Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 315

 

     Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

       Нэхэмжлэгч: Увс аймгийн Бөхмөрөн сумын 3 дугаар баг, 01-12 тоотод оршин суух, 1987 онд төрсөн, 30 настай, эрэгтэй, РД:ОБ87070915, Жоош овогт Тайвангаагийн Амарсайханы нэхэмжлэлтэй, аав Д.Тайвангаа, ээж Т.Алтанцэцэг нарыг 2000 оноос 2008 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Амарсайхан, нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

     Нэхэмжлэгч Т.Амарсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Т.Амарсайхан нь 1987 онд төрсөн. Аав Д.Тайвангаа маань миний төрсөн ээж Ц.Оролзодтой 1986 оны 12 дугаар сарын 22-ны өдөр гэр бүл болж, улсын бүртгэлд бүртгүүлэн гэрлэлтийн гэрчилгээ авсан. Тэдний дундаас Т.Амарсайхан миний бие, дүү Т.Энэбиш, Т.Баасанжав нар төрсөн. Аав, ээж маань Увс аймгийн Бөхмөрөн суманд ажиллаж амьдардаг байсан. Ээж маань 1996 онд өвчний улмаас нас барсан. Ээжийг нас барсны дараа буюу 2000 онд аав Д.Тайвангаа маань Г.Алтанцэнэг гэдэг хүнтэй гэр бүл болж, хамтран амьдрах болсон. Тухайн үед аав ээж 2 маань гэр бүл болж хамтран амьдарч байсан боловч улсын бүртгэлд гэрлэлтээ бүртгүүлж гэрлэлтийн гэрчилгээ аваагүй байна. Аав Д.Тайвангаа ээж Т.Алтанцэцэг нарын дундаас 2001 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Т.Адъяаням, 2006 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Т.Лхагважав нар төрсөн болно. Одоо дүү нар маань 11, 15 настай 10 жилийн сургуульд сурдаг. 2008 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр ээж Т.Алтанцэцэг маань Увс аймгийн Бөхмөрөн суманд гэртээ өвчний улмаас нас барсан. Ээжийг нас барснаас хойш удалгүй 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдөр аав Д.Тайвангаа маань мөн өвчний улмаас нас барсан. Аавыг маань нас барсны дараа 2 бага дүү болох Т.Адъяаням, Т.Лхагважав нар 2013 онд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгон одоог хүртэл авсан. Гэтэл Увс аймгийн нийгмийн даатгалын хэлтсээс аав Д.Тайвангаа, ээж Т.Алтанцэцэг нарын гэрлэлтийн гэрчилгээ байхгүй тул 2 дүүд маань тэжээгчээ алдсаны тэтгэврийг олгохгүй зогсоогоод байна. Иймээс Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж байна. Иймд миний аав Д.Тайвангаа, ээж Т.Алтанцэцэг нарыг 2000 оноос 2008 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү” гэжээ. 

         Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

       Нэхэмжлэгч Т.Амарсайхан нь аав Д.Тайвангаа, ээж Т.Алтанцэцэг нарыг 2000 оноос 2008 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

        Xэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд хэдийгээр Д.Тайвангаа, Т.Алтанцэцэг нар нь гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй боловч тэдний дундаас төрсөн охин Т.Адъяаням 2001 оны 10 дугаар сарын 21-ний өдөр, 2006 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр хүү Т.Лхагважав нар төрсөн ба төрсний гэрчилгээнд эцгийн нэр “Ж.Тайвангаа”, эхийн нэр “Т.Алтанцэцэг” хэмээн бичигдсэн байна.

     Т.Алтанцэцэг нь 2008 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр нас барсан болох нь №0043147 тоот нас барсны гэрчилгээний хуулбар, Д.Тайвангаа нь 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдөр нас барсан №0000110379 тоот нас барсны гэрчилгээний хуулбаруудаар нотлогдож байна.

