Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 07

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

        Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Нарантуяа даргалж, Улсын яллагч Т.Дэлгэрсайхан, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Наранцай, Иргэний нэхэмжлэгч ******* /онлайн/, Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Буманзаяа, Шүүгдэгч Б.У-р нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын прокурорын газрын прокурорын Эрүүгийн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт *******т холбогдох эрүүгийн 2033000820059 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1988 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 32 настай, эрэгтэй боловсролгүй, мэргэжилгүй, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дархан-Уул аймгийн Дархан сум, 0 дүгээр орцны жижүүрийн байранд оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 305 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн 146 дугаар зүйлийн 146.1, 223 дугаар зүйлийн 223.1-т зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ялаар, Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2008 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 108 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол улсын Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 51/а дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар 10 жил, 06 сарын хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан гэх Боржигон овогт Б-н У-р /РД:ТД00000000/. Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.У-р нь 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “*******” гэх газраас иргэн *******ийн эзэмшлийн 2006 ДАР улсын дугаартай Тоёота Ланд Круйзер Прадо маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, өмчлөгч *******ийн зөвшөөрөлгүйгээр авч яван иргэн *******д 980.000 төгрөгийн, *******т 3.750.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ./Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Б.У-р нь 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “*******” гэх газраас иргэн *******ийн эзэмшлийн 2006 ДАР улсын дугаартай Тоёота Ланд Круйзер Прадо маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, өмчлөгч *******ийн зөвшөөрөлгүйгээр авч яван иргэн *******д 980.000 төгрөгийн, *******т 3.750.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт үйлдэл нь: Шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүгдэгч *******ын өгсөн “...Би 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр ******* гэдэг газар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тухайн үед би согтуу байсан болохоор ямар зорилгоор машиныг авч явснаа санахгүй байна. ******* гуайн машиныг очиж мөргөснөө сайн санахгүй байгаа. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад бусдад их хэмжээний хохирол учруулсандаа гэмшиж байна. Надад оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг, Иргэний нэхэмжлэгч *******гийн өгсөн “...Миний машиныг мөргөөд 1.000.000 төгрөгийн засвар хийлгэсэн. Энэ мөнгөө гаргуулж авах хүсэлттэй байна...” гэх мэдүүлэг Хэрэг бүртгэлтэд: 1.Хохирогч *******ийн өгсөн “...2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Орхон голын эрэг дээр манай нөхөр С.Пүрэвцогт, Ууганбаяр гэх залуугийн хамт усалгаа хийж байсан юм. 21 цаг 20 минутын үед байх тэгж л санаж байна. Манай нөхөр С.