Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 768

 

   Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны хоёрдугаар танхимд нээлттэй хийж, “П в х к т ТМЗ” ХХК, “П в х к э” ХХК, “П А” ХХК-иудын нэхэмжлэлтэй “Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны А/84 дүгээр тушаалын 3.9 дэх заалтыг бүрэн хэрэгжүүлж ажиллах үүргээ биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, нэхэмжлэгч компаниудын 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны нийгмийн даатгалын төлөлтийн тайланг хүлээн авч баталгаажуулахыг Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах, нэхэмжлэгч нарын харилцагч компаниудын 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 01-ний хугацааны нийгмийн даатгалын төлөлтийн тайланг хүлээн авч баталгаажуулахыг Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах” шаардлага бүхий Нийгмийн даатгалын ерөнхий газар, Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ц, Р.М, хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С, Б.Г, Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, Ч.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Т нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч компаниудаас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийгмийн даатгалын тухай хуульд Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулсан. Энэ нэмэлт өөрчлөлтийн нэг нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7 дахь хэсгийг дараах байдлаар өөрчлөн найруулсан. Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7-д “Ажил олгогч, даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх болон тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг харгалзан нийгмийн даатгалын шимтгэл төлсөн улсын дундаж цалин болон Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн дундаж цалинд тус тус үндэслэн Засгийн газар жил бүр тогтооно” гэж заасан.

Нийгмийн даатгалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлэх зорилгоор Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдөр А/84 тоот тушаалаар Нийгмийн даатгалын тухай хуулийн зарим, зүйл заалтыг хэрэгжүүлэхэд баримтлах зааврыг баталсан байна. Уг зааврын 3.9 дүгээр заалтад ажил олгогч болон даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг адил байхаар заасан бөгөөд дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:

3.9-д “Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасны дагуу нийгмийн даатгалын шимтгэл төлөх хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг Засгийн газраас шинэчлэн тогтооно. Мөн Нийгмийн даатгалын сангаас олгох бүх тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээ нь нийгмийн даатгалын шимтгэл төлөх хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээтэй адил байна. 

Санамж: Нийгмийн даатгалын шимтгэл төлөхөд баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг Засгийн газраас шинэчлэн тогтоох хүртэл хугацаанд Нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг шинэчлэн тогтоох тухай Засгийн газрын 1998 оны 92 дугаар тогтоолыг баримтлан одоогийн зарчмаар ажиллана. 

Жишээ нь: Даатгуулагч 2015 оны 07 дугаар сард 2.000.000 төгрөгийн цалин авсан, нийгмийн даатгалын шимтгэл төлөх болон тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг Засгийн газраас шинэчлэн тогтоогүй бол даатгуулагч 1.920.000 төгрөгөөс 10 хувиар, ажил олгогч 1.920.000 төгрөгөөс 11-13 хувиар тооцон нийгмийн даатгалын шимтгэл төлнө. 

Дээрх заавар батлагдах үед Засгийн газрын 1998 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 92 дугаар тогтоолоор зөвхөн “даатгуулагч нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг тухайн үеийн сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү” байх захиргааны акт хүчин төгөлдөр үйлчилж байна. 

Харин Монгол Улсын Засгийн газраас 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 251 дүгээр тогтоолоор ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх болон тэтгэвэр тэтгэмж тогтооход баримтлах сарын хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг анх удаагаа тогтоосон. Өөрөөр хэлбэл, 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүртэлх хугацаанд Засгийн газраас Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7 дахь хэсэгт заасан ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг тогтоох үүргээ биелүүлээгүй байна. 

Харин Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 1/1635 тоот шийдвэрээр Зааврын 3.9 дэх заалтын хэрэгжилтийг түдгэлзүүлсэн захиргааны актыг гаргаж байсан байна. Энэ шийдвэрт үндэслэн нийгмийн даатгалын анхан шатны нэгжүүдэд Зааврын 3.9 дэх заалтыг хэрэгжүүлж байгаагүй буюу ажил олгогчдын зүгээс төлөх нийгмийн даатгалын шимтгэлийг ажилтны сарын цалин, хөдөлмөрийн хөлсний нийт дүнгээс тооцож авч ирсэн. 

