Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 309

 

     Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар, 

      Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар баг, 1-10 тоотод оршин суух, 1988 онд төрсөн, эмэгтэй, РД:ОВ88022800, Их Монгол овогт Лхагважавын Золжаргалын нэхэмжлэлтэй,

     Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар баг, 10-01 тоотод оршин суух, 1986 онд төрсөн, эрэгтэй, РД:ОВ86051615, Давсан Уул овогт Ням-Осорын Мөнгөнд холбогдох,

      Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Золжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Лхагважав, хариуцагч Н.Мөнгөн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгч Л.Золжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2007 онд Н.Мөнгөнтэй гэр болж 2007 онд том хүү М.Түвшинтөр, 2012 онд М.Түвшинбаяр нарыг төрүүлсэн юм. Би арван жил нөхөртэйгээ хамт амьдрахдаа үр хүүхэд, амьдрал ахуйгаа өөд нь татах гэж маш их зүтгэж, ажиллаж хөдөлмөрлөж байсан. Нөхөр Н.Мөнгөн 2011 онд хэрэгт холбогдож, 3 жил 6 сарын ял авч байсан. Тухайн үед том хүү М.Түвшинтөр 5 настай, бага хүү М.Түвшинбаяр 8 хоногтой үлдэж байсан юм. Би 2 жил нялх хүүхдээ асрахын хажуугаар Н.Мөнгөнд хоол цайг тасралтгүй зөөж, түүнийг хоригдож байх хугацаанд амьдрахын эрхээр зах дээр лангуу түрээслэж ажиллуулдаг байсан. Н.Мөнгөнийг хорих газраас гарч ирээд элэг бүтэн, эрүүл саруул, хэрүүл маргаангүй амьдрах байх гэж бодсон боловч санаснаар болоогүй. Намайг бараандаа явахад хий хардаж сэрдээд хэрүүл маргаан тасардаггүй болсон. Өөрөө найз нөхөд ойр дотны таньж мэддэг хүмүүстэйгээ архидан согтуурч гэр орондоо янз бүрийн ааш авир гаргаж, архи ууж ирээд гэрийнхээ яндангаа цохиж хугалаад гэрээр дүүрэн хөө тортог болгоод хаалгаа цохиж эвдэж, 60-ын савтай ус асгаж намайг зодож байсан. Амьдарч байх хугацаандаа ажил хөдөлмөр хийж ахуй амьдралдаа нэмэр болдоггүй байсан. 2015 оны 5 дугаар сард Н.Мөнгөн ажил хийх нэрийдлээр Улаанбаатар хот уруу явсан, хотод байх хугацаандаа утсаар ярих болгондоо хардаж сэрдээд хэрүүл хийдэг байсан. Би “Увс явахгүй, гэртээ очихгүй би амьдралаа бодъё, чи амьдралаа бод” гэдэг байсан. Бид 2015 оноос хойш тусдаа амьдарч байна. Гэвч том хүү М.Түвшинтөр аав руугаа яваад миний дэргэд тогтохгүй байна. Н.Мөнгөн нь Цагаанхайрхан сумын харьяат эмэгтэйтэй хамтран амьдрах болсон. Хадам ээж над уруу залгаад “Нөхрөө тэр авгайгаас салгаж ав” гэж ярьдаг байсан. Нэгэнт ийм амьдрал сонгоод амьдрах болсон тул цаашид би ч энэ хүнтэй амьдрах сонирхолгүй болсон. 2 хүүхдээ нэг нэг авахаар ярилцсан. Үүнийгээ ч Н.Мөнгөн зөвшөөрсөн. Хоёр хүүхэд хоёулаа надтай хамт амьдрах саналтай байвал ирж болно гэсэн бодолтой байна. Бид 2 тусдаа амьдраад удаж байгаа, Н.Мөнгөн өөр эмэгтэй хүнтэй болсон тул бид 2 хэрүүл маргаан хийхгүй эв зүйгээ олж, 2 хүүхдээ нэг нэгээр аваад салахаар шийдсэн тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй, бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй” гэжээ.

