилд орж 1990 оны 5 дугаар сарыг дуустал буюу нэгдэл тарах хүртэл ажилласан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас болж бичиг баримтаа бүрдүүлэхэд тус нэгдэлд ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч зөрчилтэй гэсэн тул шүүхэд хандаж байна. Иймд миний 1978 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 1990 оны 5 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Зүүнговь сумын “Говийн хөгжил” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Бат-Очир нь Увс аймгийн Зүүнговь сумын “Говийн хөгжил” нэгдэлд 1978 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 1990 оны 5 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараахь нотлох баримтууд авагджээ. Үүнд:
1. Увс аймгийн Архивын тасгаас 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр гаргаж ирүүлсэн Дүүрэнгийн Бат-Очирын Увс аймгийн Зүүнговь сумын “Говийн хөгжил” нэгдэлд 1978 оны 9 дүгээр сараас 1988 оны 4 дүгээр сарыг дуустал малчнаар ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт,
2. Дүүрэнгийн Бат-Очирт 1981 оны 7 дугаар сарын 10-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэрт түүний 1978 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр ажилд орсон гэж тэмдэглэжээ, мөн 1981 оны 1 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал ажиллаж байсан бичилт хийгджээ,
3. Гэрч Н.Норжмоогийн шүүхэд өгсөн: “Би 1972 оноос 1990 оныг дуустал Увс аймгийн Зүүнговь сумын “Говийн хөгжил” нэгдлийн Тохой бригадын малчнаар ажиллаж байсан. Д.Бат-Очир нь багаасаа аав, ээжийн хамтаар мал маллаж эхэлсэн бөгөөд 1970 оны сүүлээр цэргийн алба хаагаад халагдаж ирээд манай Тохой бригадад малчнаар ажиллаж эхлээд тус нэгдэл хувьчлагдах хүртэл буюу 1990 оныг дуустал ажилласан юм. Д.Бат-Очир 2016 онд аймгийн “Сайн малчин” болсон байна лээ. Увс аймгийн Зүүнговь сумын “Говийн хөгжил” нэгдлийн даргаар Т.Хүрэлхүү, С.Намсрайжав гэх хүмүүс ажиллаж байсан юм” гэх мэдүүлэг,
4. Гэрч Г.Цэцрээгийн шүүхэд өгсөн: “Би 1973 оноос 1990 оныг дуустал Увс аймгийн Зүүнговь сумын “Говийн хөгжил” нэгдлийн Тохой бригадын малчнаар ажиллаж байсан. 1978 онд Д.Бат-Очир нь цэргээс халагдаж ирээд манай Тохой бригадад малчнаар ажиллаж эхлээд тус нэгдэл хувьчлагдах хүртэл буюу 1990 оныг дуустал ажилласан юм. Тухайн үед манайх Д.Бат-Очирынхтой айл хоршоо амьдарч байсан учраас түүнийг болон гэр бүлийнхэн аав, ээж эхнэрийг нь сайн таньж мэддэг, бүгд насаараа мал малласан хүмүүс байдаг юм. Д.Бат-Очир эхнэрийн хамтаар олон жил малаа маллан Аймгийн сайн малчин болсон хүн юм” гэх мэдүүлэг,
5. Гэрч Н.Норжмоогийн Увс аймгийн Зүүнговь сумын “Говийн хөгжил” нэгдэлд ажиллаж байсныг нотлох түүний хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, ажиллаж байсан байдлыг тогтоосон Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 262 тоот шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Г.Цэцрээгийн Увс аймгийн Зүүнговь сумын “Говийн хөгжил” нэгдэлд ажиллаж байсныг нотлох түүний хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.
Нэхэмжлэгч Д.Бат-Очир нь Увс аймгийн Зүүнговь сумын “Говийн хөгжил” нэгдэлд 1978 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 1990 оны 5 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгаас 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр гаргаж ирүүлсэн Д.Бат-Очирын цалингийн тодорхойлолт, түүний хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн байдал, гэрч Н.Норжмоо, Г.Цэцрээ нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгч Д.Бат-Очирын Увс аймгийн Зүүнговь сумын “Говийн хөгжил” нэгдэлд 1978 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 1990 оны 5 дугаар сарыг дуустал 11 жил, 8 сар, 15 хоног малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Бат-Очирын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Д.Бат-Очирт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч “Миний бие Увс аймгийн Зүүнговь сумын “Говийн хөгжил” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүх хуралдааны товыг мэдсэн боловч мал төллөөд хүн бүл муутай байгааг харгалзан үзэж намайг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж миний ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Тайж овогт Дүүрэнгийн Бат-Очирын Увс аймгийн Зүүнговь сумын “Говийн хөгжил” нэгдэлд 1978 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 1990 оны 5 дугаар сарыг дуустал 11 /арван нэг/ жил, 8 /найм/ сар, 15 /арван тав/ хоног малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Бат-Очирын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОР