| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигсумын Сарантуяа |
| Хэргийн индекс | 150/2021/00005/Э |
| Дугаар | 05 |
| Огноо | 2021-02-18 |
| Зүйл хэсэг | 111.1., |
| Улсын яллагч | Т.Дэлгэрсайхан |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 05
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж, Нарийн бичгийн дарга С.Цэнд-Аюуш, Улсын яллагч Т.Дэлгэрсайхан, Шүүгдэгч Б.М-л, Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Даваахүү нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт *******д холбогдох 2033001230001 тоот эрүүгийн хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 22-ний өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд суманд төрсөн, эрэгтэй, 00 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, УБТЗ-ын Замын 6 дугаар анги, 5 дугаар хэсэгт жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сум, 1 дугаар баг, 0 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй гэх Боржигон овогт Б-н М-л /РД:МЗ000000/, Үйлдсэн хэргийн талаар: Шүүгдэгч Б.М-л нь 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын “Хонгор овоо” 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Бичигтийн эрүү”гэх газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн *******тай маргалдаж, толгойн тус газарт нь санаатай өшиглөж, гавлын хүнхрээ ясны /дагзны ясны зүүн хэсэгт/ цөмөрсөн хугарал, тархины эдийн няцрал, гавлын ясны сэлтэрхийг авч, тархинд ялтас тавих хагалгааны дараах байдал бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Б.М-л нь 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Хонгор овоо 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Бичигтийн эрүү” гэх газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******тай маргалдаж, толгойн тус газарт нь санаатай өшиглөж, гавлын хүнхрээ ясны /дагзны ясны зүүн хэсэгт/ цөмөрсөн хугарал бүхий хүнд хохирол учруулсан үйл баримт нь: 1.Хохирогч *******ы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:”... Тухайн өдөр би Увс аймгийн Болдоо /Батболд/ гэх хүнтэй орон сууц байрны Цэрнээ2 багшийн дэлгүүрийн гадна юм яриад зогсож байсан. Ингээд юм яриад зогсож байтал Соок ******* ах машинаасаа буугаад гараад ирсэн. Тэгээд бид хоёр дээр ирээд над руу хандаж “чи яасан хүн дээрэлхээд байгаа юм уу” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “үгүй ээ тийм зүйл байхгүй. Харин ахаас ганц пиво аваад өг гээд гуйгаад байж байна” гэж хэлсэн. Тэгсэн чинь Соок ******* ах намайг “зайл чи” гэж хэлсэн. Тэгэхээр нь миний уур хүрээд “танд ямар хамаатай юм давраад байгаарай” гэж хэлсэн. Тэгсэн чинь Соок /М-л/ ах намайг боогоод авсан. Би мөн ялгаагүй Соок ******* ахыг боогоод бид хоёр заамдалцаад зогсож байсан. Тэгэхээр нь би Соок ******* ахыг татаад хавираад унагаацан юм. Ингээд Соок ******* ахыг найз болох Оок буюу /Баянцогт/ ах салгаж авсан. Харин би Чапи /Мягмарсүрэн/ гэх дүү маань салгаж авсан. Ингээд Соок ******* ах машинд суугаад хөдөлсөн. Чапи бид хоёр хоёулаа нэг нэг морь унаад шийд рүү явж байсан чинь Соок ах миний хойноос “нааш ир нааш ир” гээд дуудаад байсан бөгөөд яваад очсон чинь “урагшаа пирзер даваад гараад ирээ ахын дүү хоёулаа нэг уулзаадахъя” гэсэн. Тэгэхээр нь би “зайл зайл пизда минь” гээд хаяцан юм. Тэгсэн чинь намайг бас янз бүрээр хэлээд байхаар нь би дагаад урагшаа гарсан юм. Тэгээд пирзер даваад цаахна зогсоод Соок ******* зогсоод машинаасаа бууж ирсэн. Тэгэхээр нь би мориноосоо буугаад яваад очоод “ер нь тантай үзсэн ч яадын” гэсэн чинь намайг цохиж унагаагаад толгой руу манай 2-3 удаа өшиглөсөн. Тэгсэн чинь миний ухаан балартаад байж байсан чинь Соок /Б.М-л/ ах намайг татаад босгосон. Тэгээд би яваад өгсөн. Харин Соок /Б.