Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 317

 

       Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа, шүүгч Л.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

     Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Зайсан 32б байрны 06 тоотод байрлах, регистрийн 5926475 дугаартай, “Маунт шаста” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

         Хариуцагч: Увс аймгийн Зүүнговь сумын Засаг даргын Тамгын газарт холбогдох,

       Гэм хорын хохирол 8.248.479 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, 2017 оны 2 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бунжаа, хариуцагч Увс аймгийн Зүүнговь сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Цээлэйнамсан, иргэдийн төлөөлөгч Н.Батмөнх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгч “Маунт шаста” ХХК-ийн захирал Л.Хүрэлбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Маунт шаста” ХХК нь Ашигт малтмалын тухай хуульд заасан нөхцөл, шаардлагын дагуу Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авах өргөдөл гаргасан. Уг өргөдлийг нь Увс аймгийн Засаг дарга дэмжсэнээр 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Увс аймгийн Зүүнговь сумын нутагт Баяннуур нэртэй, 6287,32 гектор талбайг хамарсан XV-018441 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон. 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр манай компаний ажилтнууд Увс аймгийн Зүүнговь сумын Засаг даргын Тамгын газарт хандаж олгогдсон тусгай зөвшөөрөлтэй холбогдуулан Байгаль орчинг хамгаалах менежментийн төлөвлөгөөг хянуулах мөн тухайн жилийн хээрийн ажлаа хийх зорилгоор очсон. Тухайн үед Засаг дарга нь ээлжийн амралттай байсан тул орлогч дарга Н.Батбаяртай уулзахад “Маунт шаста” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл авсан газрыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 09/04 тоот шийдвэрийн дагуу өмнө нь орон нутгийн тусгай хамгаалалтад авсан болон уг тусгай зөвшөөрлийг анх олгохдоо манай сумын удирдлагад албан ёсоор мэдэгдээгүй, бидний саналыг аваагүй, бид энэ тухай огт мэдээгүй байсан тул танай компанийг тухайн газар дээр хайгуулын ажиллагаа явуулахыг зөвшөөрөхгүй гэж хэлсэн. Энэ тухайгаа ч Увс аймгийн Зүүнговь сумын Засаг даргын орлогч Н.Батбаяр 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 256 дугаар албан бичигт тодорхой дурдсан байдаг. Ийнхүү Зүүнговь сумын удирдлагууд дээр дурдсан шалтгаануудаар хайгуулын ажил хийлгэхгүй байгаа нь Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-т “Хайгуулын талбайн хилийн дотор энэ хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх, 21.1.6-д “Хайгуулын ажил явуулах зорилгоор хайгуулын талбайд нэвтрэн орох, шаардлагатай түр барилга байгууламж барих” эрхтэй гэж заасны дагуу манай компанид хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаж, хохирол учруулаад байна. Тиймээс цаашид тухайн орон нутагт хайгуулын үйл ажиллагаа явуулахад ямар ч боломж алга гэж бидний зүгээс үзэж байна. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасан үндэслэлээр 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр XV-018441 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг авахтай холбогдуулан “Маунт шаста” ХХК-иас гаргасан үйл ажиллагааны зардал болох 5.513.151 төгрөг, тусгай зөвшөөрлийн 1, 2 жилийн төлбөр болох 2.735.328 төгрөг, нийт 8.248.479 төгрөгийг Увс аймгийн Зүүнговь сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулж манай компанид учирсан хохирлыг барагдуулж өгнө үү хэмээн энэхүү өргөдлийг гаргаж байна” гэжээ.

       Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бунжаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Маунт шаста” ХХК нь Ашигт малтмалын тухай хуульд заасан нөхцөл, шаардлагын дагуу Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авах өргөдөл гаргасан. Уг өргөдлийг нь Увс аймгийн Засаг дарга дэмжсэнээр 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Увс аймгийн Зүүнговь сумын нутагт Баяннуур нэртэй, 6287,32 гектор талбайг хамарсан XV-018441 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон. 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр манай компаний ажилтнууд Увс аймгийн Зүүнговь сумын Засаг даргын Тамгын газарт хандаж олгогдсон тусгай зөвшөөрөлтэй холбогдуулан Байгаль орчинг хамгаалах менежментийн төлөвлөгөөг хянуулах мөн тухайн жилийн хээрийн ажлаа хийх зорилгоор очсон. Тухайн үед Засаг дарга нь ээлжийн амралттай байсан тул орлогч дарга Н.Батбаяртай уулзахад “Маунт шаста” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл авсан газрыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 09/04 тоот шийдвэрийн дагуу өмнө нь орон нутгийн тусгай хамгаалалтад авсан болон уг тусгай зөвшөөрлийг анх олгохдоо манай сумын удирдлагад албан ёсоор мэдэгдээгүй, бидний саналыг аваагүй, бид энэ тухай огт мэдээгүй байсан тул танай компанийг тухайн газар дээр хайгуулын ажиллагаа явуулахыг зөвшөөрөхгүй гэж хэлсэн. Энэ тухайгаа ч Увс аймгийн Зүүнговь сумын Засаг даргын орлогч Н.Батбаяр 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 256 дугаар албан бичигт тодорхой дурдсан байдаг. Ийнхүү Зүүнговь сумын удирдлагууд дээр дурдсан шалтгаануудаар хайгуулын ажил хийлгэхгүй байгаа нь Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-т “Хайгуулын талбайн хилийн дотор энэ хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх, 21.1.6-д “Хайгуулын ажил явуулах зорилгоор хайгуулын талбайд нэвтрэн орох, шаардлагатай түр барилга байгууламж барих” эрхтэй гэж заасны дагуу манай компанид хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаж, хохирол учруулаад байна. Тиймээс цаашид тухайн орон нутагт хайгуулын үйл ажиллагаа явуулахад ямар ч боломж алга гэж бидний зүгээс үзэж байна. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасан үндэслэлээр 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр XV-018441 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг авахтай холбогдуулан “Маунт шаста” ХХК-иас гаргасан үйл ажиллагааны зардал болох 5.513.151 төгрөг, тусгай зөвшөөрлийн 1, 2 жилийн төлбөр болох 2.735.328 төгрөг, нийт 8.248.479 төгрөгийг Увс аймгийн Зүүнговь сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулж “Маунт шаста” ХХК-нд олгож өгнө үү” гэжээ.

