| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 182/2017/00422/И |
| Дугаар | 182/ШШ2017/00684 |
| Огноо | 2017-03-31 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 182/ШШ2017/00684
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.А-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Н газарт холбогдох
Урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Батмэнд, өмгөөлөгч Б.Энхтүвшин, хариуцагчийн төлөөлөгч С.Баясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Тэмүүлэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.А- шүүхэд болон төлөөлөгч Ц.Батмэнд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс Н газрын Зураг төсөл газар зохион байгуулалтын хэлтэст Төсөвчний ажил үүрэг гүйцэтгэж байгаад НХОГ-ын даргын 2016 оны 01 дүгээр сарын 19-ны едрийн Б/05 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон бөгөөд Баянзүрх Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2016/04398 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 1416 дугаар магадлал, Монгол Улсын Дээд Шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 10 дугаар сарын 28-ны едрийн 001/ШШ2016/01124 дугаар тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн. Одоо Б.А-ийн 2016 оны 05 сарын 17-ны өдрөөс 2016 оны 12 сарын 26-ны өдөр хүртэлх ажлын 160 хоногийн цалин болох 10,524,160 төгрөгийг /нэг өдрийн цалин 65,776/ Н газраас гаргуулна гэв.
Хариуцагч Н газар шүүхэд болон төлөөлөгч С.Баясгалан шүүхэд гаргасан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 сарын 17-ны өдрийн 101/ШШ2016/04398 дугаар шийдвэрээр Б.А-т ажилгүй байсан хугацааны цалин 7,498,429 төгрөгийг олгож шүүхийн шийдвэрийг биелүүлсэн. Иймд Б.А- нь 2016 оны 05 сарын 17-ны өдрөөс 2016 оны 12 сарын 26-ны өдөр хүртэлх цалинг олгох үндэсгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.А- нь хариуцагч Н газарт холбогдуулан урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Н газар нь Б.А-т ажилгүй байсан хугацааны цалин 7,498,429 төгрөгийг олгож шүүхийн шийдвэрийг биелүүлсэн тул дахин хөлс олгох үндэслэлгүй гэж маргажээ.
Б.А-ийг эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 7,498,429.00 төгрөгийг хариуцагч Н газраас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн Баянзүрх Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2016/04398 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 08 сарын 05-ны өдрийн 1416 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн 2016 оны 10 сарын 28-ны өдрийн 01124 дугаар тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.Энэ хуулийн 36.1. 2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заажээ.
Ажил олгогч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул ажилтан Б.А- 2016 оны 12 сарын 26-ны өдөр ажлаас чөлөөлөгдөх өргөдөл гаргасан болох нь зохигдын тайлбар, ажилтаны гаргасан хүсэлт /хх-ийн 45 талд/ зэргээр тогтоогдож байна.
Иймд 2016 оны 05 сарын 17-ны өдрөөс 2016 оны 12 сарын 26-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт /өдөрт 65,776 төгрөгийг х160 хоног/= 10,524,160 төгрөгийг хариуцагч Н газраас гаргуулж нэхэмжлэгчид олгож, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт ажилгүй байсан хугацааны шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагчид даалгах үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбоотой бол түүнийг дахин нотлохгүй гэж заасан тул нэхэмжлэгчийн нэг өдрийн дундаж цалин хөлсийг 65,776 төгрөгөөр тооцож тогтоосон Баянзүрх Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 сарын 17-ны өдрийн 101/ШШ2016/04398 дугаар шийдвэрийг үндэслэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н газраас урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 10,524,160 /арван сая таван зуун хорин дөрвөн мянга нэг зуун жар/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.А-т олгосугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан дээрх олговроос нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутган зохих байгууллагад шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт ажилгүй байсан хугацааны шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч Н газарт даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-т заасныг баримтлан хариуцагч Н газраас улсын тэмдэгтийн хураамжид 183,337 төгрөгийг гаргуулж Улсын төсвийн орлого болгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ
.