Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 299

 

     Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

    Нэхэмжлэгч: Увс аймгийн Тэс сумын 10 дугаар багт оршин суух, 1962 онд төрсөн, эмэгтэй, РД:ОО64101561, Борлууд овогт Ёндонгийн Орломын нас тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ё.Мөнхгэрэл оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгч Ё.Орлом шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1962 онд Увс аймгийн Тэс суманд төрсөн. Тухайн үед аав, ээж хичээлд оруулахгүй гэж 2 нас дарж бүртгүүлсэн гэж ярьдаг юм. Одоо миний бичиг баримт дээр 1964 онд төрснөөр бичигдсэн. Иргэний улсын бүртгэлийн хэлтсээс 1960-1966 онуудын төрсний бүртгэлийг шүүлгэхэд гарахгүй байгаа, харин миний төрсөн дүү Жаргал нь 1965 оны 2 дугаар сарын 25-ны өдөр төрсөн гэж лавлагаа гарсан. Төрсөн он зөрүүтэйгээс болж миний эрх ашиг зөрчигдөж байна. Иймд намайг 1962 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн болохыг тогтоож өгнө үү” гэжээ.

        Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

       Нэхэмжлэгч Ё.Орлом 1962 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн болохыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.Үүнд:

1. Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн “Төрөлт бүртгэлгүй тухай лавлагаанд 1960-1966 онуудад Ёндон овогтой Орлом гэсэн төрөлт бүртгэгдээгүй байна” гэжээ,

2. Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн “Төрсний бүртгэлийн лавлагаанд Шошийн Ёндон, Балчигийн Цэзэн нарын гэр бүлд 1965 оны 2 дугаар сарын 09-ний өдөр Ё.Жаргал төрснийг Увс аймгийн Тэс сумын бүртгэлийн 23-рт 1965 оны 2 дугаар сарын 25-ны өдөр бүртгүүлжээ,  

3. Борлууд овогт Ёндонгийн Орломын иргэний үнэмлэхний хуулбар,

4. Ш.Басанжав, Ё.Гүнтэв нарын иргэний үнэмлэхийн хуулбар,

5. Гэрч Ш.Басанжавын шүүхэд өгсөн: “Ё.Орлом нь 1962 онд Тэс сумын 1 дүгээр бригадын нутагт Хар зуух гэх газарт  төрсөн юм. Тухайн үед би өөрөө 19 настай гэртээ аав ээжийн гар дээр мал маллаж байсан бөгөөд манайх Ёндонгийнхтой айл хоршоо амьдарч байсан. 1962 оны өвөл 1 дүгээр сарын 01-ний өдөр буюу шинэ жилийн маргааш нь Ш.Ёндонгийнд охин хүүхэд төрснийг түүний эмээ нь манайд ирж хэлж байсныг санаж байна. Ш.Ёндон ахынх 8 хүүхэдтэй бөгөөд Ё.Орлом нь айлын 4 дэх хүүхэд юм” гэх мэдүүлэг,

6. Гэрч Ё.Гүнтэвийн шүүхэд өгсөн: “Ё.Орлом нь 1962 онд Увс аймгийн Тэс сумын 1 дүгээр бригадын нутаг Хар зуух гэх газарт  төрсөн юм. Тухайн үед би 3 настай байсан бөгөөд намайг 6 настай байхад аав, ээж маань цагаан сараар хүүхдүүдийнхээ нас жилийг нь хэлж өгч байсан юм. Ё.Орломыг яг шинэ жилийн маргааш нь буюу 1 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн гэж ээж хэлдэг юм. Би Ё.Орломын яг дээд талын ах нь учраас өөрөө гардаж үүрч хүн болгосон. Ер нь дээр үед хүүхдийн мөнгө авдаг байсан учраас насыг нь дарж олон жил мөнгө авах, мөн сургуульд эрт оруулахгүй малчид хүүхдээ мал маллуулах сонирхолтой байснаас болж нас их дарагдах тохиолдол гардаг байлаа. Миний бие ч дүүгийнхээ адил 2 нас дарагдаж бүртгэгдсэн байдаг. Манай том ах Ё.Баянбилэг 1954 онд, Ё.Гүнтэв миний бие 1957 онд, дүү Ё.Орлом 1962 онд, Ё.Жаргал 1965 онд, Ё.Бэгзээ 1976 онд, Ё.Янжмаа 1979 онд, Ё.Батаа 1981 онд, Ё.Отгон 1983 онд төрсөн санагдаж байна. Манай ах дүү нар бүгд 2-3 насны зөрүүтэй төрцгөөсөн байдаг юм” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ. 

        Нэхэмжлэгч Ё.Орлом нь Увс аймгийн Тэс суманд Ш.Ёндонгийн гэр бүлд 1962 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, түүний төрсөн дүү Ё.Жаргалын төрсний бүртгэлийн лавлагаа хэрэгт авагдсан ба тэрээр 1965 оны 2 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, Ё.Орлом нь 1964 оны 10 дугаар сарын 15-ний өдөр төрсөн гэсэн бүртгэлтэй ба үүнээс үзэхэд эгч дүү хоёр хоорондоо 3 сар, 24 хоногийн зөрүүтэй төрсөн гэж  бүртгэгдсэн байна. Иймд Ё.Орломын төрсөн оныг буруу бүртгэсэн болох нь тогтоогдож байна. Мөн гэрч Ш.Басанжав, Ё.Гүнтэв нарын мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

       Иймд нэхэмжлэгч Борлууд овогт Ёндонгийн Орломыг 1962 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр төрснөөр тогтоож  шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ё.Орломын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

     Нэхэмжлэгч Ё.Орломд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч “Ё.Орлом би Увс аймгийн Тэс сумын 1 дүгээр бригадад 1962 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн бөгөөд нас буруу бүртгэгдсэн учраас танай байгууллагад хүсэлт гаргасан билээ. Миний бие Улаангомын төрөх тасагт савны хагалгаанд орсон бөгөөд мөн хөлний өвчтэй учир шүүх хурал болох үеэр өөрийн биеэр ирж чадахгүй тул намайг байлцуулахгүйгээр хэргийг шийдэж өгнө үү ” гэсэн хүсэлт гаргаж, эмчийн тодорхойлолтыг хавсаргаж ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

     1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.13 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Борлууд овогт Ёндонгийн Орломыг 1962 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн болохыг тогтоосугай.

      2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Ё.Орломын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      П.БОЛОР