| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Амарын Нарантуяа |
| Хэргийн индекс | 150/2021/00004/Э |
| Дугаар | 04 |
| Огноо | 2021-02-18 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Т.Дэлгэрсайхан |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 04
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Нарантуяа даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Цэнд-Аюуш, Улсын яллагч Т.Дэлгэрсайхан, Шүүгдэгчийн өмгөөлөгч *******, Шүүгдэгч Ц.О-н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Барчин овогт *******д холбогдох эрүүгийн 2033000580051 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан шийдвэрлэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1968 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, эрэгтэй, 53 настай, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл 3, эхнэр, охины хамт Сэлэнгэ аймгийн Сайхан сум, 0 дугаар багт оршин суух, Барчин овогт Ц-н О-н, /РД:ТД000000/. Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ц.О-н нь 2020 оны 05 дугаар сард Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3 дугаар багийн нутаг дэвсгэрт *******ийн алдуул 3 тооны бярууг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж өөрийн хашаанд хашиж 1.800.000 төгрөгийн хохирол учруулан завшихыг завдсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Ц.О-н нь 2020 оны 05 дугаар сард Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3 дугаар багийн нутаг дэвсгэрт *******ийн алдуул 3 тооны бярууг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшихыг завдсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: Шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүгдэгч Ц.О-ы өгсөн “...2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Хараа голын хаваржаандаа үхэр тугалын хашаа зөөж бариад гол руу дөхөж байсан. Хаваржааны тэрүүгээр 20 гаруй тооны үхэр ус руу орсон. Ус руу ороод явахад гурван бяруу үлдсэн байхаар нь хашсан юм. Тухайн үедээ Эрдэнэцэцэг эгчийн үхэр байж магадгүй гэж бодож байсан ч хэлж амжаагүй юм. Тэр хооронд би Хөтөлд ирээд дугуй завсар дээр ирээд байж байсан чинь манай авгай утасдаад юун бяруу хашсан юм бэ гээд Эрдэнэцэцэг эгч ирээд уурлаад байна гэж хэлсэн. Би гол дээр байхаар нь хашсан юм гэж хэлсэн. Эрдэнэцэцэг эгчийн дүү болох Шинэбаярт нь Эрдэнэцэцэг эгчийн хэдэн бярууг би хашсан. Тухайн үед болсон зүйлийг ойлгоогүй юм шиг байна, би өмнө нь асуудалд ороод муу нэртэй болсон хүн. Цагдаа сэргийлэх гэж хэлээд яахвэ гэж хэлсэн. Хэлж ярилгүй бярууг нь хашсан нь миний буруу. Би буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг, Хэрэг бүртгэлтэд: 1. Хохирогч *******ийн өгсөн “...Би 2020 оны 05 дугаар сарын 03-ны өдөр үхрээ тоолоход бүрэн байсан. Тэгээд 2020 оны 05 дугаар сарын 04-ний өглөө 06 цагт босоод үхрээ саах гэсэн чинь миний 3 тооны бяруу алга болсон. Тэгээд би орой Салхит, урд Номгон чиглэлд хайж яваад сураг чимээ гараагүй. Нагаа гэх айлын хашаанд орж үзэхэд малын нойтон мөр байсан, тэр хашаанд ямар нэгэн хүн амьдардаггүй юм. Тэгээд би Нагаа, Отгонцагаан хоёр хулгай хийсэн байх гэж бодоод Дэрст булан, Ширээ нуруу, урд Номгон гэх газруудаар хайсан тэгээд 2020 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Сайхан сумын Номгон 3 дугаар баг “Мал бааз” гэх газраар хайж байхад том хашаа бариад миний 3 тооны үхрийг хашсан байсан. Тэгээд хажуу талын айл руу нь ороод асуухад Отгонцагаан, Нямка хоёр хашаа бариад буулгаад явсан гэж хэлсэн. Тэгээд үхрээ авах гээд байж байсан чинь өдөр 15 цагийн үед Отгонцагааны эхнэр ирээд бяруунуудыг гаргах гэж оролдсон. Би гаргуулаагүй тэгээд цагдаа ирсэн бас Нааяа гэх манай дүү рүү Отгонцагаан утсаар яриад “Би Эрдэнэцэцэг эгчийн бярууг хашсан байсан, олсон байна аа чи яриад цагдаад хэлэлгүй зохицуулаад өгөөч” гэж хэлсэн бас Отгонцагааны эхнэр Зулаа надад “та цагдаад битгий хэлэлдээ би мөнгө төгрөг өгий хохирлыг чинь барагдуулж өгий гэж хэлсэн” тэгэхээр нь би зөвшөөрөөгүй. Манай үхрийг туух эзэмших ямар ч эрх Отгонцагаанд байхгүй. Миний үхрийг хулгайлж л авсан өөр юм байхгүй. Би өөрийн 3 тооны бяруугаа 1 бярууг нь 600.000 төгрөгөөр үнэлж байна. Тэгээд 3 үхэр нийлээд 1.800.000 төгрөг болно. Би алдсан үхрээ хайх гээд зөндөө газруудаар явсан бензин, тос их хийсэн тэр мөнгөө гаргуулж авмаар байна. Бас Отгонцагааныг шалгуулж, хуулийн өмнө хариуцлага хүлээлгэмээр байна. Би эхний өдөр 2020 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 30.000 төгрөгийн бензин хийсэн. Дараа нь 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 50.000 төгрөгийн бензин, 2020 оны 05 дугаар сарын 08-ний өдөр 40.000 төгрөгийн бензин, 2020 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 50.000 төгрөгийн бензин нийт 170.000 төгрөг зарцуулсан юм байна аа би энэ мөнгөө нэхэмжилж байна...”, “...Миний алдсан бяруунууд нэг нь хар толгой дээрээ цагаан үстэй хар бяруу нүдэн дээрээ 5 ширхэг цагаантай, хүрэн халзан бяруу, нөгөөх нь цулгуу ягаан өнгөтэй бяруунууд байсан юм. Им нь бүгд зөв талдаа чихийг нь гурвалжилсан ухна имтэй. Алтанзул над дээр ирэхээр би “та нар ингэж гэдсийг нь хаттал ингэж хашаад байхдаа яадаг юм бэ” гээд хэлсэн чинь “гаргачий өвс идэж байг” гэхээр нь би гаргахгүй гэсэн чинь цагдаа дуудаад хэрэггүй мөнгө төгрөг өгөөд хохирлыг чинь барагдуулаад ярьж тохиролцмоор байна гэхээр нь би үгүй ээ гээд цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 34-36, 38-39/, 2. Гэрч *******гийн өгсөн “...Манайх хаваржаан дээрээ байж байгаад 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр урд Номгон голын ойролцоо байх зуслан дээрээ буусан. Зуслан дээрээ буусны маргааш нь буюу 2020 оны 05 дугаар сарын 08- ны өдөр манайхны ойр зусдаг Отгонцагаан гэх залуу цагаан өнгийн машинтайгаа хэдэн үхэр аччихаад зуслан дээрээ ирчихсэн тугалын хашаагаа босгоод байх шиг байсан. Тэгээд манай гэрээр орж ирэхээр нь би “танайх нүүж ирэх гэж байгаа юм уу” гэхэд Отгонцагаан удахгүй нүүж ирнэ гээд манай гэрээс гараад явсан. Манайхаас гараад шууд цагаан өнгийн машинтайгаа явсан. Би хаашаа явсныг нь мэдэхгүй байна. Отгонцагаан манайхаас явсны дараа би гэрээс гараад харахад тугалынхаа хашааг босгочихсон, хэдэн үхрээ аваад ирсэн байсан. Тэрнээс хойш ямар нэгэн хүн ирэхгүй байж байгаад 2020 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Эрдэнэцэцэг эгч манайгэрт орж ирээд 7 хоногийн өмнө алдсан 3 бяруу нь Отгонцагааны тугалын хашаанд байна гэж хэлсэн. Тэгэхээр нь Эрдэнэцэцэг эгчид Отгонцагаан хэд хоногийн өмнө зусландаа гарч байгаа гээд хэдэн үхэр авчирсан гэдгийг нь хэлсэн. Манайх Отгонцагаан гэх айлтай өмнө нь хамт зусдаг байсан юм. Өөр ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Отгонцагаан 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр зуслан дээрээ буух гэж байна гэж манай гэрт орж ирсэн. Отгонцагаан ирэхдээ хэнтэй хамт ирснийг нь мэдэхгүй. Ямар ч байсан цагаан өнгийн машинтай явж байсан. Манай гэрээр орж ирэхдээ ганцаараа байсан. Мөн хэдэн үхэр ачиж явсныг нь сайн мэдэхгүй байна. Отгонцагаан явахдаа бяруу хашиж үлдээсэн байсныг мэдээгүй. Эрдэнэцэцэг эгчийг хэлэх үед нь л мэдсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 40-43 хуудас/, 3. Гэрч *******ын өгсөн “...Би Ц.О-г танина. Манай нөхөр байгаа юм. Бид хоёр 2002 оноос хойш хамт амьдарч байна. Манайх өвөлжөөнөөсөө зусландаа буугаагүй байгаа. Гэхдээ өнөө маргаашгүй буух гээд манай нөхөр Ц.О-н хашаа /тугалын/ болон Нараа гэдэг хүний хэдэн үхрийг зуслан дээрээ аваачсан байгаа. Манай зуслан Сэлэнгэ аймгийн Хараа голын хавиар байдаг юм. Манай нөхөр Ц.