Пүрэвцогт над руу утасдаад Ууганаа машин бариад явчихлаа гэхээр нь би яасан гэнээ гээд асуутал чи урдаас нь тосоод зогсоочих гэж хэлсэн. Номгон тосгоны 3 дугаар багийн нутаг “*******” гэх газарт байрлах бригад дээрээ амраад байж байсан юм. Тэгээд би гараад зам дээр тосоод ирэхийг нь хүлээгээд байж байтал харагдахгүй болохоор нь нөхөр лүүгээ залгаад энд ирэхгүй байна наана чинь байгаа юм биш үү гээд хэлсэн чинь манай нөхөр наад руу чинь явсан байж бай гэж хэлсэн. Тэгээд үргэлжлүүлээд хараад зогсож байтал надаас 15орчим метрийн зайд нэг жижиг машины араас гэрлээ асаагаагүй машин дагаад явж байсан. Тухайн үед гадаа харанхуй болсон үзэгдэх орчин муу байсан учир ямар машин гэдгийг нь анзаарч харж чадаагүй, бүүр сүүлд нь тэр жижиг машины араас нь гэрэлгүй дагаад явж байсан машиныг манай машин байж дээ гэсэн бодол төрсөн. Тэгээд 23 цагийн үед манай хүү П.Мягмар над руу утсаар залгаад ээж манай машин замд онхолдоод явах юмгүй болсон байна гэж хэлсэн. Ууганбаярыг сайн танихгүй дахиад ирж ажиллаж байгаа залуу, хувийн зан байдлын талаар сайн мэдэхгүй гайгүй томоотой залуу шиг санагддаг. Тэр болгон тулж харьцаад байдаггүй болохоор мэдэхгүй байна. Тэр өдөр Б.У-р 14 цагт Дарханаас архи уусан байдалтай ирээд амралтын байрандаа ороод унтаад өгсөн. Тэгээд 20 цагийн үед босоод манай нөхөртэй хамт усалгаа хийж байгаа талбай руу явсан. Миний өөрийн эзэмшлийнх байгаа юм. Би 2007 онд анх монголд орж ирэхэд нь худалдаж авч байсан юм. Одоо манай машин Дарханд манай хашаанд байгаа. Би журмын хашааны 80 мянган төгрөгийн төлбөр Ширээ нуруунаас журмын хашаа хүртэлх машин ачилтын 100 мянган төгрөг журмын хашаанаас өөрийн хашаа хүртэл ачилтын 40 мянган төгрөг автомашины үнэлгээ хийлгэсэн төлбөр 30 мянган төгрөг мөн ослын улмаас машинд минь учирсан бүх хохирлоо төлүүлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 61-62/, 2.Иргэний нэхэмжлэгч *******гийн өгсөн “...Би 2020 оны 06 дугаар сарын 25-ны орой 21 цаг 30 минутын орчим Ноён хонгорт хөдөө айлд очоод буцаад Ширээ нурууны төв замаар явж байхад “би яг хаана явж байснаа нарийн сайн хэлж мэдэхгүй байна/ урдаас урсгал сөрөөд цагаан өнгийн машин ороод ирсэн. Тэгэхээр нь би машинаа зогсоосон. Тэгэхэд тэр машин урсгал сөрж ирээд миний машины зүүн урд тал руу мөргөөд зогссон, би машинаасаа бууж ирээд харахад 20-06 ДАР улсын дугаартай цагаан өнгийн Тоёото прадо маркийн машин байсан бөгөөд жолооч нь машинаасаа бууж ирэхгүй уучлаарай гэж хэлээд машинаа ухраагаад хажуугаар гараад зугтаасан юм. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн юм. Миний жолоодож явсан машин миний өөрийн эзэмшлийн Тоёота Вишн маркийн тээврийн хэрэгсэл байсан. Би өөрөө машинаа жолоодож явсан. Хажуугийн суудалд манай эхнэр Х.Нэргүй, арын суудалд миний хоёр хүүхэд сууж явсан. Миний машинд сууж явсан хүмүүсээс бэртэж гэмтсэн хүн байхгүй байна. Миний машины копут, их гэрэл, кирла, урд гупер эвдэрсэн байна. Би гомдолтой байна. Хохирлоо нөхөн төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 19, 48 хуудас/, 3.Гэрч П.Мягмарын өгсөн “...Манай төрсөн аав Пүрэвцогт, төрсөн ээж Цагаанцэцэг нар Сэлэнгэ аймгийн Сайхан сум, 3 дугаар баг “*******” гэх газар эзэмшиж төмс хүнсний ногоо тариалдаг. Тус ХХК нь нэр “Энгийн хүр” нэртэй үйл ажиллагаа явуулдаг. Б.