Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 03

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

        Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж тус шүүхийн танхимд Нарийн бичгийн дарга: Н.Наранцай Улсын яллагч: Т.Дэлгэрсайхан Шүүгдэгч П.М-ө нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Сайхан сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.М-д холбогдох 2034003990646 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1976 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн Бүрд суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын 2 дугаар багийн задгайд түр оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Харваач овогт П-н М-ө /РД:ЙЕ00000000/ гэв. Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч П.М-ө нь үргэлжилсэн үйлдлээр Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 2020 оны 04 дүгээр сарын 11, 2020 оны 04 дүгээр сарын 15- ны өдрүүдэд *******нг зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, эвэрлэгт цус хуралт, хамарт зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зулайд зөөлөн эдийн няцрал зулгаралт, баруун хацарт зулгаралт, баруун бугалага, цээж, зүүн гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар: Шүүгдэгч П.М-ө нь Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 2020 оны 04 дүгээр сарын 11, 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрүүдэд *******нг зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, эвэрлэгт цус хуралт, хамарт зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зулайд зөөлөн эдийн няцрал зулгаралт, баруун хацарт зулгаралт, баруун бугалага, цээж, зүүн гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт үйлдэл нь: Шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүгдэгч П.М-н өгсөн: “…*******н бид хоёр нэг нутгийн хүмүүсбайгаа юм. 2020 оны 04 дүгээр сарын 11-ны өдөр ******* гэх айлд архи уусан. Би хэдэн адуу алдчихсан юм. *******н бид хоёр хулгайд алдагдсан малнаас болж жоохон маргасан. 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хонио хариулж яваад тааралдсан. Тухайн үед надаас машиныхаа түлхүүрийг авах гэж ирсэн. Надаас уучлалт гуйх юм болов уу гэсэн чинь намайг шууд мориноос буулгаад дахиад зодсон. Тэгэхээр нь би ганц нэг удаа цохичихсон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Г.Мөнхнасантай утсаар ярьж холбогдсон. Тэгээд би хохирогчоос уучлалт гуйгаад гомдол саналгүй гэсэн...” гэх мэдүүлэг, Эрүүгийн 2034003990646 тоот хавтаст хэргээс Хохирогч *******нгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Төв аймгийн Жаргалант суманд Зөөхийн гэх газар Наранхүү гэх айлд ямаа самнах гэж би очсон тэнд гэрийн эзэн Наранхүү эхнэр хүүхдийнхээ хамтаар байж байсан. Тэгээд удалгүй П.М-ө ирээд Наранхүү Мөнхөө хоёр нэг танихгүй залуугийн хамтаар 3-4 шил архи хувааж уусан би ч хамт уусан тэгээд нөгөө танихгүй залуу яваад өгсөн Наранхүү эхнэрийнхээ хамтаар хурга тавихаар гарсан. Гэрт П.М-ө бид хоёр үлдсэн тэр хооронд П.М-ө намайг хулгайд сэрдээд намайг 6 адуу авсан чи авсан гээд намайг гүтгээд байсан. Би аваагүй гээд бид хоёр муудалцаад хоорондоо хоёр биенээ барилцаж аваад П.М-ө миний хамарлуу баруун гараараа нэг цохиод цус гарсан, тэгэхээр нь би зөрүүлж нүүрлүү нь 2 удаа цохисон П.М-н дээд уруул бага зэрэг хавдсан, миний хамраас цус гараад тэгээд би П.М-н дээрээс нь дараад сууж байтал Наранхүү гаднаас орж ирээд бид хоёрыг салгасан. Салгах зуур миний зүүн гуя хэсгээс П.М-ө шүдээрээ хазчихсан юм. Тэгээд би гэрлүүгээ явсан. Маргааш нь П.М-н эхнэр нь ирээд намайг заганаад чамаас болж зодоон боллоо гээд миний машины түлхүүрийг эхнэр нь аваад явчихсан юм. Маргааш нь билүү нөгөөдөр нь билүү хэд хоногийн дараа машиныхаа түлхүүрийг авахаар Сэлэнгэ аймаг Орхонтуул сумын Нарийн хөндийн ар гэх газар өвөлжөө хаваржаа нь дээр нь очоод машиныхаа түлхүүрийг авмаар байна гэхэд П.