О-н 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр манай ах Пүрэвээгийн хүү Нямкатай хамт зуслан луугаа явж тугалын хашаа болон Нараа гэх хүний үхрийг авчирсан байсан. Манай 2020 оны 05 дугаар сарын 08-ны өглөө 09-10 цагийн үед Дархан-Уул аймаг руу явж Нараа гэх хүний үхрийг авчрах гээд явсан тэр өдөр манай дүү Нямка хотоос ирж байсан тул замдаа манай нөхөрт дайгдаад хамт явсан юм шиг байна лээ. Би бяруу хашигдсан талаар мэдээгүй. Тэгээд 2020 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Долгормаа гэх хүн залгаад “танай хашаанд юун бяруу байгаа юм бэ, хүмүүс ирчихсэн манай бяруунууд гээд байна” гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би нөхөр лүүгээ залгаад зусланд хашаанд юун бяруу байгаа юм бэ гэж асуутал манай нөхөр Ц.О-н надад “наад бяруунууд чинь Батжаргал гуайн бяруу байгаа юм аа, би маарааны тэнд байхад нь 2020 оны 05 дугаар сарын 09-ний өдөр олсон юм. Тэгэхээр нь гүйгээд явчхаж магадгүй гэж бодоод хашсан юм гэж надад хэлсэн. Манай нөхөр Ц.О-н 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр тугалын хашаа барих гэж зуслан дээрээ ирсэн. Тэрнээс хойш ирээгүй. Манай нөхөр Ц.О-н, Батжаргалын бярууг яаж таньсан талаар мэдэхгүй байна. Манайх Б-л гэх айлтай 12 км зайтай байдаг. Ц.О-н надад өмнө нь Батжаргал гэдэг хүний бярууг олсон талаар хэлж байгаагүй. Намайг утсаар асуухад маарааны тэндээс олсон гэж хэлсэн. Манай нөхөр Ц.О-н 2020 оны 05 дугаар сарын 10- ны өдөр 14 цагийн үед цагаан өнгийн портер машиных нь мотор болохгүй байх шиг байна гээд янзлуулж ирнэ гээд Дархан-Уул аймаг руу явсан...”, “...Дархан-Уул аймагт байдаг Нараа гэх хүний үхрүүд байсан. Манай нөхөр Ц.О-н 2020 оны 05 дугаар сарын 07-ноос 08-ны хороонд авчирсан байх аа би хэзээ гэдгийг нь сайн мэдэхгүй байна. ******* эгч нэлээн ууртай “би энэ бяруунуудыг чинь хайж тэтгэврийн мөнгөө дуусгалаа” гэж хэлэхээр нь би “танай бярууг Ц.О-н, Батжаргалын бяруу байна гээд авчраад хашсан байна лээ та тэгвэл тэр мөнгө төгрөгийг чинь өгье гэж хэлсэн юм. Өөр юм яриагүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 44-45, 51 хуудас/, 4. Гэрч Э.Шинэбаярын өгсөн “...******* нь манай ээжийн дүү байгаа юм аа бид хоёр хамаатнууд. Би *******ийн 3 тооны бяруу 2020 оны 05 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө алга болсон талаар мэдээгүй байсан. 2020 оны 05 дугаар сарын 10-ны 13 цагийн үед байх аа би сайн санахгүй байна. Ц.О-н 99745619 гэсэн дугаараас залгаад *******ийнх 3 бяруу алдсан юм байна би тэрийг өөрийн хашаандаа хашсан байсан юм чи Эрдэнэцэцэг эгч рүү яриад зохицуулаад өгөөч гэж ярьсан юм. Би нэг нутаг усны хүн болохоор Ц.О-ныгтанина. Манай найз байгаа юм аа. Дахиж над руу залгаагүй би одоо хаана байгаа талаар нь мэдэхгүй байна аа” гэх мэдүүлэг/хх-ийн 47 хуудас/, 5. Гэрч *******ын өгсөн “...Би 2020 оны 05 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3 дугаар багийн 3-4 тоотод байрлах хашааны гадна талаасаа өөрийн эзэмшлийн 3 тооны бяруугаа алдсан. Тэгээд хайж явж байгаад 2020 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3 дугаар баг “Мал бааз” гэх газраас манай 3 тооны бярууг Ц.О-н гэх хүн өөрийн хаваржаан дээрээ хашсан байсан. Тэгээд тэрийг олоод би цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Надтай Ц.О-н нь Сэлэнгэ аймгийн Сайхан сум Номгон 3 дугаар багт амьдардаг Нэмэхбаяр гэх залуугаар аргалаад өгөөч, зохицох талаар нь яриад өгөөч гэж ярьсан байсан. Нааяа гэх хүнтэй мөн адил байдлаар ярьсан байсан. Дараа нь 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 18 цаг 20 минутад 99745611 гэсэн дугаараас залгаад “Шинэбаяраа чи ээжийгээ аргалаад өгөөч” гэсэн. Тэгэхээр нь би “та авсан биз дээ, хэнтэй нийлж авсан юм бэ гэж асуутал би ганцаараа ачсан. Ах нь угаасаа бөөн юм болно, хүн чирээд яахав” гэж хэлсэн. Хэрвээ чи зохицуулаад өгвөл би дараа нь бүх болсон юмыг нь чамд хэлж өгнө өө” гэж хэлсэн. Нааяа гэдэг хүнтэй үеэлүүд юм. Нэмэхбаяр бол манай хуурай дүү юм. Говь руу цуг явдаг. Бас морь мал хамт сонирхдог залуу байгаа юм...” гэх мэдүүлэг/хх-ийн 49-50 хуудас/, 6. Гэрч С.