У-р гэх залуу өнгөрсөн жилээс хойш манай газар тариалангийн ажилд туслахаар ажиллаж хар ажлыг нь амжуулдаг байсан. Тэгээд өчигдөр буюу 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр би газар тариалангаас жаахан зайтай байшиндаа орой 21 цаг 00 минутын орчим хоолоо идээд байж байтал ээжийн утас руу аав залгаад ажилтан Ууганаа машин унаад явчихлаа гэж хэлсэн. Тэгээд ээж гэрээс гараад удалгүй орж ирээд цаад Ууганаа чинь харагдахгүй байна, чи араас нь гар гэж хэлсэн. Тэгээд би аавын байгаа газар очоод юу болсон бэ гэж асуухад тэрээр хэлэхдээ саяхан машин аваад зугтчихлаа чи араас нь яв гэж хэлсэн. Тэгээд би хэсэг харж байгаад цагдаад дуудлага өгсөн. Тэгээд би машинааасаагаад Ууганааг Дархан явсан байж магадгүй гэж бодоод Ширээ нурууны замаар явж байтал замд 2 цагдаа таарсан. Тэгээд би очоод би сая машинаа алдсан гээд дуудлага өгсөн юм, та нар ямар нэг зүйл болж мэдэв үү гэж асуухад тэдгээр цагдаа нар доор Парадо машин аваар хийгээд бид нар саатуулсан гэж хэлсэн. Тэгээд би яваад очтол Ууганаа манай машиныг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож осол гаргасан байсан. Тус тээврийн хэрэгсэл нь цагаан өнгөтэй 1997 онд үйлдвэрлэгдсэн 2007 онд Монголд орж ирсэн Тоёота Парадо загварын машин. Энэ машин нь манай ээж Цагаанцэцэгийн нэр дээр байдаг. Б.У-г ямар зорилгоор машин унаж яваад аваар осол гаргасныг би мэдээгүй. Манай аав надад хэлэхдээ гэнэт машин зөвшөөрөлгүй унаад явчихлаа гэж хэлээд би араас нь гарсан. Тэрээр тээврийн хэрэгслийн жолоодох үнэмлэхтэй эсэхийг би мэдэхгүй. Тэрээр өчигдөр өдөр Дархан явна гэж хэлээд өдөр яваад орой ирэхдээ жаахан архи уусан байсан. Б.У-р ганц нэг удаа хашаан дотроо ойр зуурын ажил амжуулаад унаж байсан. Тэрээр их дуугүй зантай. Би сэтгэцийн тал дээр сайн мэдэхгүй байна. Ер нь бол машин харагдах байдлаараа их эвдрэл үүссэн байна лээ. Тэрээр согтуу жолоо бариад жалга мөргөөд бас зам дээр зорчиж байсан тээврийн хэрэгслийг мөргөөд цааш зугтаад зогссон байна лээ...” гэх мэдүүлэг/хх-ийн 16-17 хуудас/, 4.Гэрч Х.Нэргүйн өгсөн “...2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр нөхөр бид хоёр, хоёр хүүхдээ аваад Ноёнхонгор гэх газарт айлд очоод орой 21 цаг 30 минутын орчим Ноён хонгороос гараад буцаад шороон явж байгаад Ширээ нурууны төв зам руу нийлээд явж байхад /би яг хаана явж байснаа нарийн сайн хэлж мэдэхгүй байна/ урдаас урсгал сөрөөд цагаан өнгийн машин ороод ирсэн. Тэгэхэд манай нөхөр машинаа зогсоосон ба урдаас ирж явсан машин урсгал сөрж ирээд миний сууж явсан тал буюу машины зүүн урд тал руу мөргөөд зогссон. Тэгэхэд манай нөхөр машинаасаа буугаад яаж байгаа юм бэ гэж хэлэхэд 20-06 ДАР улсын дугаартай цагаан өнгийн Тоёота прадо маркийн машины жолооч нь машинаасаа бууж ирэхгүй уучлаарай гэж хэлээд машинаа ухраагаад манай машины хажуугаар гараад зугтаасан юм. Миний сууж явсан машин манай нөхөр Нямсүрэнгийн эзэмшлийн Тоёота виш маркийн тээврийн хэрэгсэл юм. Манай нөхөр машинаа жолоодож явсан. Би жолоочийн хажуугийн суудалд, арын суудалд миний хоёр хүүхэд сууж явсан юм. Миний толгой өвдөөд, зүрх чичрээд байна. Манай нөхөр болон хоёр хүүхдэд одоогоор мэдэгдэж байгаа зүйл алга...” гэх мэдүүлэг/хх-ийн 18 хуудас/, 5.Гэрч С.Пүрэвцогтын өгсөн “...Би 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 3 дугаар баг “*******” гэх газарт орой газар тариалан дээрээ байж байтал манайд хааяа ажилладаг Б.У-р гэх залуу 13:00 цаг өнгөрөөд архи уусан байдалтай ирээд 20:00 цаг хүртэл унтаад өгсөн юм. Тэгээд 20:00 цагт босож ирэхээр нь манай эхнэр болох Цагаанцэцэг хоол унд өгсөн юм. Эхнэр бид хоёр тариалангийн талбай руугаа очоод ажлаа хийгээд байж байсан бөгөөд би трактороо унаад талбай дотроо явж байхад Б.