Манай компаниудын хувьд мөн нийгмийн даатгалын байгууллагуудаас тавьж буй шаардлага, холбогдох шийдвэрүүдийг олон нийтэд танилцуулсан чиглэлийн дагуу хөдөлмөрийн гэрээ болон Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан гэрээний дагуу ажилласан хувь хүнд хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого олгох бүрт тухайн олгосон мөнгөн дүнгийн хэмжээнээс 11-13 хувийн шимтгэлийг тооцож, сар бүр нийгмийн даатгалын санд төлж ирсэн. Энэ нь Зааврын 3.9 дэх заалтын хүрээнд авч үзвэл бид ажил олгогчийн хувьд нийгмийн даатгалын шимтгэл илүү төлж ирсэн болно. 

Гэтэл дээр дурдсан Зааврын 3.9 дэх заалтын хэрэгжилтийг түдгэлзүүлсэн, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 1/1635 тоот захиргааны актыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1076 дугаар захирамжаар “илт хууль бус захиргааны акт” гэж тогтоож, Зааврын 3.9 дэх заалт хүчин төгөлдөр үйлчлэх эсэх асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн байна. 

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт заасны дагуу илт хууль бус захиргааны акт нь гарсан цагаасаа эхлэх эрх зүйн үйлчлэлгүй байдаг тул Зааврын 3.9 дэх заалт нь 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүртэлх хугацаанд хүчин төгөлдөр үйлчлэх ёстой буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт заасны дагуу дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг холбогдох захиргааны байгууллага болох нийгмийн даатгалын байгууллагууд заавал биелүүлэн хэрэгжүүлж ажиллах ёстой. Мөн зааврыг баталсан Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны А/84 дүгээр тушаалыг хүчингүй болгосон Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/23 тоот тушаал гарч байсан байна. Уг тушаалын холбогдох хэсгийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 796 дугаар шийдвэрээр “илт хууль бус захиргааны акт” гэж мөн тогтоосон байна. 

Дээр дурдсанчлан Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт илт хууль бус захиргааны акт нь гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэлгүй гэж заасны дагуу Заавар нь 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүртэлх хугацаанд хүчин төгөлдөр үйлчлэх ёстой., нийгмийн даатгалын байгууллагууд уг заалтыг хэрэгжүүлж ажиллах ёстой байсан. 

Дээр дурдсан шүүхийн шийдвэрүүд нь Заавар болон Зааврын 3.9 дэх заалт нь  2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд хүчин төгөлдөр үйлчлэх ёстой болохыг баталгаажуулсан. Түүнчлэн дээрх шүүхийн шүүхийн шийдвэрүүдэд тухайн нэхэмжлэгч байгууллагын Заавар хүчин төгөлдөр үйлчлэх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг Зааврын дагуу зөв тогтоож баталгаажуулахыг хариуцагч байгууллага болох Нийгмийн даатгалын ерөнхий газарт үүрэг болгож шийдвэрлэсэн байна. Ийнхүү Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1076 дугаар захирамж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 796  шийдвэрүүдэд  Зааврын үйлчлэлийг сэргээснээр тухайн хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл илүү төлсөн, мөн шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлсэн байгууллагууд шүүхийн шийдвэрийн дагуу нийгмийн даатгалын тайлангаа дахин баталгаажуулах боломжтой болж, эрхээ хэрэгжүүлсэн гэж бид ойлгож байгаа. Улмаар Эрүүл мэнд, нийгмийн даатгалын газар болон түүний харьяа байгууллагуудаас шүүхийн шийдвэрүүдийг хэрэгжүүлэх ажиллагаа хийгдэж эхэлсэн, мөн хийгдэж байгаа гэж ойлгож байна.

