Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 09

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

        Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Нарантуяа даргалж, Улсын яллагч Т.Дэлгэрсайхан, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Наранцай, Шүүгдэгч Д.Б-р нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чонос овогт Дорлигийн Батдэлгэрт холбогдох эрүүгийн 2133000000009 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1985 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сум, Цагаан-Овоо 3 дугаар баг, Эрэл хорооллын 1-5 тоотод оршин суух хаягтай, Чонос овогт, Д-н Б-р /РД:МВ00000000/. Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Д.Б-р нь 2021 оны 01 дүгээр сарын 27-ны орой архи ууж согтуурсан үедээ Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Цагаан-Овоо 3 дугаар багийн нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харьцааны улмаас эхнэр Ү.Саранчимэгтэй маргалдаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн түүний биед халдан, нүүр, гар, хөлөн тус газарт гараараа олон удаа цохиж эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд зовхи, эрүүний доод хэсэг, баруун зүүн бугалга, тохой, шуу, баруун зүүн гуя, өвдөг, шилбэнд цус хуралт, зүүн хацар шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Д.Б-р нь 2021 оны 01 дүгээр сарын 27-ны орой архи ууж согтуурсан үедээ Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Цагаан-Овоо 3 дугаар багийн нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харьцааны улмаас эхнэр Ү.Саранчимэгтэй маргалдаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн түүний биед халдан, нүүр, гар, хөлөн тус газарт гараараа олон удаа цохиж эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд зовхи, эрүүний доод хэсэг, баруун зүүн бугалга, тохой, шуу, баруун зүүн гуя, өвдөг, шилбэнд цус хуралт, зүүн хацар шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт үйлдэл нь: Шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүгдэгч Д.Б-н өгсөн “...Би 2020 оны 12 сард самарт явсан. Тэгээд 2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Зүүнхараад ирсэн. 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр гэртээ ирсэн. Гэртээ ирэхээс өмнө охин маань над руу ярьсан. Тэгэхдээ ээж гэртээ хүн авчирчихсан байна. Тэгээд намайг гэр рүүгээ орсон чинь ээж намайг зодоод хөөгөөд гаргачихлаа. Нөгөө хүнээ орон доогуур байлгаж байгаад намайг шөнө 22 цагт хөөгөөд зодоод чирээд гаргачихлаа. Би гэрийнхээ гадаа байж байсан чинь гэрийнхээ арын цонхыг хагалаад нөгөө хүнээ гаргаад явуулчихлаа гээд над руу уйлаад ярьсан. Тэгээд би маргааш нь эхнэртэйгээ уулзах гээд гэртээ ирсэн. Гэтэл эхнэр оруулахгүй хөөгөөд байсан. Тэгэхээр нь би гэртээ орж маргалдаад ийм асуудал болсон...” гэх мэдүүлэг, Мөрдөн байцаалтад: 1.Хохирогч Ү.Саранчимэгийн өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 27-ны шөнө 03 цаг 10 минутад гэртээ унтаж байхад цонх цохисон. Тэгээд би хувцсаа өмсөөд цонхны хөшиг нээж харахын хооронд вакум цонх цохиод онгойлгоод орж ирсэн. Тэгээд орж ирээд надтай нэлээн ноцолдсон, миний толгой руу олон удаа гараараа цохисон. Нөхөр Батдэлгэр намайг юм хэлэхээр алгадаад байсан. Намайг араас хоёр гараараа боосон. Мөн дээр гарч ирээд хоёр гараараа боогоод байсан, өвдөж байна шүү дээ гэхэд яадгийн гээд цохиод байсан. Намайг юм хэлэх болгонд нүүр лүү алгадаад цохиод байсан. Өглөөний 07 цаг 10 минут хүртэл ийм байдалтай байсан. Архи уучихсан байсан хэр согтолттой байсныг нь мэдэхгүй байна. Гэрлэлтийн гэрчилгээтэй одоо шүүх дээр салах гээд өгчихсөн байгаа. Өмнө нь зодох гэж дайрдаг цохидог байсан. Архи уусан үедээ байнга агсам тавьж хүчирхийлэл үйлддэг. Тухайн үед өөр хүн байгаагүй. Эрүүл мэндийн төвийн дарга Уянга эмчид би биеэ үзүүлж болсон үйл явдлыг хэлсэн. Би сэтгэл санааны хямралд орсон, толгой байнга өвдөнө. Тухайн үед хөл, гар их өвддөг байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 24-28/, 2.Гэрч Г.Уянгын өгсөн: “...Би Ү.Саранчимэгт үзлэг хийсэн. Тухайн үед үзлэг хийхэд нүүрний зүүн хэсэг, хацар, шанаа хавдсан, улайж хөхөрсөн, өвдөлттэй байсан. Хоёр гарын шуу, хүзүү, хоолой эрээн булчин хавдсан хөхөрсөн өвдөлт ихтэй байсан. Ү.Саранчимэг хэлэхдээ шөнө нөхөртэй зодуулсан гэж ярьсан. Яг юунаас болж үүссэн боломжтойг хэлэх боломжгүй. Саранчимэг хэлэхдээ гараараа цохиод байсан гэж хэлсэн. Урьд нь нөхөртөө зодуулсан гэж надад үзүүлж байгаагүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 19/, 3.Сэлэнгэ аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 34 дугаартай “...ДҮГНЭЛТ: 1.Ү.Саранчимэгийн биед зүүн нүдний дээд зовхи, эрүүний доод хэсэг, баруун зүүн бугалга, тохой, шуу, баруун зүүн гуя, өвдөг, шилбэнд цус хуралт, зүүн хацар шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Ү.Саранчимэгийн биед учирсан дээрх гэмтэл нь тухайн хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл. 4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт хэсэг/ххийн 8-9/, 4.Ү.Саранчимэгийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Цагдаагийн газарт хандаж гаргасан гомдол/хх-ийн 5/, 5.Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Эрүүл мэндийн төвийн жижүүр эмчийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн анхны үзлэгийн хэсэг газрын үзлэг Нүүрний зүүн хэсэг хацар, шанаа хавдсан улайсан, хөхөрсөн өвдөлттэй, 2 гарын шуу, хүзүү , хөлийн эрээн булчин хавдсан хөхөрсөн гэх хэсэг /хх-ийн 6/, 6.Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл/хх-ийн 29-30/, 7.Гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ/хх-ийн 62-66/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай Эрүүгийн хэрэг хянаншийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан нотлох баримтууд болно. Шүүгдэгч Д.Батдэлгэр, хохирогч Ү.Саранчимэг нар нь хувийн таарамжгүй харилцааны улмаас 2020 оны 08 дугаар сараас эхлэн тусдаа амьдарч байсан, тухайн гэмт хэрэг гардаг өдөр хүүхдүүд нь эзгүй шүүгдэгчийн аавынд байсан талаар шүүгдэгч мэдүүлж байна. Шинжээч эмчийн үзлэгээр хохирогчийн биед Зүүн нүдний дээд зовхинд бүдэг хөх өнгийн цус хуралттай зүүн хацар шанаа бага зэрэг овойж хавдсан, эрүүний доод хэсэгт 2,5х1.8см бүдэг хөх өнгийн цус хуралттай хүзүүний зүүн хэсэгт 2.5х0.8см, зүүн бугалга дотор доод хэсэгт 3х0.8см дунд хэсэгт 0.5х0.5см, зүүн тохойд 2.8х1см, зүүн шуу доод ар хэсэгт 3х2см, 2х0.8см, 3х3.1см, баруун бугалга гадна дээд хэсэгт 0.3х0.3см ,баруун шуу дунд ар хэсэгт 3х1см ,2х0.8см, 4х2см, баруун гуч дунд урд хэсэгт 5х3см,баруун өвдөгний гадна хэсэгт 3х1см, 2х0.8см, 4х2см, баруун гуя дунд урд хэсэгт 5х3см, өвдөгний гадна хэсэгт 2х8см, 4х2см, баруун гуя дунд хэсэгт 5х3см, баруун өвдөгний гадна хэсэгт 2х1см, баруун шилбэнд 3х1см, 2х0,8см, зүүн гуяны урд дунд хэсэгт 4х2см, зүүн өвдгөнд 3х1.5см, зүүн шилбэний урд дунд хэсэгт 4х2см бүдэг хөх ягаан өнгийн захаараа шаргал туяа бүхий цус хуралт бүхий 19 тооны гэмтлүүд/хх-09/ тогтоогдсон байна. Эдгээр гэмтлүүд нь шүүгдэгчийн гарын хүчний үйлчлэлээр үүсгэгдсэн болох нь шинжээч эмчийн гаргасан дүгнэлтийн “...2. дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ 3.