Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 1099/ШЦТ/2020

 

 

 

 

 

 

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

Улсын яллагч Д.Туяана,

Хохирогч О.Б,

Шүүгдэгч Ж.Л нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт Ж. Л-д холбогдох 2008 00000 1294 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 10 дугаар сарын 05ы өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

    Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1984 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, цамхагт краны машинист мэргэжилтэй, “Нэкст юнайтед” ХХК-д кранист ажилтай, ам бүл 3, эх, хүүхдийн хамт, Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо ... гудамжны ... тоотод оршин суух хаягтай, урьд:

- Чингэлтэй дүүргийн шүүхийн 1999 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 202 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял оногдуулж, таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

- Хан-Уул дүүргийн шүүхийн 2001 оны 01 дүгээр сарын 09-ний өдргийн 30 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар,

- Хан-Уул дүүргийн шүүхийн 2003 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 02 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 хоногийн хорих ялаар тус тус шийтгүүлсэн.

С овогт Ж.Л /РД:ХЙ8403-/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

             Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Ж.Л нь 2020 оны 8 дугаар сарын 13-аас 14-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “А” караокед тодорхой шалтаг шалтгаангүйгээр иргэн О.Б-г зүүн чихэн тус газар нь хагархай шилээр цохиж эрүүл мэндэд нь “зүүн чихний ард хөхлөг орчим шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чихний урд хэсэг шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

                                     1. Хохирогч О.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...А караокед 2020 оны 8 дугаар сарын 13-аас 14-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад тус хэрэг болсон. Миний биед учруулсан гэмтлийг караокед хамт орсон А гэх залуу учруулсан. Пивоны шил хагалж тэр шилээрээ зүссэн. Караокед би, Г, Д, Ж, А түүний найз гэх залуу 6-уулаа ороод нэг ширээнд суусан. Караоке дуу чимээ ихтэй учир Г, А хоёр ямар шалтгааны улмаас маргалдсаныг би мэдэхгүй, нэг хартал А ууж байсан пивоныхоо шилийг Гийн толгой дээр хагалсан. Тэгээд би салгах гээд бостол А хагарсан шилтэй гараараа далайгаад миний чих, хүзүүн тус газар зүссэн. Бид А-д гар хүрээгүй. Өөрөө зугтаад гараад явчихсан. А гэх залууг би танихгүй тухайн өдөр л харсан. Ж бид хоёрыг дуудаад, очиход байж байсан. Би гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн. Шүүх эмнэлэгт үзүүлсэн. ... Надад хохирлын 120,000 төгрөгний баримт байгаа боловч гэртээ үлдээсэн байна. Хохиролд нийт 225,000 т авсан, миний чих шуугиж өвдөөд байгаа, надад уг нь 500,000 төгрөг өгнө гэсэн боловч бүрэн өгөөгүй ...гэсэн мэдүүлэг /хх11, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

                                       2. Шүүгдэгч Ж.Л-ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Харка караокед байхдаа л биеийн хэлэмж, үйл хөдлөлөөрөө дээрэлхээд байсан юм. Тэрэнд нь дургүйцээд толгойд нь цохисон. Цохих үед Бэгч  гэнэт босоод ирэхээр нь цочсондоо болоод шилтэй гараараа цааш түлхсэн. Би Б-ийн биед гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна ... хохиролд 225,000 төгрөг төлсөн, би ажил хөпдөлмөр эрхэлж байгаа, прокурорын ялын санал дээр хэлэх зүйлгүй, гэм буруу, хэргийг зүйлчлэл дээр маргахгүй ...” гэсэн мэдүүлэг /хх69-72, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

3.                                  3. Гэрч Д.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...А нь Б, Ж нартай ...анх удаагаа танилцсан юм. Бид караокед нэг шил архи, нэг, нэг пиво авч ууцгаасан. Тухайн үед 21 цаг өнгөрч байсан. Тухайн ширээнд сууж байхдаа хоорондоо маргалдаагүй. Тэгээд би босоод текний хүнтэй ярилцаад нилээн удаан суусан. Тэгтэл бүгдээрээ пижигнэлдээд гүйгээд гарцгаасан. Би араас нь гарталБхүзүүгээ дарчихсан хажууд нь Ж зогсчихсон, Г урдаас алхаад ирж байсан. Яав юу болов гэтэл Атай маргалдаад шилээр зүсчихлээ гээд зогсож байсан. Г Агийн араас хөөгөөд гүйцсэнгүй гэж хэлээд эргээд ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх20/,