Иймд Эрүүл мэнд, нийгмийн даатгалын газраас Зааврыг 2015 оны 06 дугаар сараас 18-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүртэлх хугацаанд зөвхөн цөөн тооны, шүүхэд гомдол гаргах замаар шийдвэр гаргуулсан зарим байгууллагуудын хувьд хэрэгжүүлэн ажиллаж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй. Захиргааны байгууллага нь хүчин төгөлдөр шийдвэрийг даган мөрдөх тохиолдолд уг шийдвэрт эрх ашиг нь хөндөгдөж байгаа талуудад ялгаварлалгүй тэгш хандах, төрийн үйлчилгээг тэгш, шударга үзүүлэх ёстой гэж бид үзэж байна. 

Нэгэнт нийгмийн даатгалын байгууллагуудаас Зааврыг хэрэгжүүлэх ёстой, зарим байгууллагуудын хувьд хэрэгжүүлсэн зэрэг нөхцөл байдалд үндэслэн дээрх хугацаанд Зааварт заасан хэмжээнээс илүү нийгмийн даатгалын шимтгэл төлсөн ажил олгогчдын хувьд илүү төлсөн хэсгээ буцаан шаардах эрхтэй буюу Захиргааны ерөнхий хуульд заасан “хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим”-ын дагуу хууль ёсны эрхээ эдлэх ёстой, захиргааны байгууллагаас энэ эрхийг баталгаажуулах, хангах арга хэмжээ авах ёстой. 

Иймд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8 дахь заалтаар тодорхойлсон хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг удирдлага болгон Нийгмийн даатгалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.4 болон 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэгт заасны дагуу манай компаниуд нь 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд ажилтан болон хувь хүнд олгосон хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээг Зааврын 3.9 дэх заалтын дагуу бууруулан тооцож, баталгаажуулан, илүү төлсөн шимтгэлийг буцаан авах, эсхүл дараа төлөх шимтгэлд тооцон суутгуулах хүсэлтийг өөрийн харьяа Сүхбаатар дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 2/18, 26/18, 2/18 тоот албан бичгүүдээр гаргасан. 

Харамсалтай нь Сүхбаатар дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэсээс дээр дурдсан хугацаанд ажил олгогчийн хувьд төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг илүү төлөлт гэж үзэх үндэслэлгүй, буцаан олгох болон дараа сарын шимтгэлд тооцон суутгах боломжгүй гэсэн хариуг өгсөн. Гэвч бидний хүсэлтэд заасан, үндэслэл болгосон шүүхийн шийдвэрүүдийн талаар огт дурдаагүй, няцаагаагүй байна. 

Мөн дээр дурдсан шүүхийн шийдвэрүүдийн дагуу тухайн нэхэмжлэлд хамаарах компаниудын нийгмийн даатгалын шимтгэлийн илүү төлөлтийг нийгмийн даатгалын байгууллагаас баталгаажуулах ажиллагаа хийгдэж байгаатай холбогдуулан “П ТМЗ” ХХК-ийн харилцагч, үйлчлүүлэгч байгууллагуудаас тус компанийг үйлчлүүлэгч байгууллагуудын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан эрх зүйн актын дагуу үнэн зөв гаргаагүй, үүнтэй холбогдуулан тайлангуудыг дахин баталгаажуулах үүргээ биелүүлэхийг шаардаж байгаа бөгөөд энэ үүргээ биелүүлэхгүй тохиолдолд Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5 дахь хэсэгт заасны дагуу учирсан хохирлоо шаардахаа бидэнд илэрхийлсэн. Гэтэл Сүхбаатар дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дээрх байр суурь, хариугаас шалтгаалан манай компани харилцагч байгууллагууддаа хохирол төлөх нөхцөл байдалд орж, хуулиар олгосон эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна. 

