| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 182/2017/00563/И |
| Дугаар | 182/ШШ2017/00727 |
| Огноо | 2017-04-05 |
| Маргааны төрөл | Татварын ерөнхий хуулиар, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 182/ШШ2017/00727
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: А ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: С хэлтэс,
Хариуцагч: Т газарт холбогдох
Нэмэгдсэн өртгийн албан татварт төлсөн 144,875,661 төгрөгийг буцаан гаргуулах, Нэмэгдсэн өртгийн албан татварын 82,474,039 төгрөгийн өрийг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Батзаяа, хариуцагч Схэлтсийг төлөөлж Т.Номин-Эрдэнэ, Б.Даваагэрэл, Т газрыг төлөөлж Б.Баттогтох, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Тэмүүлэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А ХХК шүүхэд болон захирал Б.Батзаяа шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: А ХХК нь хууль зүй, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэн явуулахаар 2004 оны 07 сарын 19-ний өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлж 2005 оноос манай компанийг С хэлтэс НӨАТ төлөгчөөр бүртгэсэн. Нэмэгдсэн Өртгийн Албан Татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсэгт заасан НӨАТ ногдох үйлчилгээний төрөлд хууль зүй, өмгөөллийн үйл ажиллагаа хамаарахгүй тул Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх А ХХК-ийг нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн бүртгэлээс хасах тухай 2013 оны 02 сарын 07-ны өдрийн 58 тоот шийдвэр гарсан. Ийнхүү шийдвэр гарах хүртэл хугацаанд манай компани С хэлтэст нийтдээ 144,875,661 төгрөгийн НӨАТ төлсөн ба НӨАТ-ын 82,474,039 төгрөгийн өртэй болсон байсан.
Т газар 2017 оны 02 сарын 01-ний өдөр 10/339 тоот хариуг хүргүүлж 144,875,661 төгрөгийн НӨАТ-ыг буцаан олгох эрх хэмжээ хуулиар олгогдоогүй байна гэсэн хариу өгсөн. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-т заасан НӨАТ ногдох үйлчилгээ үзүүлдэггүй А ХХК-ийг НӨАТ төлөгчийн бүртгэлээс хасахыг С хэлтэст даалгасан шийдвэрийг гаргасан тул манай компанийг НӨАТ төлөгчийн бүртгэлээс хассан тул С хэлтэст НӨАТ төлсөн 144,875,661 төгрөгийг буцаан гаргуулан олгож, НӨАТ-ын 82,474,039 төгрөгийн өрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
Хариуцагч Т газар болон төлөөлөгч Б.Баттогтох шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Сүхбаатар үүргийн татварын хэлтсээс 144,875,661 төгрөгийг гаргуулах гэж тодорхойлж байгаа боловч Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтыг үндэслэн шаардаж буй нь тодорхойгүй байна. Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.3-т “... татвар, төсөв, санхүү зэрэг захиргааны хууль тогтоомжоор зохицуулах болон захиргааны талаар нэг этгээд нөгөөдөө захирагдах эдийн болон эдийн бус баялагтай холбоотой харилцаанд энэ хууль үйлчлэхгүй” гэж заасан тул энэ асуудлыг татварын хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй. Т хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-т Энэ хуулийн 17.1.4-т заасны дагуу татварын алба татвар төлөгчийн илүү төлсөн татварыг дараахь журмаар шийдвэрлэнэ, мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1.1-т тухайн хугацаанд төлбөл зохих бусад татварт суутган тооцохоор зохицуулсан байдаг. Татвар төлөгч татварын тайлангаар татвар ногдох орлогоо тодорхойлон төлөхөө илэрхийлж түүний үндсэн дээр татварын өр үүссэн байх ба татварын алба, татварын улсын байцаагч буруугаар үндэслэлгүй, илүү мөнгөн хөрөнгө хураах гэж буй мэтээр ойлгох нь зохисгүй юм. Татварын өр төлбөр нь иргэн, хуулийн этгээдийн өөр хоорондын өр төлбөрөөс ялгаатай бөгөөд зайлшгүй төлөгдөх шинжтэй байдаг тул НӨАТ-ын 82,474,039 төгрөгийн өрийг хүчингүй болгуулах үндэслэлгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч С хэлтэс болон төлөөлөгч Т.Номин-Эрдэнэ, Б.Даваагэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А ХХК нь С хэлтэст өөрсдөө хүсэлтээ гарган 2006 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “...Иргэн, хуулийн этгээдийн импортолсон буюу экспортолсон бараа, түүнчлэн Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэсэн буюу борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулахад энэ хууль үйлчилнэ...”, 4 дүгээр зүйлийн 4.1.10-д "...нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч болсон өдөр" гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан үйл ажиллагаа эрхэлж орлого олж байгаа иргэн, хуулийн этгээдийн уг үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ хуулийн этгээдийн орлогын албан татварын тайлангаар, эсхүл иргэний орлого, татвар тодорхойлох хуудсаар 10.0 сая ба түүнээс дээш төгрөгт хүрсэн өдрийн дараа сарын эхний өдрийг...", 5 дугаар зүйлийн 5.1-д “...Монгол Улсын нутаг дэвсгэрт бараа импортолсон болон экспортолсон этгээд, түүнчлэн бараа үйлдвэрлэсэн буюу борлуулсан, ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн иргэн, хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч байна...”, 6 дугаар зүйлийн 6.1-д “...Энэ хуулийн 4.1.10-т заасан нөхцөл хангасан этгээд ажлын 3 хоногт багтаан нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэх өргөдпөө харъяалах татварын албанд гаргана...”, 6.2-д “...Харъяалах татварын алба нь энэ хуулийн 7.1.3 болон 13 дугаар зүйлд зааснаас бусад энэ хуулийн 4.1.10-т заасан этгээдийн өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 2 өдөрт багтаан нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэж, тухайн этгээдэд гэрчилгээ олгоно...” гэж тус тус заасны дагуу нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлж нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч болсон.