М-ө зодоод ав гэсэн. Тэгэхээр нь таныг зодоход гэмгүй л юм байна лээ гэж хэлтэл мориноосоо буугаад хүүхдэдээ морио өгөөд намайг заамдаад авсан би зөрүүлж заамдаад хагас доош нь дараад өөрийнхөө нүүрийг хамгаалаад байж байтал П.М-ө гараараа 2-3 удаа цохиж миний хамраас цус гаргасан. Мөн барьж явсан уургаараа болон ташуураараа толгой шанаа руу цохисон юм...” гэх мэдүүлэг /Хх-ийн 13-14 дүгээр хуудас/, Гэрч Д.Тэрбишийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай нөхөр 2020 оны 04 дүгээр сарын дундуур яг хэдэнд гэдгийг нь сайн санахгүй байна хонио хужирлана гээд “Зөөхий” гэх голруу явсан юм. Тэгээд ирэхгүй удаад байхаар нь голын ойролцоо байдаг Наранхүүгийнх рүү залгаад нөхрөө асуух гэтэл тухайн үед утасаа авахгүй байж байгаад оройхон тийшээ харанхуй болж байсан үе Наранхүүгийн эхнэр над руу залгаад “...П.М-ө ахыг унтаж байхад нь *******н гэх залуу зодоод цус нөжтэй нь холиод хаячихсан байна та ирж авах уу...” гэхээр нь би “...гадаа харанхуй болчихсон тул очиж авч чадахгүй нь ээ маргааш очиж авъя...”” гэсэн юм. Маргааш нь би Зөөхийн голын ойролцоо байх Наранхүүгийнд очоод өөрийн нөхөр П.М-г авч ирсэн юм. Намайг очиход манай нөхөр П.М-н хоёр нүд, уруул нь хавдсан байдалтай байсан юм...” гэх мэдүүлэг /Хх-ийн 48 дугаар хуудас/, Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны 04 дүгээр сарын дундуур байх яг сар өдрийг нь сайн мэдэхгүй байна манай гэрт *******н, П.М-ө нар хамт нэг шил архи уусан юм. Тухайн үед би эхнэрийн хамт гадаа мал ахуйн ажлаа хийгээд нэлээд удаж байгаад үдээс хойш 05 цагийн үед л байх гэртээ яваад ортол *******н, П.М-ө нар нь хоорондоо маргалдчихсан сууж байсан тэгэхээр нь би тэр хоёрыг салгаад *******нг гэрт хүргэж өгсөн юм ...” гэх мэдүүлэг /Хх-ийн 50дугаар хуудас/, Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 214 дугаартай шинжээчийн дүгнэлтийн: 1. *******нгийн биед тархи доргилт, зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, эвэрлэгт цус хуралт, хамарт зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зулайд зөөлөн эдийн няцрал зулгаралт, баруун хацарт зулгаралт, баруун бугалага, цээж, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын зааврын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт хэсэг /Хх-ийн 19-20 дугаар хуудас/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /Хх-ийн 35-дугаар хуудас/ Хохирогч *******нгийн шүүхэд гаргасан “...Миний бие Лувсанжамба овогтой Мөнхнасан нь 2020 оны 05 дугаар сарын 12-нд Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт П.М-ө гэх хүнд зодуулж биед хөнгөн гэмтэлтэй учирсан надаа гомдол, гаргах санал байхгүй. Би хэргийн материалтай танилцахгүй. Би шүүх хуралд суухгүй...” гэх тодорхойлолт /Хх-ийн 47 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан тул яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч П.М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчтай зөвшилцсөн, хохирогч гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэснийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйл 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Харваач овогт П-н М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.М-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000/ таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч П.М-ө нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5.Шүүгдэгч П.М-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 38.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 8.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч П.М-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛГИРМАА