Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 374

 

      Л.Х-т холбогдох эрүүгийн

  хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Д.Очмандах, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 прокурор Г.Эсэн,

 насанд хүрээгүй хохирогч Ж.С-н хууль ёсны төлөөлөгч Ж.Я, өмгөөлөгч Л.Даваасүрэн,     

шүүгдэгч Л.Х, түүний өмгөөлөгч Ю.Тогмид,   

нарийн бичгийн дарга Б.Анхзаяа нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 57 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч насанд хүрээгүй хохирогч Ж.С-н хууль ёсны төлөөлөгч Ж.Я-н гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Л.Х-т холбогдох 171000831 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Х овгийн Л-н Х, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр .......... аймгийн .......... суманд төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, Хөдөө аж ахуйн машин ашиглалтын инженер мэргэжилтэй, “В” ХХК-д сангийн засварчин ажилтай, ам бүл 3, эх, дүү нарын хамт .........дүүргийн 11 дүгээр хороо, .............дугаар гудамжны  .. тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: ............../;

Л.Х нь 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Хан-Хиллс хотхонд Ж.С-г зодож, түүний бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Л.Х-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Х овогт Л-н Х-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Л.Х нь нийтэд тустай ажил хийх ялыг биелүүлээгүй бол найман цагийн ажлыг нэг хоногоор тооцон хорих ялаар сольж болохыг мэдэгдэж, нийтэд тустай ажил хийх ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, энэ хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Х-с 1.649.500 төгрөгийг гаргуулж, насанд хүрээгүй хохирогч Ж.С, түүний хууль ёсны төлөөлөгч Ж.Я нарт олгож, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нь цаашид гаргах эмчилгээний зардал болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлсний дараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Я давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргав.

1. Шүүгдэгч Л.Х нь 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр миний хүү 17 настай Ж.С-г барилгын сантехникийн тоног төхөөрөмж эд зүйлийг зөөж байхдаа “та юмаа өргөөд явж чадахгүй байна уу” гэсний төлөө, үл ялих зүйлд догшрон танхайрч, хүүтэй минь хамт өргөж явсан юмаараа ханатай хавсран хана мөргүүлж, улмаар хамар нүүр лүү нь гараараа олон удаа цохиж, миний хүүгийн хамрын ясыг хугалж, санаатайгаар бэртэл гэмтэл учруулан хохироосон байхад анхан шатны шүүхийн шүүгч И.Ганбат нь хуульд заасан ялын хамгийн доод хэмжээгээр буюу 240 цагийн нийтэд тустай ажил хийх ялаар Л.Х-г шийтгэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Учир нь Л.Х-т оногдуулсан ял нь хөнгөдсөнөөс гадна миний хүүгийн эрүүл мэнд эмнэлэг үйлчилгээний зардалд гарсан мөнгөнөөс нэг ч төгрөгийн хохирол төлөөгүй байхад нь 240-хөн цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж байгаа нь хохирогч бидэнд дэндүү хохиролтой байна.

2. Ер нь Л.Х гэгч нь хүүгийн минь бэртэл гэмтэл учруулснаас болж миний хүү чих хамар хоолойн “ЭМЖЖ” эмнэлэгт 2017 оны 11 дүгээр сарын 1-ээс 10-ныг хүртэл сахиуртай хэвтэж эмчлүүлсэн. Одоо хамар нь муруйж эдгэрсний улмаас баруун хамар байнга битүүрдэг болсон. Энэ хэргийн улмаас олон хоног хичээлдээ явж чадаагүй, анги хамт олноосоо хоцорч байна. Одоо хүүгийн минь чихээр үе үе хатгуулж, толгой нь дүүрэн байнгын шаналгаатай байх боллоо. Би хүүгийнхээ эм тариа, эмнэлэг үйлчилгээний зардалд нийт 2.250.231 төгрөгийг зарцуулсан боловч Л.Х нь ганц ч төгрөг өгөөгүй. Шүүх Л.Х-с 1.649.500 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн байгаа нь миний зарцуулсан мөнгөний хаана нь ч хүрэхгүй байгаад гомдож байна. Тухайлбал: Би хүүгээ Гачуурт, Шархаднаас Хан-Уул Дүүргийн цагдаагийн хэлтэс мөн гэмтлийн эмнэлэг, эх нялхасын эмнэлэг, “ЭМЖЖ” эмнэлэг, БЗД-ийн гэмтлийн тасаг, “Мөнгөн гүүр” зэрэг олон эмнэлэг авч явсан боловч олигтой засал авахгүй өдийг хүрч байна, бас баруун дөрвөн замд байрлах БПК-д өдөрт 2 удаа хүргэж 2 удаа авах зэргээр дандаа өөрийнхөө хувийн машинаар үйлчилж энэ хүргэлтийн бензин шатахууны зардалд 537.300 төгрөг зарцуулсан. Гэтэл шүүх энэ зардлыг гаргаж өгөөгүйд гайхаж байна. Би хүүгийнхээ бие нь муу бэртэл гэмтэлтэй байхад нь Гачуурт, Шархаднаас явган явж энэ олон эмнэлэг, сургууль руу нь гүйхгүй нь тодорхой байхад шатахууны зардлыг гаргаагүйд гомдолтой байна. Тухайн үед надад бэлэн мөнгө байхгүй байсан учраас иргэн Энхбатаас 2017 оны 11 дүгээр сарын 1-ээс 12 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл 1 сарын хугацаатай өдрийн 7.5%-ийн хүүтэй 4 сая төгрөг зээлж авсан. Иймд хүүгээ эмнэлэг сургуульд хүргэж өгсний шатахууны зардалд гарсан 537.300 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн Л.Х гэгч энэ танхай, харгис, этгээдэд оногдуулах ялын хүндрүүлж өгөхийг хүсэж байна. Энэ хэргийг шийдсэн шүүгч И.Ганбат маш хайхрамжгүй хандаж, хохирогч миний насанд хүрээгүй хүү болон надаар бараг үг хэлүүлээгүй. Гагцхүү Л.Х-т үйлчилж байсан энэ байдал нь тэр шүүгчийн бичсэн тогтоолоос харагдаж байна. Тухайлбал шийтгэх тогтоолын хэд хэдэн хэсэгт Содбидэл, Содбилэг гэсэн байгаагаар хэнд хэрхэн хандсан болох нь ойлгомжтой байна. Би өрх толгойлсон олон хүүхэдтэйгээ амьдардаг. Ганц хүүгээ эрүүл мэнд, гоо сайхнаараа хохирсонд маш их гомдолтой байна. Ял шийтгэлийн хувьд оногдуулсан ял хөнгөдсөн гэж үзэж байна...” гэв.

Насанд хүрээгүй хохирогч Ж.С-н хууль ёсны төлөөлөгч Ж.Я-н өмгөөлөгч Л.Даваасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Анхан шатны шүүх хохирлыг бүрэн тогтоож, бензин шатахууны төлбөрийг гүйцэд тооцож гаргаагүй. Миний үйлчлүүлэгч Шархад, Гацууртад амьдардаг. Тэндээс Улаанбаатар хотын төв хүртэл хүүхдээ явган үүрч ирэхгүй учраас автомашинд бензиний зардал гаргасан. Өөрсдийнхөө хэмжээнд баримтуудыг бүрдүүлж, анхан шатны шүүхэд өгсөн ч үүнийг хасаж шийдвэрлэсэн байна. Мөн шүүгдэгчид 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, уг зүйл, хэсгийн хамгийн доод хэмжээний ял оногдуулсан. Хохирлоо төлөөгүй шүүгдэгчид яагаад 720 цагийн ял өгч болоогүй юм бэ. Хэргийн зүйлчлэл зөв эсэхийг бид анхаармаар байна. Хохирогчид ийм хохиролтой байхад зохих хуулийг хэрэглэмээр санагдаж байна. Шүүх эрх хэмжээний хүрээнд бензиний зардлыг гаргах боломжтой. Шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийх ялын цагийг нэмэгдүүлж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Л.Х тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би сангийн засварчин ажилтай, сардаа шимтгэлээ төлөөд 420.000 төгрөгийн цалин авдаг. Тиймээс хохирогчийн хохирлыг сар сард нь 50.000 төгрөг өгөх байдлаар төлөх боломжтой. Би ээж, дүүтэйгээ амьдардаг. Миний ээж тэтгэвэрт, дүү ерөнхий боловсролын сургуулийн 7 дугаар ангид сурдаг. Ээжийн тэтгэвэрт сард 120.000 төгрөг аваад түүнийг хоолондоо зарцуулдаг. Миний мөнгө дүүгийн хичээл ном, ээжийн эм тарианд зарцуулагддаг...” гэв.