У-р хажууд ажил хийж байгаад манай эхнэр бид хоёрын эзэмшлийн 20-06 ДАР улсын дугаартай Тоёота прадо маркийн тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй унаад яваад өгсөн юм. Би эхнэр болох Цагаанцэцэгийн утас руу залгаж Ууганбаяр машин аваад зугтаачихлаа гэж хэлэхэд надад харагдахгүй байна даа гэсэн юм. Тэгээд сүүлд ньасуухад эхнэр гэрэлгүй машин хашааны хаалгаар гараад явлаа гэхээр нь би хүүхэд болох Мягмарт хэлээд түүнийг араас нь явуулж цагдаад мэдэгдсэн юм. Ууганбаяр архи уусан согтуу байдалтай ирсэн бөгөөд тухайн үед хоол унд идээд гайгүй л байсан шиг харагдсан юм. Урьд өмнө архи уусан байдалтай ирдэг байсан. Энэ асуудал шиг зүйл болж байгаагүй юм. Б.У-р хааяа л манай талбай дээр тээврийн хэрэгсэл жолооддог байсан юм. Б.У-р нь дуу муутай, архи уудаг, цалингаа буухаар яваад өгдөг. Би тээврийн хэрэгслийнхээ хохирлыг нөхөн төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 22-23 хуудас/, 6.2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 03 дугаартай “...1.2006 ДАР улсын дугаартай Ланд круйзер прадо маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явсан Б.У-р нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1.Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримттай байна. а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл /жолоодлогын дадлага хийж яваа суралцагчдад хамаарахгүй/ гэсэн заалтыг зөрчсөн байна. 2.Ослын шалтгаан нь 2006 ДАР улсын дугаартай Ланд курйзер Прадо маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явсан Б.У-р нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1.Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримттай байна. а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл /жолоодлогын дадлага хийж яваа суралцагчдад хамаарахгүй/ гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна...” гэх шинжээчийн дүгнэлт/хх-ийн 70-71 хуудас/, 7.2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд/хх-ийн 8-9, 11-14 хуудас/, 8.Үл хөдлөх хөрөнгө, хөдлөх хөрөнгө үнэлгээний 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн шинжээчийн дүгнэлт/хх-ийн 41-44 хуудас/, 9.Үл хөдлөх хөрөнгө, хөдлөх хөрөнгө үнэлгээний 2020 оны 07 дугаар сарын 09-ний шинжээчийн дүгнэлт/хх-ийн 55-58/, 10.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/хх-ийн 83 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно. Шүүгдэгч Б.У-р нь 2020 оны 06 сарын 25-ны өдрийн оройн 20 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3 дугаар багийн нутаг дэвсгэр болох ******* гэх газарт хохирогч *******ийн ногооны талбайд ажиллажбайхдаа архи ууж согтуурсан үедээ түүний эзэмшлийн Тоёота Ланд Круйзер Прадо маркийн 2006 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүй унаж явахдаа онхолдуулж 3.750.000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч *******гийн эзэмшлийн Тоёота Виш маркийн 3661 ДАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж 980.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг нь хангалттай тогтоогдож байна. Шүүгдэгч нь дээрх гэмт хэрэг үйлдэхдээ хохирогч *******ийн тээврийн хэрэгслийг нууц далд аргаар хулгайлах эсхүл айлган сүрдүүлж дээрэмдэх аргаар аваагүй, ийм санаа зорилго агуулаагүй байна. Иймд Эрүүгийн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан нь хулгайлах, дээрэмдэх гэмт хэргийн шинжгүй гэж үзэж гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. Иргэний нэхэмжлэлийн талаар: Гэмт хэргийн улмаас хохирогч ******* өөрийн эзэмшлийн 2006 ДАР улсын дугаартай Тоёота Ланд Круйзер Прадо маркийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 3.750.000 төгрөг /хх-55/, журмын хашааны төлбөр 80.000 төгрөг/хх-67/, Ширээ нуруунаас журмын хашаа хүртэл ачилтын үнэ 100.000 төгрөг/хх-67/, журмын хашаанаас өөрийн хашаа хүртэл ачсан 40.000 төгрөг, автомашины үнэлгээ хийлгэсний төлбөр 30.000 төгрөг нийт 4.000.