Иймд бид Сүхбаатар дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн энэ шийдвэрийг эс зөвшөөрч түүний дээд шатны захиргааны байгууллага болох Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газарт 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 11/18, 37/18, 15/18 тоот албан бичгүүдээр Захиргааны ерөнхий хуулийн 93.1, 94.1 дэх хэсгүүдийг тус тус үндэслэн гомдол гаргасан. Гэвч Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газраас бидний гомдолд урьдчилан хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй, хэрхэн шийдвэрлэх, шийдвэрлэсэн талаар Захиргааны ерөнхий хуулийн 94.3 дахь хэсэгт заасан 30 хоногийн дотор буюу 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн дотор болон өнөөдрийг хүртэлх хугацаанд бидэнд хариу мэдэгдээгүй. Энэ нь биднийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасны дагуу шүүхэд хандах шаардлагыг бий болгосон.” гэжээ. 

Хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газраас шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт “Ажил олгогч, даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх болон тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг харгалзан нийгмийн даатгалын шимтгэл төлсөн улсын дундаж цалин болон Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн дундаж цалинд тус тус үндэслэн Засгийн газар жил бүр тогтооно” гэж хуульчилсан байна. Энэхүү заалтын дагуу зөвхөн Засгийн газар нийгмийн даатгалын шимтгэл төлөх болон тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг тогтоох тухай захиргааны актыг батлан гаргах эрхтэй байна. 

Засгийн газраас 1996 онд “Нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээ тогтоох тухай” 80 дугаар тогтоол, 1998 онд “Нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 92 дугаар тогтоол, 2017 онд “Нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах сарын хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг тогтоох тухай” 251 дүгээр тогтоолыг тус тус гаргасан байдаг. 

Дээрх Засгийн газрын 1996 оны 80 дугаар тогтоол, 1998 оны 92 дугаар тогтоолууд нь Засгийн газрын 2017 оны 251 дүгээр тогтоол гарах хүртэл хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан бөгөөд аймаг /нийслэл/, дүүргийн нийгмийн даатгалын /газар/ хэлтсүүд нь энэхүү 1996 оны 80 дугаар тогтоол, 1998 оны 92 дугаар тогтоолуудыг тус тус хэрэгжүүлэн ажиллаж байсан болно. 

Тодруулбал Засгийн газрын 1996 оны 80 дугаар тогтоолын 1 дэх заалтад даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 1996 онд баримтлах дээд хэмжээг 80.000 төгрөг байхаар тогтоосон бөгөөд уг тогтоолын 2 дахь заалтад ажил олгогчийн хувьд энэ хэмжээг хамааруулахгүй байхаар тогтоосон. 

Үүний дараа Засгийн газрын 1998 оны 92 дугаар тогтоолоор даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг тухайн үеийн сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байхаар шинэчлэн тогтоосон бөгөөд Засгийн газрын 1996 оны 80 дугаар тогтоолын 1 дэх заалтыг хүчингүйд тооцож 2 дахь заалтыг хүчин төгөлдөр хэвээр үлдээсэн байна. 

Өөрөөр хэлбэл ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэл ногдуулахдаа даатгуулагчийн хувьд баримтлах хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг хамааруулахгүй байхаар тогтоосон байна. 

Иймээс нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн НД7, НД8 тайлангуудыг хүлээн авч, хянаж, баталгаажуулах эрх бүхий субъект болох дүүргийн нийгмийн даатгалын хэлтсүүд нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7 дахь заалтыг үндэслэн Засгийн газрын дээрх тогтоолуудыг хэрэгжүүлж НД7, НД8 тайлангуудыг авч ажиллаж байгаа болно. 

Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7 дахь заалт нь зөвхөн Монгол Улсын Засгийн газарт захиргааны хэм хэмжээний актыг батлан гаргах эрх олгосон заалт юм. 

Гэтэл 2015 онд Нийгмийн даатгалын газар нь өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар, эрх хэмжээгээ хэтрүүлэн, засгийн газрын захиргааны хэм хэмжээний акт батлан гаргах эрх хэмжээнд халдаж, хууль зөрчиж Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/84 дугаартай илт хууль бус тушаалыг гаргажээ.

