Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 81

 

А.Соёлмаад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Ц.Бурмаа,

нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 16 дугаар шийтгэх тогтоол,

Дундговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 03 дугаар магадлалтай, 201512000251 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч А.Соёлмаа болон өмгөөлөгч Д.Дарьсүрэн нарын гаргасан гомдлоор хянан хэлэлцэв. 

Монгол Улсын иргэн, 1969 онд төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Алтангэрэлийн Соёлмаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан “Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх А.Соёлмааг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар А.Соёлмаад 5 жил 1 сар хорих ял оногдуулж, уг хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Дундговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Соёлмаа болон өмгөөлөгч С.Төмөрбаатар нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.

Илтгэгч шүүгч Ч.Хосбаярын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Бурмаагийн саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч А.Соёлмаа хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Давж заалдах шатны шүүх хурал миний эрх ашгийг хоёр удаа зөрчсөн. Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан өмгөөлүүлэх эрхийн “нэг этгээд хэд хэдэн өмгөөлөгчтэй байж болно” гэх эрхийг минь ноцтой зөрчиж хохироосон. Миний бие давж заалдах шатны шүүх хуралдаанд өмгөөлөгч Б.Наранцэцэг, Д.Дарьсүрэн нарыг оролцуулахаар гэрээ хийж улмаар төлбөрөө төлсөн юм. Гэтэл өмгөөлөгч Б.Наранцэцэг нь элэг, цөс, нойр булчирхайн хурц өвчнийн улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй тухайгаа эмнэлгийн магадлагаа болон хүсэлтээ шуудангийн факсаар явуулсан байтал шүүх нотлох баримтын шаардлага хангахгүй байна гэж үзэн, өмгөөлөгчийг оролцуулахгүйгээр хурлыг хийлээ. Өмнө нь өмгөөлөгч маань энэ хуралд 4 удаа ирж байсан болно.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хоёр өмгөөлөгчийг оролцуулж шүүх хурал хийж өгнө үү...” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дарьсүрэн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг эс зөвшөөрч шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна. Хоёр шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн хянан үзэлгүй, хэрэгт хамааралтай байх чухал нөхцөл байдлыг тодруулах ажиллагааг хийлгэхээр гаргасан хүсэлт гомдлыг хүлээн авахгүйгээр хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

А.Соёлмаад зодуулсан гэх хохирогч А.Батжаргалын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоохоор мөрдөн байцаалтын шатанд хоёр удаа шинжээч томилон дүгнэлт гаргуулсан байх ба 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд онош: баруун нүдний алимны нэвт гэмтэл, баруун нүдний хүнд зэргийн няцрал, салст бүрхүүлийн урагдал, судаслаг бүрхүүл, шиллэг биеийн хавчуулагдалт, торлогийн хуурал, цус хуралт гэх гэмтлүүд дурдагдсан байдаг. Гэтэл шинжээч эмч нар шинжээчийн дүгнэлт хэсэгтээ оношинд огт тусгагдаагүй “баруун нүдний хараагүйдэл” гэх гэмтлийг нэмж тусган хүнд зэргийн гэмтэл хэмээн гаргасан нь туйлын эргэлзээтэй байна. Энэ талаар мэргэжлийн эмч нараас тодруулан мэдүүлэг авахуулах, дахин дүгнэлт гаргуулахаар гаргасан удаа дараагийн хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. Гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт эргэлзээгүй гарч, хүнд зэргийн гэмтэл учирснаар хэргийн зүйлчлэл тодорхой болох байтал шүүх илтэд эргэлзээтэй нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шийдвэрлэсэн байна.

Хохирогч А.Батжаргалын мэдүүлснээр Нэгдүгээр эмнэлэгт нэг удаа, “Инфинити” эмнэлэгт хоёр удаа хэвтэн төлбөртэй хагалгаанд орсон хэмээн хохирол нэхэмжилсэн. Гэтэл хавтаст хэргийн материалд “Инфинити” эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн гэх ямар ч нотлох баримт байхгүй ба дээрх баримтуудыг нотлох баримтын шаардлага ханган хэргийн материалд хавсаргуулах хүсэлтийг удаа дараа гаргасан боловч мөн л хүлээж аваагүй.