Шүүгдэгч Л.Х-н өмгөөлөгч Ю.Тогмид тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Л.Х нь “В” ХХК-д ажилладаг боловч улирлын чанартай үйл ажиллагаа явуулдаг компани учир өвөл ажил нь зогсдог бөгөөд бага хэмжээний цалин өгч байсан ч түүнийгээ амьжиргаандаа зарцуулаад хохирлын төлбөрийг барагдуулж чадаагүй гэдгээ хэлж байсан. Барилгын ажил хэвийн явагдаад эхэлмэгц хохирлыг үе шаттайгаар төлнө гэдгээ Л.Х хэлж байгаа. Хохиролд яригдаж байгаа бензиний асуудлыг анхан шатны шүүхэд яагаад ярьсан бэ гэвэл газан болон бензин гэсэн хоёр төрлийн автомашин яваад байгаа. Хохирогчийнх нэг л автомашинтай түүгээрээ явж байсан гэж мэдүүлдэг. Нэг автомашинаар явж байсан бол яагаад хоёр янзын шатахуун хэрэглээд байгаа юм бэ. Анхан шатны шүүх хуралдаанд хохирогчоос та хэдэн удаа эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн бэ, аль, аль эмнэлэгт үзүүлсэн бэ гэж асуухад дүүргийн болон “ЭМЖЖ” эмнэлэг гэж хариулсан. Өнөөдөр яагаад олон эмнэлэг болсныг ойлгохгүй байна. Ял шийтгэлийн хувьд тохирсон гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

  Прокурор Г.Эсэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Л.Х-н үйлдэл нь нотлогдож тогтоогдсон. Анхан шатны шүүх хуралдаанд улсын яллагчийн хувьд 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын шүүмжийг гаргасан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” бол ял хөнгөрүүлэхээр заасан. Шүүгдэгч Л.Х урьд гэмт хэрэг үйлдэж байгаагүй нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. Иймээс хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож ялын шүүмж хэлсэн. Хохирлын тухайд хохирогч болон хууль ёсны төлөөлөгчөөс мөрдөн байцаалтын үед 1.733.000 төгрөгийг баримт гаргаж өгсөн. Шүүхээс 1.649.000 төгрөгийг хохирогчид гаргуулахаар шийдвэрлэсэн. Шүүх хуралдааны явцад хохирогч нэр бүхий иргэнээс мөнгө авсан гэж зээлийн гэрээ нотлох баримтаар өгсөн. Уг гэрээнд заасан мөнгөн дүнг олгох боломжгүй. Цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн учраас хохирогч болон хууль ёсны төлөөлөгч хохиролтой холбоотой баримтаа цуглуулж энэ талаарх гомдлоо иргэний шүүхээр нэхэмжлэх нь зөв. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.  

