Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 06

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

        Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Нарантуяа даргалж, Улсын яллагч Т.Дэлгэрсайхан, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Наранцай, Шүүгдэгч О.Б-р нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайжууд овогт *******т холбогдох эрүүгийн 2133000000003 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан шийдвэрлэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1988 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Увс аймгийн Давст суманд төрсөн, эрэгтэй, 33 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, мал малладаг, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт, Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, 0, 0 тоотод оршин суух хаягтай, Тайжууд овогт О-н Б-р /РД:ОВ0000000/. Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч О.Б-р нь 2020 оны 12 дугаар сарын 26-наас 2020 оны 12 дугаар сарын 27-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Бургалтай 2 дугаар багийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас эхнэр *******тай маргалдаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн түүний нүүрэн тус газарт гараараа олон удаа цохиж эрүүл мэндэд нь доод зүүн тавдугаар шүдний булгаралт, хамрын таславчийн муруйлт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар: Шүүгдэгч О.Б-р нь 2020 оны 12 дугаар сарын 26-наас 2020 оны 12 дугаар сарын 27-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Бургалтай 2 дугаар багийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр *******тай маргалдаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн түүний нүүрэн тус газарт гараараа олон удаа цохиж эрүүл мэндэд нь доод зүүн тавдугаар шүдний булгаралт, хамрын таславчийн муруйлт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт үйлдэл нь: Шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүгдэгч *******ын өгсөн “...2020 оны 12 дугаар сарын 26-ны өдөр би хөдөө байсан. Тэгэхэд манай найз намайг морь бариад өгөөч гээд ирсэн. Тэгээд би очоод найзынхаа морийг барьж өгсөн. Гэрт нь очиход 1 литр нэрмэл гаргаж ирсэн. Тэр нэрмэлийг нь уусан. Тэгээд байж байтал Эрдэнэгэрэл гэдэг найз маань ирсэн. Ирэхдээ 2 литр нэрмэл авч ирснийг нь бид нар уусан. Тэгээд дээд талынх нь айлаас 5 литр нэрмэлийг бид нар мөнгөөр нь худалдаж аваад уусан. Цаг орой болчихсон байсан. Отгондаваагийн эхнэр, Эрдэнэгэрэлийн эхнэр хоёр танайэхнэрийг авч ирнэ гэсэн. Тэгээд бид гурав хамт яваад манай эхнэр, хүүхдүүдийг аавынхаас авч ирсэн. Бид нар 5 литр нэрмэлийнхээ үлдсэнийг нь уусан. Харин манай эхнэр вино авч ирснийг Отгондаваагийн эхнэр, Эрдэнэгэрэлийн эхнэр хоёртой хувааж уусан. Тэгээд хэрүүл маргаан эхэлсэн. Эрдэнэгэрэл хэдүүлээ ийшээ яваад хүүхэнтэй уулзъя гэсэн чинь манай эхнэр уурласан. Тэгэхээр нь би юу яриад байгаа юм бэ? гээд уурласан. Манай найзын тоглоомоор маазраад хэлсэн үгийг нь сонсчхоод манай эхнэр уурласан. Тэгээд бид нар хэрэлдсэн. Тэгэхээр нь би явъя гэж хэлсэн чинь намайг орхиод хоёр ихэр хүүхдээ үлдээчхээд явна гээд байсан. Манай доод талын хоёр хүүхэд маань ихэр. Тэгэхээр нь би юу яриад байгаа юм бэ? гээд хэрэлдээд цохилцсон. Эхнэрийнхээ нүүр рүү нь 1, 2 удаа цохисон. Дээлийнхээ нударгаар нь нүүр рүү нь 1, 2 удаа цохисон. Тэгээд тухайн орой бид нар гэр рүүгээ явсан. Маргааш нь Эрдэнэт орсон...” гэх мэдүүлэг, Мөрдөн байцаалтад: Хохирогч *******ын өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 26-ны шөнө Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутаг дэвсгэрт байх Отгондаваа гэх айлд нөхөр, хоёр хүүхдийн хамтаар очсон юм. Тэгээд тэр айлд очиход манай нөхрийн найзууд болох хүмүүс байсан. Улмаар тэнд байсан хүмүүстэй манай нөхөр О.