М-л/ ахыг Оок /Баянцогт/ ах дагуулаад явсан. Би призер доогуур гараад унаж явсан мориныхоо араас явж байтал Чапи дүү урдаас морь бариад ирсэн. Ингээд бид хоёр хамт эмнэлэг орж би толгойдоо 6 оёдол хийлгэсэн. Мөнхсоёл ах архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тухайн үед Мөнхсоёл ах намайг унагаагаад толгой руу 2-3 удаа өшиглөсөн. Тэгсэн миний толгойн дагзны хэсэгт 2 газарт хагарчихсан байсан. Тухайн үед тэр газарт Чапи /Мягмарсүрэн/, Оок /Баянцогт/ ах, Соок ******* ах бид 4 л байсан. Тухайн үед Баянцогт ах машиндаа сууж байсан. Мөнхсоёл ах намайг толгой руу өшиглөснөөс болоод би толгойдоо 6 оёдол тавиулсан. Үүний дараагаар би Орхон аймагт очиж толгойны зураг авхуулахад миний толгойны гавлын яс цөмөрч бяцарсан байна гэсэн. Ингээд би толгойдоо хагалгаа хийлгэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-51-р хуудас/, 2. Гэрч З.Баянцогтын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “Би тухайн өдөр гэртээ байж байхад манай найз Мөнхсоёл над руу залгаад “өвс ачаад өгөөч” гэж хэлсэн. Тэгэхээр нь би” за тэгье” гэж хэлээд “хаана байгаа юм” гэсэн чинь “орон сууц хорооллын урд байна” гэж хэлсэн. Ингээд би орон сууц хорооллын урд яваад очсон. Тэгсэн чинь манай найз Мөнхсоёл нь Баатараа гэх залуутай муудалцаад хоёулаа заамдалцаад зогсож байсан. Тэгэхээр нь би уг хоёр хүнийг салгаад найз Мөнхсоёлыг машинд нь суулгаад аваад явсан. Тэгсэн чинь манай найз Мөнхсоёл нь “Баатараа сая намайг хавираад унагаачихлаа” гэж хэлээд уурлаад байсан. Тэгээд Баатараа гэх залуугийн араас “нааш ир, нааш ир ахын дүү хоёулаа нэг уулзаадахъя, чи чаддын бол араас хүрээд ир” гээд байсан. Тэгтэл Баатараа гэх залуу араас нь дагаад замын урд тал буюу призер хүртэл дагаж явсан. Ингээд замын урд гараад манай найз Мөнхсоёл нь машинаасаа буусан. Тэр хоёрын хооронд юу болсон талаар би мэдэхгүй байна. Намайг машинаас буугаад Мөнхсоёл дээр очиход Баатараа гэх залуу нь цаашаа явж байсан. Би тэгэхээр нь Мөнхсоёлыг дагуулаад бид хоёр хадлангийн талбай руу нь явсан. Тэр хоёр хоёулаа архи уучихсан байсан. Уг хоёр хүнийг зодолдож байхыг би хараагүй. Харин намайг машинаас буугаад очиход Баатараа гэх залуу цаашаа явж байсан. Баатараагийн толгойд хэн гэмтэл учруулсныг хараагүй болохоор хэлж мэдэхгүй байна. Харин дараа нь Мөнхсоёл надад хэлэхдээ “Баатараа надтай зодолдох гээд байхаар нь би цохиж унагаагаад толгой руу өшиглөсөн юм” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 70-71-р хуудас/, 3. Гэрч О.Мягмарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Тухайн өдөр3 би Орхонтуул сумын Рашаант тосгон 1 дүгээр багийн Орон сууц хорооллын тэнд Баатарсайхан ахтай таарсан юм. Тухайн үед Баатарсайхан ах дээр очиход Баатарсайхан ах жаахан юм уучихсан байсан ба хажууд нь 1 том пиво байсан. Ингээд бид хоёр Орон сууц хорооллын цэнхэр дэлгүүр буюу Ганбаяр ахын дэлгүүрт орж нэг талх, нэг сайра аваад тус дэлгүүрийн урд байрлах сагсны талбайд байдаг сааданд очиж суусан. Тэгээд би Баатарсайхан ахаас “та энэ пивоор яах гэж байгаа юм бэ?” гэж асуусан чинь “Сэлэнгээ ахыг чинь дуудаад цуг уух гэж байгаа юм” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр сууж байсан чинь Баатарсайхан ах босоод Орон сууц хорооллын Цэрнээ багшийн дэлгүүрийн урд зогсож байсан Увс аймгийн Болдоо гэх ах дээр очсон. Тэр хоёрыг би хоорондоо юу ярьсныг мэдэхгүй байна. Ингээд би тухайн үед өөр зүйл хийгээд байж байсан юм. Тэгээд нэг хартал Соок /Б.М-л/ ахын машины урд талд Баатарсайхан ах Соок /Б.М-л/ ах нар хоорондоо нэг нэгнээ заамдалцаад зогсож байсан. Тэгээд намайг гүйгээд очиход Соок /Б.М-л/ ах газарт уначихсан байсан. Тэгээд би очоод Баатарсайхан ахыг аваад бид хоёр нэг нэг морь унаад явсан юм. Харин Соок /Б.М-л/ ахыг найз болох Оок ах салгаад аваад явсан. Ингээд Баатараа ах бид хоёр явж байтал Соок /Б.М-л/ ах хойноос хөөе муу банди нааш ир гээд байсан. Тэгсэн чинь Баатраа ах бас ялгаагүй Соок /Б.М-л/ ахыг чи муу хэн юм бэ, пизда минь гээд нэг нэгнээ хэлээд байсан. Тэгсэн чинь Соок /Б.М-л/ ах нааш ир ир, хоёулаа урагшаа гарья гээд байсан. Тухайн үед би Баатарсайхан ахыг та яах гээд байгаа юм бэ агаа хэрэггүй, хоёулаа явья гэж хэлсэн. Тэгтэл Баатарсайхан ах “үгүй ээ хоёулаа хойноос нь явья, хэрвээ зодолдвол ахын дүү ахынхаа талд ороорой” гэсэн. Ингээд би Баатарсайхан ахтай хамт Рашаант тосгон 1 дүгээр багийн призэрээс цаана яваад очтол Соок /Б.