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч *******гийн эзэмшлийн Тоёота Виш маркийн 3661 ДАА улсын дугаартай тээврийн хэрэгслийн хохирол 980.000 төгрөгийг шүүгдэгч Б.У-с тус тус нэхэмжилсэн. Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг үнэлээд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У-с 980.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч *******д, хохирогч *******ийн машины эвдрэлд 3.750.000 төгрөг журмын хашааны төлбөр 80.000 төгрөг, Ширээ нуруунаас журмын хашаа хүртэл машин ачуулсны төлбөр 100.000 төгрөг нийт 3.930.000 төгрөгийг гаргуулж хохирогч *******т тус тус олгож шийдвэрлэлээ. Нэхэмжлэлийн шаардлагаас үнэлгээчний хөлс 30.000 төгрөг, машин ачсаны хөлс 40.000 төгрөг нийт 70.000 төгрөгт холбогдох хэсгийн хэрэгсэхгүй болгож хохирогч ******* нь энэ талаарх нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.У-с нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй. Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгч Б.У-г Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх саналыг шүүх бүрэлдэхүүнд тавьж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд зааснаар цагдан хоригдсон хугацааг тооцох тухай заалтыг баримтлан түүний цагдан хоригдсон 95 хоногийн 90 хоног нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэн сар хугацаанд оруулан тооцох саналыг тавьж байна. Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлд зааснаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх саналыг гаргаж шүүх бүрэлдэхүүнд тавьж байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тодорхой ажил үүрэг гүйцэтгэх буюу бичиг баримт бүрдүүлж улсын бүртгэлд бүртгүүлж иргэний үүргээ биелүүлэх үүргийг хүлээлгэх саналыг тус тус тавьж байна. Шүүгдэгч нь энэ хэрэгтээ 95 хоног цагдан хоригдсон. Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй. Энэ хэрэгт битүүмжлэх ажиллагаа явуулаагүй. Эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй болно. Шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна гэв. Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Улсын яллагчийн гаргасан саналыг сонслоо. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих санкци байдаггүй. Торгох, албадан ажил хийлгэх, зорчих эрхийг хасах гэсэн санкцитай. Өнөөдрийн байдлаар Б.У-р нь торгох ялыг төлөх боломжгүй байгаа. Тиймээс улсын яллагчтай санал нэг байна. Албадан ажил хийлгэх ялыг 720 цагаар тогтоож, 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл нийт 95 хоног цагдан хорьсон байгаа. Тэгэхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд заасныг баримталж цагдан хоригдсон энэ хоногийг дүйцүүлж өгнө үү гэсэн саналыг оруулж байна...” гэв. Улсын яллагчийн шүүгдэгчийг яллаж байгаа үндэслэлийг нотолсон нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журмын дагуу авагдсан, оролцогч нарын хуульд заасан эрхийг зөрчөөгүй нотлох баримтууд байна. Шүүгдэгч Б.