        Хариуцагч Увс аймгийн Зүүнговь сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Цээлэйнамсан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжпэгч “Маунт шаста” ХХК нь Увс аймгийн Зүүнговь сумын Засаг даргын тамгын газарт холбогдуулан 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр XV- 018441 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг авахтай холбогдуулан “Маунт шаста” ХХК-иас гаргасан үйл ажиллагааны зардал болох 5.513.151 төгрөг, тусгай зөвшөөрлийн 1, 2 жилийн төлбөр болох 2.735.328 төгрөг, нийт 8.248.479 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 146.926 төгрөгийн хамт гаргуулахаар нэхэмжпэл гаргасан байх бөгөөд уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хариуцагчийн зүгээс дараахь хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд: “Маунт шаста” ХХК нь 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Увс аймгийн Зүүнговь сумын нутагт Баяннуур нэртэй газар 6287.32 гектар талбайг хамарсан ХV-018441 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авсан гэжээ. Улмаар уг тусгай зөвшөөрлийн дагуу 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр тус компаний ажилтнууд тусгай зөвшөөрөл авсан гэх газраа хээрийн ажлаа хийх зорилгоор ирсэн гэх. Тус компаний ажилтнуудтай Зүүнговь сумын Засаг даргын орлогч Н.Батбаяр уулзан ярилцахад 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн ХV-018441 дугаартай ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн дагуу ажиллахаар ирсэн болохоо мэдэгдсэн. Гэвч “Маунт шаста” ХХК-ийн тусгай зөвшөөрөл авахаас өмнө буюу 2015 оны 4 сарын 17-ны өдрийн Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 09/04 тоот шийдвэрээр “Зүүнговь сумын Шаварт нуур, Хар уул, Гурамсаны гол, Сээр өндөр орчмын 44456 га газар, Тарвагатайн хөдөө орчмын 24539 га газар, Өгөөмөр уул, Баяннуур Нарийн голын эх, Бөөрөгийн элс орчмын 183105 га газар буюу нийт 252100 га талбай бүхий газар нутгийг 5 жилийн хугацаатайгаар сумын тусгай хамгаалалтанд авсгугай” гэсэн хүчин төгөлдөр хуралдааны тогтоол гарсан. Иймд нэхэмжлэгч “Маунт шаста” ХХК-д тус газарт үйл ажиллагаа явуулах боломжгүй байна гэсэн хариуг өгсөн ба 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 256 дугаар албан бичгээр Ашигт малтмалын газарт мэдэгдсэн. “Маунт шаста” ХХК-ийн ажилтнууд байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг хянуулах мөн тухайн жилийн хээрийн ажлаа хийх зорилгоор ирсэн гэх боловч орон нутгийн төр захиргааны байгууллага, холбогдох албан тушаалтад албан ёсоор мэдэгдээгүй, байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөгөө танилцуулаагүй, ирсэн гэх хүн нь бид энэ жил хайгуулын ажил хийхгүй, тухайн жилийн ажлаа хийхгүй болохоор торгууль төлөх, хариуцлага тооцуулдаг юм хэмээн тайлбар хэлж сумын орлогч дарга Н.Батбаяраас тодорхойлолт авсан. Мөн Зүүнговь сумын нутагт орших Баяннуур гэх газарт “Маунт шаста” ХХК-д ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгохдоо Увс аймгийн удирдлагын зүгээс манайд ямар нэгэн байдлаар мэдэгдээгүй болно. Нэхэмжлэгч нь өөрийн гаргасан нэхэмжлэлээ Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасныг үндэслэл болгон нэхэмжпэл гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь “Маунт шаста” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 8.248.479 төгрөгийн хохирол нь манай Засаг даргын тамгын газрын үйл ажиллагаатай холбоогүй байна. Сумын Иргэдийн Төлөөлөгчид өөрийн эрхийн хүрээнд холбогдох хууль тогтоомжийг удирдлага болгон тус газрыг тусгай хамгаалалтанд авсан. Гэтэл тус газар “Маунт шаста” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон албан тушаалтантай асуудлыг ярих нь бодитой юм. Увс аймгийн Зүүнговь сумын Иргэдийн Төлөөлөгчид нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйл “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрх” 28.3 дахь хэсэг “Нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсгийг орон нутгийн хамгаалалтад авах тухай шийдвэр гаргах, түүний хилийн зааг, хамгаалалтын горимыг тогтоох” гэж заасны дагуу уг газрыг тусгай хамгаалалтанд авсан болно. Хуульд заасан бүрэн эрхийнхээ дагуу тухайн орон нутгийн тодорхой газар нутгийг тусгай хамгаалалтанд авах нь, тус газар нутгийг хайрлан хамгаалах нь мөн бидний үүрэг юм. Мөн хайгуулын тусгай зөвшөөрөл авахдаа Орон нутгийн эрх барих байгууллагад мэдэгдээгүй, зөвшөөрөл аваагүй юм. Мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2-т “Энэ хууль болон тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимоор хориглосон, гэрээнд зааснаас өөр буюу байгаль орчинд сөрөг нөлөөлөх үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж заасан. Тус газар нутаг нь цаг уурын эрс тэс уур амьсгалтай, хур тунадас бага ордог, маш эмзэг элсэн хөрстэй, ургамлын нөхөн сэргэлт удаан (бараг байхгүй) түүх дурсгалын газруудтай зэргээс хамааран ашигт малтмалын хайгууль, ашиглалтын үйл ажиллагаа явуулах боломжгүй юм. Дээрх нөхцөл байдлуудаас үзэхэд нэхэмжлэгчийн гаргаж буй нэхэмжпэл нь хуулийн болоод бодит үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэгч “Маунт шаста” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

        Иргэдийн төлөөлөгч Н.Батмөнх шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Үйл ажиллагааны гэм хорын хохирол учруулсан, тухайн лиценз олгосон хариуцагч “Маунт шаста” ХХК-нд хохирол барагдуулах ёстой гэж үзэж байна” гэжээ.

         Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

      Нэхэмжлэгч “Маунт шаста” ХХК нь хариуцагч Увс аймгийн Зүүнговь сумын Засаг даргын Тамгын газарт холбогдуулан гэм хорын хохирол 8.248.479 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

        Хариуцагч Увс аймгийн Зүүнговь сумын Засаг даргын Тамгын газар нь “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” хэмээн маргаж байна.

         Нэхэмжлэгч “Маунт шаста” ХХК нь Увс аймгийн Зүүнговь сумын Баяннуур гэх газарт 6287.32 гектар талбайг хамарсан хайгуулын  ХҮ-018441 тоот тусгай зөвшөөрлийг 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр авсан нь хэргийн 9 дүгээр хуудаст авагдсан “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл”-өөр тогтоогдож байна.