Б-р нь архи ууцгаасан. Манай нөхрийн найз болох Эрка гэх залуутай маргалдаад, муудалцсан. Тухайн үед манай нөхөр найзыгаа өмөөрөөд надтай муудалцсан. Манай нөхөр тэр айлын гадна гаргаад газар унагааж байгаад намайг нүүр нүдгүй цохисон, зодсон. Тэр айлд байсан нөхрийн найз нараас нэг ч найз нь гарч ирж салгаж надад туслаагүй. Манай нөхөр намайг зодоод миний биеэс цус нөж гарсны дараа л нэг найз нь гарч ирээд одоо арай дэндэж байна, боль гээд гарч ирсэн юм. Тухайн үед манай нөхөр намайг 2-3 цаг зодсон байх. Миний бие нийлэхүйдээ хөхөрсөн, хавдсан, нэг шүд нь ёзоор хэсгээрээ хугараад бүсийн оношилгоо эмчилгээний төвд авхуулсан юм. Миний хувьд гомдолтой байна..., ...Би 2020 оны 12 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Би Отгондаваа, Эрдэнэгэрэл нарын эхнэрүүдийн хамтаар 1 том савтай пиво хувааж уусан юм. Мөн 1 литрийн хэмжээтэй нэрмэл архийг хувааж уусан юм. Тухайн үед манай нөхөр миний нүүрний хэсэг рүү гараараа олон удаа цохисон. Цохиулсны улмаас хамраас их хэмжээний цус гарсан. Нударгаараа цохиод байсан. Зүүн гуяны хэсэгт хөхөрч хавдсан, нүүр рүү цохих үед шүд ёзоор хэсэгтээ хугарсан байсныг нь Бүсийн оношилгоо эмчилгээний төвд очиж авхуулсан юм. Одоогийн байдлаар хамрын хэсэгт зовуурьтай байна. Өөрөө ямар нэгэн зовиур байхгүй байна. Би өнөөдөр шүүх эмнэлэгт үзүүлчихсэн...”, ...2020 оны 12 дугаар сарын 22-ны орой хөдөө нөхрийн хамт явсан юм. Тэгээд хадмынд байж байтал 26-ны орой 22 цаг өнгөрч байхад нөхөр О.Б-р нь найзуудын хамт намайг ирж авсан юм. Тэгээд найзынд нь очиход хамт байсан найзууд нь согтчихсон байсан. Нөхрийн найз Эрдэнэгэрэл нь манай нөхрийг хажуугаас нь цохиж наад пиво уу хүүхнүүдэд үлдээчих хоёулаа явж Баруунтүрүүн явж хүүхэндий гэхээр нь бий сонсчхоод дуугүй л байсан юм. Уг пиво уучхаад унтахаар хэвтэж байтал Эрдэнэгэрэл нь босоод ирэхээр нь би болсон зүйлийн талаар нь хэлж дайрч байтал нөхөр сэрээд болсон зүйлийн талаар асуусан. Тэгэхээр нь ингэж хэлсэн гэтэл би юу гэж тэгж явдаг юм гэж хэлсэн. Тэгээд байж байтал нөхөр миний толгой руу цохихоор нь би зөрүүлээд цохисон гэтэл та хоёр нэг нэгнээ одоо яачих юм бил ээ хамт явуулахгүй гэх зэрэг зүйл яриад байхаар нь би та нарыг цагдаад өгнө гэж хэлээд явсан юм. Эрдэнэгэрэл уг үйлдлийг харж зогсож байсан мөртлөө ямар нэгэн үйлдэл хийгээгүй ба дараа нь би угаасаа дийлэхгүй юм билээ гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ий 7-9, 43/, Гэрч М.Хушаагийн өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр манайохины хүүхэд болох 9 настай охин маань надад хэлэхдээ аав ээжийг зодоод нүүр, шүд нь аймаар болчихсон гэж хэлэхээр нь лавлаж асуутал архи уугаад согтуу байхдаа ээжийг цохисон гэж хэлсэн юм. Тэгээд охин болох *******аас асуухад эхлээд тийм асуудал болоогүй гэж хэлэхээр нь би лавлаад сайн асуусаар байгаад болсон асуудлыг охиноосоо сонссон. Өмнө нь манай охины нөхөр болох О.Б-р нь удаа дараа зодож нүдээд дарамталж байгаа юм шиг байгаа юм. Би тухайн үед сонсож байсан ч амьдралд нь ороод яах вэ гэж бодоод өнгөрдөг байсан юм. Би 9 настай ач охиноосоо асуухад өмнө нь ээжийг зодоод цус болгож байсан, цамцыг нь урж байсан гэж хэлж байсан. Мөн манай охиныг өмнө нь машинаар дайрч ална гэж сүрдүүлж байсан юм. Зодуулаад олон хоног өнгөрсөн тул нүүр нүднийх нь хавдар нь буугаад гайгүй болчихсон байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 10- 11/, Гэрч *******гийн өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 26, 27-ны үед манайд эхлээд О.