        Дэлэгийн Тайвангаа, Цэвэгийн Оролзод нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар,

       Иргэний үнэмлэх авах тухай өргөдөлд Дэлэг Тайвангаа, эхнэр Т.Алтанцэцэг, хүү Т.Амарсайхан, охин Т.Энэбиш, хүү Т.Баасанжав, охин Т.Адъяаням нарын нэр бичигджээ,

      Мөн гэрч С.Ганболдын шүүхэд өгсөн: “Би 1977 оноос 1990 оны хооронд Увс аймгийн Бөхмөрөн сумын “Бадрал” нэгдэлд Үйлдвэр бригадын туслах ажилчнаар ажилаж байсан, Бөхмөрөн сумын уугуул хүн учраас Д.Тайвангаа, Т.Алтанцэцэг нарыг сайн таньж мэднэ. Д.Тайвангаа эхнэр Ц.Оролзод болон 3 хүүхдийн хамт амьдарч байгаад эхнэр Ц.Оролзод нь 1990 оны сүүлээр нас барснаар сүүлийн эхнэр Т.Алтанцэцэгтэй 2000 оноос эхлэн хамтран амьдарч эхэлсэн юм. Тэд хамтран амьдрах хугацаандаа 2 хүүхэд төрүүлсэн байдаг юм. Улмаар 2008 он хүртэл хамт амьдраад 2008 онд Т.Алтанцэцэг, 2013 онд Д.Тайвангаа нар өвчний улмаас нас барсан. Д.Тайвангаагийн хувьд сумын клубын эрхлэгч, Соёлын төвийн эрхлэгчээр олон жил ажиллаж байгаад нас барсан, харин эхнэр Т.Алтанцэцэг нь ажилгүй байсан санагдаж байна. Тэд гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй байсан учраас одоо тэдний дундаас гарсан 2 хүүхэд нь тэжээгчээ алдсаны тэтгэмж авахад аав ээжийнх нь хамтран амьдарч байсан нь үнэн болохыг тогтоолгох шаардлага гарсан юм” гэх мэдүүлэг,

     Гэрч П.Эрдэнийн шүүхэд өгсөн: “Би 1970 оноос 1992 оны хооронд Увс аймгийн Бөхмөрөн сумын “Бадрал” нэгдэлд бригадын дарга, агент, хоршооны нярав зэрэг ажлуудыг хийж байсны хувьд Д.Тайвангаа, Т.Алтанцэцэг нарыг таньж мэднэ. Д.Тайвангаа нь сумын клубт эрхлэгчээр ажиллаж байсан юм. Д.Тайвангаа 2 дахь эхнэр болох Т.Алтанцэцэгтэй 2000 оноос эхлэн хамтран амьдарч тэдний дундаас 2 хүүхэд төрсөн байдаг юм. Улмаар эхнэр Т.Алтанцэцэг 2008 онд өвчний улмаас, Д.Тайвангаа өөрөө 2013 онд өвчний улмаас Улаанбаатар хотод эмчилгээнд яваад тэндээ нас барсан юм. Тухайн үед Д.Тайвангаа сумын Соёлын төвийн эрхлэгчээр ажиллаж байсныг би сайн санаж байна. Д.Тайвангаа, Т.Алтанцэцэг нар нь хамтран амьдарч байсан болохоос гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй байсан талаар би сонссон, одоо тэдний дундаас гарсан 2 хүүхэд нь тэжээгчээ алдсаны тэтгэмж авахад аав ээжийнх нь хамтран амьдарч байсан нь үнэн болохыг тогтоолгох шаардлага гарсан юм байна лээ. Харин Т.Амарсайхан нь Д.Тайвангаагийн өмнөх эхнэрийн хүү юм” гэх мэдүүлэг тус тус шүүхэд өгчээ. 

      Иймд нэхэмжлэгч Т.Амарсайханы шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрч С.Ганболд, П.Эрдэнэ нарын шүүхэд өгсөн мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тус тус үндэслэн 1964 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн, РД:ОБ64112811, Жоош овогт Дэлэгийн Тайвангаа, 1970 оны 5 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, РД:БЗ70051204, Гөлгөт овогт Төмөрмуны Алтанцэцэг нарыг 2000 оноос 2008 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоож шийдвэрлэлээ.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Т.Амарсайханы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

       1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсгүүдэд зааснаар 1964 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн, РД:ОБ64112811, Жоош овогт Дэлэгийн Тайвангаа, 1970 оны 5 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, РД:БЗ70051204, Гөлгөт овогт Төмөрмуны Алтанцэцэг нарыг 2000 оноос 2008 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоосугай.         

      2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Т.Амарсайханы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

       3. Энэхүү шийдвэрийг хүчин төгөлдөр болмогц Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Ш.Анхцэцэгт даалгасугай.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

                                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             П.БОЛОР