Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2022/0712

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Е х х ү г с ш б-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Э.Лхагвасүрэн  

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа

Илтгэсэн шүүгч Н.Хонинхүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн А/327 дугаар захирамжаар нэхэмжлэгчид олгогдсон Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 13 дугаар хороо, Хайлааст хаягт байрлах 4130 м.кв талбай бүхий газрын ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, газар ашиглах эрхийн гэрчилгээг сунгасан захиргааны акт гаргахыг хариуцагчид даалгах” 

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 0547 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Э

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул

Хэргийн индекс: 128/2022/0112/З         

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Е х х ү г с ш б нь Нийслэлийн Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн А/327 дугаар захирамжаар нэхэмжлэгчид олгогдсон Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 13 дугаар хороо, Хайлааст хаягт байрлах 4130 м.кв талбай бүхий газрын ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, газар ашиглах эрхийн гэрчилгээг сунгасан захиргааны акт гаргахыг хариуцагчид даалгуулах”-аар маргасан байна.  

2. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 0547 дугаар шийдвэрээр: “...Нийслэлийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн А/327 дугаар захирамжаар нэхэмжлэгчид олгогдсон Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 13 дугаар хороо, Хайлааст хаягт байрлах 4130 м.кв талбай бүхий газрын ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, газар ашиглах эрхийн гэрчилгээг сунгасан захиргааны акт гаргахыг хариуцагчид даалгаж...” шийдвэрлэсэн байна.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. Анхан шатны шүүхээс үзэхдээ ...нэхэмжлэгч нь 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр буюу газар ашиглах эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-иас доошгүй хоногийн өмнө хугацаа сунгуулах тухай хүсэлтээ гаргасан байхад нийслэлийн Газар зохион байгуулалтын алба нь 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 03-06/5849 дүгээр албан бичгээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг сунгахаас татгалзсан хариу өгсөн нь үндэслэлгүй болжээ гэж дүгнэсэн. Мөн Дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл, нэхэмжлэгчид маргаан бүхий газрыг ашиглуулахаар гаргасан Нийслэлийн Засаг даргын шийдвэр нь Эрчим хүчний тухай хууль болон Хот байгуулалтын тухай хуулиудын холбогдох зүйл, заалтуудыг зөрчсөн талаар нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул хариуцагчийн газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгахаас татгалзсан эс үйлдэхүйг хууль бус гэж үзэхээр байна гэж тус тус дүгнэсэн.

3.2. Нэг талаар анхан шатны шүүхээс нийслэлийн Газар зохион байгуулалтын алба эрх олгогдоогүй байхад нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг сунгахаас татгалзсан гэж үзсэн хэр нь тухайн шийдвэрийг хууль зөрчсөн гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болоогүй гэж үзэж байна.

3.3 Үүнээс гадна анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй асуудлаар буюу нэхэмжлэгч Е х х ү г с ш б-д газар олгосон шийдвэрийн талаар дүгнэлт гаргаж, тухайн дүгнэлтийн дагуу нэхэмжлэгч байгууллагын газар ашиглах эрхийг сунгах нь зүйтэй гэж үзсэн нь Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасныг зөрчиж дүгнэлт гаргасан гэж үзэхээр байна

3.4 Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 547 дугаар шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасны дагуу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий биш тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

3. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд маргаан бүхий газрыг анх Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2004 он 11 дүгээр сарын 01-ний өдрийн 150 дугаар тогтоол болон Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр нэхэмжлэгчид Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Хайлааст хаягт байрлах нэгж талбарын 59/0037 дугаартай 4339 м.кв талбай бүхий газрыг шашны үйл ажиллагаа эрх зориулалтаар ашиглуулахаар шийдвэрлэж, газар ашиглах эрхийн гэрчилгээг 2004 оны 12 дугаар сарын 27-ны өдөр олгосон байна.

4. Нийслэлийн Засаг даргын 2010 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай 101 дүгээр захирамжаар Е х х ү г с ш б-д ашиглуулахаар олгосон Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 13 дугаар хороо, Хайлааст хаягт байрлах 4339 м.кв талбай бүхий газрын хэмжээг 4133 м.кв болгож өөрчлөн, Нийслэлийн Газрын алба 2010 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Гадаадын иргэн, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах гэрээг байгуулж, 0001042 дугаартай газар ашиглах эрхийн гэрчилгээг 2010 оны 02 дугаар сарын 24-ний өдөр олгожээ.

5. Улмаар Нийслэлийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай А/327 дугаар захирамжаар Е х х ү г с ш б-д 1559/0037 (18642314889532) нэгж талбарын дугаар бүхий 4133 м.кв газар ашиглах эрхийг 5 жилийн хугацаагаар сунгасан байна.