Дээрх хуульд нийцэхгүй шийдвэрийг аймаг /нийслэл/, дүүргийн /газар/ хэлтсүүд нь тухайн цаг хугацаанд хэрэгжүүлэн ажиллах нь хууль зүйн үндэслэлгүй байсан учраас Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4 дэхь хэсэгт “харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх” гэж заасныг баримтлан Засгийн газраас баталсан 1996 оны 80 дугаар тогтоол, 1998 оны 92 дугаар тогтоолуудыг хэрэгжүүлэн ажилласан байна. 

Нийгмийн даатгалын байгууллага нь төрийн захиргааны байгууллага болохын хувьд үйл ажиллагаандаа Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4 дэх хэсэгт  “харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх” гэж заасныг мөн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх хэсэгт заасан “хуульд үндэслэх” зарчмыг тус тус баримтлан ажиллаж байгаа. 

Мөн Улсын дээд шүүхийн 2017 оны дэлгэрэнгүй тайлбарт Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх хэсгийг дараах байдлаар тайлбарласан байна. Үүнд: “... Эрх зүйт төрийн зарчмын дагуу хууль дээдлэх ёсыг төрийн бүх байгууллагын үйл ажиллагааны үндсэн зарчим болохыг Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан билээ. Энэ зарчмын хүрээнд захиргааны байгууллагын тухайд дараах шаардлага тавигддаг байна. Үүнд:         “Захиргаанаас хуульгүйгээр дур мэдэн аливаа үйлдэл хийхийг хориглоно ...” гэж тайлбарлажээ. 

Дээрх зарчим болон Төрийн албаны тухай хуулийн 13.1.4 дэх заалтыг тус тус үндэслээд дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс нь нэхэмжлэлд дурдсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлаг Засгийн газрын 80 дугаар тогтоол, 92 дугаар тогтоолуудын хүрээнд хүлээн авч хянаж, баталгаажуулсан байгаа. 

Нэхэмжлэгч тал Засгийн газрын дээрх 80 дугаар тогтоол, 92 дугаар тогтоолуудыг өөрсдөө ч мөн хэрэгжүүлэн ажиллаж тухайн цаг хугацаанд НД7, НД8 тайлангаа гаргаж өгч баталгаажуулчхаад одоо захиргааны хэм хэмжээний актыг батлан гаргах эрхгүй субъектээс хууль зөрчиж гаргасан 2015 оны A/84 дугаартай илт хууль бус тушаалыг үндэслэл болгож нэхэмжлэл гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. 

Нэхэмжлэгч тал Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 0796 дугаартай шийдвэрийг нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэл болгожээ. 

Дээрх анхан шатны шүүхийн шийдвэрийг манай байгууллагад ажиллаж байсан албан тушаалтан нь хүлээн аваад ажилдаа хайнга хандаж, шүүхийн шийдвэрийг дарагдуулсны улмаас давж заалдах гомдол гаргах хугацаагаа алдаж, улмаар улсад онц их хэмжээний хохирол учирч болзошгүй нөхцөл байдал үүсээд байгаа бөгөөд цагдаагийн байгууллагад мэдэгдэж шалгуулж байгаа болно. 

Мөн дээрх анхан шатны шийдвэртэй зэрэгцээд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 221/MA2017/0574 дугаартай магадлал хүчин төгөлдөр үйлчилж байгаа билээ.