Б-р ирсэн. Манайд байхад Эрка ирсэн. Бид нар ундааны сав нэрмэл уугаад 21-22 цагийн үед эхнэрээ авчирна гээд явсан. Тэгээд эхнэрээ авчраад хөзөр тоглоод бид нар сууж байгаад унтсан. Шөнө зодоон болсон гэж сонссон. Би унтаж байсан тул мэдээгүй. О.Б-р нэрмэл архи уусан. Пагамдулам пиво авчирснаа хувааж уусан. Согтолт гайгүй байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 35-36/, Гэрч Д.Чулуунцэцэгийн өгсөн: “...Манай нөхөр, Батбаяр, Эрка гурав нэрмэл архи хувааж уусан. Тэгээд О.Б-р эхнэрээ авчирна гээд яваад эхнэр Пагамдуламыг авчирсан. Бид нар юм ярьж сууж байгаад 1 пиво хувааж уугаад унтацгаасан юм. Тэгсэн нэг мэдсэн хэрүүл болж байсан. Юу болоод байгаа юм бэ гээд би боссон. Тэгсэн гэр дотор хэрэлдээд байсан. Тэгээд эхнэртэйгээ гэрээс гарсан. Тэгээд гадаа зодоон болсон юм шиг байна лээ би хараагүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 38-39/, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 51 дугаартай “...Дүгнэлт. 1.*******ын биед доод зүүн тав дугаар шүдний булгаралт, хамрын таславчийн муруйлт, зүүн гуянд цус хуралт үүсчээ. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн, олон удаагийн, цохих цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Доод зүүн тавдугаар шүдний булгаралт нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр буюу 5% тогтонги алдалтанд нөлөөлөх тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. 4.Хамрын таславчийн муруйлт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Зүүн гуянд цус хуралт нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй...” гэх дүгнэлт хэсэг/хх-15-16/, Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл/хх-ийн 18-20/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/хх-ийн 65/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан нотлох баримтууд болно. Шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан гэж шүүх дүгнэж, О.О.Б-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ. Иргэний нэхэмжлэлийн талаар: Хохирогч *******ын зүгээс өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролынталаар иргэний нэхэмжлэх гаргаагүй болно. Иймд шүүгдэгчийг бусдад төлөх хохирол, төлбөргүй байна гэж үзлээ. Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч О.Б-р нь анх удаа гэмт хэрэгт холбогдож байгаа болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас/хх-65/-аар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан , 6.6 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч О.Б-р оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч О.Б-т холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгчийн хүсэлтээр хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа ба мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг хууль зүйн шаардлагыг бүрэн хангасан байна. Шүүгдэгч О.Б-р нь улсын яллагчийн санал болгосон 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялын саналыг хүлээн зөвшөөрч улсын яллагчтай эрүүгийн хариуцлагын талаар тохиролцсон байна /хх-ийн 88/. Иймд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.О.Б-г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 37.2, 38.1, 38.2 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Тайжууд овогт О-н Б-р /РД:ОВ0000000/-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.О.Б-г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг дурдсугай.

4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч О.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэрийг биелүүлэх хүртэл хугацаагаар хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.НАРАНТУЯА