У-р нь Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 305 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн 146 дугаар зүйлийн 146.1, 223 дугаар зүйлийн 223.1-т зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ялаар, Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2008 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 108 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол улсын Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж 2009 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай Монгол улсын 4 дүгээр зүйлийн 4.4 зааснаар ялаас эдлээгүй үлдсэн 07 сар 20 хоногийн ялыг өршөөн хэтрүүлсэн байна. /хх-88 ар тал / Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 51/а дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар 10 жил, 06 сарын хорих ялаар тус тус шийтгэгдэж 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр 08 жил 10 сар 07 хоног болгон өөрчилж , уг ялаа эдэлж байгаад 2017 оны 09 сарын 26-ны өдөр хугацааны өмнө 11 сар 24 хоногийг тэнсэн сулласан байна /шүүх хуралдаан дээр шинээр гаргаж өгсөн ял шийтгэлийн лавлагаагаар/, шүүгдэгчийн дээрх тэнсэнгийн хугацаа 2018 оны 09 сарын 26-нд дууссан байна. Иймд анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ. Шүүгдэгч нь мөрдөн байцаалтаас оргон зайлж хаана байгаа нь тодорхойгүй учир эрэн сурвалжилж 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 2021 оны 02 дугаар оны арын 09-ний өдөр хүртэл нийт 95 хоног цагдан хоригдож, 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 2021/ШЗ/12 дугаартай шүүгчийн захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болгож өөрчилсөн байна. Шүүгдэгч *******ын хувийн байдал гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөгдөөгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй байна. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын цагдан хоригдсон 90 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож, нийтэд тустай ажил хийлгэх ял болох 720 цагийг биелүүлснээр тооцох нь зүйтэй байна. Шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлж дууссан байх тул улсын яллагчийн тодорхой ажил үүрэг гүйцэтгэх талаар үүрэг болгох саналыг хүлээн авах боломжгүй байна. Шүүгдэгч Б.У-р энэ хэрэгт 95 хоног цагдан хоригдсоныг, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт авагдсан CD-ийг хэргийн хамт хадгалах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2-4, 36.3-1, 36.4-2, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь :

1.Шүүгдэгч Боржигон овогт Б-н У-р /РД:ТД00000000/-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.У-г 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын цагдан хоригдсон 90 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож, нийтэд тустай ажил хийлгэх ял болох 720 цагийг биелүүлснээр тооцсугай.

4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У-с 980.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч *******д олгож, 3.930.000 төгрөг гаргуулж хохирогч *******т олгож нэхэмжлэлийн шаардлагаас 70.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

5.Хохирогч ******* нь үнэлгээчний хөлс 30.000 төгрөг, машин ачсаны хөлс 40.000 төгрөг нийт 70.000 төгрөгийн нотлох баримтыг бүрдүүлэн, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.У-с нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6.Шүүгдэгч Б.У-р энэ хэрэгт 95 хоног цагдан хоригдсоныг дурдаж, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

7.Хэрэгт авагдсан CD-ийг хэргийн хамт хадгалсугай.

8.Шүүгдэгч Б.У-рт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар хэвээр үргэлжлүүлсүгэй.

9.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд үүнээс хойш 15 хоногийн дотор бичгээр үйлдэж прокурор, шүүгдэгчид, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нарт тус тус гардуулсугай.

10.Шийтгэх тогтоолыг шүүгдэгч нар, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11.Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ А.НАРАНТУЯА