6. Нэхэмжлэгч Е х х ү г с ш б нь 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 24 дугаар албан бичгээр Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд газар ашиглах эрхийн хугацаа сунгуулахаар хүсэлт гаргасан байх боловч Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 03-06/5849 дүгээр албан бичгээр Нийслэлийн Засаг даргын 2016 оны ... А/327 дугаар захирамжаар ... 4133 м.кв газрыг ... ашиглуулахаар шийдвэрлэснийг үндэслэн гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон ... нь Эрчим хүчний тухай хуулийн 33.1, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 97 дугаар тогтоолын дугаар хавсралтын 3, Хот байгуулалтын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх заалтыг тус тус зөрчиж инженерийн шугам сүлжээний хамгаалалтын зурваст газар ашиглуулсан байх тул танай байгууллагын газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах боломжгүй” гэсэн хариу өгснийг эс зөвшөөрч нэхэмжлэгч Есүс христийн хожмын үеийн гэгээнтнүүдийн сүм шашны байгууллагаас “Нийслэлийн Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн А/327 дугаар захирамжаар нэхэмжлэгчид олгогдсон Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 13 дугаар хороо, Хайлааст хаягт байрлах 4130 м.кв талбай бүхий газрын ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, газар ашиглах эрхийн гэрчилгээг сунгасан захиргааны акт гаргахыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан, анхан шатны шүүх хариуцагчийн нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг сунгахаас татгалзсан нь үндэслэлгүй, хуульд нийцээгүй гэсэн үндэслэлээр татгалзал хууль бус болохыг тогтоож,  газар ашиглах эрхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

7. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэрэг үүсгэж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй тохиолдолд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн боломжтой.

8. Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах бөгөөд дараахь баримт бичгүүдийг хавсаргана” гэж, 37.2-т “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба бүртгэнэ” гэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1“захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн”, 106 дугаар зүйлийн 106.3.4-д “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн бол захиргааны хэргийн шүүх шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж тус тус заасан.

9. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Нийслэлийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн А/327 дугаар захирамжаар Есүс христийн хожмын үеийн гэгээнтнүүдийн сүм шашны байгууллагын 1559/0037 (18642314889532) нэгж талбарын дугаар бүхий 4133 м.кв газар ашиглах эрхийн хугацааг 5 жилээр сунгаж, 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 000345921 дугаар газар ашиглах гэрчилгээ олгож, мөн өдөр газар ашиглуулах гэрээ байгуулсан, нэхэмжлэгчээс газар ашиглах гэрчилгээний хугацаа дуусах 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс өмнө буюу 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Нийслэлийн Газар Зохион байгуулалтын албанд газрын гэрээ, гэрчилгээ шинэчлэн авах, эрхийн хугацааг сунгуулах тухай хүсэлт-ийг гаргасан байна.

10. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 03-06/5849 дугаартай албан бичгээр ... Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 97 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтын 3, Хот байгуулалтын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх заалтыг тус тус зөрчиж инженерийн шугам сүлжээний хамгаалалтын зурваст газар ашиглуулсан байх тул танай байгууллагын газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах боломжгүй гэж нэхэмжлэгчийн газар ашиглах эрхээ сунгуулах хүсэлтэд татгалзсан байх боловч хэрэгт уг татгалзлын үндэслэлийг нотлох баримт болох Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-т “Шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, Хот байгуулалтын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т “Хот байгуулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд дараахь зүйлийг хориглоно:”, 24.1.1-т “хот, тосгоны ерөнхий төлөвлөгөөний үндсэн шаардлага, үе шатны зорилт, эдэлбэр газрын зориулалт, инженерийн шугам сүлжээний даац, технологийн горим зөрчиж газар олгох” гэж заасанд хамаарах баримт нотолгоо хэрэгт авагдаагүй, хариуцагчаас энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй, эх сурвалжийг зааж маргаагүй байх тул анхан шатны шүүх хариуцагчийн уг татгалзлыг үндэслэлгүй гэж үзсэн нь зөв байна.  

11. Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг сунгахаас татгалзсан үндэслэлээ “...Е х х ү г с ш б-аас газар ашиглах эрхийн хугацаа сунгах хүсэлтийг хүлээн авч Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Мэргэжлийн зөвлөл-ийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 07 дугаар хурлаар хэлэлцүүлж ... газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн. Мэргэжлийн зөвлөл газар ашиглалтын зориулалт, талбайн хэмжээ, байршилд өөрчлөлт оруулах, эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, хугацаа сунгах, газар эзэмших, ашиглах эрхийг хүчингүй болгох шийдвэрийн хууль ёсны байх эрх зүйн үндсийг хангах үүрэг бүхий зөвлөл юм ...” гэж тайлбарлажээ.

