Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 1100/ШЦТ/2020

 

 

 

 

 

 

 

 

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

улсын яллагч Б.Энэрэл,

шүүгдэгч Б.П-нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Б-ын Пад холбогдох 2008 00000 1293 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Төв аймгийн Баянцогт суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, холбооны техникч мэргэжилтэй, “Жи Эй Эй Эй Хаус” ХХК-д мужаан ажилтай, ам бүл 4, эцэг, эх дүү нарын хамт, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 85 дугаар гудамжны 22 тоотод албан ёсны бүртгэлтэй, одоо Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын ... дугаар гудамжны ... тоотод оршин суух хаягтай, урьд

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2005 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 290 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

 Б овогт Б-ын П /РД:НИ90040514/. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

          Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:

           Б.П-нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо Баянгол ... тоотод иргэн М.Бын гэрт иргэн Э.М-тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар гараараа нүүрэн тус газар нь цохиж, зодон түүний эрүүл мэндэд нь “тархи доргилт, дух, баруун шанаа, баруун хацрын шонтонд зулгаралт, зүүн дээд доод зовхи, зүүн далны доод хэсэг, сээрний гол хэсэгт цус хуралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/

 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтууд болох:

   1. Хохирогч Э.М-ын“...2020 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 21 цаг өнгөрч байхад буцаад Б-ын гэрт хүрээд ирсэн чинь П.Л гэх зүс таних ахтай хамт ирчихсэн Б тэр 3 архи хувааж уугаад байсан. Тэгээд би ороод хамт нөгөө архийг нь уугаад дуусах үед маш их согтсон учир унтчихсан. Миний мэдэж байгаагаар шөнө 02 цагийн үед миний нүүр хэсэгрүү хэн нэгэн өшиглөсөн. Хэн өшиглөсөн бэ гээд гэрэл асаах гэтэл тог байхгүй, харанхуй байсан тэгэхэд П хэн өшиглөсөн нь чамд ямар хамаатай юм пизда минь гээд миний үснээс зулгаагаад хөл рүү өшиглөсөн. Тэгэхэд хамт байсан зүс таних Л нь инээгээд байсан. Би түүнд хандан хүн зодуулж байхад яагаад инээгээд байгаан гэхэд П-ыг хүн зодож байгааг харахаар инээд хүрээд байна гэж хэлсэн. Тэгэхэд намайг өшиглөөд миний толгой руу юугаар гэдгийг нь мэдэхгүй хатуу зүйлээр цохиод байхаар нь чи одоо болиоч би чамд гомдолтой, цагдаад хэлнэ гэж хэлсэн. Тэгтэл цагдаадаа хэлээрэй гээд гараараа цохиод байсан бөгөөд хэсэг хугацаанд зарим зүйлийг санахгүй байна. Тэгээд би тэндээс шөнө гараад Баянхошуунд байдаг өөрийн амьдардаг нийтийн байрандаа ирж хоносон.

...П надтай уулзаад гаргасан үйлдлийнхээ төлөө уучлалт хүсч эмчилгээ хийлгэсэн талаарх баримтаар гаргаж өгсөн бодит мөнгөн төлбөр болох 1.000.000 төгрөг надад өөрийн сайн дураараа гаргаж өгсөн. Иймд надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх12-13, 77/,

2. Гэрч Ч.Л-гийн “...Би 2020 оны 8 дугаар сарын 19-ний орой танил дүү Бын гэр болох Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо Баянголын 18-03 тоот гэрт очсон. Намайг тэгээд ойр зуурын юм яриад сууж байхад гаднаас танил дүү П орж ирсэн бөгөөд буцаж дэлгүүр ороод 0.75 литрийн Хараа нэртэй архи нэг шилийг авч орж ирсэн. Түүнийг бид 3 хувааж уугаад талд нь орж байхад гаднаас Пын найз Мэндбаяр гэх залуу архи уусан байдалтай халамцуу орж ирээд үлдсэн архиа дөрвүүлээ хувааж уусан. Тэгээд П, Б, Мэндбаяр нар барилгын ажил хийдэг болохоор ажлынхаа талаар яриад сууж байсан чинь тог тасарчихсан. Тэгтэл Бын гэрийн цахилгааны утас болохгүй болсон байсан бөгөөд гудамжний гэрэл цонхоор туссан гэгээтэй байсан болохоор бид хэсэг сууж байхад П дахин 0.75 литрийн Хараа нэртэй дэлгүүрээс авч ирэх хооронд Б унтчихсан. Тэгээд П Мэндбаяр бид 3 хувааж уусан юм. Тэгээд сууж байхад Мэндбаяр П нар юунаас гэдгийг мэдэхгүй маргалдаж эхэлсэн бөгөөд хоорондоо барьцалдаад авсан. Тэгэхээр нь би босч ирээд салгаж холдуулахад Мэндбаяртай хамт газар давхралдаад уначихсан. Босоод ирсэн чинь П.Мнүүрлүү гараараа нэг удаа цохихоор нь би салгаад Пыг холдуулсан чинь Мэндбаяр гараад явчихсан. Тэгээд Птай хамт араас нь гарсан чинь Мэндбаяр гэрийн үүдэнд гадаа суучихсан уйлаад байсан. ...салгахаар Мэндбаярыг араас нь татсан чинь бид 2 газар унасан бөгөөд би баруун талаараа хажуулдан унасан харин Э.М нуруугаараа газар шалан дээр унасан. Б унтаж байсан болохоор надаас өөр хүн хараагүй...” гэсэн мэдүүлэг / хх21, 72/,