Нэмэхбаярын өгсөн “...Би 2019 оны наадмаар Тэмүүжинтэй маргасан юм. Тэгсэн чинь хүмүүст Ц.О-н, Улаанаагийн морийг гаргаад өгөх хүн байна уу гээд яриад явж байсан гэсэн. Тэгээд уулзаагүй байж байгаад 2020 оны 05 дугаар сарын 04-ний шөнө Шинэбаяр ахын 3 тооны бяруу алга болсон байсан. Тэгээд бид хоёр хамт хайсан чинь Ядам гэх хүн танай 3 тооны бяруу Сэлэнгэ аймгийн Сайхан сум Номгон 3 дугаар баг Мал бааз гэх газарт Ц.О-ы зуншлага дээр байна гэж хэлсэн. Тэгээд Батжаргал ах бид хоёр яваад очсон чинь 3 тооны бяруу хашигдсан байсан. Тэгээд би буцаад Номгоны төв рүү орж ирсэн чинь Ц.О-н надтай ирж уулзаад “тэр 3 тооны бяруу тэнд явж байхад нь хашсан байна гээд хэлээд өгөөгч, тэгээд энэ хэргийг надаас салгаад өгөөч” гэж хэлсэн. Тэгээд би Шинээ ахын ээж болох Цэцэгээ гэх хүнтэй утсаар ярьсан чинь уурлаад тэгээд би утсаа салгасан. Тэгээд намайг орхиод Ц.О-н, Ядам гэх айлын очоод та нар л намайг хэлсэн гэж хэлээд уурлаад зодох гэж дайрсан сурагтай байсан. Тэгээд “Улаанаа намайг хүмүүст шургасан байна. Би Улаанаагийн Бор үрээг заавал хулгайлна” гэж ярьсан байсан. Намайг Сэлэнгэ аймгийн Сайхан сум, Номгон 3 дугаар багийн Мал бааз гэх газарт очиход 1 ягаан зүсмийн бяруу, 1 улаан халзан бяруу, нэг хөмсөг цагаан бяруу байсан юм. Шинэбаяр ахын бяруунууд бол Сайхан сум, Номгон 3 дугаар багийн Мал бааз гэх газар луу бол бэлчдэггүй. Төвийн бяруунууд төв чиглэлдээ л бэлчдэг юм...” гэх мэдүүлэг/хх-ийн 52-53 хуудас/, 7. Гэрч Ү.Ядамын өгсөн “...Би хэдний өдөр гэдгийг санахгүй байна. Ямар ч байсан 2020 оны 05 дугаар сарын эхээр байсан юм. Сайхан сум, Номгон багийн урд Номгон гэх газарт Алгаа гэх айлд Өвөлжөө барилцаж байгаад гүү унагалж эхэлсэн байна гэхээр нь Алгаа гуайн адуунд тавьсан миний 2 гүү унагалсан байна уу, үгүй юу гэдгийг шалгахаар Хараа гол руу явсан. Тэгээд Мал баазын доохон талд голын эрэг дээр 20 орчим үхэр таарсан. Түүний хажууд ижил буруу бололтой 3 бяруу харагдсан. Тэгээд цаашаа явж гүүгээ харчхаад буцаад Алгаа ахын гэрт очсон. Тэгээд 1 хоногийн дараа би Дарханд гэртээ ирсэн. Ирсэн өдрөө Дарханы бирж дээр Нэмэхбаяр гэх залуутай таарсан чинь “Шинээ ах 3 бяруу алдсан, танай тэр хавиар харагдсан уу” гэж асуухаар нь би “өчигдөр адуу хайж явж байтал ижил буруу бололтой 3 бяруу айлын үхрийн хажууд мөөрөөд байсан” гэж хэлсэн. Тэгээд тэр өдрөөс хойш 2-3 хоногийндараа Хараа голоос бяруугаа олсон гэсэн. Алдсан бяруунууд нь хашаатай байсан гэсэн. Тухайн бяруунууд нь нэг хар, хоёр улаан зүсмийн 3 тооны бяруу байсан. Тухайн үед адуу хайгаад явсан болохоор имийг нь сайхан хараагүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 58-60 хуудас/, 8. 2020 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд/хх-ийн 9-11 хуудас/, 9. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Т.Дэлгэрсайханы “Эд мөрийн баримтаар тооцох тухай” тогтоол, эд зүйл, баримт бичиг хүлээн авсан тухай тэмдэглэл/хх-ийн 13-14/, 10. Үл хөдлөх хөрөнгө, хөдлөх хөрөнгийн үнэлгээний “Капитал зууч” ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн “...Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн эрүүгийн мөрдөгч цагдаагийн дэслэгч Д.