                  4. Гэрч Ш.Ж-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ойролцоогоор шөнийн 00 цагийн үед ширээнд Г буюу Харка нь дуу дуулаад сууж байсан ба А шилтэй пивоор гэнэт толгой дундуур нь цохисон. Би яг ямар шалтгаанаар маргалдаж цохисныг мэдэхгүй байна. Караоке дуу чимээ ихтэй хоорондоо л юм ярицгаагаад байж байсан. Тэгээд Б хажууд сууж байсан болохоор ухасхийгээд бариад авсан. А тэгтэл Б-ийн хүзүүнд шилээрээ зүсчихээд хамт явж байсан найзтайгаа гараад зугтаасан.Бминий гүрээрүү хусчихлаа гэж хэлээд гараа автал цус гоожиж байсан. Тэгээд араас нь Харка бид хоёр гүйгээд барьж авч чадаагүй...” гэсэн мэдүүлэг /хх31/,

               5. Гэрч Т.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Орой 22 цагийн орчим СХД-ийн А караоке руу орж дуулцгаагаад нэг нэг пиво захиалаад сууцгааж байтал А надтай микрофон булаацалдсан юм. А /Л/ надаас би дуулна гээд микрофон булаах гэхээр нь татаад автал “ямар атаман пизда вэ” гэж хэлээд амандаа үглээд байсан. Ая эхэлчихсэн юу хэлж байгаа нь сонсогдоогүй. Тэгтэл гэнэт ширээн дээр байсан пивоны шилээр А миний толгой дундуур цохисон. Цохитол шил нь хагарч бутарсан. Би дахиж бүтэн пивоны шил авч өгөөд чаддаг юм бол дахиад цохичих гэж хэлээд өгсөн. Тэр үед миний хажууд Б сууж байсан ба бид хоёрыг салгах гээд бостол А гартаа барисан хагархай шилээрээ Б-ийн хүзүүн тус газар цохичих шиг болсон.Б тэр үед хүзүүгээ дараад доошоо суусан ба гарыг нь автал цус гоожиж байсан. А тэгээд гараад зугтаасан ба бид араас нь хөөгөөд гүйцээгүй...” гэсэн мэдүүлэг /хх33/,

     6. Гэрч Ч.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...А нэртэй караокед бүгд хамт орж дуулцгаасан юм. Гэтэл Харка буюу Г гэх залуу А бид хоёрыг архи аягал гэх мэтээр биеийн өгүүлэмжээрээ дээрэнгүй харьцаад байсан юм. Тэгээд караокед дуу чимээ ихтэй байсан учир хоорондоо юу ярисныг би сонсоогүй. А Харкагийн хажууд зогсоод ширээн дээр байсан пивоны шилээр Харкагийн толгой дээр нэг цохиж шилийг хагалсан. Тэгээд нэг найз нь хажуунаас нь босож очиход А тухайн залууг шил барьсан гараараа түлхсэн. Тэгээд л А гараад зугтаасан, би араас нь гарч зугтаасан...” гэсэн мэдүүлэг /хх29/,

     7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн шинжээч эмчийн 9352 тоот “...О.Б-ийнбиед зүүн чихний ард хөхлөг орчим шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чихний урд хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх15/,

    8. Шинжээч эмч М.Аригуунтөгс: “...О.Б-ийнбиед буй зүүн чихний ард хөхлөг орчим шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чихний урд хэсэгт шарх бүхий гэмтлүүд нь хагархай шилээр 1 удаа цохиход үүсэх боломжтой гэмтэл байна” гэх мэдүүлэг /хх74/,

 

- Шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан баримт:

    9. Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх54/

    10. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх34/,

    11. Оршин суугаа хаягийн тодорхойлолт  /хх51/,

    12. Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх50/,

    13. Ж.Л-ынжолоодох эрхийн лавлагаа /хх52/,

14. Эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх53/

15. Шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй тухай тодорхойлолт /хх55/ зэрэг болно.

 

       Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлэгдсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглрасан, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, энэ хэрэгт хамааралтай, хэргийн байдлыг бүрэн нотлон тогтоосон гэж дүгнэсэн.