        Нэхэмжлэгч нь тайлбартаа “хайгуулын ажлаа хийх зорилгоор 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Увс аймгийн Зүүнговь суманд ирэхэд нутгийн удирдлагууд ажил хийлгэхгүй хууль бусаар саад, дарамт учруулсан” гэж дурджээ.

    Гэтэл хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд хайгуулын ажлыг хийлгэхгүй гэж орон нутгийн удирдлагуудын зүгээс ямар нэгэн эсэргүүцэл буюу дарамт, шахалт үзүүлээгүй, энэ талаар нотолсон баримт хэрэгт авагдаагүй бөгөөд зөвхөн 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 256 тоот сумын Засаг даргын орлогч Н.Батбаяраас “Орон нутгаас зөвшөөрөл аваагүй, тухайн газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан” гэсэн тайлбар авагдсан ба тухайн албан бичгийг “Ашигт малтмалын газарт” хаяглан хүргүүлсэн байна.

        Нөгөө талаар, Увс аймгийн Зүүнговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 09/04 тоот “Газар нутгийг сумын хамгаалалтад авах тухай” тогтоолоор тус сумын Шаварт нуур, Хар уул, Гурмасны гол, Сээр өндөр орчмын 44456 га газар, Тарвагатайн хөдөө орчмын 24539 га газар, Өгөөмөр уул, Баяннуур, Нарийн голын эх, Бөөргийн элс орчмын 183105 га газар буюу нийт 252100 га талбай бүхий газар нутгийг 5 жилийн хугацаатай тусгай хамгаалалтад авсан байх ба нэхэмжлэгч “Маунт шаста” ХХК-ийн эзэмшиж буй хайгуулын талбай нь тухайн хамгаалалтад авсан “Баяннуур” гэх газар нутгийг хамарчээ.  

       Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.10-т зааснаар Ашигт малтмалын газар нь “Маунт шаста” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон даруйдаа энэ тухайгаа тухайн аймаг, сумын Засаг дарга, Мэргэжлийн хяналтын албанд мэдэгдэх үүрэгтэй байх ба нэхэмжлэгч “Маунт шаста” ХХК-ийн хувьд мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 38.1.3-т зааснаар тусгай зөвшөөрөл авснаас хойш 30 хоногийн дотор байгаль орчны хяналтын алба болон тухайн талбай байрших сумын Засаг даргатай зөвшилцөж, байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулах, мөн тухайн төлөвлөгөөгөө Засаг даргад хүргүүлж, батлуулах үүрэгтэй байна.

       Гэтэл нэхэмжлэгч нь 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хайгуулын тусгай зөвшөөрлөө авснаас хойш 10 сарын дараа Увс аймгийн Зүүнговь сумын Засаг дарга болон  холбогдох албан тушаалтануудтай очиж уулзсан нь тогтоогдож байгаа ба дээрх хуульд заасан үүргээ биелүүлээгүй байна.

     Түүнчлэн, нэхэмжлэгч “Маунт шаста” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл авахад зарцуулсан мөнгөн төлбөр болон үйл ажиллагааны зардлыг хариуцагч Увс аймгийн Зүүнговь сумын Засаг даргын Тамгын газар хариуцах үндэслэл тогтоогдохгүй байна.

       Өөрөөр хэлбэл, Зүүнговь сумын Засаг даргын Тамгын газрын чухам ямар үйл ажиллагаа нэхэмжлэгч “Маунт шаста” ХХК-нд хохирол учруулсан нь тодорхойгүй байх ба гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл /эс үйлдэхүй/ болон учирсан хохирлын шалтгаант холбоо тогтоогдохгүй байна.

      Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч Увс аймгийн Зүүнговь сумын Засаг даргын Тамгын газарт холбогдох гэм хорын хохирол 8.248.479 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Маунт шаста” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

       Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч “Маунт шаста” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 146.926 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

    1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дүгээр зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч Увс аймгийн Зүүнговь сумын Засаг даргын Тамгын газарт холбогдох гэм хорын хохирол 8.248.479 /найман сая хоёр зуун дөчин найман мянга дөрвөн зуун далан ес/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Маунт шаста” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч “Маунт шаста” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 146.926 /нэг зуун дөчин зургаан мянга есөн зуун хорин зургаа/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             П.БОЛОР

                                                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Н.ГЭРЭЛТУЯА

                                                                          ШҮҮГЧ                             Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