Шүүх мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан асуудлууд бүрэн тогтоогдоогүй байхад Эрүүгийн хуулийг буруу хэрэглэн А.Соёлмаад холбогдох хэргийг шийдвэрлэсэн тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр буцааж өгнө үү...” гэжээ.

Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд: “...А.Соёлмаагийн холбогдсон гэмт хэрэг нь мөрдөн байцаалтын шатанд авагдсан шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон. Хоёр удаа шинжээчийн дүгнэлт гарсан бөгөөд эргэлзээтэй нөхцөл байдал байхгүй болно. Хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан. Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцсэн байна.

Шүүгдэгч А.Соёлмаа нь 2015 оны 11 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Дундговь аймгийн Говь-Угтаал сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр иргэн Г.Дэлгэр-Очирын гэрт А.Батжаргалтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар цайны данхаар түүний толгойн тус газар нь цохиж, бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтад үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, эсхүл бусад хэлбэрээр хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс А.Соёлмааг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна гэж дүгнэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлалаар тогтоогдоогүй буюу үгүйсгэгдсэн үйл баримтыг тогтоох, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох эрх хяналтын шатны шүүхэд хуулиар олгогдоогүй бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дарьсүрэнгийн “мэргэжлийн эмч нараас мэдүүлэг авахуулах, дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах, Инфинити” эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн гэх нотлох баримтыг хэргийн материалд хавсаргуулах” тухай гомдлыг хүлээн авах боломжгүй байна. 

Шүүгдэгч А.Соёлмаагийн давж заалдах шатны шүүх хуралдаанд өмгөөлөгч Б.Наранцэцэгийг оролцуулахгүйгээр хууль зүйн туслалцаа авах эрхийг нь ноцтойгоор хязгаарласан гэх гомдлыг хянаж үзэхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Наранцэцэгт шүүх хуралдааны товыг хуульд заасан хугацаанд мэдэгдсэн байхад өмгөөлөгчийн зүгээс нотлох баримтын шаардлага хангаагүй хуулбар баримтыг ирүүлснийг шүүх хүлээж аваагүй байх бөгөөд шүүгдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, хууль зүйн туслалцаа үзүүлж буй өмгөөлөгч Д.Дарьсүрэнг уг шүүх хуралдаанд оролцуулсан байна.

Өмгөөлөгч Б.Наранцэцэг нь яаралтай мэс засалд орсон, шаардлагатай баримтыг хожим хүргүүлнэ гэсэн давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгч тайлбар гаргасан байх бөгөөд 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн эмнэлгийн магадлагааны хуулбарт бичигдсэн мэс засал хийлгэх тухай оношийг нотлох баримт сэлтийг хяналтын шатны шүүх хуралдаанд ирүүлээгүй байна.

Иймд өмгөөлөгч Б.Наранцэцэг нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ирээгүй гэж үзэх боломжгүй, шүүгдэгч А.Соёлмаагийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг түүний сонгосон өмгөөлөгч Д.Дарьсүрэнг хамгаалж  шүүх хуралдаанд оролцсон нь шүүгдэгчийн хууль зүйн туслалцаа авах эрхийг шүүхээс хязгаарласан гэж дүгнэх үндэслэлгүй тул шүүгдэгч А.Соёлмаа болон түүний өмгөөлөгч Д.Дарьсүрэн нарын гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1 дэх заалтыг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 16 дугаар шийтгэх тогтоол, Дундговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 03 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч А.Соёлмаа болон өмгөөлөгч Д.Дарьсүрэн нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

 

 

                         ДАРГАЛАГЧ

                         ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                       Т.УРАНЦЭЦЭГ

                         ШҮҮГЧ                                                                  Ч.ХОСБАЯР