М-л/ ах машинаасаа бууж ирсэн. Тэгтэл Баатараа ах бас мориноосоо буугаад “одоо хоёулаа үзье” гэж хэлсэн чинь Соок /Б.М-л/ ах Баатараа ахыг цохиж унагаагаад толгой руу нь 2-3 удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би зугтаачихсан юм. Тэгээд би буцаад яваад очих замд Баатараа ахын унаж явсан морь нь сумын Соёлын төвийн урд алдуурцан байж байхаар нь хөтлөөд яваад очтол Баатараа ах призэрийн доогуур гарч ирж байсан. Тэгээд би Баатараа ахыг дагуулаад эмнэлэг орсон. Ингээд Баатараа ах толгойдоо 6 оёдол хийлгэсэн. Тиймээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тухайн өдөр Баатарсайхан ах халамцуухан байсан. Нээх айхтар согтоогүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 72-74-р хуудас/, 4.Гэрч *******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би уг өдөр Орхонтуул сумын Рашаант тосгоны 1 дүгээр багийн төв рүү бензин авах гээд орсон юм. Тэгээд Цэрнээ гэх хүний дэлгүүрээс ундаа аваад гарч ирсэн чинь нэг танихгүй залуу ирээд мотоциклийн түлхүүр аваад өгөхгүй байсан. 1 шил архи аваад өг гэхээр нь надад мөнгө алга гэж хэлсэн. Тэгээд байж байсан чинь Соок буюу Мөнхсоёл нь машинаас бууж ирээд тэр залууд хандаж “чи хүн дээрэлхээд байгаа юм уу, энэ хүнийг явуулаач” гэж хэлсэн. Тэгэхээр нь би мотоциклынхоо түлхүүрийг аваад яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 75-76-р хуудас/ 5. 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн эмчийн тодорхойлолт /хх-ийн 40-р хуудас/ 6. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 809 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 1.*******ы биед гавлын хүнхрээ ясны /дагзны ясны зүүн хэсэгт/ цөмөрсөн хугарал, тархины эдийн няцрал, гавлын ясны сэлтэрхийг авч, тархинд ялтас тавих хагалгааны дараах байдал, хамрын таславчийн муруйлт, хуйханд шарх үүсчээ. 2. Гавлын хүнхрээ ясны /дагзны ясны зүүн хэсэгт/ цөмөрсөн хугарал, тархины эдийн няцрал, хуйханд шарх нь жижиг хэмжээний хязгаарлагдмал гадаргуутай, мохоо зүйлийн, тус бүрдээ нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтэл байна. Хамрын таславчийн муруйлт нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой4 хуучин гэмтэл байна. 3. Гавлын хүнхрээ ясны /дагзны ясны зүүн хэсэгт/ цөмөрсөн хугарал, тархины эдийн няцрал, гавлын ясны сэлтэрхийг авч, тархинд ялтас тавих хагалгааны дараах байдал нь амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана. Хамрын таславчийн муруйлт, хуйханд шарх нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. 4.Гавлын хүнхрээ ясны /дагзны ясны зүүн хэсэгт/ цөмөрсөн хугарал, тархины эдийн няцрал, гавлын ясны сэлтэрхийг авч, тархинд ялтас тавих хагалгааны дараах байдал нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна. Хамрын таславчийн муруйлт, хуйханд шарх нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /ххийн 41-43-р хуудас/ 7. Шүүгдэгч Б.М-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2020 оны 12 сарын 28-ны өдөр өвсөө татах гээд найз Баянцогтыг гуйгаад гэрээ нь авах гээд байрных нь гадаа очоод байж байсан чинь Баатарсайхан Увсын болдоо гээд залуутай маргаад байх шиг байсан. Тэгэхээр нь салгая гээд чи яагаад байгаа юм бэ дээрэлхээд байгаа юм уу гэсэн чинь намайг хавираад унагаачихсан. Би өөрөө уусан байсан болохоор Баатарсайханыг чи чаддаг юм бол араас хүрээд ирээрэй гэж хэлээд явсан. Төмөр замын призер гараад өвс рүүгээ явж байсан чинь Баатарсайхан араас морьтой давхиж ирсэн. Би уурандаа буугаад Баатарсайханыг газар унагаагаад хоёр өшиглөсөн. Тэр үедээ би урдаа хатуулгатай гуталтай гэдгээ анзаараагүй. Архины буруугаас болж хүний биед хүнд гэмтэл учруулсандаа их харамсаж байна гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх үзлээ. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогч талуудын эрхийг хязгаарласан байдал тогтоогдоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон байна гэж дүгнэв. Дээрх үйл баримтыг үгүйсгэсэн нотлох баримт хэрэгт авагдаагүй болно. Иргэн Х. Баатарсайханы биед учирсан гавлын хүнхрээ ясны /дагзны ясны зүүн хэсэгт/ цөмөрсөн хугарал, тархины эдийн няцрал бүхий хүнд гэмтэл нь шүүгдэгч Б.