12. Хэрэгт авагдсан шүүхийн маргаан бүхий газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл, барилгын гадна цахилгаан, гадна холбооны зураг, Хот байгуулалт, хөгжлийн газраас ирүүлсэн Е х х ү г с ш б-ын Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 4130 мк.в газар газрын ашиглах эрх бүхий газартай холбоотой баримтууд, сүмийн ашиглаж байгаа газрын байршлын кадастрын зураг, Улаанбаатар хотын ус сувгийн удирдах газар ӨНӨААТҮГ-ийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 3/2425 дугаар ... Бохир ус татан зайлуулах шугамын тэнхлэгээс хоёр тийш зургаан метрээс багагүй зайд барилга байгууламж, шугам сүлжээг барихыг хориглоно гэсэн хуулийн заалтыг зөрчөөгүй гэх албан бичиг зэрэг баримтуудаас үзвэл цахилгааны шугамын улмаас нэхэмжлэгч цаашид газар ашиглахад саад болсон нөхцөл байдал үүссэн гэж үзэх үндэслэлгүй, мөн нэхэмжлэгчийн ашиглаж байгаа газарт бусад инженерийн шугам сүлжээний хамгаалалтын зурвас байгаа болох нь тогтоогдохгүй, хариуцагчаас өөрийн татгалзлын үндэслэлийг нотлохуйц мэргэжлийн байгууллагын дүгнэлт зэрэг эрх бүхий этгээдийн хүчин төгөлдөр шийдвэр, холбогдох баримтыг шүүхэд гаргаж мэтгэлцээгүй байх тул нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг “инженерийн шугам сүлжээний хамгаалалтын зурваст газар ашиглуулсан байна” гэсэн үндэслэлээр сунгахаас татгалзсан хариуцагчийн татгалзлыг хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж үзнэ.

13. Анхан шатны шүүх 2022 оны 04 дүгээр сарын 11, 2022 оны 05 дугаар сарын 19, 2022 оны 05 дугаар сарын 27ы өдөр тус тус хариуцагчид хандаж “... Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Мэргэжлийн зөвлөлийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 07 дугаар хурлын протокол, уг хуралд хэлэлцүүлсэн Есүс христийн хожмын үеийн гэгээнтнүүдийн сүм шашны байгууллагын Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 4130 м.кв газар газрын газар ашиглах эрх бүхий газартай холбоотой баримтыг гаргуулах”-аар шаардсан байх боловч Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Мэргэжлийн зөвлөлийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 07 дугаар хурлын шийдвэр, тэмдэглэлийн талаар баримт хавтас хэрэгт авагдаагүй, хариуцагчаас энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул анхан шатны шүүх ... Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших болон ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах, сунгахаас татгалзах шийдвэр гаргах эрх олгогдоогүй байхад нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн талаар хариу өгсөн нь үндэслэлгүй болсон байна ... Эрчим хүчний тухай хууль болон Хот байгуулалтын тухай хуулиудын холбогдох зүйл, заалтуудыг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул хариуцагчийн газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгахаас татгалзсан эс үйлдэхүйг хууль бус гэж үзэхээр байна гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй байна.

14. Нэгэнт хариуцагчийн нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг сунгахаас татгалзсан нь үндэслэлгүй, хуульд нийцэхгүй байх тул шүүх нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг сунгахыг даалгаж шийдвэрлэсэн нь зөв байна.

15. Түүнчлэн анхан шатны шүүх хэрэгт авагдсан маргаж буй газар дээрх 2 давхар цутгамал төмөр бетон каркасан барилгыг сүмийн соёлын төвийн зориулалтаар ашиглах боломжтой гэж үзэж барилгыг байнгын ашиглалтад хүлээн авсан талаар мөн “Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны дүгнэлтээр нэхэмжлэгчийн 4133 м.кв газар ашиглалтын аюулгүй байдал, техникийн нөхцөлийг зөрчөөгүй гэж дүгнэсэн” талаар болон Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т заасны дагуу газар ашиглагч гэрчилгээний хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө сунгуулах хүсэлтээ эрх бүхий этгээдэд гаргах, хүсэлтийг эрх бүхий этгээд хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор шийдвэрлэхээр заасан нийцүүлэн нэхэмжлэгч 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр газар ашиглах эрхээ сунгуулах хүсэлт гаргасан байхад Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба 5 сар гаруй хугацааны дараа сунгахаас татгалзсан нь хуульд нийцээгүй талаар тус тус үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн байна.

16. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлөөлөгчийн “... анхан шатны шүүх нийслэлийн Газар зохион байгуулалтын алба эрх олгогдоогүй байхад нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг сунгахаас татгалзсан гэж үзсэн хэр нь тухайн шийдвэрийг хууль зөрчсөн гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болоогүй. Нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй асуудлаар буюу нэхэмжлэгч Есүс христийн хожмын үеийн гэгээнтнүүдийн сүм шашны байгууллагад  газар олгосон шийдвэрийн талаар дүгнэлт гаргасан гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй тул шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-т заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 0547 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

       ШҮҮГЧ                                                    Э.ЛХАГВАСҮРЭН

 

                               ШҮҮГЧ                                                     Т.ЭНХМАА

 

                  ШҮҮГЧ                                                      Н.ХОНИНХҮҮ