                                                       ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Л.Х-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Л.Х нь 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Хан-Хиллс хотхонд насанд хүрээгүй хохирогч Ж.С-г зодож, түүний бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Насанд хүрээгүй хохирогч Ж.С-н “...Би 2017 оны 10 дугаар сарын 26-ны орой 22 цагийн орчим “Хан Хиллс” нэртэй хотхоны баригдаж буй барилга дээр дадлагын ажил хийж байсан юм. Гэтэл уг компанийн ажилтан Л.Х гэх хүнтэй хамт барилгын 7 дугаар давхар руу барилгын материал тоног төхөөрөмж зөөсөн юм. Тэгсэн би Л.Х-н урд талд нь юм өргөөд явж байтал миний хойд талаас намайг түлхэхээр нь би эргэж хараад “та яаж байгаа юм бэ” гэж асуутал “чи дээрээс хойш давраад байгаа шүү” гэж хэлээд намайг гараараа миний нүүр орчим газар 2-4 удаа цохисон. Тэгтэл миний хамраас цус гараад байхаар нь би доош буусан. Барилгын нэг давхарт бууж гадаа гарч иртэл ангийнхаа Энхбаттай тааралдсан. Түүнд юу болсон талаараа хэлээд зогсож байтал Л.Х бид хоёр дээр ирээд бид хоёрыг зодох гэж дайрсан...” /хх 6-7/ гэх мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Ж.С-н биед хамар ясны хугарал, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, баруун хацрын зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх 2017 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 13536 дугаартай дүгнэлт /хх 19/,

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн компьютер томографийн шинжилгээ /хх 21/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч Л.Х-т холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Прокуророос шүүгдэгч Л.Х-т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн ба анхан шатны шүүх тухайн зүйл, хэсгийн ялын төрөл, хэмжээний дотор нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, гэм бурууд тохирсон байна.

Иймд “ял шийтгэл хөнгөдсөн” гэх насанд хүрээгүй хохирогч Ж.С-н хууль ёсны төлөөлөгч Ж.Я-н гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.   

 Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Я-с “...Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн гаргуулах буюу шатахууны зардалд гаргасан 537.300 төгрөгийг шүүгдэгчээс нэмж гаргуулж өгнө үү...” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан байна.

  Гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Ж.С-н биед хамар ясны хугарал, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, баруун хацрын зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирч, 2017 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр мэс засалд орж, эмчилгээний зарлалд 1.730.500 төгрөгийг зарцуулсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдожээ.

   Гэтэл анхан шатны шүүх насанд хүрээгүй хохирогчид учирсан эмчилгээний зардлыг 1.649.500 төгрөг гэж 81.000 төгрөгөөр дутуу тооцож, орхигдуулсан байх ба давж заалдах шатны шүүх эмчилгээний зардлыг нэмж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв. 

  Түүнчлэн насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Я-с “Ж.С-н хамар ясны мэс заслын дараа нийтийн тээврийн хэрэгслээр явах нь бохирдол үүсэх эрсдэлтэй тул нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх зорилгоор хувийн тээврийн хэрэгслээр явсан шатахууны зардлыг гаргуулж өгнө үү” гэсэн давж заалдах гомдол гаргасан. 

 Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд насанд хүрээгүй хохирогч Ж.С нь Баянзүрх дүүрэг, Гачуурт гэх газар оршин суудаг бөгөөд мэс заслын дараах нөхөн сэргээх эмчилгээг хийлгэхээр Гачууртаас “ЭМЖЖ” эмнэлэг, дүүргийн эмнэлэгт хүргэх байдлаар 477.300 төгрөгийн шатахуун зарцуулсныг хохиролд нэмж тооцох боломжтой, энэ талаарх насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Я-н гаргасан гомдол үндэслэлтэй байна.

  Иймд шүүгдэгч Л.Х-с нийт 2.207.800 төгрөгийг гаргуулж, насанд хүрээгүй хохирогч Ж.С, түүний хууль ёсны төлөөлөгч Ж.Я нарт олгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

  Мөн анхан шатны шүүх Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасан “бусдын эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг арилгах” үүрэг болгосон заалтыг баримтлаагүй шийдвэрлэснийг магадлалаар зөвтгөв.