 

Гэм буруугийн дүгнэлт: Шүүгдэгч Ж.Л, хохирогч О.Б, гэрч Т.Г, Ш.Ж, Ч.Т, Д.Д нар нь 2020 оны 8 дугаар сарын 13-ны шөнийн 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “А” караокед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, улмаар Ж.Л нь гэрч Т.Г-ийн толгойн тус газар пивоны шилээр цохисон, тухайн үед хохирогч О.Б нь Гийг татаад хойш суулгах үед түүний зүүн чихэн тус газар нь хагархай шилээр цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь

хохирогч О.Б-ийн“... А /Л/ ууж байсан пивоныхоо шилийг Г-ийн толгой дээр хагалсан. Тэгээд би салгах гээд бостол А хагарсан шилтэй гараараа далайгаад миний чих, хүзүүн тус газар зүссэн...” гэсэн мэдүүлэг,

                  гэрч Д.Дийн “...Ж зогсчихсон, ... А тай /Л/  маргалдаад шилээр зүсчихлээ гээд зогсож байсан...” гэсэн мэдүүлэг,

                  гэрч Ш.Ж“....Г буюу Харка нь дуу дуулаад сууж байсан ба А /Л/ шилтэй пивоор гэнэт толгой дундуур нь цохисон. ...ТэгээдБхажууд y, сууж байсан болохоор ухасхийгээд бариад авсан. А тэгтэл Б-ийн хүзүүнд шилээрээ зүсчихээд хамт явж байсан найзтайгаа гараад зугтаасан...” гэсэн мэдүүлэг,

      гэрч Т.Гийн “...А /Л/ миний толгой дундуур цохисон. Цохитол шил нь хагарч бутарсан. ...Б сууж байсан ба бид хоёрыг салгах гээд бостол А гартаа барисан хагархай шилээрээ Б-ийн хүзүүн тус газар цохичих шиг болсон...” гэсэн мэдүүлэг,

      гэрч Ч.Тын “...А Харкагийн хажууд зогсоод ширээн дээр байсан пивоны шилээр Харкагийн толгой дээр нэг цохиж шилийг хагалсан. Тэгээд нэг найз нь хажуунаас нь босож очиход А тухайн залууг шил барьсан гараараа түлхсэн. Тэгээд л А гараад зугтаасан, би араас нь гарч зугтаасан...” гэсэн мэдүүлэг,

      Шинжээч эмч М.Аригуунтөгсийн: “...О.Б-ийнбиед буй зүүн чихний ард хөхлөг орчим шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чихний урд хэсэгт шарх бүхий гэмтлүүд нь хагархай шилээр 1 удаа цохиход үүсэх боломжтой гэмтэл байна” гэх мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тус тус тогтоогдож байна.

 

 Шүүгдэгч Ж.Л-ынүйлдэл нь гэм буруугийн шууд санаатай, хохирол, хор уршигийг хүсч үйлдсэн, түүний хууль бус үйлдлийн улмаас хохирогч О.Б-ийнбиед “...биед зүүн чихний ард хөхлөг орчим шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чихний урд хэсэгт шарх...” гэмтэл бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн шинжээч эмчийн 9352 шинжээчийн дүгнэлт, шинжээч эмч М.Аригуунтөгсийн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Ж.Л-ынүйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.

            Хохирогч О.Бд шүүгдэгч Ж.Л-аас хохирлын төлбөрт эмчилгээний зардлын баримтгүйгээр 225.000 төгрөг төлсөн болох нь шүүгдэгч, хохирогч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тогтоогдож байгаа нь хохирогч эмчилгээтэй холбоотой зардлын баримт гаргаж ирүүлээгүй тул цаашид гарах зардлын баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тогтоолд дурьдаж өгөх нь зүйтэй.

 

            Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч: Ж.Л-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан.

 

Шүүгдэгч Ж.Л-ынүйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүн “хувийн байдлын хувьд энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, бусдад өр зээлгүй, ажил хөдөлмөр эрхэлдэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, учруулсан хор уршиг их биш” зэргийг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Ж.Л-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж,  03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тогтоолд тус тус дурьдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.5 дугаар зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

         1.С овогт Ж- ны Л-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Лыг 1000 нэгжтэй тэнцэх 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг Ж.Л-д үүрэг болгосугай.

 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Ж.Л-д мэдэгдсүгэй.

 

 5. Ж.Л-ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохиролд 225.000 төгрөг төлөгдсөн, шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч цаашид гарах хохирлын баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

          6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

 7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Л-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

          8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ДАШДОНДОВ