2013 оны 02 сарын 07-ны өдрийн 58 дугаартай Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр “Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн бүртгэлээс хасахыг С хэлтэст даалгасугай” гэж шийдвэрлэсэн бөгөөд бид шүүхийн шийдвэрээр бүртгэлээс хассан. Харин суутган авч улсын төсөвт шилжүүлсэн татвар болох 144,875.661 төгрөгийг буцаан авах, татварын өрийг хүчингүй болгох талаар шийдвэрлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч А ХХК-нь хариуцагч Т газар, С хэлтэст холбогдуулан нэмэгдсэн өртгийн албан татварт төлсөн 144,875,661 төгрөгийг буцаан гаргуулах, нэмэгдсэн өртгийн албан татварын 82,474,039 төгрөгийн өрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Т газар, С хэлтэс нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч нэмэгдсэн өртгийн албан татварт төлсөн 144,875,661 төгрөгийг буцаан гаргуулах, нэмэгдсэн өртгийн албан татварын 82,474,039 төгрөгийн өрийг хүчингүй болгох эрх хэмжээ хуулийн дагуу олгогдоогүй, өөрөө хүсэлт гаргаж нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлсэн гэж маргажээ.
Нэхэмжлэгч А ХХК-нь 2006 оны 9 сарын 13-ны өдөр үндсэн үйл ажиллагааны чиглэлээ өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхээр улсын бүртгэлийн 9011060052 дугаарт бүртгүүлж, улсын бүртгэлийн гэрчилгээ авсан байх бөгөөд өмгөөлөл, орчуулгын үйл ажиллагааны чиглэлээр нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлж, 2005 оны 10 сарын 25-ны өдөр нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн 8306 дугаар бүхий гэрчилгээ авсан /хх-ийн 6, 47-49 талд/ байна.
Т хуулийн 47 дугаар зүйлийн 47.3.1.Татвар төлөгч татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэн татварын ногдлоо өөрөө үнэн зөв тодорхойлон төлөх нөхцөлийг бүрдүүлж, нягтлан бодох бүртгэлийг тогтмол хөтөлж, татварын тайлангаа хугацаанд нь гарган тушааж, татвараа төлж буй эсэхийг тогтоох, 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.2.-т зааснаар татвар төлөгч нь татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх, татварын тайланг гаргаж тогтоосон хугацаанд татварын албанд ирүүлэх үүрэгтэй байна.
А ХХК-нь нэмэгдсэн өртгийн албан татварт 2005 онд 123,900 төгрөг, 2006 онд 26,600 төгрөг, 2007 онд 1,000,000 төгрөг, 2008 онд 7,005,700 төгрөг, 2009 онд 1,000,000 төгрөг, 2010 онд 2,095,800 төгрөг, 2011 онд 11,800,00 төгрөг, 2012 онд 46,772,000 төгрөг, 2013 онд 77,050,700 төгрөгийг төлсөн болох нь Татварын тооцооллын жагсаалт /хх-ийн 41 талд/-аар, 2005-2013 он хүртэл нэмэгдсэн өртгийн албан татварын өрийн үлдэгдэл 82,474,039 төгрөг болох нь Үндэсний татварын албаны тодорхойлолт /хх-ийн 40 талд/, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч А ХХК нь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 02 сарын 07-ны өдрийн 58 дугаартай шийдвэрээр “Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн бүртгэлээс хасахыг С хэлтэст даалгаж, шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж, С хэлтэс Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн бүртгэлээс хассан тул төлсөн татвар, үүссэн өрийг хүчингүй болгуулахаар шаардах эрх үүссэн гэж тайлбарлаж байна.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.10.Албан татвар суутган төлөгчийн бүртгэлээс хасагдсан этгээд нь албан татвар суутган төлөгч байх үеийн үүргээс чөлөөлөгдөхгүй бөгөөд шинээр бүртгүүлэхгүй байх үндэслэл болохгүй гэж зохицуулсан байна.
Т хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.Татвар нөхөн ногдуулах, алданги, торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байх бөгөөд Монгол Улсын Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжид хамаарахгүй гэж зааснаар хариуцагч Т газар, С хэлтэст холбогдуулан нэмэгдсэн өртгийн албан татварт төлсөн 144,875,661 төгрөгийг буцаан гаргуулах, нэмэгдсэн өртгийн албан татварын 82,474,039 төгрөгийн өрийг хүчингүй болгуулах тухай А ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Т хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1., 55 дугаар зүйлийн 55.1., Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.10. дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т газар, С хэлтэст холбогдох нэмэгдсэн өртгийн албан татварт төлсөн 144,875,661 төгрөгийг буцаан гаргуулах, нэмэгдсэн өртгийн албан татварын 82,474,039 төгрөгийн өрийг хүчингүй болгуулах тухай А ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,294,700 төгрөгийг гаргуулж улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