Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 320

 

                                                  Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

                                                  хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

                                                             хэрэгсэхгүй болгох тухай

         Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  П.Болор  би,

        Нэхэмжлэгч: Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын нэхэмжлэлтэй,

      Хариуцагч: Увс аймгийн Баруунтуруун сумын Туруун баг, Усжуулах 4-26 тоотод оршин суух, 1989 онд төрсөн, эрэгтэй, РД:ОА89032510, Цагаагчууд овогт Буянтогтохын Эрдэнэбаатар,

      Хариуцагч: Увс аймгийн Баруунтуруун сумын Туруун баг, Усжуулах 4-26 тоотод оршин суух, 1958 онд төрсөн, эмэгтэй, РД:ОА58121107, Томооноохон овогт Цэрэнгийн Энхтуяа нарт холбогдох,

     Сум хөгжүүлэх сангийн үндсэн зээл 2.259.520 төгрөг, алданги 67.785 төгрөг, нийт 2.327.305 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

   Нэхэмжлэгч Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг дарга С.Лхагвасүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б.Эрдэнэбаатар, Ц.Энхтуяа нар нь Сум хөгжүүлэх сангаас “Хэрчсэн гурилын цех” нэртэй төслийн хүрээнд 6.000.000 төгрөгийг жилийн 2 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатайгаар авсан болно. Уг зээлийг гэрээний дагуу төлөгдөж дуусаагүй үлдэгдэл 2.327.305 төгрөг нь гэрээний хугацаа дуусаад 11 сараар хугацаа хоцролттой явж байна. Энэ хугацаанд ажлын хэсэг албан мэдэгдэл, Засаг даргын албан шаардлага хүргэж ажилласан болно. Иймд үндсэн зээл болох 2.259.520 төгрөг, алданги 67.785 төгрөг, нийт 2.327.305 төгрөгийг нэхэмжилж байгаа болно” гэжээ.

   Хариуцагч Ц.Энхтуяа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Б.Эрдэнэбаатар, Ц.Энхтуяа бид Баруунтуруун сумын Засаг даргын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Бид одоо нэхэмжилж байгаа 2.327.305 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн дотор төлж барагдуулна” гэжээ.

   Нэхэмжлэгч Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг дарга С.Лхагвасүрэн шүүхэд гаргасан тайлбартаа: “Иргэн Б.Эрдэнэбаатар, Ц.Энхтуяа нарын шүүхэд гаргасан тайлбартай танилцлаа. Нэхэмжилсэн мөнгийг 2017 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн дотор төлж барагдуулахаар зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

      ҮНДЭСЛЭХ нь:

       Нэхэмжлэгч Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг дарга нь хариуцагч Б.Эрдэнэбаатар, Ц.Энхтуяа нараас сум хөгжүүлэх сангийн үндсэн зээл 2.259.520 төгрөг, алданги 67.785 төгрөг, нийт 2.327.305 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

   Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Эрдэнэбаатар, Ц.Энхтуяа нар нь нэхэмжлэгч Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын нэхэмжлэлийн шаардлага болох сум хөгжүүлэх сангийн үндсэн зээл 2.259.520 төгрөг, алданги 67.785 төгрөг, нийт 2.327.305 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

    Хариуцагч Б.Эрдэнэбаатар, Ц.Энхтуяа нар нь Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын нэхэмжлэлийн шаардлага болох сум хөгжүүлэх сангийн үндсэн зээл 2.259.520 төгрөг, алданги 67.785 төгрөг, нийт 2.327.305 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлэхгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй. 

       Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын нэхэмжлэл нэхэмжлэл нь 2.327.305 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 52.187 төгрөг төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцож 26.094 төгрөгийг хариуцагч Б.Эрдэнэбаатар, Ц.Энхтуяа нараас гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус  удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

    1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын сум хөгжүүлэх сангийн үндсэн зээл 2.259.520 төгрөг, алданги 67.785 төгрөг, нийт 2.327.305 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Эрдэнэбаатар, Ц.Энхтуяа нар төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

     2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар хариуцагч Б.Эрдэнэбаатар, Ц.Энхтуяа нараас улсын тэмдэгтийн хураамж 26.094 төгрөг гаргуулан улсын орлого /Төрийн сангийн 150000941 тоот данс/-д оруулсугай.

     3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч Б.Эрдэнэбаатар, Ц.Энхтуяа нар шүүгчийн захирамжийг сайн дураар эс биелүүлвэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ                                 П.БОЛОР