Бат-Эрдэнийн ирүүлсэн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тогтоолын дагуу Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3 дугаар багийн иргэн *******ын эзэмшлийн эр бяруу 2 толгой, эм бяруу 1 толгой зэрэг мал алдагдсан тул зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг тогтоож, шинжээчийн дүгнэлт бэлтгэж хүргүүлэв. Үнэлгээнд хамрагдсан дээрхи үхийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2020 оны 05 дугаар сарын 19-ний байдлаар 1.800.000=00 /нэг сая найман зуун мянга/ төгрөг байна. /хавсралт №01/, Энэхүү үнэлгээг Монгол Улсын Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 262 дугаар тушаалаар олгосон “Хөрөнгийн үнэлгээ хийх ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл”-ийн №071200029 тоот гэрчилгээтэй мэргэшсэн үнэлгээчин дээрх эд зүйлийн зах зээлийн үнэ ханшийн судалгаа хийсний үндсэн дээр жишиг үнийн хандлагын аргаар хийсэн болно...” гэх шинжээчийн дүгнэлт/хх-ийн 18-20 хуудас/ зэргээр тогтоогдож байна. 11. Үл хөдлөх хөрөнгө, хөдлөх хөрөнгийн үнэлгээний “Капитал зууч” ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн “...Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн эрүүгийн мөрдөгч цагдаагийн ахмад *******ийн ирүүлсэн шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай тогтоолын дагуу Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3 дугаар багийн нутаг иргэн *******ийн гэрийн хашааны гаднаас 3 тооны бяруу хулгайд алдагдсан гэмт хэрэгт гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэх “Хьюндай портер” маркийн 13-76 УНӨ улсын дугаартай цагаан өнгийн бага оврын ачааны автомашины (№ТЯ2335538 тоот тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй 2006 онд Солонгос улсад үйлдвэрлэгдсэн, 2019 онд Монгол улсад орж ирсэн, КМFZCS7HP6U149622 тоот арлын дугаартай, хуучирсан, өнгө үзэмж, чанар байдал муудсан) зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг тогтоож, шинжээчийн дүгнэлт бэлтгэв. Үнэлгээнд хамрагдсан дээрх автомашины зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2020 оны 11 дүгээр сарын 13-ны байдлаар 1.500.000=00 /нэг сая таван зуун мянга/ төгрөг байна. Энэхүү үнэлгээг Монгол Улсын Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 262 дугаар тушаалаар олгосон “Хөрөнгийн үнэлгээ хийх үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл/-ийн №071200029 тоот гэрчилгээтэй мэргэшсэн үнэлгээчин дээрх автомашины ашиглалтын хугацаа, элэгдэл, өнгө үзэмж, чанар байдал зэргийг харгалзан зах зээлийн үнэ ханшийн судалгаа хийсний үндсэн дээр жишиг үнийн хандлагын аргаар хийсэн болно...” гэх шинжээчийн дүгнэлт/хх-ийн 25- 26/, 12. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Т.Дэлгэрсайханы 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 19 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол/хх-ийн 31-32/, 13. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаарх прокурорын 2020 оны 12 дугаар сарын 18-ний өдрийн санал/хх-ийн 203-209/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдожбайна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно. Бусдын өмчлөл эзэмшлийн алдуул мал гэдгийг мэдсээр байж хийсэн шууд чиглэсэн санаатай үйлдэл нь шүүгдэгч Ц.О-ы өөрийнх нь хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас төгсөөгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2-т “Шүүх гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж ба гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан энэ хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулна” гэж заасан тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа харгалзан үзэх нь зүйтэй байна. Шүүгдэгч Ц.О-г бусдын алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшихыг завдах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна. Иргэний нэхэмжлэлийн талаар: Хохирогч ******* нь “...Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3-р багийн иргэн ******* миний бие нь өөрийн 3 бярууг 2020 оны 05 дугаар сарын 03-нд алдсан Ц.О-н нь миний 3 бярууг олоод хашсан байсан тухайн үедээ хэлээгүйд нь гомдоод өргөдөл өгсөн. Ц.