Дээрх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны А/84 дүгээр тушаалаар баталсан зааврын 3.9 дэх заалтын талаар мөн Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7 дахь заалт, Засгийн газрын 1996 оны “Нийгмийн даатгалын шимтгэл төлөх тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээ тогтоох тухай” 80 дугаар тогтоол, 1998 оны “Нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 92 дугаар тогтоолуудын хэрэгжилтийн талаарх үйл баримтууд тогтоогдсон байгаа болно. 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

Хариуцагч Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан тайлбар тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Монгол Улсын Засгийн газрын 1996 оны “Нийгмийн даатгалын шимтгэл төлөх тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг тогтоох тухай” 80 дугаар тогтоолын 2 дахь хэсэгт “Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дүгээр зүйлд заасан ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэл ногдуулахад энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг хамааруулахгүй байхаар тогтоосугай”, мөн Засгийн газрын 1998 оны “Нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 92 дугаар тогтоолын 1 дэх хэсэгт “Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан хувь хэмжээгээр даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг тухайн үеийн сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байхаар шинэчлэн тогтоож, Засгийн газрын 1996 оны 80 дугаар тогтоолын 1 дүгээр заалтыг хүчингүй болгосон ба тус хэлтэс нь 2015 оны 07 дугаар сараас 2017 оны 09 дүгээр сар хүртэлх хугацаанд Засгийн газраас баталсан хүчин төгөлдөр дээрх тогтоолуудыг баримтлан ажил олгогчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэлийг тооцохдоо хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг хязгаарлахгүйгээр 11 хувиар тооцож ажилласан болно.

Тус хэлтэст бүртгэлтэй “Э э я ТМЗ” ХХК, “Э э я М а” ХХК-иудын нэхэмжлэлтэй 2015 оны 07 дугаар сараас 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны 18 сарын нийгмийн даатгалын тайланд засвар хийхгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, ажил олгогчоос илүү төлсөн шимтгэл төлөлтүүдийг тус бүр засварлан дараагийн тайланд тусгахыг засварлан дараагийн тайланд суутгахыг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар, Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст даалгах нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 221/MA2017/0574 дугаартай магадлалаар “... ажил олгогч, даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөхөд баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг тогтоох нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар Засгийн газрын бүрэн эрхийн асуудал бөгөөд Засгийн газраас уг хэмжээг шинэчлэн тогтоогүй байхад Нийгмийн даатгалын ерөнхий газар дээрх тушаалаар өөрийн эрх хэмжээнд хамаарахгүй асуудлаар буюу нийгмийн даатгалын шимтгэл төлөх хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээ ажил олгогч, даатгуулагчийн хувьд адил байхаар тогтоосон нь хуульд нийцээгүй байна”. Мөн “... шимтгэл төлөх хувь хэмжээг ямар байдлаар тогтоох нь Засгийн газрын бүрэн эрхийн асуудал тул хуульд орсон өөрчлөлтийг хариуцагч Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны A/84 дүгээр тушаалаар батлагдсан зааврын 3.9-д заасан байдлаар хэрэгжүүлэх боломжтой байсан гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болж чадаагүй байна” гэсэн үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно. 

Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны A/84 дүгээр тушаалаар батлагдсан “Нийгмийн даатгалын тухай хуулиудын зарим зүйл, заалтыг хэрэгжүүлэхэд баримтлах заавар” нь Хууль зүйн яаманд Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд хянуулж, бүртгүүлээгүй байх тул хүчин төгөлдөр бусад тооцогдоно. 

Иймд дээрх үндэслэлүүдээр “П в х к т ТМЗ” ХХК,  “П в х к э” ХХК, “П А” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх дараах үндэслэлээр “П х к т ТМЗ” ХХК, “П в х к э” ХХК, “П  А” ХХК-иудын нэхэмжлэлтэй, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан гаргасан “Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны А/84 дүгээр тушаалын 3.9 дэх заалтыг бүрэн хэрэгжүүлж ажиллах үүргээ биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, нэхэмжлэгч компаниудын 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны нийгмийн даатгалын төлөлтийн тайланг хүлээн авч баталгаажуулахыг Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах, нэхэмжлэгч нарын харилцагч компаниудын 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 01-ний хугацааны нийгмийн даатгалын төлөлтийн тайланг хүлээн авч баталгаажуулахыг Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд “П в х к т ТМЗ” ХХК, “П в х к э” ХХК, “П А” ХХК-иудын нийт 800,102,445.10 төгрөгийн, нэхэмжлэгч нарын харилцагч 16 аж ахуйн нэгжүүдийн  нийт 5,554,478,191 төгрөгийн 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл илүү төлөлтийн тайланг хүлээн авч баталгаажуулахыг даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7-д “Ажил олгогч, даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх болон тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг харгалзан нийгмийн даатгалын шимтгэл төлсөн улсын дундаж цалин болон Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн дундаж цалинд тус тус үндэслэн Засгийн газар жил бүр тогтооно” гэж заажээ.