3. Шүүхийн шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 9721 дугаартай “...Э.М-ынбиед тархи доргилт, дух, баруун шанаа, баруун хацрын шонтонд зулгарал, зүүн дээд, доод зовхи, зүүн далны доод хэсэг, сээрний гол хэсэгт цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх15-16/,

4. Б.Пын яллагдагчаар өгсөн мэдүүлэг “...хамт үлдсэн архиа хувааж уугаад дуусах үед би Мэндбаярт хандан та нар архи уугаад ажил хийхгүй байна. Маргааш мөн согтуу байх юм бол ажилд авч явахгүй шүү гэж хэлсэн чинь Мэндбаяр согтчихоод надад хандан чи намайг гадуурхлаа надтай хамт ажил хийхгүй гээд байгаа юм байна тэ гээд байсан. ...гадуурхлаа гээд босоод ирэхээр нь би тэгсэн хүнийг чи яадаг юм гээд мөн босч ирээд бид 2 заамдалцах үед Л ах хажуунаас юун ясаа булаацалдаад байгаа новшнууд вэ гээд салгасан. Тэгээд намайг цохих гэхэд нь Л ах салгах гэж байгаад Мэндбаяртай хамт давхралдаад газар унасан. Тэгэхээр нь би түүний нүүр хэсэг рүү хөлөөрөө нэг удаа өшиглөөд түүний цамцнаас татаад нүүр хэсэгт нь гараараа нэг удаа цохисон чинь Л ах боль гээд дахин салгахаар нь би Мэндбаярыг дахин өшиглөсөн чинь намайг элдэв янзаар хэлээд байхаар нь түүнийг бариж аваад дахин толгой хэсэг рүү нь 1-2 удаа цохисон чинь би чамд маш их гомдож байна гээд гэрээс гараад явчихаар би араас нь гарсан чинь Мэндбаяр Бын байшингийн гадаа уйлаад сууж байсан ...миний бие эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан зүйл ангийн учир холбогдлыг сайн ойлгож мэдсэн. Үйлдсэн гэм буруугаа ухамсарлаж байгаа тул надад хуулийн хариуцлага оногдуулахад татгалзах зүйлгүй...” /хх64-67/,

5. Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх41/,

6. Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх45/,

7. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээнээс тэтгэвэр, тэтгэмж авдаггүй талаарх албан бичиг /хх51/,

8. Эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа /хх53/,

9. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх54, 57-58/,

10. Хохирогчийн “гомдолгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” тухай бичгээр гаргасан баримт /хх85/,

11. Ажлын газрын тодорхойлолт, цалингийн тодорхойлот /хх89-90/-ыг тус тус шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.

 

Гэм буруугийн дүгнэлт: Шүүгдэгч Б.П, хохирогч Э.М, гэрч Ч.Л нар нь 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо Баянгол 18-09 тоот иргэн М.Бын гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.П-нь хоорондын таарамжгүй харилцааны улмаас хохирогч Э.Мыг хөлөөрөө нүүрэн хэсэгт нь 1 удаа өшиглөх, гараараа толгойн тус газар нь хэд хэдэн удаагийн үйлдлээр цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь “... тархи доргилт, дух, баруун шанаа, баруун хацрын шонтонд зулгарал, зүүн дээд, доод зовхи, ... цус хуралт, ...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