О-наас 3 бяруугаа ирж хайсны хөлс бензин дизель түлшний хохирлыг барагдуулж өгсөн тул гомдол саналгүй өөр нэхэмжлэх зүйлгүй...” гэжээ. /хх-ийн 212/, “...Шүүгдэгч Ц.О-ы эхнэр Ц.А-с, хохирогч *******т 3 бяруугаа ирж хайсны хөлс бензин, түлшний зардалд 200.000 төгрөгийг 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Хаан банкны 5067092444 дансанд төлсөн баримт хавтаст хэрэгт авагдсан байна. /хх-ийн 211/, Иймд гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөргүй байна. Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүх хуралдаанд улсын яллагч: “...Шүүгдэгч Ц.О-ы үйлдсэн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Монгол улсын эрүүгийн хуулийн 2.8 дугаар зүйлийн 1,2 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзэж байна. Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй, Шүүгдэгч Ц.О-г Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1,2-ыг журамлан мөн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О-ы цагдан хоригдсон 19 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагтай тэнцүүлэн 152 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэн гэж үзэж нийт биечлэн эдлэх ялыг 328 цагийн хугацаагаар тогтоох саналтай байгаа.Нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдрийн 8 цагаар Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг даргын тамгын газраас тогтоосон байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч Ц.О-н нь энэ хэрэгтээ нийт 19 хоног цагдан хоригдсон. 2020 оны 10 сарын 23-ны өдрөөс эхлэн цагдан хоригдож таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байдаг. Шүүгдэгч Ц.О-н нь барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ 20.000.000 төгрөгөөр хэрэглэсэн. Энэ мөнгө нь Сэлэнгэ аймгийн Сайхан сумын сум дундын Прокурорын газрын эрүүгийн хэргийн барьцааны Төрийн банк дахь дансанд байршиж байгаа. Шүүгдэгчийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол барьцаа авах авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналтай байна. Эд мөрийн баримтаар хавсаргагдсан Сиди-г хэрэгт хавсарган хадгалуулах саналтай, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт Ц.О-ы эзэмшлийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн энэ тогтоолыг хүчингүй болгуулах саналтай байна...” гэв. Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Гэм буруутай гэж үзсэн шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч байна. Харин нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах тал дээр шүүгдэгч нь бие эрүүл мэндийн тухайд уушгиа 80 хувь тайруулсан, зам тээврийн осолд орсны улмаас хөл нь доголон болсон. Нийтэд тустай ажил хийлгэх ял эдэлж буй хүмүүс сүүлийн хэдэн жилүүдэд дандаа гадаа замын цас цэвэрлэх ажил хийж байгаа. Шүүгдэгчийн тухайд хүйтэн нойтон газар ажиллуулах нь бие эрүүл мэндэд муу учраас торгуулийн ял оногдуулж өгнө үү гэж хүсэж байна. Шүүгдэгч нь тодорхой тогтмол орлогогүй хэдэн малын ашиг шимээр амьдарч байгаа байдлыг харгалзан үзэж торгуулийн ял оногдуулж өгнө үү. Барьцааны мөнгөний тухайд шүүгдэгчийн өөрийнх нь мөнгө биш байгаа тул барьцааны мөнгийг нэн даруй гаргуулж өгөх боломжоор нь хангаж өгнө үү. Торгуулийн ялын хэмжээ нь 450-2700 нэгж хүртэл байдаг. Тогтмол орлого байхгүй ба хэдэн малынхаа ашиг шимээр л амьдардаг хүн байгаа. Тиймээс шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл болон хувийн байдлыг харгалзан үзэж торгуулийн ялын доод хэмжээгээр оногдуулж өгнө үү...” гэв. Гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэмт хэрэгт тухайн гэмт хэрэг оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулна гэж заасан тул “...шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл болон хувийн байдлыг харгалзан үзэж торгуулийн ялын доод хэмжээгээр оногдуулж өгнө үү...” гэх өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна. Шүүгдэгч Ц.