М-н хатуулга бүхий гуталтай хөлөөрөө хохирогчийн толгойн тус газар өшиглөсөн үйлдэлтэй шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон гэж дүгнэлээ. Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана” гэжээ. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Б.М-л нь 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Хонгор овоо 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Бичигтийн эрүү”гэх газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******тай маргалдаж, толгойн тус газарт нь санаатай өшиглөж, гавлын хүнхрээ ясны /дагзны ясны зүүн хэсэгт/ цөмөрсөн хугарал, тархины эдийн няцрал, гавлын ясны сэлтэрхийг авч, тархинд ялтас тавих хагалгааны дараах байдал бүхий хүнд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан, гэмт хэрэгт тооцох үйлдэл байна гэж шүүх дүгнэлээ. Иймд шүүхээс шүүгдэгч Б.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх хуулийн үндэслэлтэй. Шүүгдэгч Б.М-н үйлдлийг Прокуророос “хүний эрүүл мэндэд хүнд5 хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хуулийн шаардлагад нийцсэн байна. Шүүгдэгч Б.М-л, түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргахгүй байгаа болно. Иргэний нэхэмжлэлийн хувьд: Б.М-лоос 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр эмчилгээний зардал 3,000,000 сая төгрөг авсан надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолгүй гэсэн хохирогч *******ы өгсөн тодорхойлолтыг үндэслэн шүүгдэгч Б.М-лыг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн гэж үзлээ. /х.х-ийн 63-64-р хуудас/ Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Б.М-л Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тул Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгч Б.М-д ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан учруулсан хохирлыг төлсөн байдлыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн ба Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Дээрх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Б.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт заасан хорих торгох ялаас 15000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 сая төгрөгөөр торгох ялыг сонгон оногдуулж шийдвэрлэлээ. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “ Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж заасныг баримтлан Б.М-д оногдуулсан торгох ял болох 15.000.000 сая төгрөгийг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосон болно. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт “ Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заасныг Б.М-д мэдэгдэх нь зүйтэй. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 48-89 ОРА улсын дугаартай Хюундай Аванте ХD маркийн тээврийн хэрэгсэл, 04-34 СЭА улсын дугаартай Хюундай Трак маркийн тээврийн хэрэгслүүдийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг тус тус хүчингүй болгож, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хос гутлыг Б.М-д буцаан олгох нь зүйтэй байна. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсэн болно. Хохирогч ******* өөрийн хүсэлтээр шүүх хуралд оролцоогүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Боржигон овогт Б-н М-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.М-лыг 15000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15.000.000 / арван таван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.М-л торгуулийн ялын 15.000.000 сая төгрөгийг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулсугай.
4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “ Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заасныг Б.М-д мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 0000 ОРА улсын дугаартай Хюундай Аванте ХD маркийн тээврийн хэрэгсэл, 0000 СЭА улсын дугаартай Хюундай Трак маркийн тээврийн хэрэгслүүдийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.
7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хос гутлыг Б.М-д буцаан олгосугай.
8.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.САРАНТУЯА