Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Чулууны Тунгалаг |
Хэргийн индекс | 128/2014/0077/З/ |
Дугаар | 338 |
Огноо | 2016-10-26 |
Маргааны төрөл | Татвар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2016 оны 10 сарын 26 өдөр
Дугаар 338
“Тавин-Эх” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгч “Тавин-Эх” ХХК-ийг төлөөлж тус компанийн захирал Э.Анхбаяр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баярсайхан, хариуцагч татварын улсын байцаагч Ц.Сарантуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Алтанхүү, Б.Ундрах нарыг оролцуулан, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 338 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 530 дугаар магадлалтай, “Тавин-Эх” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Ш.Цогзолмаа, Ц.Сарантуяа нарт холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Ч.Тунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 338 дугаар шийдвэрээр Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Тавин-Эх” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хангаж, Татварын ерөнхий газрын Улсын төсөв орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Ц.Сарантуяа, Ш.Цогзолмаа нарын тогтоосон 2013 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 210255 дугаар актыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор хэргийг 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцээд 530 дугаар магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 338 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхижээ.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Алтанхүү хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-т заасны дагуу хяналтын гомдол гаргаж байна. “Тавин-Эх” ХХК нь Хэнтий аймгийн Галшар сумын нутаг дэвсгэрт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшин, олборлолтын үйл ажиллагаа эрхэлдэг.
Тус компани нь 2012 онд жонш худалдсаны 1,863,202.0 төгрөгийн борлуулалтын орлогод ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр дутуу ногдуулсан, төсөвт төлөөгүй зөрчил нь Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “татвар ногдох зүйлд орлого, эд хөрөнгө, бараа, ажил, үйлчилгээ, тодорхой эрх, газар, түүний хэвлий, байгалийн баялаг, ашигт малтмалын нөөц, агаар, хөрс, усны бохирдол хамаарна”, 43.5-д “татварын тайлан тушаах, төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох ба татвар төлөх, тайлагнах эцсийн хугацаа адил байна” гэж заасны дагуу Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төлнө”, 48.9-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 48.7.3-т заасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланг татварын албанаас баталсан маягтын дагуу улирал тутам өссөн дүнгээр гаргаж дараагийн улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор, жилийн эцсийн тайланг дараа оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн дотор татварын албанд тус тус тушаана” гэж заасныг тус тус зөрчиж байна.
Иймээс Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 530 дугаартай магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хянавал:
Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Ц.Сарантуяа, Ш.Цогзолмаа нар хөндлөнгийн мэдээллээр “Тавин-Эх” ХХК-ийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн ногдуулалт, төлөлтийг 2012 оны 1 дүгээр сарын 01-нээс 12 дугаар сарын 31-ний байдлаар шалгаж “2012 онд жонш худалдсаны 1,863,202.0 мянган төгрөгийн борлуулалтын орлогод ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр дутуу тооцсон” гэх зөрчил илрүүлэн 2013 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 210255 дугаартай актаар 186,320.0 мянган төгрөгийн нөхөн татвар, 55,896.1 мянган төгрөгийн торгууль, 11,384.2 мянган төгрөгийн алданги нийт 253,600.5 мянган төгрөгийн төлбөр тогтоосон, уг актыг Маргаан таслах зөвлөлийн 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 67 дугаар тогтоолоор хэвээр баталсан байна.
Нэхэмжлэгч “Тавин-Эх” ХХК нь дээрх актыг “...талуудын хооронд байгуулагдсан борлуулалтын гэрээний үнийг баримтлаагүй, БНХАУ-тай байгуулсан давхар татварын гэрээгээр хэлэлцэн тохирогч улсад татвар ногдуулахыг анхаараагүй, өөрийн уурхайн талбайгаас олборлож, худалдаагүй тул нөөц ашигласны төлбөр төлөх этгээд биш” гэх үндэслэлээр хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нь “ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тогтоосон акт хууль зөрчөөгүй” гэж маргажээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч “Тавин-Эх” ХХК нь Хэнтий аймгийн Галшар сумын нутаг “Хар бичигт” нэртэй газрын 30 га талбайд ашигт малтмал ашиглах эрхийн 10714 А тусгай зөвшөөрлийг бусдаас шилжүүлэн авч 2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн эзэмшсэн ба 2012 онд уурхайн эдэлбэрээсээ 1483.82 тн жонш олборлосон, Хэнтий, Дундговь аймгийн нутагт бичил уурхай эрхэлж жонш олборлодог “Бэрх”, “Баялаг толгой”, “Эрдэнэс толгой”, “Баялаг бэрх”, “ Бухт-12”, “Эрдэнэ” зэрэг нөхөрлөлүүдээс 8844.90 тн жонш худалдаж авсан, нийт 7791.8 тн жонш БНХАУ-д экспортлон борлуулсан, уурхайн талбайгаас олборлож худалдсан жоншныхоо борлуулалтын үнэлгээг 100 сая төгрөгөөр тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт 10 сая төгрөг орон нутгийн төсөвт төлсөн, эдгээр үйл баримттай хариуцагч маргаагүй байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төлнө”, Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “...түүнчлэн газар, түүний хэвлий, байгалийн баялаг, ашигт малтмалын нөөц ашигласан, агаар, ус, хөрс бохирдуулснаас татвар төлөх үүрэг хүлээсэн хувь хүн, хуулийн этгээд татвар төлөгч байна” гэж тус тус зааснаас үзэхэд, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /татвар/-ыг төлөх этгээд нь ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч байх ба уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан тохиолдолд уг төлбөрийг төлөх зохицуулалттай байна.
Харин нэхэмжлэгч “Тавин-Эх” ХХК-ийн хувьд 2012 онд экспортод гарган худалдсан 7791.8 тн жоншийг 10714 А тусгай зөвшөөрлөөр олгогдсон уурхайн эдэлбэрээс олборлоогүй болох нь тогтоогдсон учир тус компанийг Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасан “татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан” гэх зөрчил гаргасан гэж үзэхгүй.
Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн 47.1-д заасан “эсхүл худалдахаар ачуулсан” гэдгийг “худалдсан” эсэхээс шалтгаалахгүйгээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх үүрэгтэй гэж ойлгох тул хариуцагчийн “бичил уурхай эрхлэгчдээс авсан жоншийг худалдахаар ачуулсныг хамааруулж ойлгоно” гэх тайлбарыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.
Үүний зэрэгцээ нэхэмжлэгч “Тавин-Эх” ХХК болон бичил уурхай эрхлэгч нөхөрлөлийн ахлагч, тухайн орон нутгийн татварын албаны ажилтан нарын хооронд байгуулагдсан “хамтран ажиллах гэрээ”-нд “ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулах” үүргийг татварын улсын байцаагч болон “Тавин-Эх” ХХК аль аль нь хүлээснийг экспортод гаргаж худалдсан 7791.8 тн жоншинд холбогдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг нэхэмжлэгч төлөх үүрэгтэй байсан гэж үзэх боломжгүй, татвар /төлбөр/ төлөх үүргийг гэрээгээр зохицуулахгүй учир “гэрээг анхааралгүй хэргийг шийдвэрлэсэн” гэсэн хариуцагчийн гомдол мөн үндэслэлгүй байна.
Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулиар тогтоосон журмын дагуу явуулж, Татварын ерөнхий хууль, Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгуулахаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 338 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 530 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