хохирогч Э.М-ын“...Миний мэдэж байгаагаар шөнө 02 цагийн үед миний нүүр хэсэгрүү хэн нэгэн өшиглөсөн. ...тэгэхэд П хэн өшиглөсөн нь чамд ямар хамаатай юм пизда минь гээд миний үснээс зулгаагаад хөл рүү өшиглөсөн. ...Тэгэхэд намайг өшиглөөд миний толгой руу юугаар гэдгийг нь мэдэхгүй хатуу зүйлээр цохиод байхаар нь чи одоо болиоч би чамд гомдолтой, цагдаад хэлнэ гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг,

гэрч Ч.Лгийн “...П.Мнүүр лүү гараараа нэг удаа цохихоор нь би салгаад Пыг холдуулсан чинь Мэндбаяр гараад явчихсан...” гэсэн мэдүүлэг болон шүүгдэгчийн мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 9721 дугаартай “...Э.М-ынбиед тархи доргилт, дух, баруун шанаа, баруун хацрын шонтонд зулгарал, зүүн дээд, доод зовхи, зүүн далны доод хэсэг, сээрний гол хэсэгт цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх15-16/, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

Харин хэрэг болсон цаг хугацаанд гэрч Ч.Л нь хохирогч Э.М-тай давхарлагдан унасан болох нь гэрч Ч.Лгийн “...Тэгээд сууж байхад Мэндбаяр П нар юунаас гэдгийг мэдэхгүй маргалдаж эхэлсэн бөгөөд хоорондоо барьцалдаад авсан. Тэгэхээр нь би босч ирээд салгаж холдуулахад Мэндбаяртай хамт газар давхралдаад уначихсан...” гэсэн мэдүүлэг,

Б.П-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн “...Тэгээд намайг цохих гэхэд нь Л ах салгах гэж байгаад Мэндбаяртай хамт давхралдаад газар унасан...” гэсэн мэдүүлгээр хохирогч Э.М-ынбиед “...зүүн далны доод хэсэг, сээрний гол хэсэгт цус хуралт тогтоогдлоо...” гэсэн шинжээчийн дүгнэлт,

шинжээч эмч Б.Ариунзулын “...зүүн далны доод хэсэг, сээрний гол хэсэгт цус хуралт...” гэмтэл нь унах, ойчих үед үүсэх боломжтой гэмтэл байна. Дээрх гэмтэл нь нийлээд болон дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэсэн мэдүүлэг зэргийг дүгнэн үзэхэд хохирогч Э.М-ынзүүн далны доод хэсэг, сээрний гол хэсэгт цус хуралт гэмтлийг шүүгдэгч Б.П-учруулаагүй болох нь тогтоогдож байна гэж үзсэн.  

 

Шүүгдэгч Б.Пын үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай, хохирол, хор уршигийг хүсч үйлдсэн, түүний хууль бус үйлдлийн улмаас хохирогч Э.М-ынбиед “...биед тархи доргилт, дух, баруун шанаа, баруун хацрын шонтонд зулгарал, зүүн дээд доод зовхи, ...хэсэгт цус хуралт...” гэмтэл бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүхийн шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 9721 шинжээчийн дүгнэлт, шинжээч эмч Б.Ариунзул мэдүүлгээр тус тус тогтоогдсон.

 

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.

 

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Б.Пын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

 

            Шүүгдэгч Б.П-аас гэмт хэргийн улмаас хохирогч Э.М-ынэрүүл мэндэд учирсан хохиролд 1.000.000 төгрөг төлсөн, хохирогч гомдол саналгүй гэж мэдүүлсэн, бичгээр хүсэлт гаргасан болох нь түүний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх77/, гомдолгүй тухай бичгээр гаргасан баримт /хх85/-аар тус тус нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзсэн.

 

            Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Улсын яллагч: Б.П-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар 340 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан.

 

            Шүүгдэгч: Гэм буруу хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, прокурорын танилцуулсан ялыг зөвшөөрч байна гэсэн.

 

            Б.П-ын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан хохирлыг төлсөн гэсэн үндэслэлийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт ...заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заажээ.

 

            Шүүгдэгч Б.П-ын хувийн байдлыг болон бусад нөхцөл байдлууд улсын яллагчийн ялын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 340 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тогтоолд тус тус дурьдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

          

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1. Б овогт Б-ын П-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцсугай.

 

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.П-ыг 340 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.П-ад мэдэгдсүгэй.

 

 4. Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохиролд 1 сая төгрөг төлөгдсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.П-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ДАШДОНДОВ