Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 33/ШЦТ/2021

 

 

 

 

 

 

 

 

  

 

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

Улсын яллагч Х.Онолт,

Шүүгдэгч А.У-нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт А-ийн У-т холбогдох 2008 02980 1521 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1982 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймгийн Хайрхан суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хамбын 4-27 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

Ш овогт А-ийн У /РД:АК8205-/.

           

ТОДОРХОЙЛОХ нь:

             Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч А.У-нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2020 оны 9 дүгээр сарын 30-наас 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр шилжих шөнө 00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хорооллын 10 дугаар байрны ... дугаар орцны ... тоотод  иргэн Б.М-ыг зодож, эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, хамрын нуруу, дээд уруул, хэвлийн зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1130 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгч А.У-ын ял шийтгэл эдэлж байгаагүй талаарх баримт /хх96/, иргэний үнэмлэхний зурагт лавлагаа /хх106/, эд хөрөнгөтэй эсэх лавлагааны хуулбар /хх105/,  оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх107/, гэрлэлт бүртгэлийн лавлагаа /хх108/ болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан  баримтууд зэргийг шинжлэн судлав.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

НЭГ: Гэм буруугийн дүгнэлт: Шүүгдэгч А.У-нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2020 оны 9 дүгээр сарын 30-наас 2020 оны 10 дугаар сарын 01-нд шилжих шөнө 00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хорооллын ... дугаар байрны 2 дугаар орцны ... тоотод  иргэн Б.М тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх6-11/

2. Хохирогч Г.М-ын “...Ч, Б, У, Р нарын хамт манайд очиж жаахан юм ууж сууя гээд Р-ийг гар утас ломбарданд тавиад архи аваад ир бид хэд очиж байя гээд гэртээ орсон. Тэгээд ороод удаагүй байтал Р 2 шил 0,75 литрийн архи, 2 ундаа, тамхи авсан ирсэн. Бид хэд авчирсан архийг нь хувааж уусан бөгөөд эхний шил архийг уугаад байж байтал Р тасраад унтаад өгсөн. Тэгээд дараагийн шилтэй архийг ууж дуусаад байж байхад Б, Ч хоёр маргааш эрт ажилтай эртхэн харья гээд яваад өгсөн. Би У ахын хамт үлдээд архиа уугаад дуусчихсан тул дахиж нэмж авах гээд би гарч 0.5 литрийн Хараа архи, ундаатай хамт авчирсан. Тэгээд архи уугаад байж байгаад би тасарчихсан юм шиг байна лээ. Нэг ухаан орсон чинь байрныхаа 00-ын хажууд цустайгаа холилдчихсон сууж байсан. Тэгээд гэртээ орсон чинь Р унтаж байсан... Тухайн үед яг юу болсон, яагаад би цустайгаа холилдоод сууж байснаа огт санахгүй байна. Ямар ч байсан нэг ухаан ороход миний нүүр ам цус болчихсон байсан... У ахаас сонсоход У ах бид хоёр муудалцсан юм шиг байна лээ...Надад ямар нэг байдлаар нэхэмжлэх зүйл, санал гомдол байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх16-17/

3. Гэрч Н.Д-ийн“...2020 оны 9 дүгээр сарын 30-ны орой Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хорооллын ... дугаар байрны жижүүрийнхээ байранд байж байтал нэг эрэгтэй хүн хаалга татаад ороод ирсэн. Тэгээд тэр орж ирчхээд л шууд цагдаа дуудаарай, намайг аллаа шүү гээд орилтол араас нь бас нэг эрэгтэй хүн нэг гартаа заазуур, нөгөө гартаа хутга бариад ороод ирсэн. Тухайн үед манай нөхөр Т орон дээрээ хэвтэж байсан бөгөөд би айгаад хүүе ээ юу болоод байна аа эгчийн дүү гээд орилсон чинь тэр залуу хоёр гартаа барьсан хутгаа хооронд нь үрсэн бөгөөд тэр үед манай нөхөр Т сандал бариад гарыг нь хааж байх хооронд тусламж хүсээд байсан залуу нь гараад зугтсан. Нөгөө хутгатай залуу ч араас нь гараад гүйсэн... Намайг зодсон зүйл байхгүй. Тэр том нүдтэй 30 орчим насны залуу гартаа хутга барьчихсан үүдэнд зогсож байгаад гараад явсан...” гэсэн мэдүүлэг  /хх32-34/

4. Гэрч Н.Д-ээстаньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх35-36/

5. Гэрч Д.Элбэгсайханы “...2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 08 цагт ажлаасаа буугаад 09 цаг өнгөрч байхад ажлаасаа гараад явж байхад манай нөхөр М над руу залгаад өчигдөр У ахтай хамт архи уусан чинь намайг зодчихсон. Би цагдаа дээр байна. Намайг ирээд аваач гэхээр нь л би ирсэн. Юу болсон талаар нөхрөөсөө асуухаар Уугаа ах намайг зодчихсон байсан. Тэгээд нэг мэдэхэд би гэрт шалан дээр цустайгаа холилдоод хэвтчихсэн байхад цагдаа нар орж ирсэн гэж л хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх52/

6. А.У-ын яллагдагчаар өгсөн “...гэрт нь М, Р бид 3 үлдээд тал шил архи хувааж ууж байхад Р түрүүлээд согтоод унтчихсан тэгээд үлдсэн архийг М бид 2 хувааж уугаад дуус ч байхад М дуулаад байсан. Тэгэхээр нь би боль гэж хэлэхэд М би гэртээ байна, танд хамаагүй гэхээр нь би муудалцаад яахав дээ гэж бодоод гэрээс нь гараад явахад араас М ирээд та яваад хэрэггүй, хоноод яв гээд орцонд орилоод байхаар нь би Мын зүүн шанаа хэсэг рүү нь гараараа нэг удаа алгадсан. Тэгэхэд М надтай зууралдаад байхаар нь түлхчхээд зугтаагаад гарсан... М намайг зодож, цохисон зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх94-95/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тус тус тогтоогдож байна.

 

Шүүгдэгч А.У-ын үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай, хохирол, хор уршгийг хүс ч үйлдсэн, түүний хууль бус үйлдлийн улмаас хохирогч “...Г.М-ын биед зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, хамрын нуруу, дээд уруул, хэвлийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих, үрэх үйлдлээр үүснэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэсэн Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 11331 дугаартай дүгнэлт /хх82-83/-ээр тогтоогдож байх тул уг гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан гэж дүгнэлээ.

 

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, А.У-ынүйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

 

Хохирол, хор уршгийн талаар.

            Хохирогч Г.М-ынмөрдөн байцаалтын шатанд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлсэн мэдүүлэг /хх16-17/-т үндэслэн шүүгдэгч А.У-ыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

 

            Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч: А.У-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан.

 

Шүүгдэгч А.У-нь: Гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан торгуулийн ял оногдуулж өгнө үү? гэх саналыг гаргасан.

 

Шүүхээс шүүгдэгч А.У-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг ял оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүдэгч А.У-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

            Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тогтоолд тус тус дурьдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

         1. Ш овогт А-ийн У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.У-ыг 600 нэгж буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 04 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг А.У-т үүрэг болгосугай.

 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг А.У-т мэдэгдсүгэй.

 

 5. Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохирогч хохирол, хор уршиг нэхэмжлэхгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

 

          6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

 7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.ДАШДОНДОВ