       Хариуцагч Н.Мөнгөн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Ням-Осор овогтой Мөнгөн миний бие 2007 онд Л.Золжаргалтай гэр бүл болж амьдарсан. Бид 2 хүүхэдтэй бөгөөд 2015 оноос хойш тусдаа амьдарч байна. Гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Бид хоёр ярилцаад хүүхдүүдээ нэг нэгээр нь авахаар болсон. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү, хүү М.Түвшинтөрийг миний асрамжид үлдээж өгнө үү” гэжээ.

        Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

    Нэхэмжлэгч Л.Золжаргал нь хариуцагч Н.Мөнгөнд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж шийдвэрлүүлэх тухай нэхэмжлэлийг гаргажээ.

      Л.Золжаргал нь 2016 оны 2 дугаар сарын 08-ны өдөр Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч гэрлэгчдийг эвлэрүүлэх ажиллагаа амжилтгүй болж, нэхэмжлэгч нь шүүхэд ханджээ. Өөрөөр хэлбэл, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зааснаар шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хэрэглэсэн байх тул шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хуульд заасан журмын дагуу хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

      Иргэн Л.Золжаргал, Н.Мөнгөн нар 2007 оны 9 дүгээр сарын 03-ны гэр бүл болж, 2007 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр бүртгүүлсэн байх ба тэдний дундаас 2007 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүү М.Түвшинтөр, 2012 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр хүү М.Түвшинбаяр нар төрсөн болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн гэрчилгээний хуулбар болон М.Түвшинтөр, М.Түвшинбаяр нарын төрсний гэрчилгээний хуулбаруудаар, М.Түвшинтөр нь Увс аймгийн Улаангом сумын ахлах 3 дугаар сургуульд суралцдаг болох нь тус сургуулийн нийгмийн ажилтан Д.Амараагийн тодорхойлолт, М.Түвшинбаяр нь эрүүл өсч байгаа болох нь эмч Д.Наранцэцэгийн тодорхойлолт зэргээр тус тус тогтоогдож байна.

       Гэрлэгчид нь хоорондын таарамжгүй зан харьцааны улмаас 2015 оноос хойш тусдаа амьдарч байгаа ба шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн өмнөх эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад гэрлэгчид эвлэрээгүй буюу гэр бүлээ үргэлжлүүлэх талаар хэн хэн нь санаачлага гаргаагүй, цаашид гэр бүлээ үргэлжлүүлэн хамт амьдрах боломжгүй болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байх тул тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

    Хэдийгээр шүүх гэрлэгчдийн гэрлэлтийг шүүх цуцалж шийдвэрлэж байгаа боловч  эцэг, эхийн хүүхдийн өмнө хүлээсэн эрх, үүрэг хэвээр хадгалагдаж, хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг эхийн хэн аль нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд “Эцэг эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ” гэж заасныг дурдах нь зүйтэй.

       Нэхэмжлэгч Л.Золжаргал, хариуцагч Н.Мөнгөн нар эд хөрөнгийн маргаангүй талаар тайлбар гаргасан байх тул эд хөрөнгийн маргаангүйг дурдах нь зүйтэй. Мөн хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болно.

       Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Л.Золжаргалаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Мөнгөнөөс 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Золжаргалд олгох нь зүйтэй байна.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

     1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Их Монгол овогт Лхагважавын Золжаргал, Давсан уул овогт Ням-Осорын Мөнгөн нарын гэрлэлтийг цуцалсугай.

      2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т зааснаар гэрлэгчдийн 2007 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн хүү М.Түвшинтөрийг эцэг Н.Мөнгөний асрамжид, 2012 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн хүү М.Түвшинбаярыг эх Л.Золжаргалын асрамжид үлдээсүгэй.

         3. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болохыг  тус тус дурдсугай.

       4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Л.Золжаргалаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Мөнгөнөөс 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Золжаргалд олгосугай.

      5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор шийдвэрийн хувийг Увс аймгийн Давст сумын Засаг даргын Тамгын газрын Иргэний бүртгэлийн ажилтанд хүргүүлэхийг шүүгчийн туслах Ш.Анхцэцэгт даалгасугай.  

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                П.БОЛОР