Нэхэмжлэлийн шаардлагад хамаарах цаг хугацаа болох 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг хүлээн авахад  Засгийн газрын 1996 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн “Нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээ тогтоох тухай”  80 дугаар тогтоолын 2-т “Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дүгээр зүйлд заасан ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэл ногдуулахад энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг хамааруулахгүй байхаар”, 1998 оны 92 дугаар тогтоолын 1-д “Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт заасан хувь хэмжээгээр даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг тухайн сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байх” гэх зохицуулалт хүчин төгөлдөр үйлчилж байжээ. Тодруулбал, ажил олгогч нь даатгуулагчийн авч байгаа нийт цалингийн хэмжээгээр, харин даатгуулагчийн хувьд тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин үржүүлсэн хэмжээгээр нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөр зохицуулсан байна.

Гэтэл Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн А/84 дүгээр тушаалаар “Нийгмийн даатгалын тухай хуулиудын зарим зүйл, заалтыг хэрэгжүүлэхэд баримтлах заавар”-ыг баталсан бөгөөд энэхүү зааврын 3.9-д “Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасны дагуу 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн нийгмийн даатгалын шимтгэл төлөх хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээ ажил олгогч, даатгуулагчийн хувьд адил байхаар мөрдөж эхэлнэ. Мөн Нийгмийн даатгалын сангаас олгох бүх тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээ нь нийгмийн даатгалын шимтгэл төлөх хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээтэй адил байна” гэж өөрийн харьяа хэлтэс, нэгжүүдэд чиглэл өгсөн нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7 дахь хэсэг болон Засгийн газрын 1996 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 80 дугаар, 1998 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 92 дугаар тогтоолуудыг тус тус зөрчсөн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 22 дугаар зүййлийн 1-д “Нийгмийн даатгалын төв байгууллага нь нийгмийн даатгалын асуудал хариуцсан Засгийн газрын гишүүний ... удирдлагын дор ажиллана” гэж заасны дагуу Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын /хуучин нэрээр/ сайдын 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн “Чиглэл хүргүүлэх тухай” 1/1485 дугаар  албан бичгээр Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад ” Нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах сарын хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээ” зэргийг Засгийн газраас тогтоох тул холбогдох шийдвэрийг үндэслэн ажиллана уу” гэж чиглэл өгснөөс үзэхэд хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад түүнийг шууд удирдах албан тушаалтан болох нийгмийн даатгалын асуудал хариуцсан Засгийн газрын гишүүнээс маргааны зүйл болох зааврын 3.9 дэх хэсгийн “нийгмийн даатгалын шимтгэл төлөх хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээ ажил олгогч, даатгуулагчийн хувьд адил байх” гэх чиглэл нь хуульд нийцэхгүй байгаа, ажил олгогч, даатгуулагч хоёрын нийгмийн даатгалын шимтгэл төлөх хэмжээг зөвхөн Засгийн газрын шийдвэрт үндэслэн тогтоох ёстой талаар мэдэгдсэн байна.

Улмаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 1/1635 дугаар албан бичгээр “... газрын даргын 2015 оны А/84 дүгээр тушаалаар батлагдсан “Нийгмийн даатгалын тухай хуулиудын зарим зүйл, заалтыг хэрэгжүүлэхэд баримтлах заавар”-ын 3.1, 3.9 дэх заалтыг Засгийн газраас шийдвэр гарсны дараа хэрэгжүүлэх, бусад заалтыг зааврын дагуу хэрэгжүүлж ажиллахыг үүрэг болгож байна” гэж харьяа аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн даатгалын хэлтсүүдэд үүрэг өгсөн нь өөрийн гаргасан акт нь хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн, уг акт нь үйлчилж эхлээгүй болохыг харуулж байна.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 2-т “нийгмийн даатгалын төв байгууллага нь орон нутгийн байгууллагаа мэргэжил, арга зүйн удирдлагаар хангана” гэж заасны дагуу Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга харьяа аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн даатгалын газар, хэлтэст зааварчилгаа, чиглэл өгөх эрх, үүрэгтэй боловч энэ нь хуулийн хүрээнд, Засгийн газрын тогтоол, шийдвэрт нийцсэн байх ёстой тул Нийгмийн даатгалын ерөнхий газрын харьяа аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн даатгалын газар, хэлтсүүд нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасныг баримтлан Засгийн газрын 1996 оны 80 дугаар, 1998 оны 92 дугаар тогтоолуудад үндэслэн ажил, олгогч даатгуулагч тус бүр төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээг ялгавартайгаар бодож ноогдуулсаныг буруутгах боломжгүй. 

Мөн хариуцагч нь 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн А/84 дүгээр тушаалаар батлагдсан “Нийгмийн даатгалын тухай хуулиудын зарим зүйл заалтыг хэрэгжүүлэхэд баримтлах заавар”-ыг зохих журмын дагуу Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж бүртгүүлээгүй болох нь 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 3-2/27 дугаар лавлагааны хуудсаар тогтоогдож байх тул уг заавар хүчин төгөлдөр үйлчлэлгүй болно. 

“П в х к т ТМЗ” ХХК, “П в х к э” ХХК, “П А” ХХК-иудын өөрийн харилцагч 16 аж ахуйн нэгжийн 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд хамаарах нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг баталгаажуулахыг хүсэж буйгаа шүүх хуралдааны явцад тодруулсан. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар эдгээр 16 аж ахуйн нэгжийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27, 28 дугаар зүйлд заасны дагуу шүүхэд төлөөлөх эрх буюу итгэмжлэл нэхэмжлэгч нарт  олгогдоогүй болох нь тогтоогдсон боловч нэхэмжлэлийн шаардлага, маргааны зүйл, түүний үндэслэл, хэргийн оролцогчдоос өгсөн тайлбар, хэргийн бодит нөхцөл байдалд дүгнэлт хийж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Дээрх нөхцөл байдлуудаас нэгтгэн дүгнэхэд, Засгийн газрын 1996 оны 80 дугаар, 1998 оны 92 дугаар тогтоолуудаар ажил, олгогч даатгуулагч тус бүр төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээг ялгавартайгаар тогтоосон байхад Нийгмийн даатгалын Ерөнхий газрын даргын 015 оны А/84 дүгээр тушаалаар батлагдсан зааврын 3.9 дэх хууль бус зааварчилгааг баримтлан шүүх нэхэмжлэлийг хангах эрх зүйн үндэслэл байхгүй болно. 

 

                 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрдэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7, 22 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг баримтлан “П в х к т ТМЗ” ХХК, “П  х к э” ХХК, “П А” ХХК-иас Нийгмийн даатгалын ерөнхий газар, Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан гаргасан “Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны А/84 дүгээр тушаалын 3.9 дэх заалтыг бүрэн хэрэгжүүлж ажиллах үүргээ биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, нэхэмжлэгч компаниудын 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны нийгмийн даатгалын төлөлтийн тайланг хүлээн авч баталгаажуулахыг Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах, нэхэмжлэгч нарын харилцагч компаниудын 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 01-ний хугацааны нийгмийн даатгалын төлөлтийн тайланг хүлээн авч баталгаажуулахыг Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 210600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрөл хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

         

 

 

 

 

                                                        ШҮҮГЧ                               С.ТӨМӨРБАТ