| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2017/00232/И |
| Дугаар | 308 |
| Огноо | 2017-04-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 308
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор би,
Нэхэмжлэгч: Өндөрхангай сумын Засаг даргын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Өндөрхангай сумын Цэцэрлэг багт оршин суух, 1985 онд төрсөн, ОК85090217 регистрийн дугаартай, Энх овогт Доржийн Батбилэгт холбогдох,
Сум хөгжүүлэх сангийн зээлийн үлдэгдэл, хүү, торгууль алданги нийт 30.539.530 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 2 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг дарга Ц.Сундуй шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Д.Батбилэг нь 2014 оны 2 дугаар сарын 03-ны өдөр Өндөрхангай сумын “Сум хөгжүүлэх сан”-аас зочид буудал, зоогийн газар барих чиглэлээр 30.000.000 төгрөгийг сарын 0.25 хувийн хүүтэйгээр 3 жилийн хугацаатай, хөнгөлөлттэй нөхцөлөөр гэрээ байгуулан зээл авсан. Гэрээнд заасан эргэн төлөлтийн графикын дагуу төлөлтөө хийхээр гэрээнд тусгасан болно. Зээлийн гэрээний дагуу 2017 оны 2 дугаар сарын 03-ны өдөр төлж барагдуулах ёстой. Уг зээлийн гэрээ бичгээр хийгдэж наториатаар баталгаажсан ба үндсэн зээлийн төлөгдөөгүй үлдэгдэлд хугацаа хэтэрсэн сараар тооцон торгууль ногдуулахаар заасан болно. Д.Батбилэгт зээлийн гэрээний хуваарийн дагуу зээлийн эргэн төлөлтөө хийхийг удаа дараа шаардаж мэдэгдэл хүргүүлсэн. Аудитын газрын 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн акт, 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн актын зөрчлийг арилгуулахаар хугацаатай мэдэгдэл өгч гарын үсэг зуруулсан боловч өнөөг хүртэл зээлийн эргэн төлөлтөө хийгээгүй, зээлийн хугацаа хэтэрсэн. Д.Батбилэг нь гэрээний дагуу төлөлтөө хийхгүй, гэрээний эргэн төлөлтийн хуваарьт заасан заалтаа зөрчиж 29.150.000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа тул гэрээнд заасны дагуу, зээлийн үлдэгдэл 29.150.000 төгрөг, зээлийн хүү 2.603.775 төгрөг, алданги 1.288.750 төгрөг, аудитын торгууль 1.247.025 төгрөг, нийт 30.539.530 төгрөг гаргуулж Сум хөгжүүлэх санг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч Д.Батбилэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Дорж овогтой Батбилэг нь Сум хөгжүүлэх сангаас 30.000.000 төгрөг авсан. Өндөрхангай суманд зочид буудал, зоогийн газар, караокены зориулалттай үйлчилгээний төв бариад 2 жил болж байна. Энэ хугацаанд 4.600.000 төгрөгийн эргэн төлөлт хийсэн. Одоо нэхэмжилж байгаа 30.539.530 төгрөгийг төлөх нь үнэн болно” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунболд шүүхэд гаргасан тайлбартаа: “Д.Батбилэгийн шүүхэд гаргасан тайлбартай танилцлаа. Д.Батбилэг зээлээ төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг дарга нь хариуцагч Д.Батбилэгээс сум хөгжүүлэх сангийн зээлийн үлдэгдэл, хүү, торгууль алданги нийт 30.539.530 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Батбилэг нь нэхэмжлэгч Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргын нэхэмжлэлийн шаардлага болох сум хөгжүүлэх сангийн зээлийн үлдэгдэл, хүү, торгууль алданги нийт 30.539.530 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч Д.Батбилэг нь Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргын нэхэмжлэлийн шаардлага болох сум хөгжүүлэх сангийн зээлийн үлдэгдэл, хүү, торгууль алданги нийт 30.539.530 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлэхгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргын нэхэмжлэл нь 30.539.530 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 310.648 төгрөг төлөхөөс чөлөөлөгдөхийг дурьдаж, улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцож 155.324 төгрөгийг хариуцагч Д.Батбилэгээс гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргын сум хөгжүүлэх сангийн зээлийн үлдэгдэл, хүү, торгууль алданги нийт 30.539.530 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Батбилэг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар хариуцагч Д.Батбилэгээс улсын тэмдэгтийн хураамж 155.324 төгрөг гаргуулан улсын орлого /Төрийн сангийн 150000941 тоот данс/-д оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч Д.Батбилэг шүүгчийн захирамжийг сайн дураар эс биелүүлвэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ П.БОЛОР