Саранчимэгийн биед учирсан гэмтэл нь тухайн хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл” гэх хэсгээр нотлогдож байна. Шүүгдэгч “...Гэртээ ирэхээс өмнө охин маань над руу ярьсан. Тэгэхдээ ээж гэртээ хүн авчирчихсан байна. Тэгээд намайг гэр рүүгээ орсон чинь ээж намайг зодоод хөөгөөд гаргачихлаа. Нөгөө хүнээ орон доогуур байлгаж байгаад намайг шөнө 22 цагт хөөгөөд зодоод чирээд гаргачихлаа. Би гэрийнхээ гадаа байж байсан чинь гэрийнхээ арын цонхыг хагалаад нөгөө хүнээ гаргаад явуулчихлаа гээд над руу уйлаад ярьсан. Тэгээд би маргааш нь эхнэртэйгээ уулзах гээд гэртээ ирсэн...” гэж шүүх хуралдаанд мэдүүлж байгаа ч энэ талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлээгүй энэ байдал нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй. Иймд энэ мэдүүлгийг хэрэгт ач холбогдолтой гэж үнэлэх боломжгүй болно. Шүүгдэгч Д.Б-н үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэлээ. Иргэний нэхэмжлэлийн талаар: Хохирогч Ү.Саранчимэгийн зүгээс “...Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 3 дугаар багийн иргэн Ү.Саранчимэг миний бие нь нөхөр болох Дорлиг овогтой Батдэлгэрт зодуулсан нь үнэн болно. Мөн нөхөр Д.Б-р нь буруугаа хүлээж уучлалт гуйсан учир гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй учир хэргийг хөнгөн байдлаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ/хх-ийн 77/, Хохирогч Ү.Саранчимэг нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлын талаар иргэний нэхэмжлэх гаргаагүй учир шүүгдэгч Д.Б-г бусдад төлөх хохирол, төлбөргүй байна гэж үзлээ. Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Д.Б-р нь анх удаа гэмт хэрэгт холбогдож байгаа болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/хх-52/-оор тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан, 6.6 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Д.Б-т оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч Д.Б-т холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгчийн хүсэлтээр хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа ба мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг хууль зүйн шаардлагыг бүрэн хангасан байна. Шүүгдэгч Д.Б-р нь улсын яллагчийн санал болгосон 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялын саналыг хүлээн зөвшөөрч улсын яллагчтай эрүүгийн хариуцлагын талаар тохиролцсон байна/хх-ийн 88/. Иймд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-г 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ. Шүүгдэгч нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг, тогтмол орлогогүй байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш таван сарын хугацаанд хэсэгчлэн төлөх, шүүгдэгч Д.Б-р нь торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 37.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Чонос овогт Д-н Б-р /РД:МВ00000000/-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-г 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-р нь 700.000 төгрөгийн торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 05 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч Д.Б-р нь шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Д.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг дурдсугай.

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7.Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэрийг биелүүлэх хүртэл хугацаагаар хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.НАРАНТУЯА