О-ы үйлдсэн гэмт хэрэг Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-т заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах ба эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Дээрх байдлуудыг дүгнээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О-г 1600 нэгж буюу 1.600.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах нь зүйтэй байна. Шүүгдэгч нь 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл нийт 19 хоног цагдан хоригдож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2020 оны 11 сарын 11-ний өдрийн 01 дугаартай прокурорын тогтоолоор барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ болгож өөрчилсөн байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Ц.О-ы цагдан хоригдсон 19 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр шилжүүлэн тооцоход 285.000 төгрөг болсон бөгөөд оногдуулсан торгох 1.600.000 төгрөгийн ялаас хасаж нийт торгох ялыг 1.315.000төгрөгөөр тогтоов. Шүүгдэгч нь тогтмол орлогогүй байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5-д зааснаар шүүгдэгч Ц.О-д оногдуулсан 1.315.000 төгрөгийн торгуулийн ялыг 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна. Шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсэн болно. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 19 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож Хьюндай портер маркийн 1376 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг шүүгдэгчид буцаан олгох нь зүйтэй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 14.8 дугаар зүйлийн 2-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газрын 100130906350 дугаарын тусгай данснаас 20.000.000 төгрөгийг гаргуулж *******д олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Сиди-г хэрэгт хавсарган хадгалах, шүүхэд иргэний бичиг баримт шилжин ирээгүй зэргийг дурдах нь зүйтэй байна. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ц.О-д авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Барчин овогт Ц-н О-г алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завших гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О-г 1.600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Ц.О-ы цагдан хоригдсон 19 /арван ес/ хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр шилжүүлэн тооцож, нийт торгох ялыг 1.315.000 /нэг сая гурван зуун арван таван мянга/ төгрөгөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Ц.О-д оногдуулсан 1.315.000 төгрөгийн торгуулийн ялыг 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар шүүгдэгч Ц.О-д авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Шүүгдэгч Ц.О-наас гаргуулах хохирол төлбөргүй, хохирогч *******т 200.000 төгрөгийг төлж барагдуулсан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүдэгч нь энэ хэрэгтээ 19 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 19 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож Хьюндай портермаркийн 1376 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг шүүгдэгч Ц.О-д буцаан олгосугай.
8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 14.8 дугаар зүйлийн 2-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газрын 100130906350 дугаарын тусгай данснаас 20.000.000 төгрөгийг гаргуулж *******д олгосугай.
9.Энэ хэрэгт хураагдсан Сиди-г хэргийн хамт хадгалсугай.
10.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
11.Шийтгэх тогтоолыг хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
12.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.О-д авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэрийг биелүүлэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.НАРАНТУЯА